• Өнөөдөр 2024-03-19

Аж үйлдвэрийн гавьяат Н.НАМХАЙ: Эрчим хүчний салбарт шувуу хамгаалах технологи нэн шаардлагатай байна

2021-10-07,   2877

          Зэрлэг ан амьтан, араатан жигүүртэнд хамгийн ээлгүй улс орнуудын эгнээнд манай улс зүй ёсоор тооцогдоно. Мөнгө л харвал ховор, нэн ховор, улаан номонд бичигдсэн эсэх нь хамаагүй бүх л ан амьтныг агнах зөвшөөрлийг холбогдох байгууллагын сайд, дарга нар зөвшөөрдөг. Тэр бүрийг энд дурдаад байлгүй уншигч та мэдэх биз. Жигүүртэн дотор ганцхан шонхор шувууг жишээ болгож үзэхэд жилд хэдэн зуугаар нь Арабууд барьж, харгислан эрэмдэглэдэг. Мөн цахилгаан, өндөр хүчдэлд цохиулж үй олон шонхор шувуу хорогддог. Үүнээс эхлээд олон төрөл зүйлийн ан амьтдад ээлгүй орон болох нь тодорхой харагдана. Сүүлийн жилүүдэд Завхан, Сүхбаатар, Дорноговь аймагт тоолж баршгүй шонхор, ногтруу, сар зэрэг шувуу өндөр хүчдэлд цохиулж хорогдсон. Харамсалтай нь эдгээрийн тухай нарийвчилсан тоо баримттай судалгаа өнөө хүртэл алга. Энэ нь БОАЖЯ, Эрчим хүчний салбарынхан болон холбогдох байгууллагууд энэ тал дээр дорвитой ажил хийдгүйн тод жишээ юм. Тэгвэл шувуу хамгаалах зорилгоор Аж үйлдвэрийн гавьяат, Монгол Улсын Зөвлөх инженер Н.Намхай “Цахилгаанаас жигүүртний аюулгүй байдлыг хангах зөвлөмж” ном гаргажээ. Бид түүний номын талаар цөөн хором хуучиллаа.


 

-“Загатнасан газар маажив” гэдгийн үлгэрээр та хамгийн чухал сэдвээр ном бичжээ. Аргагүй л цахилгаан, эрчим хүчний салбарын эрдэмтдийн хийх ажил байх?

-Би Москва хотын Эрчим хүчний дээд сургуулийг төгсөж ирснээсээ хойш Улаанбаатар хотын цахилгаан, шугам сүлжээний газар 40 гаруй жил ажилласан хүн. Монтёороос нь эхлээд даргыг нь хүртэл хийж явлаа. Энэ хугацаанд цахилгаан, шугам сүлжээнд шийдвэрлэж чадаагүй хамгийн чухал асуудалд санаа зовсоор ирсэн. Тэр нь юу вэ гэхээр манай салбарын учрыг нь олж дөнгөдөггүй, хамгийн төвөгтэй асуудал бол шувуу. Өөрөөр хэлбэл, шувуу, цахилгаан тоноглол хоёр мөнхийн зөрчилтэй гэж болно. Бид шийдвэрлэж чадаагүйгээс болж Монголын бахархал болсон сүрлэг сайхан шувууд цахилгаан, шугам сүлжээний утсан дээр сууж, жилд хэдэн зуугаараа үхэж байгаа нь маш харамсалтай. Идэр залуу насанд ч бид энэ тухай бодох ч сөхөөгүй цахилгааны шон дээр зассан шувууны үүрийг эвдэлж, авч хаядаг байлаа. Гэмтэл, доголдол гаргахгүй гэсэн дээ ажлын шаардлагаар хийж байгаа нь тэр. Нэг талаараа маш том нүгэл хийсэн хүмүүс. Иймээс энэ гэм нүглээ цайруулах, шувууг хамгаалах зорилгоор судалгаа хийж, гаднын орнуудын туршлага дээр тулгуурлан “Цахилгаанаас жигүүртний аюулгүй байдлыг хангах зөвлөмж” ном бичсэн. Монголын төр миний олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэлийг үнэлж Аж үйлдвэрийн гавьяат цолоор шагнаж, Монгол Улсын Зөвлөх инжнер болгосон. Иймээс энэ их хүндэтгэлийн хариуд салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, шинэ технологи нэвтрүүлэхийг хүссэн юм. Хөгшин болсон би нэвтрүүлнэ ч гэж юу байх вэ, зөвлөмж гаргасан гэхэд л болно.

-Таны ном шинэ санаа, шинэлэг шийдлээр дүүрэн байгаа болов уу?

-Судлаачдын хэлж байгаагаар жигүүртэн шувуу нь хамгийн өндөр газрыг аюулгүй газар гэж тооцдог юм байна. Ингээд бодохоор ой модгүй, тал хээр газар шувуу суух, үүрлэх тохиромжтой өндөр байгууламж цахилгаан дамжуулах шугамаас өөр байхгүй болж таарна. Тэр дундаа шувуудын тархац, нүүдлийн бүс нутагт байгаа өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам дээр янз бүрийн төрлийн шувуу суурьшиж, үүрээ засан төвхнөдөг. Өнгөрсөн жилүүдэд бид шувууг биш цахилгаан тоног төхөөрөмжөө хамгаалдаг байсан. Одоо ч тэр хэвээрээ байгаа. Гэтэл дэлхий нийт шувууг цахилгаан гүйдлээс хамгаалах чиглэлд анхаарал хандуулж, маш олон арга, технологиудыг нэвтрүүлээд байна. Тэр бүү хэл зөвхөн шувууг хамгаалахад зориулж, тусгайлан баталсан олон улсын гэрээ хэлэлцээр, санамж, зөвлөмж, хууль, стандарт гарчихсан байна. Энэ хүрээнд дэлхийн улс орнууд нэгдүгээрт шувууг, дараа нь цахилгаан тоног төхөөрөмжөө хамгаалж байна.

-Шувууг хэрхэн хамгаалах талаар хамгийн энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Ерөөсөө л шувуу хамгаалах байгууламжтай болох. Өөрөөр хэлбэл, цахилгаан дамжуулах агаарын шугамын ил утсаар өндөр хүчдэлийн гүйдэл гүйж байгаа. Түүнийг цахилгаан тусгаарлагч материалаар хийсэн зориулалтын шувуу хамгаалах байгууламжаар тоноглохыг л хэлээд байгаа юм. Олон улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа баримт бичиг, стандартууд болон энэ мэт энгийн технологиудыг энэ номондоо дурдаж өгсөн. Цааш нь холбогдох байгууллагууд нь ажил хэрэг болговол шувуу хамгаалах томоохон ажил өрнүүлж болох юм. Манай эрчим хүчний салбарт мөрдөж байгаа “Цахилгаан техникийн угсралтын байгууламжийн дүрэм” гэж байдаг. Хуучин ОХУ-аас л хуулбарлаж авсан эд. ОХУ-ын эрчим хүчний салбарынхан энэ дүрмэндээ томоохон өөрчлөлтүүд хийсэн. Тодруулбал, саяхан “Цахилгаан техникийн байгууламжийн дүрэм”-ийн долоо дахь хэвлэл гэж гарсан. Тус хэвлэлд шувуу хамгаалах байгууламжийн тухай тодорхой заалтууд орсон байна лээ. Манайд хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа гэсэн үг.

-Манай эрчим хүчний салбарынхан шувуу үргээх төхөөрөмж хэрэглэж байсан санагдах юм?

-Цахилгаан дамжуулах шугам болон дэд станцад шувуу ойртсон үед өөдөөс нь шувууны дуутай адил дуу гаргаж үргээдэг тоног төхөөрөмж байсан. Одоо бид цахилгааны хүчдэлийг тусгаарлагч, цахилгаан хүндрүүлэгч материалаар хийсэн уян зөөлөн хамгаалалт хийх хэрэгтэй. Тэр зөөлөн материал нь хөдөлдөг болохоор шувуу суусан даруйдаа нисээд явчихдаг. Мөн дуу авиан тоног төхөөрөмжөө ч сайжруулж, хэрэглэх боломжтой. Хамгийн түрүүнд шувуудын нутагладаг обьект орчим байршуулбал зөв. Учир нь шувуу хөдөө аж ахуйн үр тарианы газар, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэр, мал аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах газар зэрэгт бөөгнөрдөг. Иймээс эхлээд эдгээр газруудын ойр орчим шувуу хамгаалах байгууламжийг хийж өгөх нь чухал.

-Эдгээр байгууламж үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хувьд дэлхийн зах зээлд хангалттай байдаг уу?

-Эхний удаад шууд эх орондоо хийнэ гэж байхгүй л дээ. Яагаад гэвэл манайд түүхий эд нь байлаа гээд үйлдвэр нь байхгүй. Европын орнууд бүгд хэрэглэхээс гадна экспортод гаргадаг. Тиймээс үнэ ханшийг нь судлаад аль боломжийн үнэтэй, чанартай газраас нь худалдан авалт хийх нь зөв болов уу. Үнэн хэрэгтээ бидэнд үнэ өртөг биш шувууны амь, тоо толгой чухал болоод байна шүү дээ.

-Монгол Улсын Зөвлөх инженерийн хувьд таны дэвшүүлж буй зөвлөмжийг төр засаг, харьяа яам, холбогдох байгууллагууд анхаарч, хэрэгжүүлэх байх?

-Үйл хэрэг болоосой гэж л борви бохис хийлгүй суусаар номынхоо ард гарлаа. Хэрхэн хүлээн авч, ашиглахаа тэд мэднэ биз дээ. Коронавирусийн халдвар буурахгүй байгаа болохоор би одоохондоо хэнтэй ч уулзаж чадаагүй л байна. Угтаа бол шийдвэр гаргах түвшнийхэн олж уншиж, хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллавал миний ном бичсэний зорилго биелэх нь тэр.


Аж үйлдвэрийн гавьяат Н.НАМХАЙ: Эрчим хүчний салбарт шувуу хамгаалах технологи нэн шаардлагатай байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 4
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-09 12:56:38
    аминаа: энэ номыг хаагуур зардаг юм бол?
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-27 23:44:38
    Зочин: Аж үйлдвэрийн гавьяат н.намхайн цахилгаанаас жигүүртнийг хамгаалах зөвлөмж ном интер номын дэлгүүрт гарсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-08 04:58:51
    Цахилгааны инженер: БОЯам, ЭХЯам хамтраад Нямбаяр гэж доктроор цахилгааны шонгийн байгальд ээлтэй загвар хийлгэнэ гээд Арабаас 2.5 сая доллар ч гэл үү авсан гэсэн тэр юу болсон бэ? БОЯамны ГХГ-ын даргаас илүү их эрхтэй мэргэжилтэн эмэгтэй сайн мэдэж байгаа гэдэг юм билээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-10-07 18:40:49
    Б.Алзахгүй: Цагаа олсон чухал асуудлыг хөндөж ном бичсэнд баяр хүргэе.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188