• Өнөөдөр 2024-04-30

Тэртээд үлдсэн ч сэтгэлд нь тодхон тэдний шинэ жилийн дурсамж

2023-12-31,   1757

     Хүн бүрд шинэ жилийн баярын дурсамж бий. Тэр дундаа бидний аав, ээжийн үед шинэ жилийн баяр гэдэг тэр чигээрээ дурсамж нэхэж, олон зүйлийг хүний сэтгэлийн торгон утсанд өлгөсөн байдаг. Багт наадам, урт цагаан сахалтай өвлийн өвгөн, цаасан ууттай бэлэг, мандарины үнэр. Ерөөс орчин цагт бодитоор хараагүй, киноноос л үзэж болох баяр, ахуй орчныг тэд үзэж, тэмдэглэж, эргээд тэр л дурсамжынхаа галд үүрд дулаацах очсыг тэр он цагт тэд үсэргэсэн. Тэгвэл Эргэлт.мн мэдээллийн сайт тэртээд үлдэж, сэтгэлийн дотор үргэлж бүлээхнээрээ орших дурсамжийн сайхнаас уудлахаар салбар салбарын түүчээ, манлайлагч болсон нас насны эрхмүүдийн шинэ жилийн дурсамжийг уншигч таны өмнө дэлгэж байна.

 

-СГЗ Ш.ЁОЛК: ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИН, АЛИАЛАГЧ ГЭЖ МЭДЭХГҮЙ ХӨДӨӨНИЙ ХҮҮХЭД БАЙЛАА-

   Би багадаа хөдөө өссөн болохоор шинэ жил, өвлийн өвгөн, алиалагч, цасан охин гэдэг зүлийг огт мэддэггүй таг хөдөөний хүүхэд байлаа. Тэгээд зургаан настай байхдаа аавтайгаа сумын төв орж анх удаа шинэ жил үзэж, өвлийн өвгөн, цасан охин, алиалагч гэдгийг харсан юм. Тэр дундаа хамгийн сонирхол татаж байсан нь алиалагч. Нүүр амаа янз бүрээр будаж, хүүхэлдэй шиг болчихсон  хүмүүс хоорондоо мөргөлдөн, бүжиглэж, элдэв үзүүлбэр үзүүлж байгаа нь ихэд сонин санагдаж байсан. Би багаасаа инээдэмтэй, хошин алиа зүйлсэд их дуртай, сонирхолтой хүүхэд байсан болохоор анх алиалагч гээчийг үзсэн маань надад нээлт болж, хорвоо дэлхий дээрх хамгийн сонин хачин зүйлийг үзэж байгаа мэтээр автаж байсан. Энэ бол миний хамгийн анхны шинэ жил. Түүнээс хойш сургуульд орж, анги ахих тусам олон шинэ жилд орох болсон. Ерөөс Социализмын үед шинэ жилийн баяр их сайхан болдог байж. Бүх зүйл нь үлгэрийн мэт. Естой л нөгөө үлгэрийн гэмээр шинэ жил чинь бидний үед болдог байлаа шүү дээ. Одоо харин тэр үеэс өөр болжээ. Бидний үед урт цагаан сахалтай монгол өвлийн өвгөн байсан бол одоо Санта болсон. Энэ мэтээр бүх зүйл өөрчлөгдөж, даяаршиж байна. Биеэр гэхээс илүү технологи дээр суурилж олон зүйл явагддаг болсон байна.

-МУГЖ Э.БҮРНЭЭБАЯР: АВДРАА ОНГОЙЛГОХОД ШИНЭХЭН АЛИМ, МАНДАРИНЫ ҮНЭР СЭНГЭНЭДЭГ БАЙСАН-

   Миний хувьд шинэ жил гэхээр хамгийн түрүүнд гацуур мод санаанд буудаг. Нэгдүгээр ангид ортолоо хөдөө байсан болохоор аав уулнаас гацуур аваад ирдэг байсан. Мөн тухайн үед оросын янз бүрийн дүрстэй, өнгө өнгийн тоглоом их байдаг байлаа. Одоо орос тоглоом ховордсон байх. Багад шинэ жилийг ингэж л аавын авчирсан гацуур, түүнд өлгөх орос тоглоомоор төсөөлдөг байж. Жил бүрийн шинэ жилийн баяр бүгд л ижил сайхан болдог. Онцгойлон тэр нь илүү сайхан гэх зүйл байхгүй. Арванхоёрдугаар сар гараад ирэхээр л өөрийн эрхгүй догдолдог. Бага ангидаа би урлагийн үзлэгт их идэвхтэй оролцдог, таван онцын эзэн сурагч байлаа. Тэгээд л өвлийг өвгөнөөс бэлэг авна. Шинэхэн мандарин, алим авдрандаа хийчихээд авдраа онгойлгоход сэнгэнээд л сайхан шүү. Мөн тухайн үед

Жижигхэн гацуурхан

Өвөл хүйтэн байна даа... гэдэг дуу ид хит болж, их дуулдаг байлаа. Араас нь “Шинэ гарсан жилдээ жилдээ, шижгэр амжилт гаргаад” гээд л дуулна. Одоо хүмүүсийн дунд хит болсон энэ хоёр дуу бол тэр үед ид гарч байлаа шүү дээ.

Багад шинэ жилийг ингэж л аавын авчирсан гацуур, түүнд өлгөх орос тоглоомоор төсөөлдөг байж. 

 

-МУИС-ИЙН УТГА ЗОХИОЛ , УРЛАГ СУДЛАЛЫН ТЭНХИМИЙН БАГШ, ДЭД ПРОФЕССОР С.ДАШДЭЖИД: ЭЭЖИЙНХЭЭ УРЛАСАН ТИТМЭЭР ГОЁСОН ШИНЭ ЖИЛ САНААНААС ГАРДАГГҮЙ-

    Шинэ жил болохоор хамгийн түрүүнд аавын Орос улсаас авчирсан чамин шилэн тоглоом санаанд ордог. Биднийг бага байхад шинэ жил, цагаан сар хоёрыг хамт тэмдэглэдэг байсан. Тэгээд л шинэ жил гэхээс илүү цагаан сардаа илүү ач холбогдол өгдөг байсан санагддаг. Санаанд үлдсэн хамгийн дурсамжтай шинэ жил гэвэл нэгдүгээр ангид орсон жилийнх. Тэгэхэд ээж бид хоёр дүү нарыг унтуулсныхаа дараа маргааш нь өмсөх миний шинэ жилийн гоёлыг шөнөжин урласан юм. Тэр шөнө нойр маань огт хүрэхгүй, маргааш өдрийнхөө шинэ жилийн баярыг төсөөлөхийн зэрэгцээ ээжийнхээ урныг гайхаж, том болоод ээж шигээ хүн болно доо гэж бахдан харж билээ. Ээж тэгэхэд ёолкны гялалзсан өнгийн тоглоомоо жижиг болтол нунтаглаад эрдэнийн шигтгээ шиг өнгө өнгөөр солонгорсон гялтгануур болгоод, ватум цаасаар тимэм хайчлан, өнөөх бэлдсэн гялтгануураа нямбай гэгч нь нааж, урьд өмнө нь миний төсөөлж байгаагүй болор титэм хийж өгсөн. Маргааш нь титмээ зүүгээд өөрийгөө гүнж болсон мэтээр төсөөлөн зогссон. Тэгэхэд би хэний ч өмсөөгүй ээжийнхээ урласан давтагдашгүй бүтээлээр гангарч байж билээ.

-ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТРЫН БҮЖИГЧИН, МУГЖ О.АНУЖИН: “ЦӨМӨӨХЭЙ" БАЛЕТЫН ХӨГЖМӨӨР ШИНЭ ЖИЛИЙГ ТӨСӨӨЛДӨГ-

   Шинэ жил гэхээр гоё чимэглэсэн гацуур мод л бодогддог. Өнгө өнгийн гоёлоо зүүсэн тэр сайхан эдийг бид энэ л баяраар харж, сэтгэл сэргэдэг. Шинэ жилээр манай Дуурь бүжгийн эрдмийн театрт ”Цөмөөхэй” балетийг тавьдаг болохоор тус балетаар л шинэ жилийн уур амьсгалыг төсөөлдөг байлаа “Цөмөөхэй” балетын хөгжмийг сонсоход л шинэ жилийн уур амьсгал хэдийн ордог. Бид жил бүрийн арванхоёрдугаар сарын 27-н хүртэл балетаа тоглочихоод, гэртээ шинээ оноо угтдаг. Тэгэхээр шинэ жилийн баяртай минь хамгийн ойр нь энэ балет. Энэ мэт олон дурсамж бий.  Жилийн өмнө Испанийн Мадрид хотод шинэ оноо гаргачихаад нөхөр маань надад гэрлэх санал тавьж байсан. Тэр миний хувьд хамгийн сайхан шинэ жилийн баяр юм даа. Шинэ жил гэхээр ер нь л тэгээд догдлоод, цаанаасаа л их аз жаргалтай болдог. Энэ баярын сайхан нь их аз жаргал, инээд хөөрийг хүмүүст авчирдагт байдаг байх. Хүн бүр хүслээ шинэ жилийн баяраар шивнэж, ирэх шинэ ондоо илүү их амжилт бүтээлтэй байхыг ерөөдөг.

-ХӨРӨГ ЗУРААЧ Б.ХОСБАЯР: БАГА БАЙХАД ШИНЭ ЖИЛЭЭР УНДАА, ЖИМС ХОВОР БАЙЛАА-

   Бага байхад  шинэ жилээр ундаа, жимс их ховор байлаа. Юм ховор байхын хэрээр өөрсдөө бүгдийг шинээр санаачлан сэтгэж, хийж бүтээдэг байсан. Үүний нэг нь гацуур модны чимэглэл. Янз бүрийн дүрс хэлбэртэй чимэглэлээ өөрсдөө цаасаар хайчлаад, буддаг байсан. Ихэвчлэн арван хоёр жил л зурж, будна. Түүнийгээ их ажилд ер бодохгүй. Харин ч баяр хөөртэйгээр гацуураа засаж, чимэглэж, шинэ оноо аз жаргалтайгаар угтдаг байжээ. Бидний үеийнхэнд мандрины үнэр шинэ жилийг санагдуулдаг байсан. Одоо ч хэвээр. Сайхан орос мандрины үнэр ч ганган шүү дээ. Бодоход л үнэртдэг юм. Бидний үед шинэ жилээр юм ховор байсан ч сэтгэлээр их дүүрэн байлаа. Шинэ жил болох гэж байгаа гэхээр л цаанаасаа догдолж, бүх зүйл сайхан санагддаг байсан. Тэр үед ч үлгэрийн юм шиг шинэ жил болдог байж. Тэр үеийн саа, бэлэгний уут, ундаа, жимс, торт гээд цөм чанартай, амттай ч байж. Одоо харин өөр болсон. Юмс олшрох тусмаа чанар нь муудаад байх шиг санагддаг.

 

-“МОНСУДАР” ХҮҮХДИЙН НОМЫН “ЖАНГАР” РЕДАКЦИЙН ЭРХЛЭГЧ, РЕДАКТОР Б.БАТЦЭЦЭГ: ӨВЛИЙН ӨВГӨН БОЛСОН ААВААСАА БЭЛЭГ АВАХЫГ ХҮЛЭЭДЭГ БАЙСАН-

   Би өнөр өтгөн гэр бүлийн хүүхэд л дээ. Тиймээс шинэ жилийн өдөр дүү нартайгаа хамт аав, ээждээ урлагийн үзүүлбэр үзүүлдэг байв. Бүжиг, жүжиг юу л байна бүгдийг нь найруулж, хөтөлж, дэглэнэ. Дүү нараа хөтлөөд хэрэндээ хөөрхөн тоглолт тавьчихна. Урлагийн авьяас муухан хэр нь тийн дүү нартайгаа тоглолт тавих их дуртай. Эргээд бодоход инээд хөөр цалгисан, халуун дулаан сайхан дурсамж болон үлджээ. Дурсамж л хүнийг дотроос нь хамгийн ихээр ээж, ивээдэг мэт. Ер нь бусдын хайрыг мэдэрсэн шинэ жил сэтгэлд их дотно үлддэг юм байна. Надад ийн бусдын хайранд өлгийдүүлж, хайрлуулсан дурсамж олон бий. Одоо энд цөмийг өгүүлнэ гэвэл дуусахгүй. Хамгийн сүүл үеэс гэвэл их сургуульд байхад нэг жил найзуудаараа шинэ жилд орох боломжгүй болчихсон юм. Гэтэл сургуулийн захиргаанаас “Шилдэг оюутан болсон. Шинэ жилээр ирж шагналаа аваарай” гэж мэдэгдэв. Би ч шинэ жилдээ орохгүй гээд шийдчихсэн байсан болохоор яахаа мэдэхгүй хэсэг гайхлаа. Цаг нь тулчихсан, үс гэзэг, хуруу хумс гээд цөм зуун задгай. Тэгэхэд харин найзууд маань “Санаа зоволтгүй. Найзууд нь тусална” гээд миний бүх зүйлийг жин тан болгож билээ. Ингэж л бусдын хайраар би тэтгэгдэж нэгэн шинэ жилийг өнгөрүүлж байсан юм. Харин бага насанд үлдсэн шинэ жилээс аав өвлийн өвгөн аав болох нь их сайхан санагддаг байж билээ. Тэгээд л шинэ жил болохоор өвлийн өвгөн ааваасаа бэлэг авахыг хүлээж, ихэд догдолдог байсан. Ингэж л шинэ жилийн мөнч хором бүхнийг үлдээсэн байна.

-"ОЮУНЛАГ ӨСВӨР ҮЕ" КЛУБИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, НИЙСЛЭЛИЙН 32 ДУГААР СУРГУУЛИЙН IX  АНГИЙН СУРАГЧ А.ЧИНГҮНЖАВ: ӨВЛИЙН ӨВГӨН БОЛООД ДҮҮ НАРТАА БЭЛЭГ ӨГӨХ ХАМГИЙН ГОЁ-

Өвлийн өвгөн болох үүрэг надад оногдов

Өндөр нуруутай болохоор

Үеийн нөхдөөс шилэгдэв...гэдэг шүлэг шиг би клубын ерөнхийлөгчийн хувиар өөрөө хүүхэд мөртөө өвлийн өвгөн болж, клубийнхээ шилдэг хүүхдүүдийг шалгаруулж, бэлэг өгдөг. Хамгийн анх зургадугаар ангид өвлийн өвгөн болоод дүү нартаа бэлэг өгөхөд, тэд намайг жинхэнэ өвлийн өвгөн аав хэмээн итгэж бэлэг авсан нь сайхан санагдаж байсан. 

Шинэ жил бол хамгийн гоё баяр. Энэ баярыг ихэд догдолж хүлээдэг.  Багадаа өвлийн өвгөн ааваас бэлэг авч байсан би өөрөө өвлийн өвгөн болж, хүүхдүүдэд бэлэг өгөх сонин юм билээ. Шинэ жилийн баяр миний хувьд ингэж л өнгөрдөг. 

 

 


Тэртээд үлдсэн ч сэтгэлд нь тодхон тэдний шинэ жилийн дурсамж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 19:29:12
    S: SEXSDN MERGJLN XANTLA ANYSDN80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-12-31 19:13:26
    Zochin: Elk chin nuguu elchin said ntr hiij bsan choinhoryn avgaitai suuj bsan bizdee.odoo nuguu turna geel guigeed bdg ogt turdaggui mungu huulegch uvgunii eejtei suuj bgaad haychihsan bizdee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-04 08:33:31
    zochin: ter ued zuradtaar oron ornii shine jiliin udeshleg garaad duustal uzdeg bailaa
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188