• Өнөөдөр 2024-05-19

Амралтын өдрүүдэд гурван хүн гол, нуурын усанд живж амь насаа алджээ

2022-07-04,   181

       Өнгөрсөн амралтын өдрүүдэд 22-45 насны гурван эрэгтэй голын усанд осолдож, амиа алдсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

           Тодруулбал, Дорнод болон Хөвсгөл аймаг, Багануур дүүрэгт гол, нуурын усанд 22, 40, 45 насны иргэд живж эндсэн байна. Мөн усанд осолдсон байх магадлалтай нэг эрэгтэйг завьтай эргүүл хайсаар байна.

  •    Дорнод аймгийн Хэрлэн сумын  есдүгээр багийн “Задгай” Хэрлэн голын усанд нэг  эрэгтэй хүн живсэн байж болзошгүй /голын эрэг дээр хувцасаа тайлж орхисон/ байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 2-ны өдрийн 17.00 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид долдугаар сарын 3-ны өдрийн 05:00 цагаас эхлэн тус сумын долдугаар багийн харьяат иргэн А /22 настай, эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 09:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 23 км-т “Хэрлэн” голын уснаас цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлэн өгсөн байна. Мөн тус аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Цэнхэр” хорооллоос урд зүгт 1.5 км-т “Хэрлэн” голд дөрвөн том хүн сэлж байгаад 26 настай, эрэгтэй осолдсон дуудлага аваад 3-ны өдрийн 17:10 цагаас эхлэн “Хэрлэн” голын урсгал дагуу 7 км-т завьтай урсаж, голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 20:30 цагт түр зогсоосон.Өнөөдөр буюу долдугаар сарын 4-ны өдрийн 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

 

  •    Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хороо, “Долдугаар худаг” гэдэг газар /Багануур дүүргээс зүүн хойд зүгт 21 км/-т гэр бүлийн 20 хүн аялж явснаас нэг том хүн “Хэрлэн” голын усанд орж байгаад живсэн тухай дуудлагыг долдугаар сарын  3-ны өдрийн 08:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид 21 км замыг туулан 08:48 цагт очиж Багануур дүүргийн харьяат иргэн С /45 настай эрэгтэй/-ыг “Хэрлэн” голын усаар 30 км завиар урсаж, найман удаа шумбаж, голын эргээр 26 км явганаар болон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж мөн өдрийн 19:30 цагт анх осолдсон газраас зүүн зүгт 15 км зайд Төв аймгийн Баяндэлгэр сумын “Мэлз хайрхан” гэдэг газраас цогцсыг олж гарган Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчид 20:40 цагт шилжүүлэн өгсөн.

 

  •   Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон “Хөвсгөл” нуурын хойд талд Хилийн цэргийн амралт /аймгийн төвөөс хойд зүгт 137 км, сумын төвөөс баруун хойд зүгт 91 км, Хатгал тосгоноос хойд зүгт 37 км/-т “Хөвсгөл” нууранд дөрвөн том хүн сэлж байгаад нэг хүн нь осолдсон тухай дуудлагыг долдугаар 3-ны өдрийн 12:08 цагт хүлээж авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Алаг-Эрдэнэ сум, Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, сумын Эрүүл мэндийн төвийн хоёр эмч нуурын усаар 41 км замыг туулан 13:39 цагт очиж “Хөвсгөл” нуур, “Онголог нуурын үзүүр” гэдэг газар нуурын эргээс гурван метр зайтай, хоёр метрийн гүнээс иргэн Б /40 настай, эрэгтэй, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын харъяат/-ийн цогцсыг олж гарган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчид шилжүүлэн өгсөн байна.

Амралтын өдрүүдэд гурван хүн гол, нуурын усанд живж амь насаа алджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188