“Энэ жилийн баяр наадам дэндүү сайхан боллоо. Ийм сайхан наадам үзэх их хувь заяа шүү дээ” хэмээн монголчууд хэд хоног баясаж, хэчнээн жил ам уралдан ярих наадамтай болсон. “Аваргыг давж аварга болдог” гэдэг шиг энэ жилийн наадмын чимэг, ирэх жилийн наадмын найдвар бол яахын аргагүй улсын арслан Б.Орхонбаяр байлаа. Тэрбээр дунгуйлдаж татах, хонгодож түрэх, баруун хөмрөх уран барилдаанаараа наадамчин олныг баясгаж байв. Харин барилдааныхаа дундуур чихэр идэж, аав, ээждээ баярын нулимстай гүйж очоод үнсүүлсэн залуу арслан олныг хайрыг татаж, монголчуудын хайртай хүү болсон.
Улсын арслан Б.Орхонбаяр “Боохой” хэмээх улсын арслан Д.Данзангийн өлгий нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх. Тэрбээр 2019 онд 19 настайдаа улсын начин болж, тухайн жилдээ Сэлэнгэ аймгийн наадамд түрүүлж, аймгийн хурц арслан болж байв. Харин өнгөрсөн жил улсын харцага цолны болзол хангасан бол энэ жил Ц.Содномдорж арслангаар долоо давж улсын заан, улсын заан Б.Бат-Өлзийгөөр найм давж, улсын гарди, улсын даян аварга Н.Батсууриар ес давж, 24 насандаа улсын арслан болсон бахархам амжилтаараа монголчуудыг баярлуулсан түүний аав Н.Баярсайхантай ярилцлаа.
-Монголчууд таны хүүгээр бахархаж, дэмжиж уран барилдааныг нь биширч сайхан наадлаа. Харин тэр мөчид танд юу бодогдож, ямар мэдрэмж төрж байв?
-Монголчуудын хэзээ ч мартахааргүй сайхан наадам болсон гэхэд эргэлзэхгүй байна. Мэдээж хүүгээрээ бахархаж, наадамчин олонтойгоо хамт догдолж, хүлээж үзсэн. Хүүгээ үзүүр, түрүүнд тунаж үлдэхээр нь сэтгэл улам хөөрч, догдолж, заримдаа тайвшрах гэж хичээсэн. Тэгээд хүүгээ “Түрүүлчихээсэй, түрүүлчих байх” гээд дээлийнх нь захыг мушгиж суулаа. Хүү нь улсын их баяр наадмын үзүүр, түрүүнд үлдчихээд дээлийнх нь захыг мушгиад сууна гэдэг аав бүхэнд тохиохгүй ховорхон хувь заяа юм билээ.
Харин манай хүн хажууд сууж чадахгүй догдлоод байсан. Тийм болохоор цагдаа нар барилдаан дуусангуут ханийг минь дэвжээ рүү оруулчихсан юм. Тэгээд хүүгээ дуудаж, үнсээд уйлсан. Би ч ялгаагүй хүүдээ үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан. Тэр үед сэтгүүлчид надаас ярилцлага авах гээд ирсэн. Тэгэхэд нь хоолой зангираад юун юм ярих манатай байлаа. Хүүгээ барилдсанаас хойш жил бүрийн наадмыг Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, үзэж байгаа юм.

-Та хүүгээ үзүүр, түрүүнд шалгарна гэж бодож, зөгнөж байв уу?
-Би хүүгээ “Харцага цолоо батлаасай” гэж бодож байсан даа. Хэрэв тэгвэл ард түмэн сайхан хүлээж авах байхдаа гэж бодож байлаа. Түүнээс улсын арслан болно гэж зүүдлээ ч үгүй байсан. Гэтэл хүү минь улсын арслан цолны болзол хангаж, наадамчин олноо баярлуулж чадсан. Одоо ч манайхаар наадамчин олны хөл хөдөлгөөн тасраагүй, инээд, баяр дүүрэн хүмүүстэй уулзаад сайхан л байна.
-Хүү тань О.Хангай аваргын барилдааныг танд ярьсан байх. Өмнө нь тэд гурван удаа таарч барилдаж байсан гэдэг юм билээ?
-Хүү минь улсын аварга О.Хангайтай наадмаас өмнө гурван удаа барилдаж, давж байсан юм. Харин энэ жилийн наадамд О.Хангайтай үзүүр, түрүүнд тунаж үлдэхдээ өмнөх шигээ түүнийг “Давна, түрүүлнэ” гэж бодсон юм шиг байна лээ. Хүү минь О.Хангайг “Их баяртай болчихсон байна. Бэлтгэлээ сайн хийсэн нь мэдэгдэж байна лээ” гэсэн. Миний хүүгийн бэлтгэл ч сайн байсан. Хүүгийн минь багш улсын харцага Т.Өсөх-ирээдүй “Энэ жилийн наадмаар Б.Орхонбаярыг түрүүлэх хэмжээнд бэлдэнэ. Бэлтгэлийн 40 хувь нь надаас, 60 хувь нь өөрийнх нь хичээл зүтгэл, хөдөлмөрөөс шалтгаална” гэж байсан. Тэр ёсоороо болсон гэж бодож байгаа. Тэдэнд дараа жилийн наадам, тэрний дараа жилийн наадам гээд он удаан жил үргэлжлэх, зодоглох дэвжээ бий. Хүрэх цол ч бий.

-Монголчууд Б.Орхонбаярыг барилдааныхаа дундуур чихэр идэж байгааг хараард, хайрлаад, өхөөрдөөд байсан. Сэргээх зорилгоор чихэр өгсөн юм уу?
-Хүү минь өдөржин хоол, унд идээгүй. Тэгээд оройдоо өлсөөд чихэр идсэн юм билээ. Тэр зураг хүүг минь бас их чимж байгаа. Хүмүүс “Хүүхдээрээ байна даа” гэж өхөөрдсөн байна лээ. Миний хүү чинь эвдрээгүй, хүүхдээрээ зантай шүү дээ.
-Та сумандаа ажиллаж, амьдарч байна уу. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хоёр хүүтэй. Б.Орхонбаяр манай бага хүү. Ах нь ахлах дэслэгч цолтой Эрүүгийн цагдаагийн газарт ажилладаг. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад, дэд хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан. Манай эхнэр малын эмч мэргэжилтэй, сумандаа мэргэжлээрээ ажиллаж байгаа.

-Танайд бөхийн удам бий юү. Таны гэр бүлийн хүнийг улсын арслан Ц.Содномдоржтой хамаатан гэх яриа гарсан?
-Миний аав Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын хүн байсан. Аав, ээжийн минь удамд том биетэй, бяртай, барилддаг хүмүүс байсан гэж ярьдаг. Гэвч би "Ийм хүн байсан, тийм хүн байсан" гэж тодорхой мэддэггүй юм. Би эхээс хоёулаа. Ах минь барилддаг байсан. Өвөрхангай аймагт манай аавын хамаатан 89 настай хөгшин байдаг. Намайг ирж уулзаарай гэсэн. Тэр хөгшин манай удам судрыг сайн мэддэг юм шиг байна лээ. Бид Өвөрхангай аймгийн 90 жилийн ойгоор очиж уулзахаар ярилцаж байгаа. Манай ханийн нагац ах сумын заан байсан юм билээ. Харин манай эхнэр улсын арслан Ц.Содномдоржтой нэг нутаг. Түүнээс садан төрлийн холбоогүй юм билээ. Эхнэр маань Ц.Содномдоржийн эгчтэй нь нэг анги байсан гэж ярьдаг.
-Та барилддаг байв уу?
-Би самбо бөхөөр барилддаг байсан.
-Та хүүгээ “бөх болно” гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ. Ямар замналаар бөх болсон бэ?
-Хүү минь ерөнхий боловсролын сургуулиа төгсчихөөд МУИС-д хувиар авсан юм. Тэгээд өөрөө “Бөхөд илүү сонирхолтой юм чинь бөхөөр хичээллэнэ” гээд Б.Адъяахүү багшийн шавь болж байсан юм.
-Б.Орхонбаяр багадаа бөхөөр хичээллэдэг байв уу. Ямар авьяастай, юунд сонирхолтой хүүхэд байв?
-Хүү минь 14 настайдаа н.Гантөмөр багшийн удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан юм. Тэр цагаас л бөхөд дурласан хүүхэд дээ. Хоёр хүүг минь ээж нь нийгмийн идэвхтэй, хүмүүжилтэй, сайн хүмүүс болгож өсгөсөн. Хоёр хүүгээ тавдугаар анги хүртэл нь сургуульд нь хүргэж өгч, тарахад нь авч, хичээлийг нь хийлгэдэг байлаа. Хүүхдүүд минь дунд ангид орсноосоо хойш өөрсдөө биеэ дааж эхэлсэн. Хоёр хүү минь урлаг, спортын авьяастай. Б.Орхонбаяр “Хүрэл тулга”, “Уран жиргээ” наадамд идэвхтэй оролцож, шагналт байр эзэлдэг, урлагийн үзлэгт дуулахаас бусад үзүүлбэрт ордог байсан. Хүүгийн минь зохиосон шүлгүүд одоо ч бий. Багадаа шүлэг цээжлэх, уран унших, сагс, гар бөмбөг тоглох сонирхолтой хүүхэд байсан. Өөрөө идэвх, санаачилгатай, эхлүүлснээ заавал дуусгах зорилготой, тууштай хүүхэд. Тийм учраас хүсэж, мөрөөдсөн зүйлдээ шантарч, цуцалгүй зүтгэдэг гэж боддог.
Хоёр хүүг минь бага байхад ээж нь “Н.Баярсайханы Орхонбаяр гээд аавынхаа нэрийг дандаа өндөрт өргөж бай” гэж хэлсэн юм билээ. Тэгээд ямар нэгэн уралдаан, тэмцээнд орж, шагнал авахаараа “Аавынхаа нэрийг гаргалаа” гээд инээгээд орж ирдэг байсан юм. Энэ жилийн наадмаар хүү минь миний нэрийг Монгол даяар дуурсгаж, өндөрт өргөлөө. Хүүгээрээ бахархаад баршгүй юм даа. Үүнээс илүү том баяр, аз жаргал гэж хаана байх билээ. Том хүү минь миний мэргэжлийг өвлөсөн бол бага хүү минь бөхийн удмаа залгамжилж байгаад баяртай байна.

-Танай хүү 19 настайдаа улсын начин болж, улсын цолтой бөхчүүдийн эгнээнд багтаж байлаа шүү дээ. Тухайн үед та хүүгээ аварга болчихсон юм шиг л баярлаж байв уу?
-Тэр үед үүнээс ч илүү баярлаж байсан байх. Хүүгээ улсын начин болсноос нь хойш тасралтгүй дагаж явна. Улам илүү дэмжиж, туслахыг хичээж байна даа.
-Б.Орхонбаярын үндсэн мэх юу вэ?
-Хүүгийн минь бусдаас ялгарах барилдааны онцлог нь хурд гэж боддог. Нүд ирмэхийн зуур л хөлийг нь бариад авна шүү дээ. Залуу хүн учраас хурдтай байлгүй яах вэ. Чөлөөт бөхөөр хичээллэдэг байсан болохоор сууж барилддаг гэж болно. Залуу байгаа юм чинь олон барилдаан, мэх сурах байх, миний хүү.
-Та дараа жилийн наадмаар хүүгээ түрүүлнэ гэдэгт итгэл төгс, тэсэн ядан хүлээж байгаа биз дээ?
-Залуу хүүхэд юм чинь амжилтаа бүр илүү ахиулах байх. Би ч жил, жилийн наадмыг хүлээж суух байх. Монголчууд хүүд минь маш их итгэл, найдвар хүлээлгэж байна даа. Тэр хэмжээгээр хүү минь хичээх байлгүй дээ. Би хүүдээ итгэж байгаа.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.


| Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: Хүүгээ улсын арслан болоход нь үг хэлж чадахгүй, хоолой зангирч, нулимс аяндаа урсаад л байсан |
|
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |