• Өнөөдөр 2024-05-01

НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ

2024-04-07,   985

             “Фауст”-аар аз жаргалын томьёог хэрхэн олох эрэлд гаргаж, “Гэм зэм”-ээр ухааран сэхээрүүлж, “Опал”-аар үзэн ядалт бүрийг хайр болгон хувиргаж, “Шөнө дундын бүжиг”-ээр хайрлах, хайрлуулахад золиос бийг ойлгуулж, “Тоорил хаан”-аар эрчүүдийн ам тангараг ямар хатууг, “1984” жүжгээр харин эрх чөлөөний үнэ цэнийг мэдрүүлсэн түүнийг үзэгчид андахгүй мэддэг болсон. Хүний сэтгэл зүрх, ухаан санааг өөрийн бодол, найруулгаар тэмтэрч, өр зүрх, уураг тархины цаана нуугдах баяр, гуниг, шаналал зовиурыг бүтээлээрээ дамжуулан олны өмнө дэлгэн харуулж, нэг нэгээр нь эдгээн эмчлэгч бол М.Батболд найруулагч.

Түүний жүжгийг үзэхээр зорин очиж буй хүн бүхэн өөрт үүсээд буй асуудлаа төвөггүй шийдэж, сэтгэл хэмээх эрхтнээ цаг алдалгүй анагааж чаддаг байх гэдэгт итгэдэг. Тэр зорьж ирсэн хэнийг ч “Орфей” театрынхаа тайзнаас өөрийг нь өөрт нь харуулаад буцаадаг. Бид энэ удаад түүнийг үзэгчдэд толилуулж буй “1984” жүжгээр нь тэр хэн бэ гэдгийг өөрөөс нь асуухыг зорилоо.

              “...Тэр хайрыг, ханийг, учралыг ч мөн өөрийнхөөрөө найруулан, өнгөлж, дэлгэдэг эрхэм. Түүний хамгийн том жишээ нь, бидний сайн мэдэх "Хайрын виз" жүжиг. Тус жүжигт тэр бас л тэсэлгээ хийж, хайр, дурлалын, зөөлөн өнгө аясад зэвүүн, байж яадам шийдэл оруулж өгснөөрөө ерөөс түүнд гэнэт шийддэг, үйл явдал дундаа гэнэт тэсэрдэг сэтгэлгээ байна уу гэлтэй. Түүнээс хэзээ ч нэгэн хэвийн, жигд, уйтгартай бүтээл төрөхгүй. Ерөөс дунд нь тэсэлж, дэлбэлнэ тэгээд л гүйцээ...” гэж түүний тухай “Өөрчлөлтийн салхийг авчирсан найруулагч” бичвэртээ бичиж байсныгаа энд дурдаад цааш яриа руугаа орьё.

-“Орфей” театрын энэ хаврын бүтээл яагаад “1984”, эрх чөлөөний тухай юм бэ?

         -Английн зохиолч Жорж Оруэллийн “1984” бол хүний органик эрх чөлөөг тунхагласан, эрх чөлөө ямар үнэ цэнтэй вэ гэдгийг ойлгуулах гэсэн филисофи үндэслэлтэй, гүн агуулга бүхий уран зөгнөлт сэтгэхүйн зохиол юм. Өнөөдөр дэлхий нийт хүйтэн дайны үед байна. Хоёр том хөрш улс маань хүний эрх, эрх чөлөө гэдэгт ямар хэмжүүртэй хандаж байгаа билээ. Энэ үед Азийн цээжинд орших жижигхэн улсын залуус “1984” зохиолыг жүжиг болгон тавьж буй нь эрх чөлөө гэдэг юунд ч боогдож, хаагддаггүй том хүчин юм гэдгийг илэрхийлэх гэсэн том амбиц. Мөн цаг үетэйгээ гайхалтай нийцэж байгаа гэж бодож байна. Эрх чөлөө бол асар нарийн, нандин, эмзэг торгон зүйл учир үүнээс үндэслэсэн эмзэглэлээ илэрхийлэхийг хүссэн. Бид хайрыг мөнхийн сэдэв гэж ярьдаг шүү дээ. Харин хайраас агуу нь эрх чөлөө гэдгийг зохиолч өөрөө нотолж өгсөн.

-Эрх чөлөөт нийгэм шүү дээ. Цаг үетэйгээ юугаараа зохицож байгаа вэ гэдгийг таниас сонсох нь зүйтэй болов уу

          -Би үүнийг зөвхөн Монгол Улсын хүрээнд биш, олон улсын түвшинд харж байгаа. Өнөөдөр Хятадад сошиалаар дамжуулан хүний зан чанар, дур сонирхлынх нь дагуу бэлэг хүрч ирж байна. Нэг ёсондоо хүний юу боддогийг аль хэдийнэ судалсан байгаа юм. Энэ нь эргээд тэр хүний бодлыг захирах аюулд хүрч байна. Мөн өнөөдөр хэн нэгэн дарангуйлагчийн эрхшээлд ороход их амархан, эмзэг болсон. Энэ үед бид эрх чөлөө ямар үнэ цэнтэйг мэдэрч, хамгаалж, эр зоригтой байх чухал гэдгийг олж харж, урьдчилан сануулж буй нэгэн эмзэглэл нь “1984” жүжиг.

-Смитийн дүрд МУГЖ С.Болд-Эрдэнийг та сонгож. Д.Ганцэцэг гавьяатын хувьд “Гэм зэм” жүжигт ч хамтран ажилласан. Мэдээж үзэгчдийн хайртай уран бүтээлчид. Гэхдээ найруулагч ямагт дүрээ сонгож, өөрийн бодол, найруулгадаа тэнцүүлэн авдаг шүү дээ?

                    -Эхлээд зохиол, дараа нь уран бүтээлчдийг сонгох, тэр дундаа дүрийг сонгоно гэдэг бол тухайн бүтээлийн асар нарийн, чухал ажиллагаа байдаг. Дүрийг хэрхэн сонгосноос үүдэн тухайн уран бүтээлийн хувь заяа тодорхойлогддог. Иймээс дүр сонголт дээр удаан, олон талаас нь бодож, баг хамт олонтойгоо ярилцсан. Ур чадвар, туршлага, тэр том дүрийг үүрээд гарах оюуны өндөр чадамж, сэтгэлийн тэнхээ, эрч хүч, ур, авьяас цөм нэгдэж байж, “Энэ дүрийг ийм нэг түвшинд хүрсэн хүн л үүрч чадна” гэсэн шаардлага бий. Тэнд л С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг хоёрын хувьд тэнцсэн гэж хэлж болно. Нэг ёсондоо тийм хэмжээний чадал чадвар гарна гэж  урьдчилж тооцоолсон учир итгэж сонгосон гэсэн үг.

-Таны хувьд жүжиг бүрдээ шинэ дүрүүд гарган ирдэг. Энэ удаад ахыгаа сонгосон тань онцлог байлаа?

                    -Жүжиг бүрдээ аль болох тухайн жүжигчнийг шинээр нээж, шинэ дүр төрүүлэхийг зорьж ажилладаг. Энэ зорилго маань бүтээлүүдээс минь харагддаг болов уу. Энэ удаад “1984” жүжигт М.Мөнхбат ах маань тоглосон. Эхээс бид хоёулаа, эцгээс гурвуулаа. Ах маань 30 гаруй жилийн өмнө УДЭТ-ын студи ангид суралцаж, залуу жүжигчний орон тоонд уран бүтээл туурвиж эхэлж байсан ч 1990 ээд онд нийтийн амьдрал хэцүү болж, эдийн засгийн хүчтэй шуурга дэгдэхэд хүн бүр ажлаа орхиод, бизнес рүү ороход ах маань ч мөн тэр сонголтод тулсан. Дүүгийн хувьд би ахынхаа доторх авьяас, мэдрэмжийг бүр багаасаа мэднэ л дээ. Тэгээд бүр тэрхүү авьяас дотроос нь цухалзан тавгүйтүүлж, өдөөдгийг нь мэддэгийн хувьд энэ бүтээлийн Саймын дүрд урьсан. Өмнө нь би санал тавьж байсан ч тухайн үед инээдэм наргиан болоод татгалзаж байсан. Яагаад ч юм энэ удаад зориглож үзье гэж шийдсэн байх. Тэгээд дүрдээ амжилттай тоглож байгааг харах таатай байна. Найруулагчийн хувьд нэгэн шинэ дүр гарч ирлээ гэж харж байна.

-Үзэгчид театрыг зорин ирж, жүжиг үзсэн сэтгэгдлээ хуваалцаж байгаа нь та бүхний ажлын гол үр дүн болов уу?

              -Жүжиг өөрөө тухайн хүний хэр мэдрэмжтэй, гоо зүйтэй, хэр юм эргэцүүлэн боддог, уншдаг хүн бэ гэдгийг харуулдаг. Жүжиг үзээд нарийн торгон юмсыг мэдрээд, эмзэглээд, ямар нэгэн санааг олоод гардаг хүн байна. Харин эсэргээрээ юу ч ойлгоогүй хүн байж болно. Тэр бол тухайн хүний буруу биш. Ер нь ямар ч үзэгч байж болох юм. “1984” жүжиг маань хүмүүсийн далд ухамсарт гүн хүрсэн гэдгийг түлхүү ойлгож байна. Жүжиг үзсэн хүмүүсээс “Их юм бодлоо”, “Жүжигт гүн автчихаад гарч чадахгүй байна”, “Бид ямар их эрх чөлөөтэй юм бэ гэдгийг мэдэрлээ” гэсэн сэтгэгдэл ирж байна. Мэдээж энэ бол сайн сайхан төгсгөл биш. Сайн сайхан төгсгөлийг тэр театрт байгаа үзэгчидтэй хамт сайн сайхан биш төгсгөл рүү автуулан ордог. Үзэгчид тэрхэн агшинд л Смиттэй хамт азгүй төгсгөлийг мэдэрнэ. Театраас гараад, гэртээ хариад, харих замдаа, магад өглөө сэрээд өөрийгөө асар их эрх чөлөөтэй юм байна гэж мэдрэх нь л найруулагчийн хүсэл юм.

-Тухайн бүтээл найруулагчийнх нь зан чанар, юунд эмзэглэж байгааг илчлэн харуулдаг шүү дээ. Нэг ёсондоо таны л үзэл бодол, хэлэх санаа, зовинолт зохиол, зохиолыг дамжуулан гаргаж буй дүрүүдээр тээгдэн үзэгчдэд хүрдэг байх?

       -Уран бүтээл эмзэглэлээс төрдөг. Цаг үе, хүний араншин, ирээдүй гээд юунд ч эмзэглэж болно. Тэр шаналлаас л үүдэн гарна. Мөн хүний сэтгэл зүрх, ухамсарт нөлөөлж чадах ёстой. Хүн өөрөө өөртэйгээ ярьж, шүүх нэг гоё боломж бол жүжиг үзэх шүү дээ.

  -Яруу найрагч, утга зохиол судлаач Я.Баяраа уран бүтээлчтэй цөөнгүй бүтээлд хамтарч байна. Бүтээл амжилттай болоход сайн хамтрагч их чухал болов уу?

            -Орчин үед драматург чухал. Жүжгийн зохиол гэдэг өөрийн гэсэн математиктай байдаг. Үүнийг эзэмшиж судалсан, мэргэжлийн драматург хүн бидэнд хэрэгтэй. Манай Я.Баяраа бол зохиолыг хэрхэн яаж задлах, тухайн зохиол, романыг хэрхэн, яаж жүжгийн зохиол болгох вэ гэдгийг маш судалгаатай, сайн хийдэг хүн. Я.Баяраатайгаа ажиллаж, ойлголцоход амар байдаг.

-Найруулагчид монгол зохиол, бүтээлээс тавихгүй байна гэх шүүмжлэл бий. Таны хувьд өнгөрсөн зун “Шөнө дундын бүжиг” жүжгийг найруулан тавьсан. Гэхдээ л бүтээлийн тань ихэнх хувь дэлхийн зохиолчдын бүтээл шүү дээ?

   -Монгол зохиолоо аль болох тайзны бүтээл болгон тавихыг эрмэлздэг. Монгол сайн жүжиг, жүжгийн зохиолч нар төрөөсэй ч гэж боддог. Театрын урлаг дараагийн шинэ түвшинд хүрэх нэгэн нөхцөл нь яах аргагүй сайн зохиол л доо.  Тиймээс тэр сайхан үеийг хүлээж сууна. Гэхдээ дэлхийн сонгодог бүтээлийг зайлшгүй тавих ёстой.

  -Оросын зохиолч Михаил Булгаковын “Мастер Маргарита хоёр” зохиолыг тайзны бүтээл болгох сураг эрт гарсан. Дараагийн ээлжит бүтээл нь үү?

    -Мэдээж бид “Мастер маргарита” жүжгээ бид хийнэ. Энэ ондоо үйл ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн УДЭТ-т миний бие энэ намар Уильям Шекспирийн “Макбет” жүжгийг тавихаар төлөвлөж байна.

-“Орфей” театртаа найруулагчаар ажиллахын хажуугаар яагаад УДЭТ-т орох болсон тань сонин байна?

           -Би Москвагаас 2018 онд Монголдоо ирээд “Орфей” театрыг байгуулсан. УДЭТ бол миний найруулагч болсон үндсэн үүргээ биелүүлэх газар. УДЭТ-д театрын урлагийн түвшин ахихад нөлөөлөхүйц, үр бүтээлтэй, хариуцлагатай, үүргээ ухамсарласан чанартай үйл ажиллагаагаар нэгдэх нь миний хүлээж буй үүрэг.

       -Эрх чөлөө болоод үндсэн үүргийнхээ талбарт та хэр удаан үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа бол?

             -Би найруулагч хэмээх эрх чөлөөний талбарт үхэн үхтлээ үргэлжилнэ. УДЭТ-т ч би өөрийнхөө эрх чөлөөгөөр уран бүтээл хийнэ. Найруулагчийн жинхэнэ зэвсэг бол эрх чөлөө. Эрх чөлөөгөө алдвал найруулагч биш болно. Нөгөө талаар театрын урлагийн зорилго хүн төрөлхтнийг гэгээрүүлэх. Ухаарах, гэгээрэх, сэхээрэх, ойлгох мөч бол хамгийн гоо сайхан мөч. Гэгээрэх агшин өөрөө үзэсгэлэнтэй байдаг. Хүний энэ мөчийг харахын тулд театрын урлаг оршдог.

-Өөрийн найруулсан жүжгээ үзэгчдэд хүргэнэ гэдэг таны мөрөөдөл байсан байх?

   -Мэдээж багаасаа хүссэн мөрөөдөл. Гэхдээ мөрөөдөлдөө хүрээгүй. Харин тэр зүг рүү алхаж явна.

-Үзэгчдийн сэтгэлийг бүтээлээрээ дамжуулан эмчилж байгаагаараа та сэтгэцийн эмчийн ажлаа хийж байгаа юм шиг?

         -Тийм ээ. Сэтгэцийн эмч, найруулагч хоёр нэг мэргэжил юм билээ. Ах нь нэг мэргэжлийг хоёр аргаар сурсан.

ТҮҮНИЙ НАЙРУУЛСАН ЖҮЖГҮҮД

-Аль ч талбарт нэгнээ үгүйсгэх харилцаа бий шүү дээ. Энэ бүхнээс таныг ангид юм уу гэж харж байна?

          -Атаархал, үгүйсгэл ямар ч салбарт байдаг. Түүнийг давж чадахгүй бол тухайн мэргэжлийг сонгох арга байхгүй. Хэр их эсэргүүцэлтэй тулна, тэр хэмжээнд өндөрт ниснэ гэдгийг баттай мэддэг. Би болоогүй, суралцаж байна. Илүү ч сурах, гүн рүү нь нэвтрэх, учрыг нь тайлах зүйл бий. Москвад сурч байхад багш маань “Чи төгсөөд найруулагч болох юм бол найруулагч биш болно, харин оюутнаараа л байх ёстой” гэж хэлж байсан юм. Тийм ээ, би оюутнаараа л байна. Байнгын суралцагч, сониуч дээрээ л байна. Сургуулиа төгсөөд таван жил, ажиллаж эхлээд таван жил гэхээр би дөнгөж аравдугаар анги л төгсөж байгаа юм байна. Дахиад 30, 40, 50 дугаар анги хүртлээ суралцах болно.

-Харин боловсрох үеэ та хэдэн нас гэж харж байгаа бол?

        -Хүн хэзээ ч төгс боловсрох боломжгүй. Харин төгс боловсрохыг мөнхөд эрмэлзэх ёстой. Хүн байнгын тэмцэгч, боловсрогч, хүчин чармайлттай байж тогтвортой байдаг ертөнцийн хуульд бид захирагдаж байна.

 -Аливаа уран бүтээл төрөхөд мэдээж санхүү, дэмжигч байгууллага чухал. Эдгээрээс өөрөөр найруулагчаар ажиллахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

            -Байхгүй юм байна. Надад ямар ч бэрхшээл алга.

       Тэрбээр манай сайтад ийнхүү гурав дахь ярилцлагаа өгч байгаа юм. Эхнийх нь “Гэм зэм”-ийг тайзнаа гарч байх үед, удаах нь “Опал”-ыг гарахад. Харин энэ удаад “1984” жүжгийн үеэр нь уулзлаа. Очих бүрд хүсэл нь том, итгэл нь улам уужим болсон байх энэ залуу найруулагчийн бүтээлийг бид ханатал үзэх байх аа. Энэ удаагийн ярилцлагадаа харин аавынх нь талаар асуусангүй. Хэдийнэ өөрийн бүтээлийг хийгээд эхэлсэн, найруулагч болохоор шийдсэн түүнээс “Аав тань юу гэж байна, юу гэж захидаг вэ” гэх асуулт одоо хэдийнэ улиг болсон болов уу. Харин тэр өмнө нь “Анх урлагийн замналаар явах шийдвэр гаргахдаа айдастай байсан. Аавд минь ч тийм айдас байсан байх. Хүмүүс аавыг их хатуу чанга, ширүүн гэж хардаг байх. Яг үнэндээ өрөвч зөөлөн, цагаахан хүн шүү дээ. “Гэм гэм” жүжгийг үзээд аав минь “Миний хүү найруулагч болжээ” гэсэн. Энэ үг надад хамгийн нандин, үнэн санагдсан. Одоо энэ үгний үнэ цэнийг алдах эрх байхгүй. Энэ үгнээс том шагнал хаана ч байхгүй" гэсэн удаатай. Тийм ээ, тэр жүжиг, урлагт дуртай үзэгчдийн сэтгэл зүйг "найруулдаг", уран бүтээлдээ бүрэн автуулж бас юм бодуулж чаддаг найруулагч нэгэнт болжээ. 


НАЙРУУЛАГЧ М.БАТБОЛД: НАЙРУУЛАГЧ ХЭМЭЭХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТАЛБАРТАА БИ ҮХЭН ҮХТЛЭЭ ҮРГЭЛЖИЛНЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-04-01 18:19:54
    Зочин: Улам их амжилт хүсьё
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188