Бүгд найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Сэбастиан Сүрүн, Францын үндэсний үхэр, хонины аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн холбоо, хөдөө аж ахуйн салбарын аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд зэрэг өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна.
Франц улс нь хүнсний аюулгүй байдал болон өндөр ашиг шимт мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэх байр суурьтай байдаг. Тиймээс тус улсаас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж буй туршлагыг судалж, тэр дундаа өндөр ашиг шимт сүү, махны чиглэлийн үхэр, хонины аж ахуйг эрхлэх чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо. Францын талаас манай орны гол онцлог болсон нүүдлийн, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж буй арга туршлагыг судлах сонирхолтой байгаагаа ч илэрхийлжээ.
Европт хамгийн томд тооцогдох "Мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн", "Сомме дэ Элваж” Франц Улсад энэ оны аравдугаар сард болно. Энэ үзэсгэлэнд манай улс хүндэт зочин орноор оролцох бөгөөд биднийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр айлчилж, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаагаа нэг шат ахиулахыг урьж албан ёсны урилгаа гардуулан өглөө.
Үзэсгэлэнгийн үеэр 2013 онд байгуулсан “Монгол Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэн байгуулахаар тохиролцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Францын талаас нүүдэл, бэлчээрийн мал аж ахуйн арга туршлагыг судлах сонирхолтой байна гэв |
|