Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн "Өөрөөс нь" буландаа БНСУ-д нөхөр гурван хүүхдийн хамт амьдарч байгаа Г.Должинсүрэнтэй ярилцсан юм. Тэрбээр цахим орчинд Grace Choi нэрээр олон танигдсан влоггер юм. Ингээд түүний үзэл бодол, үнэт зүйлээр аялсан ярилцлагыг уншигч танд хүргэе.
- Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
- Намайг Ганбаатарын Должинсүрэн гэдэг. Увс аймагт төрсөн. Хоёр настайдаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Дархан-Уул аймаг руу нүүсэн. Арван жилээ төгсөтлөө тэндээ амьдарсан. Одоо БНСУ-д нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. МУБИС-ийг Монгол хэл, уран зохиолын мэргэжлийн бакалавр, магистерийн зэрэгтэй. Мөн влог хийдэг ээж.
- Багш мэргэжлийг яагаад сонгосон бэ?
- Манай аав уран зохиол талдаа авьяастай хүн байсан. Ээж, аав хоёр минь “Миний охин заавал багш болоорой, чамд яг тохирно” гэж багаас минь хэлж ойлгуулсан. Тэр хүслийг нь биелүүлж багш мэргэжлийг эзэмшсэн. Миний мөрөөдөл бол багш болох биш. Харин мэргэжлийн нүүр будалт хийдэг хүн болохсон гэж битүүхэн хүсдэг байж билээ. Их сургуульд сурахын хажуугаар сонирхлоо ч орхигдуулаагүй.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ?
- Би айлын бага хүүхэд, дээрээ 13 насны зөрүүтэй нэг ахтай. Жоохон байхын эрх, ээж аавынхаа үгээр, хүүхэд байсандаа. Багадаа дуулдаг, бүжиглэдэг чадаж л байвал бүх зүйлийг хийх хүсэлдээ хөтлөгдөж, түүгээрээ хөглөгдөж явдаг байлаа.
- Таны влогоор дамжуулан нөхрийн тань олон хүн мэддэг болсон. Анх яаж танилцаж байсан бэ?
- Манай нөхрийг Чой Кён Сун гэдэг. Бид хоёр 2014 Монголд танилцаж байсан. Манай нөхөр 2012 онд БНСУ-аас Монголд томилолтоор ирсэн. Тухайн үед хамт ажилладаг хүн нь миний сайн найз байж таараад, бид хоёрыг танилцуулж байлаа. “Үнэхээр сайхан зантай хамт ажилладаг Солонгос ах байдаг юм” хамт хоол идье гээд л анх уулзаж байсан. Тухайн үедээ нөхрөө анх хараад л татагдаж байсан. Бид хоёр тэр уулзсан өдрийн маргаашаас нь эхлээд дугаараа солилцож, харилцаж эхлэж байсан. Ингэж л учирсан хоёр хүн дээ. /Инээв/
- Үерхдэг байхад нь гэр бүл, найзууд нь ч юм уу, ер нь хүмүүс "Гадаад хүнтэй үерхлээ" гэх мэтээр ханддаг байсан уу?
- Манай гэр бүлийнхэн дэмждэг байсан. Гэхдээ үнэхээр дурласан хүнд бусад хүн яах нь ямар ч хамаагүй юм билээ. Тэр үедээ би 20 гаран настай л жоохон байсан болохоор ичих, санаа зовох тиймэрхүү зүйл байсан. Тэглээ гээд сэтгэлээр унах, шаналах зүйл огт байгаагүй. Одоо харьцуулаад харахад монголчууд илүү сайн ойлгодог болж, дэлхий гэдэг чинь даяарчлагдаж байхад, ямар хүнтэй гэрлэх нь тухайн хүний өөрийнх нь эрх гэдгийг мэддэг болсон юм шиг санагддаг.
- Монголчууд гадаад хүний гэргий болох асуудлыг эсэргүүцэх шинжтэй байдаг энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
- Тийм хандлага одоо ч хааяа ажиглагддаг. Гэхдээ гадаад нөхөртэй гэдэг дээр их ач холбогдол өгөөд байх шиг санагдаад байдаг. Миний хувьд хэн байхаас илүүтэй хүн байх нь чухал. Нэгэнт л хайр сэтгэл, оюун санаагаараа нийцсэн учраас гэрлэж, нэгэн бүлийг бий болгож байгаа шүү дээ. Хүн хэнийг хайрлахаа өөрөө мэддэг, бусдын үзэл бодлоос ангид байх нь чухал. Мөн өөрийнхөөрөө байх боломжийг заавал бусдаас хүлээх шаардлагагүй гэж боддог.
Миний хувьд хэн байхаас илүүтэй хүн байх нь чухал.
-Анх ээж болсноо мэдэж байсан түүхээсээ хуваалцаач?
- Би одоо хоёр охин, нэг хүүтэй. Анх жирэмсэн гэдгээ мэдэх үед нөхөртэйгөө үерхээд хоёр жил болсон байв. Тухайн үед би 23 настай, магистрт сурч байсан юм. Бид хоёр хүүхэдтэй болохыг их хүсдэг байсан. Нэг удаа жирэмсний тест аваад үзтэл хоёр зураас гарч ирсэн. Тэгээд, итгэхгүй олон тестээр шалгаж байж итгэсэн. Анх уйлаад ээжрүүгээ залгасан. Хүсэж байсан зүйл минь биелчихлээр үгээр хэлэхийн аргагүй сайхан байдаг юм билээ. Нөхөр маань ажлаа тараад ирэхээр нь шууд л хэлчихсэн. Тэр өдөр миний амьдралыг гайхамшигтайгаар чимж байсан. Одоо хэрнэ тэр өдрийг бодохоор, сэтгэл догдолж баярладаг шүү. /Инээв/
-Та гурван сайхан хүүхдийн ээж болсон шүү дээ. Энэ үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Мэдээж гайхалтай. Мэдэхгүй зүйл тулгарах бүрд хүүхэд өсгөж, хүмүүжүүлэх гэж бүх ээж нар даваад гарсан гэж бодохоор ээж гэх бүх хүнээр бахархмаар санагддаг. Одоогийн миний мэдрэмж бол сайн хань, халамжит ээж, хүчирхэг эмэгтэй гээд бүгдийг нь цалгардуулалгүйгээр авч явахыг хичээж буй үе гэж нэрлэмээр байна. Учир нь, гурван хүүхэдтэй болсон ч өөрийгөө огт орхилгүйгээр тасралтгүй хөгжүүлж байх нь чухал санагддаг.
- Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ?
- Манай нөхөр миний бүх зүйлийн ард дэмжээд, урам зоригоор урагш алхахад тусладаг. Жишээлбэл, Өдөр бүр ажлаасаа ирээд найман цагт хүүхдүүдээ унтуулдаг. Энэ нь оройн найман цагаас хойш би өөртөө зарцуулах цаг гарч байгаа юм л даа. Энэ мэт олон зүйл дээр тусладаг. Намайг дураараа, тав тухтай, өөрийнхөөрөө амьдрах боломжийг чадлаараа бүрдүүлж өгдөг болохоор би тасралтгүйгээр хөгжих боломжтой болдог. Саяхан би КРОР бүжгийн мэргэжлийн багш болсон. Энэ мэт хичээсээр л байна.
- Яагаад влог хийхээр болсон бэ?
- Би 2016 онд том охиноо төрүүлсэн. Том охиноо Монголд төрүүлээд 2017 онд БНСАУ-д амьдрахаар ирсэн. Ирэхийн өмнөхөн манай ээж элэгний хорт хавдар гэдэг өвчнөөр нас барсан юм. Өмнөн аялахаар ирж байсан ч, амьдрахаар ирсэн эхэн үедээ хүүхдээ хараад гэртээ байлаа. Нөхөр хүүхэд минь дэргэд байгаа ч яагаад ч юм, юу хийхээ мэдэхгүй, ганцаардаад ч байгаа юм шиг нэг тийм сонин мэдрэмж авч байсан. Ер нь бол дасах гэж эхний зургаан сарыг өнгөрөөсөн. Нөхөр маань нэг удаа “Хоёулаа сэтгэл зүйчтэй уулзаж ярилцаж үзье” гээд очиж байсан. Өөрийгөө завгүй байлгаж байх нь чухал гэдгийг ойлгосон юм. Төд удалгүй бага охин минь бидэнд ирсэн. Том охиноо цэцэрлэгт явуулаад баг охиноо гэртээ хардаг байх хугацаандаа өөрийгөө завгүй байлгаж үзэл бодлоо хуваалцах зорилготойгоор влог хийж эхэлсэндээ.
-Танай гэр бүлийн харилцаа, үзэл бодлыг влогоор дамжуулан харах боломж бүрддэг. Энэ бүрт нөхөр тань ямар байр суурьтай байдаг вэ?
-Ямар ч зүйл дээр намайг ойлгож, дэмжиж хурцалдаг хүн бол манай нөхөр. Миний бүх санааг урмаар тэтгэж байдаг. Их сайн хань гэж тодотгомоор байна. Би үнэхээр баярладаг. Влог дээр ч ямар нэгэн хачиргүйгээр яг л байгаагаараа л байдаг.
-Хоёр улсад амьдарч байсан таны хувьд Солонгос болон Монгол хоёрын ялгааг юу гэж хардаг вэ?
-Ялгаатай зүйл байлгүй яах вэ. Хамгийн түрүүнд эрүүл мэндийн тогтолцоо БНСУ-д үнэхээр сайн хэрэгждэг. Монгол харин төлсөн татвараа ашиглах боломж ховор. Мөн цалин хөлсний хувьд үнэлгээ эрс ялгаатай. Монголд хэчнээн мундаг дипломтой байлаа ч энд ирээд хүлээн зөвшөөрөгдөж чадахуйц байж чаддаггүй юм билээ. Тэгэхээр монгол залуус эх орондоо амьдрахын тулд их сургуульд сурдаг болчихоод ч байгаа юм шиг. Тиймээс ядаж олон улсад зөвшөөрөгдөх тогтолцоог хэрэгжүүлээсэй. Дөрвөн хүүхэдтэй ээжүүдэд Монголд энгэрийг нь мялааж одон өгдөг бол БНСУ-д улсад бодит зүйлээр дэмждэг. Тэр нь юу гэвэл гурваас дээш хүүхэдтэй ээжүүдийн ажлыг хөнгөвчлөх, тэдэнд туслах зорилгоор улсаас хүүхэд асрагч явуулж хүүхдийг нь харуулдаг гэх мэт ялгаатай зүйл их бий. Би мэдсэн, мэдэрсэн эх орондоо хэрэгжүүлж болох эерэг санааг түгээх зорилгоор цахим хуудсандаа пост оруулдаг. Миний хувьд чадаж буй зүйл нь тэр юм.
- 20 настай үедээ буцаж очвол өөрчлөх зүйл бий юү?
-Нүүр бардам өөрчлөх зүйл байхгүй гэж хэлнэ. Учир нь, чи яг л зөв замаар явж байгаа шүү л гэж хэлмээр байна. Хүмүүс би тэгэх байсан, тэгэж өөрчлөх байсан гэж боддог байж болох ч би тийм бишээ. Харин ч тэр үеээ илүү нандигнаж хайрладаг. Учир нь, сэтгэл хангалуун сайхан амьдарч ирсэн болохоор юуг ч өөрчилмөөргүй байна.
- Монголчууд Солонгос Улсыг төсөөлөхдөө яг л кино шиг амьдралтай гэж боддог. Бодит байдал дээр бидний төсөөллөөс хэр ялгаатай вэ?
- Яг энэ асуудлаар над руу өсвөр насны олон хүүхдүүд холбогдож, чат бичдэг. Бүх зүйл тийм кино шигээ байхгүй. Ялангуяа дийлэнх хүмүүс бүх солонгос залуучуудыг манай нөхөр шиг халамжтай, сайхан сэтгэлтэй эерэг хүмүүс гэж өнгөцхөн дүгнээд байх шиг санагддаг. Миний эргэн тойрны солонгос найзуудын нөхрүүд дунд халамжгүй, хөндий гэх мэт зан чанартай зөндөө хүмүүс байдаг. Тэгэхээр юу гэх гээд байна вэ гэвэл "Аливаа зүйл олон талтай шүү" гэдгийг сайн тунгаах хэрэгтэй. Солонгос Улс бол өрсөлдөөн ихтэй, ажиллаж чадаж байгаа нь сайхан амьдрах боломжтой. Тиймээс сурахаар төлөвлөж байгаа бол сайн судалж байж шийдвэрээ гаргаарай.
-Таны эрч хүчтэй, хүчирхэг байгаагийн ард нөхөр тань байдаг болов уу. Төгсгөлд нь "Нөхөртөө хандаж чин сэтгэлийн үгээ хэлнэ үү" хэмээн хүсэж байна.
-Өдөр бүр өөрийгөө азтайгаар мэдэрдэг, ямар ч сэтгэлийн зовлонгүй сайхан амьдралыг бүтээж, бий болгодог чамдаа үнэхээр их хайртай. Баярлалаа. Хийж буй онлайн шоп, влог, бүжгийн багш болох гээд юм юм руу үсэрсэн миний занг түүртэлгүйгээр сайхнаар хүлээж авдагт ийм сайхан, халамжтай чамтайгаа учирсандаа талархдаг. Мөн "Мөрөөдлийн байшингаа хамтдаа босгоод, өвөө эмээ болтлоо хамт байж амьдралын сайн сайхан бүх мөчөө дурсаж хамтдаа амьдрах болно оо" гэж хэлмээр байна.
- Цаг гарган ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.
- Баярлалаа.
Grace Choi цахим хуудасны блогер Г.ДОЛЖИНСҮРЭН: Өөрийнхөөрөө байх боломжийг бусдаас хүлээх шаардлагагүй |
|