• Өнөөдөр 2024-05-18

ХАРАХ ӨНЦӨГ

2022-03-27,   1514

Хүн бүрийн харах өнцөг өөр. Хэн нэгнийг амжилттай яваа, аз жаргалтай нэгэн гэж харах хэсэг бүлэг байвч бодит байдал дээр туулсан зам, унаж бүдэрч, шаналсан үеийг түүнээс өөр мэдэх хэн ч үгүй билээ. Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч танд долоо хоног тутамд “ХАРАХ ӨНЦӨГ” булангаар амьдрал гэх дундаршгүй далайн эд эс болж буй, эгэл жирийн нэгний амьдралын түүхийг хуваалцах болно. Энэ удаагийн дугаарт ээж эх эрхэм алдараар нэрийдсэн, эрхэмсэг эмэгтэй болох С.Сэлэнгийн туулсан зам мөрөөр аялцгаая.
 
 
    Намайг Самбуугийн Сэлэнгэ гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн.  Бага байхын математик, физикийн хичээлдээ дуртай, инженер болох мөрөөдөлтэй хүүхэд байлаа.  Өөрийн мөрөөдлийг биелүүлэхээр ОХУ-ын Линенград хотод  Компьютерийн микро инженерийн мэргэжлийг эзэмшсэн.  ОХУ-д сурч байх хугацаандаа нөхөртэйгөө танилцаж, олон сайхан дурсамжуудыг бүтээсэн. Их сургуулиа төгсдөг жил жирэмсэн болоод, бөөн баяр болж байлаа. Тухайн үедээ залуу ч байж, амьдралын нарийн учрыг мэддэггүй байсан нас юм.
 
   Их сургуулиа төгслөө, охин маань ч мэндэллээ. Шинэхэн ээж, аав болсон хүмүүс хүүхдээ харж баярлахаас  өөр мэдэх зүйл байсангүй. Хүний нутагт суралцаж, сайхан гэр бүлтэй болоод сурсан мэдсэн зүйлээ ашиглаж ажил хөдөлмөр хийх ирмүүн хүсэлдээ хөтлөгдөн эх орондоо буцаж ирсэн түүхтэй. Охин маань өдрөөс өдөрт улам л хөөрхөн болж аз жаргалаар бялхаж байсан юмдаг. Би ч сурсан  зүйлээ бусдад зааж, ажил хийхээр болж ШУТИС-ийн  КТМС-д багшилж багагүй хугацаа өнгөрөв.
 

    Охиноо бага байхад нь эмчийн үзлэгт үзүүлэхдээ охин минь бусдаас жаахан өөр байгааг хэлэхээр “Хүүхдүүд угаасаа ийм байдаг юм, зүгээр ээ санаа зоволтгүй” гэж хэлдэг байв. Би ч бүгд л ийм байдаг гэж итгэж явсан. Охин минь ч гурван нас хүрлээ. Гэтэл охиныг минь эмч үзээд “Хөгжлийн бэрхшээлтэй  хүүхэд байна” гэж хэлсэн тэр мөч одоо ч миний дотор хадгалаастай байдаг. Тэр үгийг сонсоод л дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгчээр яагаад заавал миний охин ийм болчихвоо, яагаад, яагаад гэж өөрөөсөө өчнөөн асуусан. Хүн тийм зүйлийг сонсохоороо эхлээд ер итгэхгүй байдаг юм билээ. Нөхрөөсөө болон өөрөөсөө л асуудлын зангилааг хайж, гуних, зовох зэрэгцэн яах ёстойгоо ч мартчихдаг үе зөндөө байсан.

 
   Төд удалгүй манай хоёр дахь охин бүрэлдсэн. Нөхөр бид хоёр маш их айсан. Том охин минь бусдаас өөр  хөгжлийн бэрхшээлтэй болоод төрсөн учир, хүүхдэд минь дахин ийм зүйл тохиолдчих вий гэж ээж хүний хувьд шаналсан. Эмэгтэй хүний хувьд тэсвэр хатуужил шалгасан он жилүүд байсан. Жирэмсэн биетэй том охиноо дагуулаад  гадуур нийтийн унаанд явахаар, хүмүүс муухай харна, “Хүүеээ наад хүүхдээ аваачээ, нүүр ам урлаа” гэх зэргээр байнга гадуурхана. Энэ мэт ирж буй ялгаварлан гадуурхалт бүрд дахин гадагшаа гарахгүй, зөвхөн гэртээ байх нь хамгийн зөв арга гэж өдрөөс өдөрт итгэсэн. Гэсэн ч нөхөр бид хоёр огт итгэл найдвараа алдаагүй. Охиноо нийгэмшүүлэхийн тулд цэцэрлэгт явуулж үзсэн. Тэгсэн маргааш нь ангийн багш нь надруу залгаад “Танай хүүхэд шээе гэж хэлж чадахгүй, шууд бие засаад байна. Хоолоо идэхдээ ч асгаад бусдаас ялгаатай байна. Манай цэцэрлэгт сургах ямар ч боломж байхгүй” гэж хэлээд л нийгэмшүүлнэ гэдэг хэцүү гэдгийг ойлгож билээ.
 
 

   Нэг хэсэгтэй хэнд ч юм бүү мэд, гомдож, охиноо харахаар өрөвдөж суудаг байсан. Их сургуульд мэргэжлээрээ ажиллах хүсэл минь, охиноо эрүүл саруул хүн болгож өсгөчих юмсан гэсэн бодлоор солигдсон. Нэгэнт л цэцэрлэгт сургах боломжгүй, би өөрөө л гэртээ харахаас өөр аргагүй гэдгийг ойлгож байсан болохоор ажлаасаа ч гарсан. Тухайн үед надад сүмийн нэг хүн “Танай охин бол чамд ирсэн бурхны бэлэг, чамайг үүнийг дааж чадах болохоор ийм өвөрмөц болгосон байх, битгий гуниглаарай” гэсэн үг намайг газраас тэнгэрт хүргэх шиг болсон. Тэр үгийг сонссоны дараа “Миний охин ээждээ ирэх л гэж энэ их зовлонг өөртөө шингээждээ “гэж бодох болсон. 
 
Одоо эргээд бодоход миний амьдралын хамгийн нандин сайхан үеүд том охинтой минь холбоотой юм шиг санагддаг. Өнөөдрийн энд суугаа С.Сэлэнгэ гэдэг хүнийг бүтээхэд, энэ бүхнийг даван туулах хүчийг том охин минь л өгсөн юм шиг санагддаг.
 

Мэдээж хэрэг шантрах, гуниглах үе зөндөө байсан энэ бүхний ард нөхөр, гэр бүлийнхэн минь намайг урагш тэмүүлэх хүчээр тэтгэж байсан. Би одоо ч баярладаг.

   
    Би гурван сайхан охин төрүүлсэн, жирийн нэгэн ээж хүн. Том охин минь төрөх үед хүй нь хоолойгоо ороосны улмаас, хүчилтөрөгчийн дутагдалд орж тархины саажилт үүссэн гэж эмч нар тайлбарласан. Том охиныг минь н.Гоо гэдэг байсан. Харамсалтай зүйл гэвэл охин минь17-тойдоо нас барсан. Одоо амьд  байсан бол энэ жил 30 нас хүрэх байсан.
 
   Ээж гэх эрхэм алдрыг надад анх хайрласан нандин сайхан үр минь миний сэтгэл дотор одоо ч хамт амьдарсаар байдаг. Туулах ёстой болоод л туулсан, даваад гарсан. Хүний амьдрал юу тохиолдохыг бид мэдэхгүй. Тэр бүрт хүчтэй, зоригтой итгэл найдвараа алдахгүй байх нь чухал гэдгийг хүмүүст хэлмээр байдаг.
 
    Би Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаад 12 жил өнгөрсөн байна.  Энэ холбоонд нэгдэх болсон хамгийн том шалтгаан бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн нийгэмших орон зайг бий болгосон явдал юм. Хүүхэд эхээс төрөхдөө хөгжлийн бэрхшээлтэй болж төрөхийг хүсдэггүй л байж таараа. Гэтэл нийгэм үүнийг ялгаварлан гадуурхдаг.
 
Гэр бүлийнхнээс өөр хүмүүстэй харилцах боломжгүй байдлыг бий болгодог. Санамсаргүй хэлсэн үг, үйлдлээрээ  ялгаварлан гадуурхах асуудал зөндөө байдаг. Эрүүл саруул төрсөн хүн өдөр тутамдаа гэр бүл, найз нөхдийн хүрээллээс нийгэмшиж байдагтай ижил хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд ч адилхан нийгэмших хэрэгцээ байдаг гэдгийг ойлгох нь чухал. Бид хоорондоо ярилцаад ойлголцдог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучууд бидэнтэй ойлголцохын тулд асар их хичээл, зүтгэл гаргаж байгаа гэдгийг ухамсарлаж, бидэнтэй адилхан хүн гэж хүндэтгэж, ялгаварлан гадуурхалгүй нийгмийг бүтээхэд хүн бүхний дуу хоолой, оролцоо чухал байдаг юм.
 
    Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй байсан хүн, ямар олон саад бэрхшээл тулгардгыг мэддэг. Тиймээс магадгүй хүүхэд тань бусдаас жаахан өөр бол хэн нэгэнд гомдож, гуниглаж цаг алдалгүйгээр хүүхэдтэйгээ хамтдаа хөгжих нь илүү үр дүнтэй. Нийгмийн зүгээс ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүүхэд, эцэг, эхчүүд ямар их тэвчээр гаргаж амьдарч байгааг ойлгож хүндэтгэж, хайрладаг байгаасай гэж хүсдэг. Мөн өнөөдөр өөртөө байгаа бүх зүйлдээ талархаж, эрүүл саруул, юу хүссэнээ хийж байгаадаа аз жаргалтайгаар мэдэрч өдөр бүрийг үнэ цэнтэй болгож амьдраарай. Амьдралын үнэ цэн гэдэг зүйлийг эрж хайдаг бус өөрөөсөө цогцлоодог хүмүүс олон байдаг гэдгийг онцлон хэлмээр байна.

ХАРАХ ӨНЦӨГ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188