• Өнөөдөр 2024-04-25

С.ТӨМӨРХҮҮ: Иргэд эрчим хүчийг хэтрүүлэн хэрэглэвэл ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ эрсдэл өндөр болно

2020-12-15,   5290

-БҮХ АЙЛ ЦАХИЛГААН ҮНЭГҮЙ ГЭСЭН ҮҮДНЭЭС ХАЛААГУУР ЗАЛГААД, ХАРИУЦЛАГАГҮЙ ХАНДААД ЭХЭЛБЭЛ ШУГАМ СҮЛЖЭЭНД ГЭМТЭЛ ҮҮСЧ, ЗАСВАРЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХ Ч ЭРСДЭЛ БИЙ-

Улсын хэмжээнд эрчим хүчний 738 мянган хэрэглэгч цахилгаан, дулаан хэрэглэх гэрээтэй. Үүнээс 728 мянга нь эрчим хүчний хэрэглээний төлбөрийн чөлөөлөлтөд хамрагдана гэх мэдээлэл бий. Өчигдөр 18:00 цагийн байдлаар эрчим хүчний ачаалал дахин нэмэгдэж 1224МВт-д хүрч, ОХУ-аас 233Мвт эрчим хүч импортоор авчээ. Манай улс импортоор 245МВтаас дээш эрчим хүч авах техникийн боломжгүй юм.

Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд тэр дундаа гэр хорооллын иргэд эрчим хүчний хэрэглээг энгийн үеийнхээсээ илүү буюу цахилгаан халаагуурыг зэрэг залгаснаар цахилгаан түгээх шугам сүлжээ, станцуудад хэрхэн ачаалал үүсэх талаар болон түүний сөрөг үр дагаврын талаар Эрчим хүчний зөвлөх инженер С.Төмөрхүүтэй ярилцлаа.

-Засгийн газраас гаргасан ус, хог, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэх тухай шийдвэр эрчим хүчний салбарт ямар үр дагавар авчрахаар байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар цахилгаан, дулааны эрчим хүч, ус, хогны төлбөрийг “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрээр төлүүлэх зохицуулалт хийж, олон нийтэд мэдээлсэн. Таны хэрэглэсэн цахилгаан, дулааны төлбөрийг өөр хүн төлөх гээд байна шүү дээ. Эдийн засгийн агуулгаараа иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих сайн шийдвэр байх. Гэхдээ аливаа шийдэл улс төр, эдийн засгийн агуулгаасаа гадна техникийн шийдэл давхар хийгдэж байх ёстой. Засгийн газрын энэ шийдвэрт техникийн шийдлээ хэр бодсон юм бол гэж мэргэжлийн хүний хувьд санаа зовж байгаа.

Цахилгаан эрчим хүч гэж яг юу юм бэ гэдгийг эхлээд ойлгох ёстой. Цахилгаан эрчим хүч гэдэг бол үйлдвэрлэдэг,  тоо хэмжээтэй бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин чадалтай. Ямар хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж чадах вэ, хоногийн хугацаанд ямар хэмжээний энерги үйлдвэрлэж чадах вэ гэх мэт.  Манай улсад нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станц, нар, салхины зэрэг цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэж байгаа. Хүрэлцэхгүй байгаагаа бид импортоор авч хэрэглэдэг. Жилд дунджаар эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг гадаадаас авдаг гэсэн тоон үзүүлэлт бий. Үйлдвэрлэл хүрэхгүй бол хэрэглэх цахилгаан эрчим хүч байхгүй болно гэсэн үг. Дээрээс нь үйлдвэрлэсэн эрчим хүчний хэмжээ, дараа нь түүнийг дамжуулах шугам сүлжээ өөрийн гэсэн техникийн үзүүлэлт,  хүчин чадалтай. Хэмжээ, хязгааргүй юм дамжуулдаггүй. Сүүлийн жилүүдэд нийт хэрэглээний өсөлтийн 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод байна. Дээрээс нь гэр хорооллын хэрэглээний өсөлт дийлэнх хувьд зонхилдог. Тэгэхээр гэр хорооллын дундуур татсан түгээх сүлжээний хүчин чадал хүрч байна уу, үгүй юү гэдэг асуудал яригдана. Зөвхөн өчигдөр л гэхэд хэрэглэгчийг төлбөрөөс чөлөөлөх  шийдвэр гарсны дараа орой нь хэд хэдэн дэд станц шатсан тухай мэдээлэл гарсан. Энэ нь түгээх сүлжээ ачааллаа даахгүй байгаагаас үүдэж, эрчим хүч дамжуулж байгаа утас нь шатчихаж байгаа хэрэг. Одоохондоо 100 юм уу 200 айлыг эрчим хүчээр хангадаг жижиг дэд станц шатаж байгаа бол цаашлаад том станцууд хэт их ачаалалд орох эрсдэлтэй. Дээрээс нь цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэж хүрэхгүй болбол чадлын дутагдалд орно. Чадлын дутагдалд орохоор хязгаарлалт хийнэ гэсэн үг. Энэ нь таны тог цахилгааныг тасална гэсэн үг. Эрчим хүч байхгүй юм чинь танд юм очихгүй шүү дээ. Маш хүнд өвлийг давах байх гэж хувьдаа бодож байна.

-Цахилгаан станцуудын хүчин чадал хэдий хэр хугацаанд тэсэх бол?

-Монгол орны байгаль цаг уурын онцлогоос хамаараад өвлийн их ачаалал арваннэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын 15-ны хооронд үргэлжилдэг. Тэр тусмаа оргил цаг буюу оройны 17:00-22:00 цагийн хооронд ачаалал нэмэгддэг учир хүндрэл гарна. Гэтэл өвлийн их ачаалал  дөнгөж эхэлж байна. Дахиад гурван сарын хугацаа бий. Энэ хугацаанд эрчим хүчний салбар маш хүнд байдалд ажиллах байх гэж харж байгаа.

-Эрчим хүч үйлдвэрлэж байгаа эх үүсвэр буюу станц, түүнийг дамжуулж байгаа түгээх сүлжээ, шугам сүлжээний хүчин чадал хэр байгаа вэ?

-Юм бүхэн хоёр талтай. Нэгдүгээрт, бид нөөц бололцоогоо зөв тооцоолох ёстой. Өөрөөр хэлбэл, техникийн тооцоололтой, үндэслэлтэй шийдвэрүүд гаргах ёстой. Монгол Улсын эрчим хүчний систем суурилагдсан буюу үйлдвэрлэх хүчин чадал 1400 орчим МВт. Үүнээс нар, салхины цахилгаан станц байгаль цаг уураас хамааралтай. Нарны станц өвлийн улиралд оройн 17:00 цагаас хойш эрчим хүч үйлдвэрлэхгүй. Ерөнхийдөө нар салхины цахилгаан станц 200 МВт эрчим хүч үйлдвэрлэдэг. Үүнийг 1400-гаас хасахаар 1200МВт болно.

Дээрээс нь төвийн эрчим хүчний системийн эх үүсвэрийн  тоноглолд засвар хийх, горимын зохицуулалт  зэргээс хамаараад эрчим хүчний системийн үйлдвэрлэж чадах хэмжээг  1000 орчим мегаватт гэж тооцоход болно. ОХУ-аас импортлох эрчим хүчний хэмжээ дамжуулах шугамын хүчин чадлаас хамаараад 240 орчим мегаватт, ингээд нийт 1240 МВт болно. Гэтэл уржигдар 1215 МВт хүрчихлээ. Дахиад өсөхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл өвлийн ид ачаалал эхлээгүй байна. Тэгэхээр 1240 МВт-д хүрэх эрсдэлтэй харагдаж байгаа. Техникийн хувьд их л хүнд шийдвэр болчихлоо.  2019-2020 оны өвлийн ачаалал 1110 МВт байсан байна лээ. Үүнээс 100 МВт-аар өсөж, 1215МВт болно гэдэг огцом өсөлт.  Товчхондоо манай эрчим хүчний систем аваарийн горимд ажиллаж өвлийг давна гэсэн үг.

Одоохондоо 100 юм уу 200 айлыг эрчим хүчээр хангадаг жижиг дэд станц шатаж байгаа бол цаашлаад том станцууд хэт их ачаалалд орох эрсдэлтэй. Дээрээс нь цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэж хүрэхгүй болбол чадлын дутагдалд орно. Чадлын дутагдалд орохоор хязгаарлалт хийнэ гэсэн үг. Энэ нь таны тог цахилгааныг тасална гэсэн үг.

-Цаашид үүсэх эрсдэлийг хэрхэн, яаж даван туулах боломжтой вэ?

-Эрчим хүчний салбар жил бүр өвлийн бэлтгэл хийдэг. Гэхдээ тэр нь өөрийн жам ёсны, динамик өсөлтийг тооцон төлөвлөж, хэрэглээний прогноз, захиалгад үндэслэж бэлтгэлээ хийсэн байгаа. Шийдвэр гарсан эхний өдрийг жишээ болгоход гэнэт төлөвлөгдөөгүй, тооцоолоогүй 50МВт-ын ачаалал ороод ирж байна. Энэ ачаалал дахиад нэмэгдвэл аюултай гэсэн үг. Бэлтгэл хийнэ гэдэг нь хэрэглээний захиалгад үндэслэн тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах юм. Гэтэл түүнээс давсан ачаалал гэнэт ороод ирвэл гарцаагүй хүндрэл рүү орно.

-“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ 100 МВт-аар эрчим хүчээ хангадаг. Үүний тал хувьтай тэнцэхүйц буюу 50МВт-аар ачаалал нэмэгдсэн нь өндөр үзүүлэлт байх нь?

-50МВт гэдэг бол том ачаалал. Ер нь Монголын эрчим хүчний систем жилийн өсөлт нь 5-7 хувь гэж явдаг. Гэтэл нэг оройны хэрэглээний өөрчлөлтөөр 50МВт-ын өсөлт гарна гэдэг маш өндөр тоо юм. Тэгэхээр Засгийн газар эрчим хүчний төлбөрийг чөлөөлөхдөө ямар нэгэн хэмжээ тогтоосон бол зүйтэй байжээ гэж харж байгаа. Үйлдвэрлэж байгаад нийлүүлдэг, тодорхой хэмжээтэй юмыг хязгааргүй хэрэглэж болно гээд мэдэгдсэнээс ялгаагүй болчлоо. Энэ л их хүндрэл үүсгэх байх.

Засгийн газраас өнгөрсөн оны эрчим хүчний хэрэглээтэй дүйцэх хэмжээний мөнгийг төлүүлж болох байсан. Эсвэл өнгөрсөн гурван сарын дундаж төлбөр, үгүй бол тухайн айлд сардаа 200 Квт.ц-ын мөнгийг нь төлдөг ч юм уу. Энэ мэт хэмжээ зааж өгсөн бол зүйд нийцэх байсан болов уу. Хэрэглээг хязгаарладаг нэг зүйл бол төлбөр. Гэтэл тэр хязгаарлаж байгаа хүчин зүйлийг нь байхгүй болгочихоор хэрэглээ хязгааргүй явах магадлалтай. Гэтэл хязгааргүй нөөц гэж байхгүй. Цахилгаан эрчим хүч гэдэг нь талх, чихэр шиг тоологддог, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх боломж нь техникийн хувьд хязгаартай бүтээгдэхүүн.

-Иргэдийн хэрэглээг бүрэн хянах боломжгүйд хүрнэ гэсэн үг үү?

-Хянаж чадахгүй биш. Иргэд эрчим хүчийг хэвийн үеийн  хэрэглээнээсээ хэтрүүлбэл нийтээрээ болон хэсэгчлэн цахилгаангүй болох гэдэг ч юм уу, зөвхөн нэг жилээр дуусахгүй хүнд эрсдэл рүү орох магадлалтай болж байна. Үйлдвэрлэж байгаа эрчим хүч хэрэглээнд хүрэлцэхгүй байх нөхцөл үүсвэл нэг хэсгийг нь цахилгаанаар хангаж чадахгүй болно гэсэн үг. Тэгэхээр үүний эрсдэл нь юу байх вэ гэвэл хязгаарлалт, таслалт хийгдэх л байх. 

-Манай улсын цахилгаан түгээх станцууд болон шугам сүлжээ хэдэн жил болж байгаа вэ. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед түүнийг дамжуулж байгаа шугам сүлжээ  хэрэглэгчдэд найдвартай түгээж чадах уу?

-Яг энэ асуудал энэ сарын 13-нд 5-6 удаа тохиолдлоо шүү дээ. Олон нийтийн сүлжээгээр бичлэг, зураг явж байсан  Дэд станц дээр кабель буюу агаарын шугам нь шатаж эхэлсэн. Шугам сүлжээ  “Тэдэн ампер гүйдэл гүйнэ, тийм ачаалал авна” гэх мэт өөрийн гэсэн техникийн хүчин чадалтай. Тэрнээс нь давсан хэрэглээ бий болохоор кабель шугам шатаж байгаа юм.

Шугам сүлжээний насжилт янз бүр,  нэг хэсэг нь хуучин, нэг хэсэг нь шинэ байгаа. Гэхдээ шинэ, хуучнаас илүүтэй хүчин чадлаас давсан ачаалал өгч байгаад л гол асуудал байгаа юм. Ачаалал хэтрүүлбэл шинэ шугам сүлжээ байсан ч шатна, гэмтэнэ. Ер нь манай улсад сүүлийн 40 жил том чадлын цахилгаан станц баригдсангүй. Сүүлийн жилүүдэд нар, салхины цахилгаан станцууд баригдаж байна. Гэтэл энэ нь оройны оргил ачаалалд оролцох чадвар муутай.

-Дотоодын нийт эрчим хүчнийхээ хэдэн хувийг ОХУ-аас импортолж байна вэ?

-ОХУ-аас авч байгаа импортын эрчим хүч дотоодын үйлдвэрийг бодвол хамаагүй үнэтэй. Хэрэглээний захиалгаа гурав хоногийн өмнө өгдөг. Уржигдрын хувьд тэр захиалгаасаа 50МВт-аар хэтэрсэн байх. Үүн дээр зөвхөн хэрэглэсэн энергийн төлбөрөөс гадна чадлын хазайлт буюу захиалга зөрчсөн гээд нэмэлт төлбөр бодогдоно.  Төлбөр нь сарын дараа нэхэмжлэхээр орж ирдэг. Гэр хороололд эрчим хүчний хэрэглээний өсөлт өндөр байдаг. Үндсэн шалтгаан нь хэрэглэгчийн тооны өсөлтөөс гадна цахилгаан халаагуурын ачаалал байгаа. Энэ ачаалал хүндрэл учруулж байгаа юм. Нэг цахилгаан халаагуур 1-2квт-ын хооронд  чадал хэрэглэдэг, нэг айл хэд хэдийг хэрэглэх нь ч бий.  Өндөр гэсэн үг.

-Орон нутаг дахь цахилгаан түгээх станцуудад ямар хүндрэл тулгарах вэ?

-Ялгаа байхгүй, яг адилхан асуудал яригдана. Мөн л орон нутгийн бүх айл цахилгаан халаагуур залгаад, үнэгүй гэсэн үүднээс хариуцлагагүй хандах юм бол шугам сүлжээнд гэмтэл үүснэ. Шугам сүлжээ болгон өөрийн гэсэн техникийн хүчин чадалтай. Эрчим хүчний салбарынхан үүссэн гэмтлийг засахаар ажиллах хугацаанд тухайн айл цахилгаангүй байна гэсэн үг. Түүнд хэчнээн ч цаг, хоног зарцуулж мэднэ шүү дээ.


С.ТӨМӨРХҮҮ: Иргэд эрчим хүчийг хэтрүүлэн хэрэглэвэл ЦАХИЛГААН ХЯЗГААРЛАХ эрсдэл өндөр болно
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-20 06:21:23
    Зочин: Чамайг мэднэ ш дээ хогийн юм үзээгүй новш дарга болоод өчнөөн мөнгө идсэн хулгайч гар.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-16 08:19:01
    С.Пүрэвдагва: Энэ хүнд цаг үeд ард түмний нуруун дээрх санхүүгийн ачааллыг ЗГ -аас хөнгөлөлт үзүүлж байгаа нь сайшаалтай ч түүний хүлээн авч байгаа хэрэглэгчид ухамсартай хандаж систeмийн оргил ачаададын үeд ЦЭХ хэрэглээгээ хэмнэх ухамсарт үйл ажиллагааг хангаад өгвөл асуудал эeэргээр нөлөөлнө. Гаднаас өндөр үнэтэй импортын ЭХ авч байхаар шинээр төлөвлөөд 30 жил болж байгаа эх үүсвэрээ яаралтай ашиглалтанд оруулж,үүний үндсэн дээр гэр хороололын ЭХ тоног төхөөрөмж өө хүчин чадлыг нь нэмж өгөх хэрэгтэй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-15 19:49:10
    худалч баатар: зөвлөх инженер болсон юм уу хэхэ одоо дайны хажуугаар бүү мэдэмхийр төмрөө
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-15 19:44:00
    1:1: ЗГ шийдвэр гаргахаас өмнө ЭХ-ний салбарын мэргэжилийн инженерүүдээс зөвлөмж авч гарах үр дагаварыг тооцох ёстой байсан. Засаж залруулах талаар маш яаралтай арга хэмжээ авах шаардлагтай. Улсын хэмжээнд 0 зогсолт болохгүй гэх баталгаа алга.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-15 14:54:03
    Иргэн: Яанадаа одоо бас төлбрийг улс хариуцана гэсэн нь буруу бж бн уу. Төрөөс өөр буруутан алга уу. Өөрийгөө хянаж бусдад дараа бгүй байх аога алга уу. Бурууг өөрсдөөсөө хайгаачээ. Өгахгүй бол буруу, өгвөл бүрч буруу. Ер нь бүгдээрээ ерөнхий сайд, ерөнхийлөгч болвол яасан юм бэ
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188