Нийслэлийн “Тэргүүний өрх гэр”-ийг шалгаруулах ёслол өнөөдөр болж, шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардууллаа. Ингэхдээ Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны өндөр настан Л.Бүжинлхамын гэр бүл эко ногоон орчин бүрдүүлж, хоёр гэр бүлийг ажлын байраар хангадаг. Мөн тус дүүргийн ХХ хорооны өндөр настан Н.Чойжавын гэр бүл 1000 гаруй мод тарьж, тохилог орчин бүрдүүлсэн бол Баянгол дүүргийн есдүгээр хорооны өндөр настан А.Батцэрэнгийн гэр бүл хөрсний бохирдлыг арилгахад хувь нэмрээ оруулж 500 гаруй мод, жимс жимсгэнэ тарихаас гадна цагаан идээ боловсруулдаг аж.
Түүнчлэн өөрсдийн тарьсан жимсээр ундааны цех ажиллуулдаг Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн С.Баярсайханы гэр бүл, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан, гар үйлдвэрлэл эрхэлдэг М.Доржпаламын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Данзангийн гэр бүл, 41 дүгээр хорооны иргэн Д.Батбаярын гэр бүл 24 төрлийн хүнсний ногоо тарьдаг амжилтаараа шилдэг гэр бүлээр шалгарлаа.
Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Л.Нэргүйн гэр бүл 500 гаруй мод, бут тарихаас гадна 20 төрлийн хүнсний ногоо тарьдаг. Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бадамхандын гэр бүл услалтын системээ бүрэн шийдэж, усан оргилуур байгуулсан байна. Ийнхүү өөр өөрсдийн бүтээн байгуулалт, ажил хөдөлмөрөөрөө нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ийнхүү бодитой хувь нэмэр оруулсан байна. Мөн ам бүлээрээ нийгмийн хэв журмыг сахиулах, хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гэдгийг ч шагнал гардуулах үеэр онцолж байв.
Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардлаа |
|