.jpg)
-Жүдо бөхийн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Охидын 57 кг-ын жинд М.Цэндбазарын хамт медалийн тавцанд хамтдаа гарсан мөч сайхан байсан биз?
-Жүдогийн дэлхийн аваргад анх очих үед үнэхээр гоё сэтгэгдэл төрсөн. Дэлхийн аваргын татамид гарах үед их сүрддэг юм билээ. Гэнэт л сандрал, догдлол мэдрэгдээд эхэлсэн.

М.Цэндбазартайгаа хамт ДАШТ-ий медалийн тавцанд гарах мэдрэмж гоё байлгүй яах вэ. Бид бага байх үеэсээ хэлхэгдэж явдаг найзууд байсан. Багын найзтайгаа хамт ДАШТ-ийн медалийн тавцан дээр зогсож байх юм гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Тэр үнэхээр мартахын аргагүй гоё мэдрэмж байсан шүү.
.jpg)
М.Цэндбазарыгаа дэлхийн аварга болоход баярласан хэрнээ цагаахан атаархал төрсөн. Цэндээ дэлхийн аварга цолыг хүртэхийн тулд маш их шаргуу хөдөлмөрлөсөн. Тэр их хөдөлмөр, хөлс, хичээл, зүтгэлийнхээ үр дүнг хүртсэн. Дэлхий аварга болох үед нь найзаараа маш их бахархсан. Миний дутууг найз маань гүйцээж алтан медаль хүртсэнд баярласан.
.jpg)
Цэндээ үнэхээр мундаг байсан шүү. Би чадлынхаа хэмжээгээр хичээсэн.Үр дүнд нь ДАШТ-ий хүрэл медаль хүртсэндээ сэтгэл хангалуун байгаа. Жилийн өмнөх ДАШТ-ий бидний тэр сайхан дурсамжийг маань эргэн сануулж, хуваалцах боломж олгосон танай “ERGELT.MN”-ийн хамт олонд маш их баярлалаа. Багш, дасгалжуулагч, клуб, Жүдо бөхийн холбоо, Үндэсний шигшээ баг, “Женко” клубийн хамт олон, тусалж дэмжиж байсан хүмүүст баярлалаа.
.jpg)
-ДАШТ-д М.Цэндбазар та хоёр 57 кг-ын жингийн хоёр өөр хэсэгт орж барилдсан юм уу?
-Тийм ээ, М.Цэндбазар бид хоёр, өөр, өөр хэсэгт сугалаа татаж орсон.
-ДАШТ-ий эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан бил үү?
-ДАШТ-ий сугалаа татахдаа эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Харин хоёрдугаар тойргоос жинхэнэ ширүүн өрсөлдөөн эхэлсэн.
.jpg)
-Харин ДАШТ-ий дараагийн тойргуудад Гүржийн Тинатин Гулбани, Польшийн Юлиа Сиемко, Туркийн Элиф Килич нарыг нарыг ялсан байх аа?
-ДАШТ-ий тойрог ахих бүр өрсөлдөөн улам бүр ширүүн болж байлаа. Тийм болохоор илүү барилдаандаа төвлөрч эхэлсэн. Сэтгэл, санаа үсчихгүй, төвлөрч чадсан учраас их гоё байсан. Дэвжээн дээр гараад зөвхөн барилдаандаа төвлөрч, ялалт авч чадна гэсэн итгэлтэй, шийдэмгий барилдсан.
.jpg)
-ДАШТ-ий хагас шигшээд Нонока Ямакаватай барилдахдаа ямар алдаа гаргасан бэ?
-Японы тамирчин Нонока Ямакаватай барилдахын өмнө нэлээн төвлөрч байгаад дэвжээнд гарсан санагдаад байдаг. Магадгүй хэт хичээгээд биеэ барьж алдаа гаргасан байх.

-ОХУ-ын Екатерина Ждановаг ялж, ДАШТ-ий хүрэл медаль хүртсэн байх аа?
-Тийм ээ, мэдээж хүрэл авсан нь сайхан байсан. Уг нь бүх л тамирчид хүрэл, мөнгө, биш зөвхөн алт медаль хүртэхийн төлөө өрсөлдөж байгаа шүү дээ. Миний хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд хожигдоод, “За яадаг ч байсан медальгүй хоосон дэлхийн аваргаас буцаж болохгүй юм шүү” гэсэн бодол төрсөн.
.jpg)
Екатерина Ждановаг буулган авч, барилдаанаа дуусган, ялалт авах мөчид “За ямарч байсан би чадлаа. Тэмцээн дууслаа” гээд сэтгэл тайвширсан. Гэсэн ч яг үнэндээ өөртөө маш их гэмшсэн. Зооны аваргын төлөөх өрсөлдөөнд барилдаанаа сайн гаргаагүй, дайчлаагүй хожигдсон маань харамсалтай санагдаад байсан. Тийм болоод ч тэр үү, нэг их баярлаагүй. “Барилдаан дууслаа гэсэн бодол төрсөн.
.jpg)
Тэр үед үзэгчдийн хэсгээс манай монголчууд баяр хүргэх нь сонсогдож байлаа. Багш руугаа харсан чинь багш бүр догдолчихсон харагдсан. Өмнө нь ямарч тэмцээн дээр яаж ч сайн барилдсан нэг инээмсэглээд байдаггүй юм. Дандаа л төв царайтай байдаг.
.jpg)
Гэтэл ДАШТ-ий медалийн болзол хангаад ирсэн чинь багш маань баярлаж, инээмсэглэн, нулимс дуслуулан, алга ташаад зогсож байсан. “Сайн байна, сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн. Багийхан дээр очсон чинь бүгд баяр хүргээд, намайг өргөөд дээш шидсэн. Тэр л үед үнэхээр гоё мэдрэмжийг мэдэрсэн. Тэгээд цаашдаа илүү том амжилт гаргахыг хүссэн.
.jpg)
-Миний дүү өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ганхуягийн Энхжин гэдэг. Би аавынхаа “Амин эрдэнэ”, харин ээжийнхээ нялх энхрий үр нь байгаа юм. Одоо “Женко” клубт харъяалагдаж байгаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 111-р дунд сургуулийн Тамирбат багштай 12-р ангийн сурагч. Сая дөрөв дөрөвдүгээр сард 18 нас хүрсэн.
.jpg)
-Аль аймаг, хотод төрж, өссөн хүүхэд вэ?
-Би Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн. Намайг ЕБС-ийн хоёрдугаар ангид байх үед манай Улаанбаатар хотод нүүж ирсэн.
.jpg)
-Айлын хэд дэх хүүхэд вэ?
-Манайх гурван хүүхэдтэй айл байгаа юм. Би айлын ганц охин. Дээрээ нэг ахтай. Ах бид хоёр есөн насны зөрүүтэй. Багадаа Дарханд ахыгаа дагаад нусаа татаад гүйж явдаг охин байлаа. Харин одоо нэг ах, нэг эрэгтэй дүүтэй.
.jpg)
-Бага нас нь Дарханд өнгөрчээ?
-Тийм ээ, Дархан хотод миний бага нас өгөрсөн. Ахыгаа дагаж өссөн болохоор багадаа ер нь их эрэгтэйлэг хүүхэд байлаа. Ахдаа их амь шүү дээ. Одоо эгчийн үүрэг хүлээгээд дүүгээ их хайрладаг болсон.
.jpg)
-Жүдо бөхөөр хичээллэхээс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байсан уу?
-Жүдо бөхөөс өмнө өөр спортын төрлөөр хичээллэж байгаагүй. Харин цэцэрлэгт байхдаа орос бүжиг, бүжиглэдэг байсан даа.
-Жүдо бөхийн спортоор хэд дэх жилдээ хичээллэж байгаа вэ?
-Жүдо бөхөөр саяхан л хичээллэж эхэлж байсан санагдах юм. Гэтэл нэг мэдэхэд арван жил өнгөрсөн байна.
–Спортын ямар зэрэг цолтой вэ?
-Саяхан жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер цол авсан.
-Жүдо бөхийн анхны багш нь хэн бэ. Бэлтгэл, сургуулилалтаа одоо хаана ямар клуб дээр хийж байгаа вэ?
-Анх “Монголын жүдо академи”-д бүртгүүлэн орж, жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн. Тэр үед Тэнгис багш маань “Монголын жүдо академи”-д багшилдаг байсан юм. Багш маань өөрийн клубээ нээх үед багшийгаа дагаад явж байсан. Одоо “Женко” клуб дээр Тэнгис багштайгаа байгаа.
-Яагаад бусад спортоос илүүтэйгээр жүдо бөхийн спортыг сонирхон хичээллэх болов?
-Ээж маань “facebook” дээр “Монголын жүдо академи”-ийн зар байхыг олж харсан юм билээ. Тэгээд л “Миний охин жүдогоор хичээллэх үү” гэсэн. Би “Яасан ч яах вэ” гэж хэлээд жүдо бөхөөр хичээллэж эхэлсэн дээ.
-Жүдо бөхөөр хичээллэж байхад тань шантарч, мохох үе гарч байсан уу?
-Мэдээж шантарч, “Барилдаж сурах, бөх болох хэцүү юм байна. За чадахгүй юм байна. Одоо болъё” гэж зөндөө боддог байсан. Гэхдээ багаасаа л хийж ирсэн зүйл маань жүдо бөх шүү дээ. Өөрөө ч дуртайг хэлэх үү. Ялсан, ялагдсан ямарч үед жүдо бөхтэй дуртай хэвээрээ л байдаг. Дуртай зүйлээ хэнээрч шахуулахгүй хийж байгаа болохоор тэр бүхэн гоё байдаг.
-Босоо болон хэвтээ барилдаанд сайн хийдэг гаршсан ямар дархан мэхтэй вэ?
-Босоо барилдаанд гаршсан мэх гэвэл багаасаа хийж сурсан сууж үүрэх мэх бий. Харин одоо бол яг тэр, энэ дархан мэх гээд байх зүйл байхгүй ээ. Олон төрлийн мэх, мэхний хувилбарыг хийж сурахыг хичээдэг. Хэвтээ барилдаанд бол “sangaku” боох, өчих мэхийг хийх илүү хийх дуртай.
-Жүдо бөхийн спортоор хичээллэсэн үеэс хойших томоохон амжилтууддаа сонирхуулахгүй юу?
-Одоогоор миний гаргасан хамгийн том амжилт нь 2025 оны өсвөр үеийн ДАШТ байна. Дэлхийн аваргын 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Самбо бөхийн өсвөр үеийн Ази тивийн хошой аварга. Сурагчийн ДАШТ-ий хүрэл медальтай. Харин жюү жицүгийн ДАШТ-ий мөнгөн медальтай.
-Сэтгэлд тань хоногшин үлдсэн хамгийн өрсөлдөөнтэй дурсамж үлдээсэн ямар барилдаан байдаг вэ?
-Сэтгэлд хоногшин үлдсэн тэмцээн гэвэл Софигийн ДАШТ байна. Мөн самбо бөхийн Азийн аваргын финалын барилдаанууд бий. Гадагшаа тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн явж, медалийн төлөө барилдах нь хамгийн гоё байсан. Хамт явж байгаа монголчууд маань дэмжиж итгэл, сэтгэлийн урам хүч хайрлан “Энхжин, Энхжин, Монголиа, Монголиа” гээд алга ташаад, орилж хашхирах нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг юм билээ.
–Жүдо, самбо бөхийн аль төрөл чамд илүү тохиромжтой юм шиг санагддаг вэ?
-Самбо, жүдо бөхийн төрөл хоёулаа өөр, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Энэ хоёр барилдааны төрөлд хоёуланд нь дуртай. Жүдо бөх их цэвэрхэн, уран гоё барилдааныг шаарддаг. Харин самбо бөх, жүдо бөх шиг шууд торгуулиар болон цэвэр ялалтаар хожигдоно гэж бараг л байхгүй. Хөл авах, давхар хамах, гонгодох, тахимдах, тавхайлдах, суйлах, тойгдох, гар ачих зэрэг монгол мэхийг хүртэл чөлөөтэй хийж барилдаж болдог.
-2026 онд “Гранд слам”, “Гран при”, тив, дэлхийн ямар томоохон тэмцээнүүдэд оролцохоор төлөвлөж байгаа вэ?
-Би жингээ солихоор багштайгаа ярилцаж эхэлсэн. Жаахан хүч, тамир авч, байгаад дээш жин өгсөн 63 кг-д барилдах санаа бий. Дээд жингийнхээ бөхчүүдийг судалж байна. Цаашид гадны “Гранд слам”, “Гран при” тэмцээнд багшгүйгээр бие даан оролцож, үзэх зорилго тавьж байгаа.
| Г.ЭНХЖИН: Багш “Сайн байна. Миний охин үүнийг хүртэх эрхтэй шүү” гэж хэлсэн |
|
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |