• Өнөөдөр 2024-05-19

Улсын харцага Н.ЗОЛБОО: Д.Сумъяабазар аваргын барилдааныг харж, биширч өслөө

2021-07-14,   3515

          Хурдан, шаламгай, уран барилдаанаараа үзэгчдийнхээ харааг булаах Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат чөлөөт бөхийн ОУХМ, улсын харцага Н.Золбоог мэдэхгүй бөх сонирхогч ховор биз ээ. Чөлөөт бөхийн Ази тивийн аврага шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж, Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд “цуурайтуулж” явсан тэрбээр өдгөө үндэсний бөхөөр түлхүү хичээллэх болсон ч чөлөөт бөхийн бэлтгэлээ ч таслахгүй байгаа гэх. Ийнхүү уншигч та бүхэнд улсын харцага Н.Золбоотой ярилцсаныг хүргэж байна.

-Багш нар минь надад “Өөрийнхөө хийж чадах бүх юмыг хийгээд, эргээд харамсах юмгүй барилдаарай” гэж хэлдэг юм-

-Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадмыг хойшлуулж, ирэх жил зохион байгуулахаар болсон. Энэ тухай ямар бодолтой байна вэ?

          -Хамт бэлтгэл, сургуулилт хийж байсан бөхчүүдээ төлөөлөөд үзэл бодлоо илэрхийлэхэд цаг үеийн нөхцөл байдал үнэхээр хэцүү байна. Нэг өдөрт л гэхэд хэдэн хүн цар тахлаас амиа алдаж байгаа билээ дээ. Ийм аймшигтай зүйл болж байхад бөхчүүд талбай дээр жагсаад “Наадмаа хийе”, “Барилдъя” гээд байвал утгагүй. Хэрэв цар тахал, нөхцөл байдал гайгүй болбол ирэх намар ч юм уу, наймдугаар сард Үндэсний баяр наадмаа зохион байгуулаасай гэж хүсэж байна.

-Бөх сонирхогчдын мэдэх улсын харцага, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо анх хэрхэн бөхийн спорттой холбогдож байв. Яагаад Үндэсний бөхөөр хичээллэх болсон юм бэ?

          -Монгол хүн бүрийг бага байхад нь эцэг, эх нь “Том болоод бөх болоорой” ерөөдөг. Түүний нэгэн адилаар эцэг, эх маань ч намайг тэгж л ерөөж, өсгөсөн. Манай гэр бүл үндэсний бөхтэй салшгүй холбоотой. Бага байхад аав, ах нартайгаа нийлээд үндэсний бөх үзэх дуртай байлаа. Тэр үед зургаан залуу зааны барилдааныг үзэх их дуртай байсан юм.

-Бага ахуй насандаа ямар бөхийн барилдааныг харж, биширч өссөн бэ?

          -Анх Монгол Улсын аварга Д.Сумъяабазарыг заан цолтой байх үеэс нь харж, биширч өссөн. “Энэ  хүн шиг бөх болох юм сан”, “Энэ хүн шиг гоё бие хаатай болох сон” гэж боддог байлаа. Гэхдээ яг Д.Сумъяабазар аварга шиг барилдаантай болно гэж бодож байгаагүй. Миний хувьд барилдахдаа өөртөө тохирсон, өөрийн хийж чадах мэхээ хийж барилддаг.

-Таныг дасгалжуулагч Ж.Дандарын шавь гэдгээр үзэгчид мэддэг. Харин чөлөөт бөхөөр спортын замналаа эхэлсэн ч үндэсний бөхөөр ихэвчлэн барилдах боллоо. Чөлөөт бөхийн бэлтгэлээ хийж байгаа юу?

          -Би 2004 оноос бөхийн гүнзгийрүүлсэн сургалттай 73 дугаар сургуульд, Ж.Дандар багшийнхаа удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Өнөөг хүртэл Ж.Дандар багштайгаа холбоотой байж, чөлөөт бөхийнхөө бэлтгэл сургуулилтыг ч хийж байгаа. Чөлөөт бөхийн хүнд жингийн бөхчүүд үндэсний бөхөөр ч мөн давхар хичээллэж, сургуулилт хийх бүрэн боломжтой байдаг. Энэ жишгээр 2007 оноос МУГТ, улсын заан О.Одгэрэл багшийнхаа шавь болж, үндэсний бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Мөн 2009 онд улсын харцага Д.Батболд багшийнхаа дор бэлтгэлээ хийсэн юм. Өнөөг хүртэл гурван багшийнхаа удирдлага дор бэлтгэлээ аль болох таслахгүй байхыг хичээж, үргэлжлүүлж байна. Багш нар минь надад “Өөрийнхөө хийж чадах бүх юмыг хийгээд эргээд харамсах юмгүй барилдаарай” гэж хэлдэг юм.

-Чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг байхдаа УАШТ-д гурван удаа түрүүлсэн. Мөн Азийн аврага шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байлаа. Чөлөөт бөхийн спортоор гаргасан амжилтаараа хэр их бахархдаг вэ?

          -Чөлөөт бөхийн УАШТ-ээр гурван удаа түрүүлж, 10 орчим медаль хүртсэн. Анх 2011 онд насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний 97 килограмм жинд анх удаа түрүүлж байлаа. Түүний өмнөх жил нь УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн байсан болохоор өөртөө аварга болох зорилго тавьж, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн.  Тэр жилдээ ч мөн Ази тивийн аврага шалгаруулах тэмцээнээс оролцож, хүрэл медаль хүртсэн 21 настай залуу их л баяр хөөр дүүрэн жилийг үдэж байлаа даа. Харин 2018 оны чөлөөт бөхийн Азийн аврага шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэр тэмцээнд Дэлхийн АШТ-ий мөнгө, хүрэл медальтай БНХАУ-ын бөх Дэн Жи Вэтэй таарч, барилдсан юм. Түүндээ л маш их баярлаж, бахархаж явдаг юм.

-Хэзээнээс эхлэн үндэсний бөхийн спортоор хичээллэж эхлэв. Энэ төрлөөр үргэлжлүүлэн хичээллэх урам зоригоо юунаас олж, авсан бэ?

          -2007 онд О.Одгэрэл багшийгаа дагаж, том бөхчүүд очиж бэлтгэл хийдэг ЦЕГ-ын харьяа Сүүж амралтад бэлтгэлд гарч байлаа. Тэр жилдээ Баянхонгор аймгийн өсвөрийн бөхийн барилдаанд түрүүлсэн юм. Харин дараа жил нь буюу 2008 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд очиж, түрүүлж сумын заан гэх анхны цолоо хүртэж байлаа. Түүний дараа сумын заан цолтой байхдаа бөхийн өргөөнд нэг барилдаанд орж байсан юм. Тэр барилдаандаа Хөвсгөл аймгийн харьяат улсын начин Б.Баянмөнх ахаар хоёр давж байлаа. Түүндээ их баярлаж, урамшаад үндэсний бөхөөр илүү их хичээллэж, хичээх урам зоригоо олж, амжилттай барилдах эхлэл минь байсан юм болов уу даа гэж боддог.

-Залуу бөх байх үеийн хөгжилтэй дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцаач?

          -Бөх гэдэг зүйл эрэмбэ, ёс жудагт суурилдаг. Анх залуу бөх байхдаа бэлтгэл сургуулилтад гараад их зарагдана, жижүүр хийнэ. Дөнгөж л гэрээсээ ирсэн хүүхэд жижүүр хийж байгаад өглөө ах нарыг унтаж байхад нь санамсаргүй чимээ гаргаж  загнуулж, зэмлүүлж байсан үе зөндөө бий. Харин түүнээс хойш ганц, хоёр жилийн дараа жижүүрээ хийгээд сурчихаар арай гайгүй болж ирсэн. Залуу бөхчүүд ах нартайгаа хамт бэлтгэлдээ гараад “Дэлгэр Монгол орон”, “Халуун элгэн нутаг” дуунаас эхлээд нутгийнхаа дуунуудаас их дуулна. Анх Сүүж уул руу бэлтгэлд гарч байх үед “Дэлгэр Монгол орон” дууг 100  гаруй бөх зэрэгцэж, жагсаж байгаад л дуулах их сүртэй. Харин би л дуунд муу (инээв).

-МУУХАЙ МЭХ ГЭЖ БАЙДАГГҮЙ. ДАВЖ БАЙГАА БАРИЛДААН БҮХЭН Л ӨӨРТ САЙХАН БАЙДАГ-

-Бага насаа хаана өнгөрөөсөн бэ. Өвөө, эмээгийн хүүхэд гэж сонсож байсан юм байна?

          -Би өвөө, эмээ хоёр дээрээ өссөн. Багадаа бэлтгэлдээ явах болохоор муу эмээ, өвөө хоёр минь хамаг л хоол, цай ундаа саванд хийж өгч явуулдаг байлаа. Буцаад ирэхэд нь хөлстэй хувцсыг минь угаахаас эхлээд чадах чинээгээрээ л намайг дэмждэг. Миний гэр бүл намайг харамгүй дэмжиж ирсэн. Түүний хүчинд л өдий зэрэгтэй сайхан барилдаж яваа юм болов уу гэж боддог.

-Таны үндсэн барьц сэрвүүгээс нь барьж, барилдаж байгаа харагддаг?

          -Сэрвүүгээс л голцуу барилдах сонирхолтой л доо. Чөлөөт бөхөөс олж авсан ур чадвараа ашиглаад хөл авах, хонгодох, суйлах мэхийг ихэвчлэн хийдэг. Муухай мэх гэж байдаггүй. Давж байгаа барилдаан бүхэн л өөрт сайхан байдаг.

-Баяр наадмын барилдаанаас таарч, барилдсан хамгийн сүрдмээр бөх хэн байсан бэ?

          -Сүрдэнэ ч гэж одоо тэгээд хэнээсээ сүрдэх билээ дээ. Бүгд л адилхан нэгнээсээ дутахгүй бэлтгэл сургуулилтаа хийгээд явж байгаа. Нэгнээсээ сүрдээд байвал бөх, тамирчин хүн гэж хэлээд яах вэ. Барилдааны дээшээ даваанд эд жагссан үеийн сайхан залуучуудтайгаа л барилдахыг хүсдэг.

-Аймгийн наадамд гурван удаа түрүүлж, аймгийн бадрангуй арслан болж байсан. Аймгийн арслан цол хүртсэнээсээ хойш нутгийнхаа дэвжээнд бөхчүүдээ тэргүүлж гарч, ирэх мөч ямар санагддаг вэ?

          -100 гаруй аймаг, сумын цолтой бөхчүүдээ толгойлж барилдах ямар ч үгээр илэрхийлэмгүй сайхан байдаг. Мөн Баянхонгор аймгийнхаа баяр наадмын бөхийн барилдаанд гурван удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэж байлаа. Амьдрал, бөхийн замналдаа үнэнч, шударгаар барилдаж, үзэгчиддээ сайхан барилдаан харуулъя л гэж зорьсон болохоор л аймгийнхаа барилдаанд гурван удаа түрүүлсэн байх аа.

-Түүнээс хойш Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадамд зургаа давж, улсын харцага цолтон болоод очиход нутгийнхан нь хэрхэн хүлээн авч байв?

          -2006 онд миний багш Д.Батболд Баянхонгор аймгаас улсын харцага цолтон болж байлаа. Харин би түүнээс хойш есөн жилийн дараа багшийнхаа цолыг хүртэж, нутагтаа очиход Баянхонгор нутгийнхан маань их элэгсэг, сайхан хүлээж авсан. Тэр жилийн наадам ч сайхан болж өнгөрсөн. Үндэсний баяр наадмаар нэг харцага, нэг начин цолтон төрсөн. Шинээр цолны болзол хангасан залуу бөхчүүд зургаагийн даваанд нэг нэгэнтэйгээ таарч, барилдан би харцага цолыг хүртэж байлаа. Өөрийн хүч хөдөлмөрөө, олон жилийн зарцуулсан бүхнээрээ л том цол, шагналд хүрэх хамгийн сайхан.

-Өнөөг хүртэл чөлөөт бөх, үндэсний бөхөөр хичээллээд олон амжилт гаргажээ. Одоо эргээд харахад өөрөөрөө бахархах зүйл юу байна вэ?

          -Бөхийн спортод эцгийнх нь нэр үргэлж дагаж явдаг. Хүү нь аль чадахаараа хичээж, амжилттай барилдахыг зорьж явааг минь тэнгэрийн орноос хараад аав минь баярлаж байдаг болов уу гэж боддог. “Удмаас минь, миний хүү бөх болж, улсын цолтнуудын эгнээнд багтлаа” гээд л суугаа байх даа гэж боддог. Аавыгаа л их үгүйлэх юм.

- ӨӨРТӨӨ ТОМ ЗОРИЛГО ТАВЬСАН Ч ЗОРЬСОН ЗҮЙЛДЭЭ ХҮРЧ ЧАДАЛГҮЙ ГЭРТЭЭ ОРНО ГЭДЭГ Л ХАМГИЙН ХЭЦҮҮ-

-Тамирчин хүний хамгийн гол өрсөлдөгч нь бэртэл, гэмтэл гэдэг. Бэртлийн улмаас оролцож чадалгүй өнжсөн, хоцорсон, харамсаж явдаг тэмцээн бий юу?

          -Бэртэл гэмтэл бол тамирчин хүний өрсөлдөгчөөс илүү дайсан. Ялангуяа бөх хүн эрүүл, саруул барилдаад нэг, хоёрын даваанд унавал өөртөө л харамсана. Бэртэж, гэмтээд барилдаж чадахгүй хүссэн барилдаанаа өнгөрөөнө гэдэг хэцүү. Надад барилдаж чадаагүй харамсаж явдаг барилдаанууд олон байгаа. Өөртөө том зорилго тавьсан ч зорьсон зүйлдээ хүрч чадалгүй гэртээ орно гэдэг л хамгийн хэцүү. Тэр болгоноос дурдаад байх бас хэцүү.

-Сүүлчийн үед бөхчүүд найраа, допин гэх зүйлстэй их нэр холбогдох боллоо. Таны хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ?

          -Найраа, допинг хүлээн зөвшөөрч байгаа бөх гэж байхгүй. Хэрэв үнэхээр зөвшөөрдөг л юм бол 100-ны таван хувь нь зөвшөөрлөө гэхэд үлдсэн 95 хувь нь бүгд эсэргүүцнэ. Миний хувьд үндэсний өв соёлоо тээж, хадгалж, авч явж байгаа бөхчүүд маань тийм зүйлийг зөвшөөрөхгүй байх аа л гэж боддог. Бөхчүүд бид л үнэнч, шударга байвал үндэсний бөхийн гол дархлаа болно. Түүнээс биш допин, найраа зэрэгт холбогдоод байвал үндэсний бөхийн нэр хүндээ алдана. Гэхдээ бөхчүүд бид л үнэнч хэвээрээ үлдэж чадвал Монгол бөхийн маань үнэлэмж буурахгүй шүү дээ. Харин цаашид илүү сайн хөгжиж явах болов уу гэж боддог.

-Тэгэхээр үндэсний бөхийн спорт хөгжихийн тулд шинэчлэл хийх ёстой гэсэн үг үү?

          -Бөхчүүд бид чинь үзэгч байхгүй л бол хэн ч биш шүү дээ. Сүүлчийн үед бөхчүүд их нэмэх болж байна. 1990 оны үеийн наадам болон өнөөгийн наадамд барилдаж байгаа бөхийн жингийн ялгаа их гарах болсон. Энэ бүхэн дүрэмтэй л холбоотой болов уу. Илүү хурдан, хөдөлгөөн барилдаантай болбол хэн ч ингэж жингээ нэмж, таргалаад байхыг хүсэхгүй шүү дээ. Бүх л бөхийн спорт дээр дүрмүүд шинэчлэгддэг. Харин манай үндэсний бөх анх баталсан хууль, дүрмээрээ л явж байгаа. Одоо өөрчлөлт, шинэчлэлт хийх хугацаа болсон. Жишээлбэл үзэгч, бөхчүүдийн хамгийн дургүй зүйл бол барьц сонгох. Нэгэнд нь давуу тал олгож байдаг. Хүн өөрийнхөө барилдаад унасан ч харамсах зүйл байхгүй. Харин барьц  сонголт дээр ялагдаж, унавал “Миний талд буусан бол” гэсэн харамсал салдаггүй.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Өнөөг хүртэл бэлтгэл, сургуулилт хийхэд, амжилт гаргахад ар талыг минь үргэлж дааж, тусалж дэмждэг гэр бүлийнхэндээ мөн баярлалаа гэж хэлмээр байна.

 


Улсын харцага Н.ЗОЛБОО: Д.Сумъяабазар аваргын барилдааныг харж, биширч өслөө
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188