• Өнөөдөр 2025-05-05

Т.ЖАМБАЛЦЭРЭН: Нийт бэлчээрийн 33 хувь нь байнга нэмэгдэл тэжээл бэлтгэх шаардлага үүсдэг

2021-11-04,   285

"Тэжээлийн тогтвортой менежмент Монголд" семинар өнөөдөр нээлтээ хийж, Эдийн засгийг хөгжүүлэх, экологийг хамгаалах тэжээлийн менежмент сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна.
 
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн семинарын нээлтэд “Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур төдийгүй хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний эхлэл болдог. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 73.5 хувьтай тэнцэх эдэлбэр газарт мал аж ахуй, газар тариалан, тэжээлийн үйлдвэрлэл эрхэлж, тус салбар сүүлийн 10 жилийн дунджаар жилд дотоодын нийт бүтээгдэхүүний 12.4 хувийг үйлдвэрлэжээ.
 
Ялангуяа мал аж ахуйн салбарын гол нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2020 онд 5.7 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос өссөн дүнтэй байна. Хэдийгээр салбар өсөлтөө хадгалж байгаа ч бэлчээрийн мал аж ахуй, газар тариалангийн салбар уур амьсгалын өөрчлөлтөөс шууд хамааралтай хэвээр байна.
 
Нийт бэлчээрийн зөвхөн 66.7 хувь нь малын тэжээлийн нөөцтэй, харин 33.3 хувьд нь малын тэжээлийн нөөц хүрэлцээгүй нэмэгдэл тэжээл бэлтгэх хэрэгцээ, шаардлага байнга үүсдэг. Үүнийг бид шийдвэрлэж ирсэн. Өвөл хаврын улиралд малыг нэмэгдэл тэжээлээр хангах, малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг бий болгох нь тулгамдсан асуудал болж байгаа юм. Манай оронд сүүлийн жилүүдэд цаг уурын өөрчлөлттэй холбоотой байгалийн бэлчээрийн нөөц хомстож байгааг зориуд тэмдэглэж байна.
Хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй олон төслийн нэг болох “Тэжээлийн тогтвортой менежмент” техник туслалцааны төслийг ХХААХҮЯ болон Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа.
 
Энэхүү төслөөс олон судалгааны ажлын үр дүнг хүлээж байгаа юм. Тухайлбал, өндөр нарийвчлалтай хиймэл дагуулын мэдээ, газрын гадаргуугийн хэмжилтийг боловсруулан бодлого боловсруулагчдын шийдвэр гаргах үйл ажиллагаанд дэмжлэг болох платформ, цахим сургалтын болон мэдээллийн эх үүсвэрийг бий болгох, энэ чиглэлийн гарын авлагууд, тэжээл үйлдвэрлэл, хадгалалт, хангамжийн асуудлыг хэрхэн сайжруулах тухай заавар, зөвлөмж, аргачлал, бодит санал, төлөвлөгөө, зарим нэг шинэ технологи Монголд нэвтрэх боломжтой гэж үзэж байна.    
 
Ингээд уг төслийг болон өнөөдрийн семинарыг зохион байгуулахад санхүүгийн  шууд дэмжлэг үзүүлж байгаа Япон улсын Засгийн газрын Ядуурлыг бууруулах сан болон Азийн хөгжлийн банканд талархал илэрхийлье” гэсэн юм хэмээн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. 

 

 


Т.ЖАМБАЛЦЭРЭН: Нийт бэлчээрийн 33 хувь нь байнга нэмэгдэл тэжээл бэлтгэх шаардлага үүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188