...Тэр өөрийнхөө амьдралын хун. Монголчуудын сэтгэлд тод үлдсэн тайзан дээрх тэргүүн хун. Монголын ард түмэн "Хунт нуур"-тай золгож, тэргүүн хунгийн дүрийг Юндэндоржийн Оюун гуай амилуулсан цагаас өнөөдрийг хүртэл балетын урлагт тэр дархлагдсан. Түүний савх шиг урт турьхан гар, хөнгөн үсрэлт өөрийнх нь өөртөө бэлэглэсэн хунгийн дүр нь дахин давтагдашгүй. Монголын анхны хун хэмээн нэрээ мөнхөлж, дэлхийд мэргэжлийн балетын жүжигчнээр зүй ёсоор хүлээн зөвшөөрүүлж, Монголын балетын түүхэнд домог болон мөнхөрсөн Ю.Оюун гуайг нэрээр нь биш юм аа гэхэд дүрээр нь мэдэх, эчнээ таних үзэгчид зуун дамжиж, түүний бүтээсэн хунтай цуг нисэж яваа.
Хоромхон зуурт тайзнаа амьдарч, “амилах” цаг хугацаандаа минут, секунд бүрд дүүлж, хугацаатай, харгис урлагт өөрийнхөө бие, сэтгэлийг үнэнчээр зориулж, хунгаас цагаан амьдарсан ХХ зууны сонгодог балетчин Ю.Оюун гуайн зүтгэл. Түүний тэр их сэтгэл, хичээл зүтгэл, үлдээсэн үнэт өвийг үргэлжлүүлж, үрдээ хадгалуулахаар хичээж яваа түүний бага хүү Б.Тамирыг бид уншигч тантай уулзуулж, ээжийнхээ нь тухай, үдлээд ниссэн тэргүүн хунгийн тухай яриа дэлгэлээ.
-Таны ээж багаасаа амьдралын хатуу хөтүүг үзэж, туулсан юм билээ. Ээжийнх нь бага нас хаана, хэрхэн өнгөрсөн юм бол?
-Миний аав, ээж хоёр хотынх. Ээж минь Хөвсгөлийн Цэцэрлэг сумын харьяат хүн байсан. Ээж минь гурван дүүтэй байсан гэсэн. Даанч өвчний улмаас ээж, гурван дүү нь он дараалан нас барсан юм билээ. Тиймээс эмээ, өвөөгийнхөө хайр энэрэлд торниж, 1964 онд 23-р сургуулийн дөрөвдүгээр ангид байхдаа ОХУ-ын Санкт-Петербург хотын А.Я.Вагановагийн нэрэмжит Бүжгийн Академик дунд сургуульд суралцахаар явсан. Ээж минь хар нялхаараа өнчирч, хүний нутагт бага насаа өнгөрүүлсэн юм билээ. Тэгээд найман жилийн дараа буюу 1972 онд сургуулиа онц дүнтэй төгсөж, эх орондоо ирсэн. Ээжийн минь бага насны дурсамж ийм энгийн бөгөөд ярихад хэцүү санагддаг даа. Танай сайтын уншигчид миний өвөө, ээжийн минь аав хуульч, өмгөөлөгч Л.Юндэндоржийн тухай мэдэх бол надтай заавал холбогдоорой гэж хүсэх байна.

-Таны ээж багаасаа биеэ дааж, хэрсүү өссөн юм байна. Харин хүүхдүүддээ юу захиж, хэрхэн хүмүүжүүлсэн бэ. Хүн бүр л ээждээ загнуулдаг шүү дээ?
-Намайг бага байхад ээж минь маш завгүй байдаг байсан. Дуурийн театрын долоо хоногийн төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ хийдэг байв. Өдөр бүр бэлтгэлтэй. Ийм их ажлынхаа хажуугаар гэртээ эхнэрийн, ээжийн орон зайг бүрэн дүүргэж, биднийг уян зөөлөн аашаараа ухаарал дүүрэн хайрлаж өсгөсөн. Ээж минь ах бид хоёрт “Зөв амьдраарай, хүнд худлаа хэлж болохгүй, цагийг баримталж сур” гэж их захидаг байсан. Түүнээс илүүгээр биднийг “Ингэ, тэг” гэж хүчилдэггүй байсан санагдана.
Маш зөөлөн хүн болохоор загнахдаа хүртэл аливаа зүйлийн учрыг нь ойлгуулж загнадаг байсан юм. Би сургуульд байхдаа тамхи татаж байгаад ээждээ баригдчихсан. Гэтэл ээж минь “Миний хүү олноос нуугдаж тамхи битгий тат. Гэр орноо галдчихвал яах юм бэ. Ээж нь мэдчихсэн юм чинь нууж татах хэрэггүй” гэж байсан хүн шүү дээ. Тэгээд бодохоор их зөөлөн хүн байгаа биз.

-Таны ээжийн гарыг үе үеийн урлаг судлаачид, бүжигчид гайхан биширсээр байна. Гараа хун мэт "амилуулах" нууц шид нь юу байсан гэж боддог вэ. Ээж нь энэ тухайгаа ярьж байв уу?
-Ээжийгээ энэ тухай ярьж байсныг санахгүй юм байна. Балетын урлагийг сонирхдог, судалдаг хүмүүс “Ю.Оюуны гар шиг гар байхгүй” гэж ярьдаг. Оросын алдарт бүжигчин Майя Михайловна Плисецкая хүртэл “ийм уран гартай бүжигчин хараагүй удаж” гэж дуу алдаж байсан гэдэг. Тэгж ярих болсон учир шалтгаан нь гарт нь байгаагүй гэж боддог.
Харин гарын хөдөлгөөнийх нь техник нь сайн байсан байх. Их ч судалсан байх... Монгол бүжгийн үелзүүр шиг хунгийн хөдөлгөөнийг өөртөө дархалж, бие, сэтгэлээрээ мэдэрч гартаа суулгасан юм болов уу гэж боддог. Зөвхөн Монголд ч гэлтгүй Оросын их театрын тайзан дээр ээж минь бүжиглэж, үзэгчдийг алмайруулж байсан юм билээ.
Тухайн үеийн алдартай бүжигчид ч ээжийн минь гарыг биширсэн байдаг. Тэгэхээр гарыг хун мэт амилуулна гэдэг сэтгэлийн их хүч, төсөөлөл, судалгаа нөлөөлдөг юм шиг байна лээ. Ээж минь би балетчин гээд л янз бүрийн хоолны дэглэм барьдаггүй, ингэх ёстой, тэгэх ёстой гэж ялархдаггүй, ямбагүй төрөлхийн бүжигчин байлаа шүү дээ.
-Та аав, ээжийгээ хэрхэн танилцаж, гэр бүл болж байсан тухай мэддэг үү. Та асууж байв уу?
-Тэд нэгнээ Монголд байхдаа л мэддэг байсан юм билээ. Харин Ленинград-д (одоогийн Санкт-Петербург) үлгэрийн мэт цагаан шөнийн тэнгэр доор танилцаж, тэнд л дотноссон байх...Бодвол үдэшлэг дээр танилцсан байлгүй? Тэд нэгнийгээ “Миний хүү” гэж дотночлон дууддаг байсан.
-Бүжигчдийг биеийн галбираа алдана, хурд, хүч нь саарна гээд хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөггүй гэх мэт олон хэцүү зүйл байдаг. Гэтэл таны ээж хоёр хүүхэд төрүүлжээ?
-Ээж ахыг 24 настайдаа төрүүлж, намайг 30-тайдаа төрүүлсэн. Ээжийг жирэмсэн байхад нь намын хорооны дарга нь хүүхэд төрүүлж болохгүй гэж тушаасан байдаг. Гэвч ээж минь, аавын хүчин чармайлтаар ямар нэгэн аргаар зөрсөөр байгаад төрүүлсэн гэдэг. Бараг л ах бид хоёр чинь Ю.Цэдэнбал даргын зөвшөөрсний дагуу төрсөн гэсэн үг. Хамгийн их эсэргүүцэж байсан хүн нь Анастасия Ивановна Филатова. Дөнгөж төрчихөөд удаагүй явж байхад нь их дэлгүүрт таарчихаад “Детский сад” (хүүхдийн цэцэрлэг) гэж хэлчихээд явсан гэдэг. Ер нь хоёр дахь хүүхдээ төрүүлээд бүжгийн карьер нь унтарна гэж бодож байсан нь гарцаагүй.
-Таны ээжийн төрөлх авьяасыг хөглөсөн хүн бол Б.Жамъяндагва гуайг гэж боддог. Ер нь бэлтгэл сургуулилалтаа хэрхэн хийдэг байсан юм бол?
-Таны бодлоор ээжийнх нь амжилтын нууц юу байсан бэ?
-Ээж минь маш энгийн хүн шүү дээ. Илүү, дутуу зангүй. Гурилтай хоолоо бусдын адил идсэн, ардын дуу дуугаа аялдаг, найз нөхөдтэйгөө дотно сайхан холбоотой, хэнийг ч алагчилж үздэггүй амьдралд үзэх ёстойгоо үзэж, хатуужсан. Гэлээ ч зөөлөн чанар нь арилаагүй. Сэтгэл нь тайван, сайн ханьтай, гэр бүлд нь санаа зовоохоор асуудал бага, тайван байсан болохоор ээжийн минь амжилтад ихээр нөлөөлсөн юм болов уу.

-Таны ээж төрөлхийн авьяастай, дахин давтагдашгүй өгөгдөлтэй сайхан эмэгтэй байжээ. Бүжиглэхээс өөр юунд дуртай байсан бэ?
-Миний ээжийг гудамжаар явахыг нь манай тэр хавийнхан хүлээж, харуулдаж байгаад хардаг байсан юм билээ. Сүүлд нь надтай таарсан хүмүүс “Танай ээж 73, хүнсний 20-ийн тэрүүгээр явдаг байсан. Бид хүлээж байгаад хардаг байсан” гэж ярьж байсан. Тэгэхээр тухайн үеийн залуус тайзан дээр бүжиглэж байхад нь биш юм аа гэхэд гудамжаар явж байхад нь хүртэл хардаг байсан гэхээр сайхан эмэгтэй байсан нь гарцаагүй биз. Зарим нь ч бүр ээж шиг минь болох юм сан гэж мөрөөдөж байсан юм билээ. Бид баяр бүрийг тэмдэглэж, хамт зургаа авахуулж, баярын ширээ засдаг байсан. Ээж минь хоол хийх дуртай.
Гэртээ байхдаа янз бүрийн чамин хоол их хийнэ. Хоолны ном, сэтгүүл цуглуулах, ном унших сонирхолтой байсан даа. Уран зохиол, номноос л урлагийн зарим мэдрэмжийг авдаг байсан байх. Аавын найз нөхөд, шавь нар нь ээжийн минь хийсэн напеолон тортонд их дуртай байсан. Тэд ч манайхыг “Үлгэр жишээ сайхан гэр бүл байсан” гэж дурсдаг юм.
-Таны ээж, аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн нандин дурсамж юу вэ?
-Элэг бүтэн байсан бүх цаг хугацаа сайхан санагддаг. Оройн хоол идэхээр ширээгээ тойрч суугаад тухайн өдөр тохиолдсон явдлынхаа тухай яриад инээлдэж сууна гэдэг юутай ч зүйрлэшгүй аз жаргал байдаг юм билээ. Ах минь 1997 онд ХБК одоогийн МУК-ыг монгол бүжгийн ангийг төгсөөд гэрээгээр Өмнөд Африкт циркийн жүжигчнээр ажиллахаар явсан. Одоог хүртэл ирээгүй л байна. Тэндээ сайхан ажиллаж, амьдарч байгаа.

-Та ээжийнхээ мэргэжлийг хүүхдүүддээ өвлүүлж байна уу?
-Би ээжийнхээ авьяас билэг, мэргэжлийг нь хангалттай сайн өвлөж чадаагүйдээ харамсдаг. Гэхдээ том охин маань балетчин мэргэжлээр МУК-ыг энэ жил төгсөж байгаа. Миний охин заавал ээж шиг минь ардын жүжигчин болох албагүй. Өөрийнхөө чадах хэмжээнд чин сэтгэлээ балетад зориулахад л болно гэж боддог. Энэ тухайгаа ч охиндоо хэлдэг юм.
-Та багаасаа л ээжийнхээ уран бүтээлийг үзэж, балетын урлагт дурлаж өссөн байх. Одоо бичлэгийг нь үзээд суухад ямар мэдрэмж төрдөг вэ?
-Ээжийг минь бүжиглэж байх үед одоогийнх шиг зориулалтын хулдаас бүхий сайхан тайз байгаагүй. Би ээжийгээ "Өргөстэй, том том завсар зайтай тайзан дээр яажшуухан эвийг нь олж 32 эргэдэг байсан юм бол доо" гэж бодохоор эрхгүй өрөвддөг, бас бахархдаг. Гэтэл өнөөгийн тийм гоё тайзан дээр ээжийн бүжиглэж байсан үеийнх шиг, даацтай уран бүтээл гаргахгүй л байх шиг... Хуучны балетууд дандаа хялбарчилсан дэглэлт, тавилтаар найруулагдаад байна уу даа гэж харж байгаа. Балетын каски (балетын модон шаахай) хүртэл одоогийнх шиг хөлд эвтэйхэн байгаагүй байх... Сонголт ховор цаг үе шүү дээ... Одоогийн тютю яасан ч гоё юм. Тэр үед чинь чимэглэл хийх материал ховор беластикнаас өөр зүйлгүй байв. Хөөрхий дөө... өөрөө тэр чимэглэлээ хадаад, оёод л сууж байхыг зөндөө л харж байсан.
Б.Жамъяндагва гуай зориуд миний ээжийн шүүсийг шахаж, хоёр тийшээ эргэлттэй, хэцүү хөдөлгөөнүүдтэй дэглэлт хийж байсан юм билээ.

-Та ээжийнхээ сор болсон уран бүтээлүүдээс юуг онцолж хэлмээр санагддаг вэ?
-Ээж минь 1972-1991 онд Сонгодог урлагийн академик театр, 1991-1993 онд Монгол балетын танхимд гоцлол бүжигчин, 1993-2001 онд С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн дунд сургууль, Бүх цэргийн дуу бүжгийн чуулгад багшаар ажиллаж байсан. 1973 онд төрийн шагналт, ардын жvжигчин Ж.Чулууны “Уран хас”-ын Хандармаа, 1974 онд Л.Минкус “Кихот ноён” балетын гол дvр Китрид бүжиглэж чадалтай балетчин гэдгээ анх удаа үнэлүүлсэн гэдэг. Тэр цагаас хойш 1975 онд П.Чайковский “Хунт нуур”, А.Морозов “Ай Болит Доктор”, 1977 онд “Испани бүжгийн цоморлиг”, 1979 онд А.Адан “Жизель”, Э.Чойдог “Мөнгөн Залаа”, 1980 онд К.Сен Санс “Хун, 1981 онд З.Хангал “Эрдэнэсийн Уул”, 1982 онд намайг төрсөн жил П.Чайковский “Шелкунчик”, 1984 онд А.Хачатурян “Спартак”, 1985 онд Д.Шостакович “Энхийн тойрог”, 1986 онд А.Адан “Корсар”, 1987 онд Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”, 1990 онд П.Чайковский “Нойрссон гүнж”, Х.Билэгжаргал “Бөртэ Чоно”, 1993 онд Зангель Брук,З.Хангал,Э.Чойдог “Сүйрлийн дараах амьдрал” зэрэг 25 гаруй балетын гол дүрийг бүтээсэн байх юм.. Ээж минь 1978 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, 1986 онд Ардын жүжигчин цолоор хүртэж, “Зууны мэдээ” сониноос ард түмний дунд явуулсан санал асуулгаар “ХХ зууны манлай сонгодог” бүжигчнээр шалгарч байсан түүхтэй. Онцлох тал дээр гэвэл би Л.Минкус “Кихот ноён” балетын гол дvр Китрид нь хайртай... Маш хурц хөдөлгөөнтэй, бас эрхэмсэг...
-Таны аавыг чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан гэж уншсан. Урлаг, спортын гэр бүлд төрж, өссөн хүний сэтгэл, сэтгэлгээ бусдаас өөр байдаг уу. Бахархахгүй байхын аргагүй биз дээ?
-Ардын жүжигчин, зууны манлай балетчин, бөхийн дасгалжуулагчийн хүүхэд алдах эрхгүй, муу сурах ёсгүй, төрөлхийн бүхнийг чаддаг, авьяастай, мэдлэгтэй байх ёстой юм шиг хүмүүс ханддаг. Тийм болохоор их хэцүү. Б.Тамир Б.Тамираараа амьдрах ямар ч боломжгүй. Учир нь, дандаа аав, ээжийн нэр, хүнд дагаж явдаг болохоор заримдаа халгамаар санагддаг. Нөгөөтэйгүүр мэдээж, бахархалтай, бахархахгүй байхын аргагүй сайхан. Нөгөөтэйгүүр эмзэглэж харамсдаг зүйл бас байдаг.
Ээж минь Монголын балетад бүх ухамсарт амьдралаа, аав минь Монголын спортод тэр дундаа чөлөөт бөхийн төрөлд бүх л амьдралаа зориулсан хүмүүс... Улсаас ганц өрөө ч байр авч байгаагүй гээд л бодохоор харамсмаар санагддаг. Ээж минь бүр нас нь болоогүй гээд тэтгэвэр ч авч байгаагүй гэхээр үнэхээр гол зурж, өмнөөс нь гомдол төрдөг. Аав минь тэтгэврийн зээлтэй л хорвоог орхилоо шүү дээ... Монголын төр ингэж л хүмүүсээ хайрладаг даа...

-Та ээжийгээ баярлуулж чадсан гэж боддог уу?
-"Ээж минь арай л эрт надаас, биднээс явчихлаа даа” гэж харуусдаг. Гэхдээ би ээжийгээ “Явна” гэдгийг нь мэдэж байсан. Үнэхээр хэцүү юм билээ. Өдрөөс өдөрт хоолойгоор нь хоол давахгүй, сүү, цай дусаана. Бүр ярих ч тэнхэлгүй болж байгаа юм. Би өвчин намдаах тариаг нь хийж, асарч байсан. Ээж минь арванхоёрдугаар сарын 3-нд төрсөн. Харин 2000 оны арванхоёрдугаар сарын 3-нд ээждээ бялуу авчирч өгсөн юм. Гэтэл ээж минь турж эцсэн хуруугаараа гогдож амсчихаад, их баярлаж эрхий хуруугаа гозойлгосон. Тэр мөч, дүр зураг нь санаанаас огт гардаггүй юм. Тэгээд л үүрээр бие нь хүчтэй өвдөж, дөнгөж 49 настайдаа ходоодны хорт хавдраар амьсгал хураасан даа, хөөрхий минь. Тэр үед би нойроо харамласандаа ээждээ уурлаж байсан. Уурласнаа бодохоор өнөөдрийг хүртэл би өөрийгөө зүхдэг.
Би ээжийгээ баярлуулж чадаагүй. Хэрвээ өнөөдөр байсан бол ач нараа хараад жаргалтай байх байсан даа гэж боддог. Гэхдээ ээж минь биднийгээ тэнгэрээс харж байгаа гэдэгт туйлын итгэдэг.
-Ээжийнхээ тухай, Монголын нэгэн сод авьяастан, гайхамшигт эмэгтэйн талаар сайхан түүх дэлгэсэн өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа, надад ч сайхан байна.





| ХХ ЗУУНЫ СОНГОДОГ БАЛЕТЧИН Ю.ОЮУНЫ ХҮҮ Б.ТАМИР: Ээжийгээ “Өргөстэй тайзан дээр яаж 32 эргэдэг байсан юм бол доо" хэмээн өрөвддөг |
|
Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Азийн наадмын багийн төрөлд хүрэл медаль хүртлээ
2026-10-23 10:07:18
Д.Нацагдоржийн 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийг нээх ёслол боллоо
2026-10-23 08:22:02
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Саксони муж улсад айлчиллаа
2026-10-23 07:35:00
Бочигийн тамирчид Азийн пара наадмын V-IX байрт оржээ
2026-10-23 07:30:00
Ө.Мөнхтөр Азийн пара наадмын усан замд уралдлаа
2026-10-23 07:20:00
Азийн наадамд Б.Амгаланзаяа V, Д.Саруултөгс IV байрт орлоо
2026-10-23 07:10:00
СЭТГЭЛ САНААГААР УНАСАН ГЭХ ШАЛТГААНААР ЭЭЖИЙГЭЭ 12 УДАА ХУТГАЛЖ, ХӨНӨӨСӨН ЭТГЭЭДЭД 14 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖЭЭ
2026-10-23 07:00:00
Дунд сургуулийн урлагийн үзлэг бэлдэхэд нэг анги 2-5 сая төгрөг зарцуулж байна
2026-10-23 07:00:00
ДЭНИЕЛ РЭДКЛИФФ: “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛ ДУУССАНЫ ДАРАА МАШ ХООСОРСОН. СЭТГЭЛ ГУТРАЛД ОРЖ, АРХИНД ДОНТСОН...
2026-10-23 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-10-23 07:00:00
АЗИЙН ПАРА СПОРТЫН НААДМЫН МЕДАЛИЙН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-23 07:00:00
НИЙСЭЛ ХОТ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 387 ЖИЛИЙН ОЙН БАРИЛДААНД ТҮРҮҮЛЭХ МАГАДЛАЛТАЙ БӨХЧҮҮД
2026-10-23 07:00:00
2026-10-23 07:00:00
ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА” ХОЁРЫН ХАЙРААС ТЭМДЭГЛЭХҮЙ
2026-10-23 07:00:00
Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана
2026-10-22 17:41:03
Францын жагсаалын улмаас хохирсон иргэн, ААН-үүдэд 1.2 тэрбум евро нөхөн олгоно гэв
2026-10-22 17:27:36
Цахим залиланг таних www.zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна
2026-10-22 17:20:29
Германд амьдарч буй М.Болд гавьяат дасгалуулагч цол хүртжээ
2026-10-22 17:01:16
Хятад улс 2026 оны эхний гурван улиралд 1625 км шинэ төмөр зам ашиглалтад оруулжээ
2026-10-22 14:34:09
ДАВУУ БАЙДАЛ БИЙ БОЛГОСОН АВЛИГЫН ДОЛООН ХЭРГИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:27:29
ТАГНУУЛЫНХАН УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДСАН ИХ ХЭМЖЭЭНИЙ АЛТ ИЛРҮҮЛЖЭЭ
2026-10-22 13:24:45
Э.Содномпилжээ Азийн наадмын пауэрлифтингийн аварга боллоо
2026-10-22 12:55:30
Чингис хаан судлалын олон улсын хурал Берлин хотод боллоо
2026-10-22 12:23:09
2026-10-22 12:11:39
ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-10-22 10:51:24
ГОЛ, НУУРЫН МӨС ЦӨМӨРСӨН ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧЭЭ
2026-10-22 10:40:29
Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нар хээрийн дадлагад хамрагдлаа
2026-10-22 10:12:34
УРД ШӨНӨ 126 ИРГЭН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ БАЙРАНД СААТУУЛАГДЖЭЭ
2026-10-22 10:02:08
Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа
2026-10-22 08:51:33
Г.Ган-Эрдэнэ Азийн пара спортын их наадмаас мөнгөн медаль хүртлээ
2026-10-22 08:33:25
У.УРАНЧИМЭГ: Театр бол миний байх ёстой, сайн мэддэг салбар
2026-10-22 07:00:00
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ГАРЧ БУЙ ШИНЭ ГАРЦ, БОЛОМЖУУД
2026-10-22 07:00:00
АН-ЫГ ЛИДЕР НЬ БИШ, МӨНГӨТЭЙ НЬ УДИРДАХ ЦАГААР...
2026-10-22 07:00:00
ХИЛЧДИЙН ДОМОГ МӨРЧ Л.СҮХЭЭГИЙН АМЬДРАЛЫН МӨР
2026-10-22 07:00:00
“ОЮУ ТОЛГОЙ”-ЫН НООГДОЛ АШИГ ТОЙРСОН БАЙР СУУРЬ
2026-10-22 07:00:00
СЭТГЭЛИЙН ХҮЧ
2026-10-22 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |