Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, "Монгол бахархлын өдөр" тохиож байна. Энэхүү өдрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон ШУА-ны саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн хэмээн тогтоон, "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болжээ.
ШУА-аас Их эзэн Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр мэндэлсэн хэмээн тогтоосон юм.
Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай. Мөн улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлал 2005 оноос тогтсон.
Харин энэ жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Чингисийн одон хүртээхгүй.Учир нь энэ оны тавдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн билээ.
Монгол бахархлын өдрөөр зохион байгуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнээс танилцуулбал:
09.00 цагт Төрийн далбаа мандуулах
10.00 цагт Төрийн туг цэнгүүлэх
11.40 цагт Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол
12.00 Хүчит 128 бөхийн барилдаан болно.
Төрийн туг цэнгүүлэх ёслол эхэллээ |
|