• Өнөөдөр 2024-05-19

А.БОЛОРСҮХ: "Тунгалаг тамир" киноны Цахиур төмөр шиг монгол эрийн дүрд тоглохыг хүсдэг

2021-06-23,   2437

       -Би үр хүүхэд, хань ижил, ижий, ааваа хараад л нурж унадаг, эртний монгол кино үзээд шимширдэг зөөлөн хүн шүү дээ-

     "Энэ шорон бол цэцэрлэг биш.Та нар мөрдөнд зүгээр хэвтээд дасчихсан байдаг бол энэ шоронд нэг ч хором зүгээр хэвтэхгүй. Өглөө 06:00 цагт босно. Өдөр нь ялаа эдэлнэ. Орой 23:00 цагт яс амарна" хэмээн хоригдлуудаа хүлээн авч буй шоронгийн атаманы дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин бол А.Болорсүх. Тэрбээр мэргэжлийн жүжигчин биш ч өөрт оногдсон дүрийнхээ онцлогийг сайтар илэрхийлдэг жүжигчдийн нэг. Тэр хоёрдугаар ангиасаа драмын дугуйланд явж, урлаг соёлын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байсан ч аав нь түүнийг "Урлагийн хүн болгохгүй" гээд цэргийн сургуульд явуулсан гэдэг. Хожим салаан захирагч болчихоод аав, ээждээ “Би урлагийн хүн болно. Намайг армиас гаргаад өг” хэмээн уйлан байж, найруулагч мэргэжилтэй болжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй урлаг, соёлын ажлаа үргэлжлүүлж яваа Дархан аймгийн "Залуучууд" театрын найруулагч, дарга, СТА А.Болорсүхтэй ярилцлаа. 

-Та анх цэргийн сургуульд сурсан юм билээ. Цэргийн хүн болоход нь хэн нэгэн нөлөөлсөн үү?

       -Миний хоёр өвөө цэргийн хүн байсан. Ээжийн аав цагдаагийн хурандаа, аавын аав гурван удаа дайнд оролцсон ахмад дайчин байсан. 1939 оны Халх голын дайн мөн 1941 онд Орос Улсад цэргийн химийн мэргэжлээр суралцаж байхад нь дэлхийн хоёрдугаар дайн болж, орос цэргүүдтэй бүслэлтэд  гарч байсан гэдэг. Тэгээд 1945 онд нутагтаа ирж чөлөөлөх дайнд оролцож байсан түүхтэй юм билээ. Харин манай  аав хүндэт харуулын 032 дугаар ангийн цэргийн онжин байсан.

       1995 онд намайг  аравдугаар ангиа төгсөхөд аав “Урлагийн хүн болгохгүй” гээд Монгол Улсын Цэргийн их сургуулийн холбооны инженерийн ангид оруулж байсан. Сургуулиа төгсчихөөд Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 013 дугаар ангид салаан захирагчаар томилогдож, нэг жил ажиллаад гарсан.

-Ажлаасаа яагаад гарах болсон юм бэ?

     -Тухайн үед би 22 настай, аав болчихсон Улаанбаатар хотод байр хөлсөлж амьдардаг байсан. Тухайн үед цалин, мөнгө ч бага авдаг байлаа. Тэгээд нэг удаа ээжийгээ эргэлтээр ирэхэд нь “Намайг армиас халаад өгөөч. Би урлаг, соёлын замаа хөөж, өөр замналаар амьдармаар байна” гээд буруу хараад уйлж байсан юм. Ээж Дарханд очиж аавтай ярилцаж байгаад намайг армиас гаргасан. Тэгээд УДЭТ-т шалгалт өгөөд, Б.Баатар багшийн ангид орж найруулагч мэргэжлээр сурч төгссөн. Үүнээс хойш урлаг соёлын ажлаа тасралтгүй хийж байгаа. 2015 оноос Дархан аймгийн “Залуучууд” театрын даргаар ажиллаж байна. Түүнээс өмнө аймгийнхаа музейн захирлаар ажилладаг байсан.

-Одоо ижий, аав нь хүссэн мэргэжлээрээ амжилттай ажиллаж явааг нь хараад ихэд баярлаж суудаг байх даа?

  -Тэгэлгүй яах вэ. Ижий, аав минь “Хүүгээ тухайн үед зөв замд нь хөтөлсөн байна шүү. Миний хүү зөв мэргэжлээ сонгож ээ”гээд сэтгэл амар суудаг. Миний тоглосон кинонуудыг үзэх дуртай. “Миний хүү сайхан тоглосон байна” гэж хэлээд үнсдэг. 

-Та багадаа урлаг соёлын ажилд идэвхтэй оролцдог хүүхэд байж ээ?

     -Миний бага нас Дархан аймагт өнгөрсөн. Миний аав барилгын цэргийн ангид улс төрийн орлогчоор ажилладаг байсан. Ээж минь агорномич мэргэжилтэй. Тухайн үед “Орхон” жимс ногооны сангийн аж ахуйд намайг хоёр, гурван настай байхад очиж, 1983 он хүртэл амьдарсан юм билээ. 1983 оноос би аймгийнхаа 15 дугаар цэцэрлэгт орж дараа нь ес, 17 дугаар сургуульд суралцан төгссөн. Би драмын дугуйланд хоёрдугаар ангиасаа явж байсан. Мөн аймгийнхаа театрын хошин шогийн жүжигт тоглодог байсан. Миний анхны дүр  “Улаан дарцаг” киноны жүжигт Насаа дамбын дүрд тоглож байсан. Багаасаа нийгмийн идэвхтэй уралдаан тэмцээнд орж, дуулдаг, шүлэг уншдаг, концерт хөтөлдөг хүүхэд байлаа.

-Та ихэвчлэн ямар дүрд тоглосон байна вэ?

    -Би “Бодлын хулгайч”-ийн журам, “Тусгай ажиллагаа” тасгийн дарга, “Анирлагч” аав, “Үргээлэг-2” атаман “Давхар цагаан шугам” атаман, “Хэрвээ нар жаргавал”, “Холион бантан” зэрэг 10 гаруй кинонд ихэвчлэн атаманы дүрд тоглосон байна.

-"Бодлын хулгайч" киноны шоронгийн атаманы дүр бүтээхэд хэр дөхөм байв?

      -2011 онд “Бодлын хулгайч” кинонд тоглохын өмнө Амараа, Баясаа, Болдоо нар Дарханд ирсэн юм. Тухайн үед “Бид нар кино хийх гэж байгаа. "Чи хүрээд ирж чадах уу” гэж асууж байсан. Тэгээд дөрөвдүгээр сарын эхээр надтай холбогдоод "Дарь-эхийн чанга дэглэмтэй ангид хүрээд ирж чадах уу, чамд тохирсон дүр байна” гэсэн. Тэгээд яваад очтол “Бодлын хулгайч” киноны зураг авалт эхэлчихсэн байсан. Ж.Сэнгэдорж найруулагч надад “Чиний зургийг цастай юм уу, бороотой өдөр авна. Тэр үед чиний хөмсөг дээр цас буугаад, бөнжигнөөд хайлж, доош урсах ёстой. Яг тэр үед чиний характер илүү тод харагдаж, орчин нөхцөл бүрдэнэ” гэсэн. Би тэр өдрийг хүлээх хоорондоо дүрийн судалгаа хийж, орчинтойгоо танилцаж, үсээ хусуулж, хоригдлын хувцас өмсөж, тэдний ааш занг судалж дүртэйгээ танилцаж байсан. Тэгээд тавдугаар сарын 1-н буюу дэлхийн киноны өдрөөр Зүүнхараад цас орж “Бодлын хулгайч” киноны “Энэ бол цэцэрлэг биш” гэдэг хэсгийн зургийг авч байлаа.

Би өмнө нь цэргийн сургууль төгссөн, салаан захирагч байсан болохоор надад дөхөм байсан. Тийм болохоор тус дүрийг илүү дөмөг гаргасан юм болов уу гэж боддог. Киноны нээлтээс гарч ирэхэд манай эхнэр намайг олны өмнө үнссэн. Барагтай бол олны өмнө үнсээд байдаггүй хүн шүү дээ. Тэгэхээр дүрээ сайн гаргасан юм болов уу гэж бодсон доо.

-Тухайн үед хүмүүс таныг шоронгийн жинхэнэ хоригдол байна гэж бодсон гэсэн. Үнэн үү?

     -Би тухайн үед үсээ хусуулчихсан, дүрийнхээ хувцсыг өмсчихсөн зургандаа ороход бэлдэж явж байгаад Зүүнхараагийн жирийн дэглэмтэй хорих ангийн хурандаа Батбаяр чанга дэглэмтэй хорих ангийн дарга нар, манай жүжигчидтэй юм яриад байж байсан. Тэгэхээр нь  би тэр хэд дээр очоод Амараагаас "Алив, тамхинаасаа нэгийг өгчих гээд" тамхи аваад татсан чинь Батбаяр хурандаа чанга дэглэмтэй хорихын дарга Цогоодоо "Энэ ямар даварсан хулгайч вэ. Хулгайч нарыг битгий ингэж даврааж бай. Наадхаа надад хэд хоног өгчих" гээд намайг тийрэх гэж байсан. Гэтэл Амараа дундуур нь орж хамгаалаад "Хүүе, наадах чинь жүжигчин" гэж  байсан юм. Хүмүүс намайг жинхэнэ хоригдол гэж бодтол би дүрдээ орсон юм шиг байна лээ. Танихгүй, мэдэхгүй хүмүүс намайг ямар даварсан хоригдол вэ гэж бодож байсан байх. Цахим орчинд "Бодлын хулгайч" кинонд тоглосон зургийн дор  “Наадах чинь жинхэнэ шоронгийн атаман байна лээ” гэх мэт сэтгэгдэл их байдаг. Тухайн үед би аймгийнхаа музейн даргаар ажиллаж байсан. Одоо ч тэр зургийг цахим орчинд маш олон зүйлд ашигладаг юм билээ.

-Та цаашид ч атаманы дүр бүтээнэ гэж боддог уу?

     -Миний хамгийн хайртай дүр “Бодлын хулгайч” киноны журам. Найруулагч нар надад атаман, цэрэг, цагдаагийн дүр санал болгодог. Намайг Ромеод тоглуулахгүй гэдэг нь ойлгомжтой. Ядаж монгол кинонд гардаг хуучны сайхан эрийн дүрд тоглох юм сан гэж боддог. Тухайлбал, "Тунгалаг тамир" киноны Цахиур төмөр, “Долоон бурхан харвадаггүй” киноны Гарам шиг дүр бүтээхийг хүсдэг. Энэ жил 3-4 киноны санал ирсэн. Цар тахлын үед нэг ч кинонд тоглож чадсангүй.

-Найруулагчид таныг атаманы дүрд илүү тохирно гэдгийг мэдчихсэн юм байна. Энэ дүрд таны зан араншин илүү тохирдог юм болов уу, гадаад байдал таардаг юм болов уу?

       -Би гурван хүүхдийн аав. Үр хүүхэд, хань ижил, ижий, ааваа хараад л нурж унадаг, эртний монгол кино үзээд шимширдэг зөөлөн хүн шүү дээ. Кинон дээр гардаг шиг хүн дарамтлаад байдаг хүн биш. Найз нөхөд, найруулагч нарын саналаар кинонд тоглодог болохоос мэргэжлийн жүжигчин биш шүү дээ.

-Та аливаа дүр бүтээхдээ хэрхэн ажилладаг вэ?

     -Урлагийн хүнд авьяас хамгийн чухал. Аливаа дүр бүтээхэд 30 хувийн авьяастай, дүрээ ойлгох, судлах чадвар 40 хувь байх ёстой юм болов уу. Үлдсэн 30 хувь нь зөвхөн сэтгэл байх ёстой. Аливаад хандаж буй хандлага, сэтгэл гэдэг өөр. Үүнийг хүн бүр бодох ёстой.  Мөн сэтгэлээс гадна авьяасгүй хүн урлагийн салбарт хэчнээн хөдөлмөрлөөд нэмэргүй байдаг юм билээ. Ийм жишээ бидний дунд олон бий.

-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа. Амжилт хүсье.

    -Баярлалаа.


А.БОЛОРСҮХ: "Тунгалаг тамир" киноны Цахиур төмөр шиг монгол эрийн дүрд тоглохыг хүсдэг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188