• Өнөөдөр 2024-04-26

ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨР: ЭЭЖ МИНЬ УРАН БҮТЭЭЛИЙН МИНЬ САЙН ДЭМЖИГЧ БАЙСНААС ГАДНА ЖААХАН ХӨӨРӨХ ҮЕД “БАРАГТАЙХАН БАЙГААРАЙ НӨХӨР МИНЬ” ГЭЖ ХҮҮГЭЭ ДАРДАГ БАЙЛАА

2024-02-09,   7614

Монгол Улсын Төрийн шагналт, хөгжмийн зохиолч З.Хангалын “Бодол” аяз эгшиглээд,

                   Намар болоод ирэхээрээ

                    Навчис шарладгийн учир юу вэ

                    Намхан буурал ээжийн минь

                Нас нь өтөлдөг нь юуны учир вэ..." гэх үгс хөвөрнө. Энэ бол “Трио” киноны дуу. Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Баттөмөр зохиолыг нь бичиж, найруулсан энэхүү уран бүтээл тив, дэлхийн кино наадмаас олон ч шагналыг хүртэж, буухиалаад буй. 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас шилдэг киноны шагнал, АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас шилдэг зураглаачийн шагнал, Улаанбаатар олон улсын кино наадмаас шилдэг продюсерийн шагнал, Варшавын олон улсын кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шилдэг киноны шагнал, Таллины  олон улсын кино наадмын шилдэг хэсэгт уригдан шалгарсан билээ. Ингээд түүнтэй ярилцсаныг хүргэж байна.

        -Трио киногоо үзэгчиддээ хүргэсэнд баяр хүргэе. Энэхүү бүтээлээ ээждээ зориулан бүтээсэн гэж байсан. Айлын хэд дэх хүүхэд вэ. Ээжийнхээ ямар хүүхэд нь байв?

                 -Би айлын бага, ээжийнхээ хамгийн эрх танхи, ёстой өврийн хүүхэд нь байлаа. Ээжийнхээ халамж, хайр, энхрийлэл, бүх зүйлд нь эрх танхи өссөн дөө. Иймээс уран бүтээлч хүний хувьд ээждээ зориулан кино хийж, уран бүтээлээрээ ээждээ суварга босгосон гэж бодож байгаа. Трио бол эх, үрийн хайр, эх орон, нийгэмшил, дэлхий нийт ондоошил гээд олон талт зүйлс багтсан. Мөн өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээс уран бүтээл. Анхлан “Ийм л нэг кино хийе” гэж бодож, бичиж байснаараа утга уянгын, яруухан, зөөлөн хэмнэлтэй, арт кино болсон болов уу гэж бодож байна.

2020 оны зун ээж минь өөд болоод, намраас нь эхлэн киноныхоо зураг авалтыг хийж эхэлсэн. Тухайн үед намрынхаа зураг авалтыг хийгээд ирэхэд, цар тахал гарч, өвөл хөл хорион дундуур зургаа авсан. Хавар нь мөн баруун таван аймаг болон говийн аймгаар зураг авлаа. Өвөл нь Эгүүрийн бэлчир дээр Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвд киноны 80 хувийн зургаа хийсэн.

-Дөрвөн улирал дамнаж, олон ч сайхан нутаг нугаар зургаа авсан нь мөн учиртай болов уу?

                     -Кинонд даянчилж буй ламынхаа явдлын дүрсийг монгол орныхоо үзэсгэлэнт байгалийг харуулан зургийг нь авсан. Үүгээрээ дэлхийн кино наадмуудад сойхоор бүтээсэн уран бүтээл юм чинь харин ч Монголынхоо аялал жуулчлалын салбарт кино урлагаараа дамжуулан томооохон хөрөнгө оруулалт хийж болох юм байна гэсэн бодол төрсөн. Түүнээс нэг кинонд говь, хангай, тал хээрийн бүс нутаг хосолсон энэ олон газрыг  үзүүлэхэд их төвөгтэй шүү дээ. Нэгэнт л бүтээл хийхээр зорьсон юм чинь сайн, бусдад ч үр өгөөжтэй байх нь зүйтэй гэдэг утгаар дөрвөн улирал дамнаж, олон ч үзэсгэлэнт газраар зургаа авсныг үзэгчид киногоо үзээд мэдэх байх аа.

        -Ингээд анхнаасаа бодож, гаднын хүмүүст эх орноо таниулж, хүн хөдөөлүүлэх зан үйлийг мэдүүлж, хүн бол байгаль гэсэн санааг дэвшүүлсэн бүтээл тань биелэлээ олж, олон ч кино наадмаас шагнал хүртлээ. Энэ тусгасан санааг тань гаднынхан хэр мэдэрч, ойлгосныг та бүхэн кино наадмуудаар явахдаа ч ажигласан болов уу?

                   -Бид 2022 оны аравдугаар сард элитүүдийн А зэргийн наадам болох Варшавын 38 дахь олон улсын кино наадамд сонгогдон, уригдаж, оролцсон. Нүүдэлчдийн амьдралын хэв маяг, тэр дундаа үнэт өв соёл, оршуулгын зан үйл, ламын хийж байгаа зан үйлийн зураглалыг гадаад хүмүүс ойлгох болов уу гэж их бодсон. Киноны минь хамгийн том санаа хүн бол байгаль.  Тэгээд Варшав хотод дөрвөн удаа киногоо үзүүлээд, дараа нь хэлэлцүүлэг боллоо. Яагаад энэ киног хийх болсон гээд асууж, лавласныхаа дараа тэд их содон, өвөрмөц, байгальтайгаа их ойрхон уран бүтээл болсныг хэлж байсан. Тэд “Нүүдэлчдийн амьдралыг ийм л байдаг болов уу гэж төсөөлж боддог байсан болохоос биш кино хийгээд, харуулж байсныг нь мэдэхгүй байна” гэсэн. Мөн “Хүн бол байгальдаа ирээд, байгальдаа буцдаг гэх амьдралын циглийг нүүдэлчид одоо хүртэл авч үлдэж, амьдралын хэв маяг дээр байгаа нь агуу санагдлаа. Бид хөгжлийн хэрээр хотшоод, эхийгээ хайрлах хайр ч гэж байхгүй болсон юм байна” гэж ярьж байсан. Энэ л бидний уран бүтээлийн гол санаа шүү дээ. Зорилгоо ойлгуулсандаа баяртай байгаа.

-КИНОНЫХОО ЗОХИОЛД ДАУНТАЙ ХҮНИЙ ДОТООД ЕРТӨНЦИЙГ УЯЖ ӨГСӨН-

-Кинондоо даунтай хүний дүрийг оруулж ирсэн нь мөн учир бий байх ?

                    -Тиймээ, анхнаасаа зохиолоо бичихдээ гурван дүртэй, үггүй кино хийхийг зорьж байсан. Ингэхдээ ээж, хүүгийн дүр байя гээд хүү нь хөгжлийн бэрхшээлтэй байхаар бодож байв. Гэтэл хамтран зохиол бичиж байгаа хүн надад аутизмтай юм уу даунтай хүн байвал ямар вэ гэсэн санааг хэлснээр хүү нь даунтай хүн байхаар зохиолдоо уяж өгсөн. Энэ нь бидний бүтээлд даунтай хүн бол сайн сургаж, бэлдэж чадвал өөрсдийнхөө амьдралыг бие даагаад аваад явах бүрэн боломжтой хүмүүс шүү гэдгийг давхар илэрхийлэхийг зорьсон. Даунтай хүүхдүүдийн ирээдүй гэрэлтэй, эд ч мөн сурч боловсорч, бусадтай л адил амьдарч байгаа гэдгийг хэлэхийг хүссэн.

Тэгээд л нүүдэлчдийн хэв маяг, буддизмын шашин, хүн, байгалийн тухай кинон дээрээ даунтай хүний дотоод ертөнцийг харуулж, зохиолдоо уяж бичсэн.

-Анх Т.Тэлмүүн хүүгийн аав, ээж, багшид санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

             -Мэдээж санаагаа хэлэхэд, сайхан хүлээж авсан. Эхлээд биднийг санал тавин очиход, Т.Тэлмүүн хүүгийн сурдаг 66 дугаар сургуулийн багш их айхтар асуулт асуусан. “Та даунтай хүүхдийг кинонд тоглуулснаараа хүүхдийг минь олон нийтэд яаж гаргаж харуулах юм бэ. Танай кино чинь инээдмийн кино юу” гэж асуусан. Энэ их чухал асуулт. Нээрээ л би хэрхэн гаргаж ирэх билээ гэж бодох асуудал. Тэгээд л эдгээр хүмүүсийг нийгмийн тусад нь байлгах, хэт их өрөвдөх, хайрлах, маш зохимжгүй үг үйлдлийг нийгэм өөрөө хийгээд байна. Үүнтэй адил эхийн хэвлийд бүрэлдэж, бидэнтэй адил энэ хорвоо дэлхий дээр гишгэж, алхаж, амьдарч байгаа хүмүүс. Энэ хүмүүсийг хэнийг ч ардаа бүү үлдээ, энэ хүмүүсийн ирээдүй рүү алхаасай гэсэн санааг л нэгтгэсэн.

 -Анхны найруулсан уран бүтээл тань юм билээ. Энэ ч утгаар та гараагаа их сайн эхэлж, зөв нүүдэл хийлээ гэж хувь сэтгүүлчийнхээ хувьд харж байна. Харин адил уран бүтээлч ах, эгч, нөхөд нь бүтээлийнх нь талаар ямар сэтгэгдэл, урмыг өгсөн бол?

                -Тийм ээ, анхны найруулсан бүтээл минь. Хүмүүс “Энэ их айхтар шүү” л гэж байна лээ. Би ч анхнаасаа их бодсон.  Хүн тэгээд ээждээ бүтээл зориулаад хийхэд, цаанаасаа юм бүтэж, тэнгэрээс ээж минь чиглүүлж, замыг минь засаж байгаа юм шиг дардан сайхан байж, бүтээл минь төрсөн. Ингээд ярихаар хүн итгэхгүй байх. Гэхдээ энэ киног хийх хугацаанд саад бэрхшээл, хаалт, санхүүгийн гацалт гээд нэг ч бэрх байгаагүй. Цаанаасаа бүгд бүтээд л байсан. Мөндөртэй зураг авах сан гэхэд л мөндөр орж, адуутай зурагт адуу багширч байсан.

Бүх зүйлийг ээж минь тэнгэрээс чиглүүлэн, бүтээж байна гэж их бэлгэшээж байгаа.

-Таныг бид хөгжилтэй, алиа хошин төрхөөр тань илүүтэй хардаг. Энэ удаад илүү дотогш чиглэсэн, үйлдлээрээ илэрхийлсэн, өөрийгөө багагүй эвдсэн дүрээр харууллаа. Өөрт тань ч шинэлэг байсан болов уу?

          -Тэгэлгүй яах вэ, дүрийнхээ талаар судалж, хичээж гаргасан. Даунтай хүний дүрийг гаргахын тулд одоо байгаагаасаа жин нэмж, гадаад байдлаараа дүрдээ их ажилласан. Анх зохиолоо бичихдээ л үггүй, арт кино хийх бодолтой байсан учир кинонд ихэнхдээ харц болон биеийн хэлэмжээрээ илэрхийлж байсан.

   -Нэгэнт та ээждээ зориулан энэхүү бүтээлээ хийсэн. Эх, үрийн хайрын тухай гол амин санаа нь явж байгаа болохоор ээжийн тань талаар нэмж асуумаар санагдлаа. Танд юу гэж захиж, хэлдэг байсан бэ?

                -Ээж минь намайг уран бүтээлчийн хувьд их дэмжиж, зөвлөж, ойрын туслагч минь байсан. Мөн жаахан хөөрвөл “Барагтайхан байгаарай хүү минь” гэж дарж, аливаад жолоог минь татаж, хүүгээ дэмжих үедээ тултал дэмжиж хайрладаг хүн байсан. Би ч зан чанарын хувьд ээжтэйгээ их адил. Хүмүүст харагдахдаа л хошин урлагийн тайзнаас алиа хошин, хөгжилтэй нэгэн байдаг болохоос уг хүн минь их тайван, намуухан, их зүйлийг боддог доо.

Ээж минь ч юмыг хийхдээ их сайн бодож хийж байхыг хэлдэг байсан.

-Та ээжийгээ ямар үед хамгийн их баярлуулж байсан бол?

               -Айхтар амьдралд алдаад, архи уугаад, эхнэр, хүүхдээ орхиод явсангүй. Сэтгэлийг нь амар амгалан байлгасан гэж боддог. Тэгж л баярлуулсан гэж боддог шүү дээ. Ээж гэдэг л үр хүүхдээ ажил төрлөө сайн хийгээд явахад л хамгийн их баярлаж, сэтгэл нь тайван байдаг болов уу гэж бодож байна. Дээр өгүүлсэнчлэн уран бүтээлч болчоод хааяа хөөрөх, галзуурч, сагсуурч, дарвих үе зөндөө байсан даа.

-Эхнэр тань энэ кинонд продюсерээр ажилласан юм билээ?

          -Тийм ээ, эхнэр минь энэ кинонд продюсерээр хийсэн. Гаднын кино наадамд киногоо өгөх ажлыг эхнэр л гардан хийж, мэйл бичиж илгээж, хариу авдаг байсан. Одоо бид Солонгос улсад болох кино наадамд оролцох урилга аваад баяртай сууна. Ингээд л яваад байна даа. Бидний амжилт болоогүй. Ажил дөнгөж тал хувьтай л явна. Ахиад оролцох наадам ч олон бий.

-ЭРГЭЭД ТАЙЗНАА ГАРНА-

-Тайзнаасаа түр завсарласан. Эргээд гарах уу?

           -Мэдээж гаралгүй яах вэ. Дэлгэцэд хүч үзэж байгаад тайз руугаа буцаж орно. Анх сургуулиа төгсөөд л Х-ТҮЦ продакшнд орж, Аглуу ах, Одноо эгч, Онон ахаасаа суралцаж байсан бол дараа нь Мөрөөдлийн театрт дүү нартайгаа хамт уран бүтээл хийж эхэлсэн. Өнөөдөр дүү нар минь  Ц.Балдорж агсны “Шөнө амталсан нулимс” бүтээлийг 17 жилийн дараа анхны зохиолоор нь буюу “Шөнө буусан аадар” нэртэйгээр тайзнаа тавих гэж байна. Их сайхан байна. Бид чинь хамтдаа л уран бүтээлч болж яваа шүү дээ. Киногоо нээх гээд чөлөө завгүй явсаар дүү нар дээрээ очиж амжихгүй л явна. Одоо нэг халуун хоол хийгээд очно доо. Бэлтгэл хийхээр их ядардаг байхгүй юу.

-Та мөн киноныхоо ажлын дундуур "Tо be or not to be" шоуны шүүгчээр ажилласан шүү дээ. Өмнө нь Ардын жүжигчин Н.Сувд гуайгаас эхлэн томчууд шүүдэг байсан шүү дээ?

     -Өө тийн, энэ сайхан шоуны шүүгчээр ажилласан. Аль болох оролцогчдод зөв зөвлөгөө өгч, хичээж шүүсэн. Өөрийн сурсан, мэдсэн зүйлээ ч бусадтай харамгүй хуваалцаж, зөв сайхан шүүхийг бодож, ажилласан.

-Бид Трио киног үзсэн уран бүтээлчдээс сэтгэгдэл авахад, МУГЖ, Л.Баттулга буюу Аглуу жүжигчин таныг “Дүү минь, шавь минь сайхан уран бүтээлч болж” гэж их баярлан ярьж байсан. Үнэхээр л Х-ТҮЦ продакшнд та их зүйлийг сурсан болов уу?

              -Тэгэлгүй яах вэ. Ёстой тэд л бидний хөлийг дөрөөнд хүргэж, гарыг минь ганзганд хүргэсэн хүмүүс шүү дээ. Сайхан ах, эгч нарыхаа ач, тус, заасан бүхнээр л бид өдий дайтай яваа шүү дээ.

  

-Гараа сайн бол бариа сайн гэдэг. Одоо дараагийн уран бүтээлийн босгыг их л өндөр тавьж байх шиг байна. Триог үзсэн үзэгчид таниас дахиад л уран бүтээл хүлээх байх?

           -Мэдээж дараагийн уран бүтээл бий. Одоо дахиад илүү сайхан бүтээл хийхийн төлөө зорьж ажиллана. Трио кино минь ч улам хол давхина.

-Нээрээ их сайхан дуутай болсон байна лээ. Яагаад З.Хангал хөгжмийн зохиолчийн "Бодол" аязыг киноныхоо хөгжмөөр сонгосон юм бэ?

               -Оюутан байхдаа З.Хангал гуайн хөгжмийг сонсож, оюутны ажлаа хийж байлаа. Сонсох ч дуртай. Тэгээд кино зургийн үеэр өнөө үзэсгэлэнт байгалийн зураглал дээр З.Хангал гуайн хөгжмийг дэвсэхэд яг сайхан тохирч байсан. Тэгээд л эхнэртэй нь холбогдож, зөвшөөрөл авснаар энэ гайхалтай бүтээлийг бүтээлдээ амилуулсан. Үгнийх нь эхний бадгийг эхнэрийн минь өвөө өмнө нь бичсэн байсан мөртүүд. Үргэлжлэлийг нь МУГЖ, С.Жавхлан бичиж, дуулсан. Ингэж л киноны минь дуу бүтсэн дээ. 
 
-Ярилцсанд баярлалаа.
 
       -Баярлалаа.

ЖҮЖИГЧИН Д.БАТТӨМӨР: ЭЭЖ МИНЬ УРАН БҮТЭЭЛИЙН МИНЬ САЙН ДЭМЖИГЧ БАЙСНААС ГАДНА ЖААХАН ХӨӨРӨХ ҮЕД “БАРАГТАЙХАН БАЙГААРАЙ НӨХӨР МИНЬ” ГЭЖ ХҮҮГЭЭ ДАРДАГ БАЙЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 5
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 21:06:44
    хаха: Эхнэр нь коммент бичээд, өөрөө яриад. Төлбөр төлж цацуулаад. Танай Өвөрхангайн Сод чамд МУГЖ өгөөд чи далдаганаад одоо сонгуулиар та 2 гарах уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 19:35:22
    Зочтн: Амжилт хүсье! Баяр хүргэе!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 18:21:42
    Зочин: Үнэхээр мундаг жүжигчин юма . Сайн эхнэр авсаны ач гавьяа шүү. Сайхан гэр бүлд нь сайхан бүхнийг хүсэе
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 16:20:07
    С. Пүрэвдорж: Хүргэн дүү Баттөмөртөө халуун баяр хүргэж, цаашдын нь уран бүтээлд улам их амжилт хүсьё. Амьдралд нь аз жаргал, эрүүл энхийг ёрөөё.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-02-07 07:47:50
    Г, Мөнхдаваа.: Хүний сэтгэлийг хөндсөн ярилцлага уншлаа.Ээж хүн шиг энгүй их ачтан гэж хаана байхавдээ. Уран бүтээлд нь улам их амжилт хүсье.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188