• Өнөөдөр 2024-05-19

ЭРГЭЛТ.МН сайтын сэтгүүлчдийн шинэ жилийн дурсамж

2020-12-31,   1028

Тун удахгүй он солигдоно. 2020 онд коронавирусийн улмаас олон улс хилээ хааж, хөл хорио тогтоон, анх удаа бид шинэ жилээ хөл хорионд тэмдэглэж байгаа ч өнгөрсөн он бидэнд өдөр тутмын минь амьдрал ямар үнэ цэнтэй, аз жаргалтай байсныг мэдрүүлсэн. Мөн бидэнд гэр бүлдээ хамгаас илүү цаг зарцуулах боломж олголоо. Жил бүрийн шинэ жилийн баяр дахин давтагдашгүй, өөр өөрийн дурсамж, түүх агуулсан байдаг. Иймээс ЭРГЭЛТ.МН сайтын сэтгүүлчид шинэ жилийн нандин дурсамжаа уншигчидтайгаа хуваалцахын зэрэгцээ таныг ч бас тэр дурсамжаар тань аялуулахыг зорилоо. Ирэх онд хүн бүрийн хүссэн, зорьсон бүхэн биелсэн, аюулт өвчин арилсан жил байх болтугай.

Хариуцлагатай редактор Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Том болоод өдөр болгон зайрмаг авч иддэг хүн болно оо

Шинэ жилтэй холбоотой олон нандин дурсамж байдаг нь энэ баярыг улам бүр үнэ цэнтэй болгодог байх. Хэдий том болсон ч, хэн нэгнээс бэлэг хүлээхээргүй насанд хүрсэн ч гэлээ он солигдох мөчийг өөрөө ч мэдэлгүй догдлон хүлээдэг гэдгээ энэ жил анзаарсан. Одоо ч гэсэн, он солигдоход хэдхэн цаг үлдсэн ч ямар нэгэн зүйл хүлээгээд л, догдлоод байна. Яагаад ч юм өвлөөр, цаснаар, шинэ жилээр ямар нэгэн нууцлаг зүйл тохиолдох юм шиг, ид шидтэй учирчих юм шиг санагддаг маань хэвээрээ. Гэхдээ бид ид шидийг үргэлж холоос эрдэг ч цас орох, хэн нэгэнтэй учрах, удаан уулзаагүй хүнтэйгээ санаандгүй таарах зэрэг бүгд л ид шид шүү дээ. Харин өдөр тутмын маань завгүй амьдрал харах нүдийг маань хаачихдаг юм шиг санагддаг.

Багадаа Ховдод өссөн, хөдөө болоод ч тэр үү шинэ жилийн баярыг бараг тэмдэглэдэггүй байлаа. Дүү бид хоёр аав, ээжээр зайрмаг, шаар авахуулж,  тэмдэглэж байсан шинэ жилийн баяр санаанаас ер гардаггүй. Аав, ээж хоёр юу ч юм авахаар зах руу орж, машинаа харж үлдсэн дүү бид хоёрт зайрмаг, шаар авчирч өгсөн юм.  Бид зайрмагаа идэнгээ "Том болоод өдөр болгон зайрмаг авч иддэг хүн болно оо" гэж хэлж байснаа огт мартдаггүй. Бас шаараар бөмбөг хийж,  бүтэн өдөржин дүүтэйгээ харилцаж тоглосон юм. Мөнгөөр үнэлбэл хамгийн хямд байж болох ч дурсамжийнхаа хувьд хамгийн үнэтэй шинэ жил тэр байлаа.

Дараа нь манайх гэр бүлээрээ хотод шилжиж ирсэн юм. Манай нутагт шаарыг агаар гэж хэлдэг. Дүү маань шинэ сургууль, шинэ ангид ороод удаагүй "Багш шаар авчир гэсэн. Гол нь цайнд хийж, норгоогүй байх ёстой. Анги чимэглэнэ гэсэн" гэлээ. Авга эгч багш руу нь залгаж байж л бид цайнд хийдэг шаар биш, манай нутгийнхны хэлдгээр агаар авчир гэснийг мэдсэн юм. Дүү бид хоёр хааяа энэ дурсамжаа ярьж, инээлддэг, өдөр бүр биш юмаа гэхэд идэхийг хүссэн үедээ зайрмаг авдаг том хүн болцгоосон.

ЭСШМА-ны дарга Б.ЦОГТБАЯР: Ээж минь шинэ жилээр 100-гийн ундаанаас хоёр хайрцгийг авч өгсөн

 

I-V анги хүртлээ жил алгасахгүй, дараа нь VIII ангид байхдаа өвлийн өвгөнөөс бэлэг авсан санагддаг. Өвлийн өвгөн цасан охинтойгоо, хоёр алиалагчтайгаа, ойн амьтадтайгаа сургуулийн зааланд орж ирэх тэр мөч хүүхэд насны хамгийн гайхалтай мөчүүдийн минь нэг. 

Бага ангид байхад багш “Гэрийн даалгавраа хийдэггүй, муу сурдаг хүүхдийг Шинэ жилийн баяраар өвлийн өвгөний алиалагч нь дурандаад л олчихдог юм” гэж айлгадаг байж билээ. Хүүхдийн дунд зогсоод “Муу сурдаг” гэж алиалагчид дурандуулж, шоолуулахгүйн тулд шинэ жил дөхөхөөр бүгд хичээлдээ мэрийдэг сэн. I-V анги хүртлээ жил алгасахгүй, дараа нь VIII ангид байхдаа өвлийн өвгөнөөс бэлэг авсан санагддаг. Өвлийн өвгөн цасан охинтойгоо, хоёр алиалагчтайгаа, ойн амьтадтайгаа сургуулийн зааланд орж ирэх тэр мөч хүүхэд насны хамгийн гайхалтай мөчүүдийн минь нэг. Би хүүхэд байхдаа алимны 100-гийн ундаанд их дуртай байсан. Шинэ жил болохоор л ээж минь миний дуртай ундаанаас хоёр хайрцгийг авч өгдөг байсан. Тэр алимны ундааны үнэр, амт одоо ч үнэртэх шиг болж байна.

УТМА-ны дарга Ж.ГАНЦЭЦЭГ: Одоо ч гөөхий бэлгэнд авбал ховрын бараа болно доо

Дунд ангид байхдаа шинэ жилээр өвлийн өвгөнөөс бэлэг авлаа. Бөөн баяр болж, гэртээ очоод бэлгээ задлаад үзтэл 100 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг гөөхий, дөрвөлжин шугамтай нэг дэвтэр, вафли, хэдэн чихэр байж билээ. Тухайн үед гөөхийний “эрин” дуусаж байсан үе л дээ. Гөөхийнөөс илүү гоё амттан сумын дэлгүүрт зөндөө ирдэг байсан. Тэгээд ч өмнөх жилүүдэд сургуулийн хүүхдийн бэлэгт олон төрлийн амттан байдаг байлаа. Гөөхий авч байсан болохоор тэр бэлгийг ерөөсөө мартдаггүй юм. Дараа нь зарим эцэг, эх сургуулийн захиргаанд гомдол гаргасан сурагтай. Хаа газар төсвийн мөнгө завших гэсэн хүмүүс байдаг даа. Тэрэнд л өртсөн шиг байгаа юм. Харин одоо гөөхий бэлгэнд авбал ховрын бараа гэж сонирхох байх.

НСУМА-ны сэтгүүлч А.МАРАЛ: Шинэ жилээр “Abba-Happy new year”-ын клипэнд тоглож буй мэт санагддаг

Би гурван настайдаа амьдарч байсан байраа хааяа санагалздаг юм. Тэнд шинэ жил тэмдэглэж байсан хамгийн сайхан дурсамж үлдсэн. Тэр жилийн шинэ жилийн баяраар жижигхэн ёолк засаж, саагаар гэрээ чимэглэсэн санагдана. Телевизээр “Abba-Happy new year” дуу яваад л. Энэ дууг анх сонссон цагаас хойш сонсох бүрд дотно мэдрэмж төрдөг. Тухайн үеийг эргэн санахад яг л “Abba-Happy new year”-ын клипэнд тоглож буй мэт аз жаргалтай гэр бүлийн дүр зураг нүдэнд харагддаг. Намайг бага байхад тэр байрнаас нүүсэн юм. Тэр байранд тэмдэглэсэн сүүлийн шинэ жилийн баяр хамгийн гоё санагддаг. Гал тогоонд ээж оройн зоог бэлдэнэ. Гадаа хүйтэн ч, гэрт дулаан уур амьсгалтай. Бүгд л ямар нэгэн зүйлийг догдлон хүлээнэ. Тухайн үед он солигдоно гэдгийг бүрэн ойлгоогүй байсан ч зарим зүйлс тод санагддаг.

УТМА-ны сэтгүүлч Б.БАДРАЛМАА: Ээж намайг “Б.Ичинхорлоо шиг яруу найрагч болоорой” гэсэн

Шинэ жилээр сургуулийн  хүүхдүүд ихэд завгүй. Ангиа чимэх, хамгийн гоё ханын цаас хийхээс эхлээд л ангиудын дунд багагүй өрсөлдөөн болно. Үүнээс хамгийн чухал нь урлагийн үзлэг. Анги тус бүр урлагийн номер бэлдэж, хүүхдүүд дор бүрнээ авьяасаа үзүүлнэ. Шилдгээр шалгарсан үзүүлбэрүүдийг сумын шинэ жилийн концертод оруулдаг учраас хүүхэд бүр дор бүрнээ хичээдэг сэн. Би анх I ангидаа урлагийн үзлэгт орж, сумын шинэ жилээр шүлэг уншихаар болсон юм. Заал дүүрэн хүн цугларчихсан сумын Соёлын төв тэр үедээ их л том санагддаг байж билээ.

"Өнгөт мөчрөө дэлгэсэн

Өндөр сайхан гацуурын

Мөчир салаа бүрт нь

Мөнгөн чимэг гялалзана" гээд л багшийнхаа зааж өгснөөр гараа хөдөлгөөд, өндөр дуугаар уншиж байсан санагдана. Тэр үед ээж минь “Ичинхорлоо шиг сайн яруу найрагч болоорой” гээд үнсэж байсан нь хамгийн сайхан дурсамж болон үлджээ.

ЭСШМА-ны сэтгүүлч Б.ОТГОНЗАЯА: Цацарч буй салютаас хамгийн гоёыг нь хайдаг байлаа

Шинэ жилийн баярыг мандарин, түүний үнэр, салют буудуулах мөч, баярын ширээ, Ерөнхийлөгчийн үг хэлэх мөч хамгийн гоё болгодог. Бага байхад ах дүү, хамаатан садны хүмүүс нэг нэгнийхээрээ хэсэж, хүүхдүүддээ бэлэг өгдөг байсан. Өгсөн бэлгийнх нь хамгийн сайхан нь мандарин, түүнийг зургийн жаазны ард нуучихдаг байлаа. Харин 00:00 цаг дөхөх үед айлууд салют буудуулж, түүний чимээ гэрт сонсогдоно. Бид хашаан дээрээ авирч зогсоод буудаж буй салютуудаас хамгийн өндөрт, хамгийн гоёор цацарч байгааг нь хайдаг байлаа. Салют буудуулахыг харчихаад гэртээ орж ирэхэд Ерөнхийлөгчийн үг хэлэх мөч таардаг байсан юм. Аав ээж минь ихэр бид хоёрт хүүхдийн дарс өгч, өөрсдөө шампанск буудуулж, тэр үеэр Ерөнхийлөгч дараачийн он гарсныг зарлаж шинэ оны мэнд хүргэх мөч зэрэгцдэг байв. Чухам тэр үед л он солигдож буйд итгэн баярлаж, нөгөөтэйгүүр энэ баяр хуучирч буйд нууцхан санаа алддаг байлаа.

ЭСШМА-ны сэтгүүлч Д.ЧАНЦАЛДУЛАМ: Цасан ширхэг хүртэл өөрөөр гялалзаж буй мэт санагддаг

Ахлах сургуулийн сурагч болох хүртлээ өвөө, эмээтэйгээ шинэ оноо угтдаг байлаа. Хамгийн хачирхалтай нь бид он солигдох мөчийг хүлээхгүй унтчихдаг байсан. Маргааш өглөө нь бүх зүйл шинэ, тэс өөр болчихсон юм шиг  санагддаг байж билээ. Цасан ширхгийн ширхэг нь хүртэл өөрөөр гялалзаад байгаа мэт байдаг байлаа. Миний хүүхэд насанд бүх зүйл нь дөнгөж эхэлж байгаа юм шиг мэдрэмжтэй шинэ жил олон байсан. Өдөржин өвөө, эмээдээ дуу дуулж, шүлэг уншиж, концерт тоглож байсан үе одоо ч тодхон нүдэнд харагдаж байна. Орны даавууг хөшиг болгож татаад, өөрөө урдуур нь гарч ирээд өөрийгөө зарладаг. Харин өвөө, эмээ минь миний тоглолт хэдэн минут ч үргэлжилсэн бай, чин сэтгэлээ инээчихсэн, намайг шүлгийнхээ мөрийг, дууныхаа үгийг өөрөөр дуулчих вий гэж айсан даа гараа хавсарч, миний өмнөөс сандарч суудаг сан. Тэр он жилүүдийн шинэ жил л ой тооноос минь гардаггүй, мартагддаггүй, нандин шинэ жилийн дурсамж юм даа.

НСУМА-ны сэтгүүлч А.АЗСАЙХАН: Хайрцаг дүүрэн номоо тэврээд гэртээ орж байлаа

Өнгөрсөн шинэ жилийн баяраар анхны яруу найргийн түүвэр "16 дугаар гудамж" номоо өлгийдөж авсан юм. Харин ном маань 31-ний өдөр хэвлэлтээс гарч, гурван хайрцаг номоо тэвэрсээр Дорноговь аймгийн Айраг сум руу гэрээ зорьж, нийтийн унаанд сууж явсан. Он солигдохоос хэдхэн цагийн өмнө гэртээ гурван хайрцаг дүүрэн номоо тэвэрч орсон минь л хамгийн сайхан дурсамж болон үлджээ.

 


ЭРГЭЛТ.МН сайтын сэтгүүлчдийн шинэ жилийн дурсамж
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188