• Өнөөдөр 2024-05-20

ГУН-ААЖАВЫН АЮУРЗАНА: Бичихийг зорьж яваа жинхэнэ зохиол бичигдээгүй л байгаа гэсэн бодол дотор минь үргэлж явдаг

2022-11-24,   4187

    Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын шинэ үеийн залуусын оюун санааны түүчээ зохиолч Гун-Аажавын Аюурзанын “Эргэлт” сэтгүүлийн анхны дугаарт нийтлэгдсэн ярилцлагыг хүргэж байна.

-Сайхан намаржиж байна уу. Тантай ярилцах бол­сондоо сэтгүүлчийн хувьд туйлын баяртай байна. Ко­видын дараах зуныг хэрхэн өнгөрүүлэв ээ. Нутаг руугаа явсан уу. Танай гэр бүлийн хувьд зун бусдын адил амралт байдаг уу?

     -Сайхаан. Сайхан ч зун боллоо. Зочин, гийчин ихтэй байсан тул тэднийг хавь орчмын гурван аймгаар дагуулан явж амарсаан. Хотод лав над шиг борлосон хүн харагдахгүй л байгаа.

-Өнгөрсөн хавар танай гэр бүлийн хувьд болоод уншигчдад онцгой сайхан нэг үйл явдал болсон нь охиных нь хөрвүүлсэн “Асуултын ном”, Өлзий эгчийн “Салхины нэр Ө” хэмээх яруу найргийн ном хэвлэгдээд удаагүй байхад таны хүүтэйгээ хамтран орчуулж, зургийг нь Гэгээ зурж, Өлзий эгчийн редакторласан “Бороон чимээний шөнийн зураг” уншигчдад хүрсэн явдал байсан. Миний хувьд энэ бол үнэхээр сайхан хоршил, Монголын утга зохиолд гэрэл гэгээ нэмсэн тэмдэглэлт үйл явдал гэж бодон баяр төрсөөр л яваа. Энэ нь танай гэр бүлийн хувьд ямар үйл явдал байсан бэ. Хүүхдүүдээ урамшуулсан уу?

      -Охины орчуулсан, Нерудагийн “Асуултын ном”-ыг Өлзий хянах гэж уншаад, онцгой сайхан санагдсан учраас зарим асуултад хариулт шүлгүүд бичсэн нь тийм гэнэтийн сонин ном болчихлоо. Тэр “Салхины нэр Ө” маш сайн ном болсон шүү. Сюгийн номын тухайд бол өнгөрсөн жил Англид хэвлэгдсэнийг нь олж үзээд л орчуулж, уншигчдад бэлэг барья гэж бодсон юм. Өлзий Солонгост очоод бүр гэрт нь ч сууж байсан, дотно эгч нь юм л даа. Оюунлиг хүүрнэл хэмээх өвөрмөц төрлийн өгүүллэг бичдэг, тэр чиглэлээрээ Өмнөд Солонгост түүчээлж яваа зохиолч. Хүүхдүүд эдгээр орчуулгыг хийснээрээ ядаж л монгол хэлээ илүү сайн мэдэрдэг болсон байх гэж бодож байна. Өлзий хүүхдүүдээ ном орчууллаа гээд нэг нэг бялуу л хийж өгсөн, тэгээд болоо (инээв).

-Хүүхдүүд нь эрхгүй л утга зохиолын ертөнц рүү орчихлоо доо. Тэд хэр бичиж байна вэ. Эсвэл дан орчуулга дээр суугаад байна уу. Хүүхдүүдээ утга зохиол, урлагийн замналаар амьдрахад сэтгэл хэр хангалуун байгаа вэ? (Зарим уран бүтээлч туулсан зам, бусдын нөлөөллийг бодоод хүүхдүүдээ өөр мэргэжил сонгохыг зөвлөдөг)

     -Манай том хүү сонгодог төгөлдөр хуурч, бага хүү киноны чиглэлээр суралцаж байна. Өөрсдөө л мэргэжлээ сонгоцгоосон. Охин маань харин уран зохиолоор явж магадгүй санагддаг байсан юм. 12 настайдаа “Харри хүү ба шидэт шохой”, “Харри хүү ба шидэт чарга”, “Өглөгч мод” гэх гурван ном орчуулсан. Бас “Мир” хэвлэлийн газраас гаргасан хүүхдийн 10-аад номыг ахлах ангид байхдаа орчуулсан л даа. Гэхдээ өөрөө зураач болно гэж шийдээд бүр мэргэжих тал руугаа явчихлаа. Өлзий бид хоёрын зүгээс тэдэнд нөлөөлсөн юм бараг байхгүй. Өөрсдөө л дур сонирхлоо хөөцгөөж яваа нь тэр.

-Миний хувьд таныг хүүхдүүддээ их зөөлөн, сонсох, зөвлөх маягаар ханддаг, Өлзий эгч нэлээд чанга, зарчимч байдлаар хүмүүжүүлдэг байх гэж төсөөлдөг. Хүүхдүүддээ юуг илүүтэй ойлгуулж, “Үүнийг таньж, мэдсэн байхад алзахгүй дээ” гэж хэлж, захидаг вэ?

     -Ер нь ойролцоо л таамагласан байна (инээв). Эр хүн хөвгүүддээ яг юу хэлж заахаа сайн мэддэггүй юм шиг байна. Хэдий миний хүүхэд ч гэсэн, дор дороо өөрийн бодолтой, бие даасан эрчүүл шүү дээ. Би хүүхдүүдээ айхавтар хүмүүжүүлж, их юм зааж сургаж чадаагүй. Байгаа байдлаараа л үлгэрлэхээс өөр олигтой юм хийж чадах ч үгүй юм шиг санагддаг. Юутай ч муу үлгэр дууриал үзүүлээгүй гэж л өөрийгөө тайвшруулдаг.

-Гэр бүлтэйгээ өнгөрүүлдэг хамгийн гоё цаг хугацаагаа хуваалцаач. Баяр ёслол уу, энгийн нэг орой юу, баярын өмнөх өдөр үү, хүүхдүүдийнхээ хичээл, сургуульдаа хэрэглэх зүйлсийг хамтдаа бэлтгэх гэх мэт байдаг шүү дээ?

     -Хүүхдүүд том болцгоочихоор чинь бага байсан үе нь л хамгийн нандин санагддаг юм байна. Нялх багадаа илүү хөөрхөн ч байж, эцэг, эх байхын аз жаргал ч жинхэнэ утгаараа мэдрэгддэг байж. Одоо бол Өлзий бид хоёр оройдоо хааяа вино уунгаа бушуухан өвөө, эмээ болохын төлөө л гэж хундага тулгадаг болсон (инээв).

-Та өөрийгөө хэр сайн хань, аав гэж дүгнэдэг вэ. Таныг юу хийхээр гэрийнхэн нь хамгийн их баярладаг вэ?

            -Өө, би өөрийгөө жаахан халамжгүй, хэнэггүй талдаа боловч тун сайн эр нөхөр, супер аав гэж боддог шүү. Харин юу хийхэд минь манай хэд их баярладаг юм бол доо. Ёстой онцлон бодож анхаарч санаж аваагүй юм байна шүү (инээв). Ер нь баярлах, баярлуулахдаа ч гол биш байх. Хүн гэдэг өөрийнхөөрөө тааваараа байж чаддаг орчин, хүрээллийн төлөө л амьдардаг амьтан юм шиг. Өөрийг нь мэддэг, ойлгодог, хайрладаг тийм хүмүүсийнхээ дунд л хүн өөрийнхөөрөө байж чаддаг. Амьдралын үнэ цэн гэдэг ердөө энэ ч байж мэднэ. 

-Хүмүүсийн танай гэр бүлийн амьдралын та­лаарх төсөөлөл, хүлээлт танд болон гэр бүлийн­хэнд нь төвөгтэй байдаг уу. Тийм хөгтэй үйл явдал тохиож байв уу?

     -Гайгүй шүү дээ. Би өөрийгөө алдартай зохиолч гэж боддоггүй. Өлзий ч өөрийгөө олонд танигдсан хүн гэж огт боддоггүй болохоор бид ойр зуур бол хамаа намаагүй хувцаслаад, улавч, шоорттой ч юм уу, бараг гэрийнхээ навсгар өмдтэй шахам байгаагаараа л гүйж явдаг. Яах вэ, заримдаа гудам­жинд хүмүүс хамт зургаа авахуулъя ч гэдэг юм уу, хааяа гарын үсэг зуруулах тохиолдол гарна. Би тоодог ч үгүй. Өлзий харин иймэрхүү юманд дургүй. Хэн нэгэн өөрийг нь таниад байгааг мэдэрвэл бушуухан зугтчихдаг. Тэгээд надад л уурладаг юм, “Чамайг хараад л намайг таньчихлаа, надаас хол яв, цаашаа бай” гэх үе байдаг (инээв)

-Гэргийтэйгээ хамгийн сүүлд хэзээ болзсон бэ. Түүнийг “Тэгэхэд л үнэхээр баярлуулсан даа” гэж бодож явдаг, баярлуулсандаа баярладаг дурсамж, үйл явдлаасаа ху­ваалцаач?

           -Чадах хэмжээгээрээ дандаа л баярлуулдаг юм чинь, тэр бүхнээ яаж бүртгэж санах вэ дээ. Жаахан бодоотохъё. Шал дэмий юмс л санаанд орж байна. Нэг удаа Истанбулд явж байгаад Өлзий миний Якутаас авчирч өгсөн ээмэгний өрөөсөнг гээчихлээ. Дэлгүүрт даашинз өмсөж үзэхдээ унагачихаж. Буцаад нөгөө газраа очсон чинь алга. Худалдагчид нь бүгд мэдэхгүй, хараагүй л гэлээ. Гэтэл ойролцоо нэг дугуйрсан шат харагдахаар нь, би түүн рүү тонгойгоод санаандгүй харж зогстол бараг гурав дөрвөн давхрын доор, агуулах шиг овоолоотой хувцас дотор ээмэг нь гялсхийх шиг болдог юм даа. Тэгээд би буугаад аваад ирсэн. Тийм газраас өрөөсөн ээмэг олчихож чадсанд Өлзий бүр итгэж чадахгүй байж билээ.

-Хүмүүсийн амнаас л сонсож байсан юм. Нэгэн уншлага ч юм уу, яруу найргийн тэмцээний үеэр та Өлзий эгчийг тайзан дээр шүлгээ уншихыг хараад “Би энэ бүсгүйтэй гэрлэнэ” гэж хажуудах хүндээ хэлээд, тайзнаас буухад нь танилцаад, удалгүй гэрлэсэн гэх яриа. Худал байж мэдэх ч энэ яриа та хоёрын талаарх төсөөллийг минь улам бүр нандин байлгасаар иржээ. Үнэхээр ийм зүйл болж байв уу, хэтрүүлэгтэй яриа юу. Танилцаж байсан үнэн түүх нь?

          -“Би Өлзийтэй л сууна” гэж үеийнхээ шүлэгч залууст ярьсан удаа бий, бий. Ойртон дотноссон тухайд гэвэл бид “Ардын эрх” сонинд хамт ажиллаж байсан юм аа. Би соёлын хэлтэст, Өлзий “Ням гариг” сонинд. Анх хараад л дурласан нь үнэн. Араас нь гүйж гүйж байгаад, хамгийн сүүлчийн аргаа хэрэглэлээ. Тэр нь Өлзийд зориулж бичсэн бүлэг шүлэг. Түүнийг уншаад арай л өөр болчих шиг санагдсан. Лаг шүлгүүд бичээд л панаалдчихлаа гэж би тэр үедээ бодохгүй юу. Тэгсэн чинь гэрлээд бүр 10-аад жилийн дараа би санаандгүй нэг юм хайж байгаад, хуучивтар жижиг бор чемодан дотроос Өлзийд зориулсан баахан шүлэг, хайрын захидлуудыг олж үзэв ээ. Маш олон. Д.Баттогтох, Д.Галсансүх, Т.Содномнамжил гээд л манай үеийн аль л сайн яруу найрагчид Өлзийд дурлаж шүлэг зориулсан юм билээ (инээв). Тэр шүлгүүд нь миний нөгөө хэдээс ч гоё шүлгүүд шүү. Гэтэл намайг яагаад сонгочихсон юм бол гэж гайхах ч шиг болсон. Харин Өлзий надад “Тэр намайг эргүүлээд, тэр надад ийм шүлэг өгөөд” гэж нэг удаа ч ярьж байгаагүй юм. Ер нь их хачин хүн шүү дээ.

-Анх танилцаж байх үеийн Аюур, өнөөдрийн Аюур хоёрын Өлзийтөгс хэмээх бүсгүйн тухай бодлыг сонсмоор байна. Тэр хүнийхээ хувьд, зан ааш, хандлагын хувьд хэр өөрчлөгдсөн бэ. Өөрөөр хэлбэл, та түүнийг хэрхэн бүтээж байна вэ л гэж?

      -Маш хөөрхөн ааштай, гэнэхэн, сониуч, итгэмхий охин байсан. Одоо бол чиний дээр асуусан шиг чанга, зарчимч, хэрсүү хүн болсон. Уг нь би залуудаа Өлзийгөөс илүү том болчихсон, хянуур байсан шиг санагддаг. Одоо бол Өлзий надаас илүү ухаантай, чамбай болчихсон. Залуудаа би юм бүхнийг чаддаг байсан. Одоо бол Өлзий юм бүхнийг чаддаг, би л харин бүгдийг асуудаг болсон доо (инээв).

-Эсрэгээрээ таны ямар зан чанарт Өлзий эгч илүүтэй “засвар” хийж, бас бүтээсэн гэж боддог вэ. Түүнтэй учраагүй байсан бол өнөөдрийн та хэн байх байсан бол?

    -Би ерөнхийдөө хүмүүждэггүй, дуулгаваргүй хүүхэд шиг нь л байгаа. Бид гэрлээгүй бол уу! Ёстой мэдэхгүй. Ямар ч байсан юм бичдэгээ л лав орхихгүй байсан байх. Бусдаар бол Өлзийгүйгээр амьдралаа төсөөлөхгүй байна шүү.

-Зохиол бүтээлээ өөр түвшинд аваачихын тулд ч юм уу, хүүхдүүдийнхээ боловсролын төлөө та хоёрыг гаднын аль нэг оронд амьдрахаар явчих вий гэх харам бодол залууст бий. Аль нэг орноос “Манайд ирж амьдраач, ийм бүтээл, төсөл дээр хамтран ажилламаар байна” гэх санал ирсэн үү. Ер нь тийм бодол төрж байв уу?

       -Бид хоёр нутаг амьтай улс шиг байна. Хэчнээн ч сайхан газар очсон ялгаагүй хэн хэн нь бушуухан буцахын түүс болдог. Одоо бол нас 50 гарчихлаа. Гадаадад амьдрах нь битгий хэл 10 хоног аялахад л уйддаг, Монголдоо харьмаар санагддаг болсон байна билээ.

-Та шинэ зохиол дээр сууж бай­на уу. Энэ жил уншигчдадаа ямар бүтээл уншуулахаар ажиллаж байна вэ?

    -Төлөвлөсөн санаа бий. Гэхдээ аль хэр бичигдэхийг нь мэдэхгүй л байна. Эхлээд юутай ч суугаад бичиж үзнэ дээ. Тухтайхан суухын тулд өвөл болохыг хүлээнэ гэж бодож байгаа.

-Би буруу сонссон байж мэднэ. Таныг “Бөөгийн домог” роман тэр­гүү­тэй ро­мануудаа бичихдээ бөө­гийн зан үйл, далд ертөнцийн тухай эрэлд нэлээд автсан, судалгаандаа “орсон” гэж дуулсан. Үнэн бол та сонирхолтой жишээ ярьж өгөөч?

           -Худалч хүнд бол бараг л бөө болчих шахсан шүү. Зохиолынхоо уур амьсгалыг өөртөө жинхэнээс нь бий болгохын тулд хоёр ч янзын толь хийлгээд сэлгэж, зүүдэг зуршилтай болсон ч үе бий. Сүүлдээ өөрөө ч хий ухаар зүйлсэд итгэж эхэлдэг юм билээ. Уран дархан Д.Энхдаваагаар нэг мөнгөн толь хийлгэсэн чинь, нөгөө толин дээр маш тодорхой нэгэн дүрс гарч ирж үзэгдэж ч байх шиг. Бас нэг өвөл Матт хэмээх америк найзтайгаа Бурхан хадыг гороолж явтал мөсөн дээгүүр нэг чулуу над руу гулгаад хүрч ирсэн. Аваад үзсэн чинь Бурхан хадны багашаархан дүрс гэмээр хэлбэртэй ч байх шиг. За, тэгээд зүүд мүүд бол кино шиг сонирхолтой болоод явчихдаг юм билээ. Сүүлдээ ямар зүүд зүүдлэгдэх бол гэхээс адгаж, унтах бүрдээ маш их аз жаргал мэдэрдэг байж билээ. “Бөөгийн домог”-ийг бичээд дууссаны дараа тэр бүхэн алга болчихсон.

-Нөгөө талаар та бүтээлийнхээ баримтуудыг хэрхэн цуглуулдаг вэ. Жишээ нь, “Шүгдэн”-г бичихийн тулд Хөх хот, Ордост ажиллахад ямар байсан бэ. Хэдий хэр хугацаа, зардал зарцуулсан байдаг вэ. Эх сурвалжуудаа хэрхэн олж байв. Баянхонгорынхноос “Сахиуст хангайн нууц”-ыг олохоос өвөрмонголчуудаас “Судасны чимээ”-г “чагнах” нь амар байсан ч байж мэднэ шүү дээ. Энэ мэтээр баримтын араас явж байх үеийн зовлон, жаргалаасаа хуваалцаач?

             -Хөхнуур, Түвэд, Мүгдэн гээд аль аль нь л сонирхолтой, өгөөжтэй аяллууд байсны үр дүнд тэдгээр романыг бичсэн. Гэхдээ тэр зохиолоо ингэж бичсэн, энэ зохиолоо ингэж явж бичсэн гээд ярихаар хэтэрхий биеэ тоосон мэт сонсогдож магад. Ер нь сайн зохиолч гэдэг үг тун эргэлзээтэй ойлголт шүү дээ. Сайн зохиол гэж яривал арай барьцтай юм уу. За, зохиол гээд ярихад нэг аятайхан зохиол биччих аз хэнд ч тохиож мэднэ. Харин хоёр сайн зохиол бичих тийм ч амаргүй. Тэгэхээр дор хаяж хоёроос цөөнгүй сайн зохиол бичсэн хүнийг л зохиолч гэж нэрлэхэд болмоор. Гэхдээ л… Гэхдээ л юу гээч. Хоёр сайн номтой байна гэдэг “зохиолч” буюу “юм бичдэг хүн” гэгдэх жирийн дундаж хэмжүүрт л хүрэхээс биш, цаашаа ахих баталгаа биш шүү дээ. Энэ утгаараа гурваас илүү тооны жинхэнэ түвшний зохиол бичиж чадвал л сая жинхэнэ зохиолч гэгдэх боломжтой вий. Бичсэн бүхнээ эргэж шүүгээд, яаж ийгээд хоёр гурван роман, яаж ийгээд хоёр гурван өгүүллэг олчихвол би өөрийгөө зохиолч гэж хэлэхэд болмоор санагддаг. Гэтэл тэр бүхнээ эргээд нягт унших зав гарахгүй байна. Бас бичихийг зорьж яваа жинхэнэ зохиол минь бичигдээгүй л байгаа гэсэн бодол дотор үргэлж явдаг.

-Таны бичдэг хамгийн үр дүнтэй цаг хэзээ вэ. Улирал, өглөө, орой, өдрийн тухайд?

       -Шүлэг тэрлэхэд бол цаг улирал ха­маагүй байх. Хүүрнэл зохиолыг харин тогтож сууж бичдэг учраас өөрт зохимжтой цагийг олох нь зохиолч хүнд чухал байж мэднэ. Бүрэн итгэлтэй биш ч, одоогийнхоо туршлагаас харахад өвөл, орой, магад гүн шөнөөр суух нь надад илүү өгөөжтэй, бүтээмжтэй байх шиг санагддаг.

-Та ихэвчлэн ямар цаас, дэвтэрт бичдэг вэ. Зарим зохиолч цаас, үзэг их голдог шүү дээ. Таны хувьд?

      -Тийм ийм гэж онцолж, цаасны өнгө чанарт нэг их ач холбогдол өгдөггүй ээ. Залуугийн шүлэгтэй дэвтрүүд гэхэд есөн шидийн л юмнууд байгаа. Гэхдээ эхний бэсрэг романуудаас бусад бүх зохиолоо лаптоп дээр бичсэн учраас үзэг, цаас хэрэглэхээ болиод бас удсан байна.

-Зохиолын үйл явдал, дүрээ бодож шаналах, түүнээсээ гарч чадахгүй байх явдал танд тохиолдож байв уу. О.Бальзак “Эцэг Горио”-гоо бичиж дуусаад, төгсгөлд нь итгэхгүй ухаан алдаж унаж байсан гэдэг шиг зүйл болж байсан уу?

      -Ер нь ямар ч зохиолч тухайн зохиолоо зохио­мол зүйл биш жинхэнэ ертөнц гэж мэдэрч, тэр ертөнцдөө автаж байж л бүрэн дүүрэн итгэл үнэмшилтэй бичдэг байх. Дүр гэдэг бол үг үйлд­лээрээ биш, бодол санаагаараа тодордог зохиогчийн дотоод “би” юм. Зохиолч хүн анхнаасаа өөртэй нь хамт байсан тэр “би” хэмээх дүртэйгээ нийлж л зохиолынхоо утга санааг олдог. Тэр санаа нь хэр гүн гүнзгий, хэр дээд түвшний байхаас л жинхэнэ уран зохиол мөн эсэх нь тодорхойлогддог юм болов уу гэж би ойлгож авсан. Тэр утгаараа зарим баатарт минь таагүй явдал тохиолдоход, тэр баатрынхаа эмзэглэл шаналлыг мэдрээд зүрх шимшрэх бол энүүхэнд шүү дээ.

-Та зохиол, бүтээлээ бичихдээ, төвлөрөхийн өмнө заавал хийдэг ямар нэг зуршилтай юу. Зарим хүн кофе уудаг, тамхи татдаг бол зураг зурж байж, гол юмаа хийж эхэлдэг хүн ч байдаг юм билээ?

-Надад тийм зуршил, ёслол, өөрийгөө хөөргөдөг элдэв арга мэх байхгүй ээ. Зүгээр, лаптопоо асаагаад л суудаг. Бичигдмээр бол өөрөө бичигдээд эхэлдэг.

      -Та “Ганцаар цайвар навч” номоо гаргасныхаа дараа өөрийгөө хэр тоож байсан бэ. Тэр үеийн Г.Аюурзанын мөрөөдөл юу байсан бэ. Түүндээ хүрсэн үү?

-“Цаг хугацаа амсхийх зуур”-ыг гаргасныхаа дараа л “Бодсондоо хүрчихлээ” гэж хөөрч байсан удаа бий. Залуу насны хөөрхөн бодол.

-Хүүрнэл зохиол бичиж эхлэхэд тань хэн танд хамгийн их нөлөөлсөн бэ?   

     -Фолкнер байж магадгүй. Би нөгөө “Баавгай” туу­жийн тухай энд тэнд нэлээд ярьсан даа.

-Монголын утга зохиолын зүг чигийг уншигч, залуу уран бүтээлчдэд заах, үлгэрлэх үүргийн багагүй хувийг та үүрч байгаа. Ингэж боддог бол уншигчдынхаа төлөө юу хиймээр санагддаг вэ?

       -30 жилийн өмнө ярьж, бичиж байснаа одоо эргээд бодохоор олигтой үр дүн гараагүй юм шиг санагддаг. Ер нь л төсөөлж байсан шиг үр дүн өнөөд­рийн уран зохиолоос харагддаггүй дээ. Гэх­дээ гутардаггүй. Угаасаа хэн ч хэнийг ч өөрчлөх боломжгүй. Энэ хүртэл явж ирсэн замаасаа хуримтлуулсан туршлага дараагийн зохиолыг минь илүү дээр болоход нэмэр болж байвал миний хийж чадах зүйл тэр.

-Хүүхэд, залуусыг бас сэтгүүлчдийг юу уншаасай, хэн хэний ямар бүтээлийг заавал уншсан байгаасай гэж боддог вэ?

     -Бид хоёр “Монголын сонгомол яруу найраг”, “Монголын сонгомол өгүүллэг” гээд антологиуд гаргасан даа. Уг нь бол 10 жил тутамд шинэч­лээд явъя гэж анх төлөвлөж байсан. Гэвч хүмүүс их муйхраар хүлээж авцгаасан тул орхисон. “Мөнгө хийж байна” ч гэх шиг. Бид хоёр ийм ярианы зах зухаас сонсоод ёстой мэл гайхсан. Өөрсдийн бичсэн 40-50 ном байхад хоёрхон номоор мөнгө хийнэ ч гэж юу байх вэ. Асар их цаг хугацаа, нерв зарцуулсан ажил л даа. Залуус ийм ийм зохиолуудыг олоод уншчихаасай гэж миний бодох нэг хэрэг. Бодсон бодлоо бусдад заавал сонсгох гээд байх ч шаардлагагүй юм билээ. Тиймээс одоо иймэрхүү зүйлс ярихаа больсон. Бодлоо би ном болгож л бичнэ.

-Таны хамгийн хүндэтгэдэг уран бүтээлч хэн бэ, яагаад?

     -Хамгийн гэдэг үг өөрөө их хэцүү сонголтыг тулгадаг үг шүү дээ. Саяхан би Д.Урианхай ахынд очлоо л доо. Урианхай ах Лүиз Глюкийн шүлгийн зузаан түүврийг ширээн дээрээ дэлгэчихсэн, зэрэг­цүүлээд орос орчуулгыг нь хэвлэсэн баахан хуу­дас тавьчихсан, тэдгээр хуудасныхаа энд тэнд монголоор үгс тэмдэглээд эрээн мяраан бол­гочихсон сууж байв. “Ах нь энэ хүүхний шүлгүүдийн учрыг олох гээд ээ. Айхавтар мундаг яруу найрагч юм байна шүү” хэмээн магтаж байна. Тэгээд би бодсон, “Би 80 гартал насалж чадвал Д.Урианхай ах шиг ингээд өөртөө шинэ яруу найрагч нээх гээд уйгагүй махран сууж, шүлгийн гүнд хүрч ойлгох гээд мөр шад бүрийг нь хадаж нягтлаад сууж байж чадах болов уу” гэж. Гэтэл би дөнгөж дөч гараад л шүлэг бичихээ больё гэж бодсон. Яруу найраг гэдэг наснаас шалтгаалдаг зүйл гэх мэтийн эргүү бодолд итгэж автсанаа санаад тэр өдөр ичих шиг болсон. Магад, намайг “Шүлэг бичихээ битгий орхиорой” гэж Д.Урианхай ах дам нууц байдлаар надад сургамжлах ч шиг санагдсан. 80 гарсан ч яруу найрагч хэвээрээ, шүлэгт шимтсэн янзаараа явж чадаж байж л хүн уран бүтээлч байдгийг гэнэт ойлгох шиг болсон. Энэ утгаараа бол яг одоо чиний асуултад “Урианхай ах” гэж л хариулмаар байна.

-Сайн бүтээл бичиж чадсан эсэхээ таны хувьд юунаас, яаж мэдэрдэг вэ. Өөрийнхөө хаа явааг, зөв бурууг, өмнөхөөсөө өссөн, муудаж байгаа эсэхийг хүн бүр тандаж, өөртөө дүн тавьж байдаг шүү дээ?

     -Зохиолч хүнд өөрийнхөө тухай, тэр дундаа зохиолынхоо тухай ярих нь тааламжгүй үр дагавар авчир­даг. Өөртөө эргэлзэж байгаагаа, аль нэг хэсэгт дулимагхан хандсанаа ярих юм бол бүгд л уухайн тас өлгөн шүүрч аваад, шүүмжилж муучлах гэж уралдацгаана. Харин өөртөө итгэлтэй явдгаа ярьчих юм бол, дөнгөж саяхан хэвлүүлсэн зохиолоо магтчих юм бол түүнийг чинь заавал үгүйсгэх гээд л өө сэв хайцгааж гарна. Энэ нь яг л хэний ч өргөж дийлээгүй чулууг хөдөлгөчих шунал бөх бүрд төрдөг, эсвэл хүн бүхэнд таалагддаг хүүхэнтэй унтаад үзчих хүсэл эр бүрд төрдөгтэй ижил балайрал юм уу даа.

-Сайхан юм бичих, сайн байхаас аргагүй урам зо­ригийг та юунаас авдаг вэ?

    -Амьдрал өөрөө их сонирхолтой, сайхан зүйл шүү дээ. Нэг жаахан хүүхэд учиргүй тусч царайлаад орцны хаалга барьчихсан хүлээж байх нь ч, гараад алхахад хажуугаар нэг шувуу нисээд өнгөрөх нь ч, үүлэн чөлөөгөөр нар гялсхийх нь ч сайхан зүйл. Мэдээж, хэцүү зүйлс таардаг. Гэхдээ бүх зүйлийг сөргөөр харж байгаа бол тэр өөрөө сөрөг хүн. Бусдыг муугаар боддог л бол өөрөө муу хүн. Энэ бол авралгүй аксиом доо. Хэрэв чамд бүх зүйл муухай сэтгэгдэл төрүүлдэг бол, дотоод ертөнцдөө гэгээ тусгаж, өөрийгөө эртхэн засч залж авахгүй бол, ойр тойрны чинь хүмүүст энэ сөрөг араншин халдварласаар л, сэм сэмхэн газар авсаар л байх болно. Өөрөөр хэлбэл, мунхаг санаа бодол чинь чамаас халиад бусдад гай тарих хэмжээнд хүрнэ гэсэн үг. Энэ маш аюултай шүү. Магад, дээд уран зохиол гэдэг ийм гутралын эсрэг үйлчилгээтэй ганц зүйл ч байж мэднэ.

-Та хүмүүсийн таныг дандаа сайн хүн, мундаг нэгэн байлгах гэдэг хүлээлтээс ангид, дураараа, муу зүйлдээ ч муу байх эрх чөлөөг хүсдэг үү. Тийм бол ямар үед хамгийн их хүсдэг вэ?

   -Хүмүүс бие биеэ хүмүүжүүлдэг. Нийгэм гэдэг ер нь тэр л байх. Сүүлийн үед цахим орчин өөрөө нийгэм болчихлоо. Жишээ нь, намайг доромжлоход үргэлж бэлэн явдаг, доош нь хийчих боломж олдвол хэзээ ч алдахгүй шүүрээд авдаг хүмүүсийн хувьд интернэт хэмээх нэг диваажин байгааг би өдөр бүр олж харж байна. Тэдний диваажинг баяр хөөрөөр дүүргэж, тэр нөхдийн бах тавыг хангахгүйн тулд би илүү их хичээх ёстой болно. Тэгэхээр муу зүйлс чамд бас сайныг авчирдаг гэсэн үг.

-Таны хийж байсан хамгийн муу зүйл юу байв?

    -Залуудаа бусдын шүлэг зохиолыг хатуу чанга, ил шууд шүүмжилдэг байсан минь л одоогоор санаанд орох хамгийн муу алхамууд юм уу даа. “Фарш невозможно возврашать” гээд нэг орос үг байдаг юм. Бууз, хуушуур хийхээр татчихсан махыг буцаагаад бүхэл болгох аргагүй гэсэн утгатай. Хүнийг гомдоох үгийг нэгэнт хэлчихсэн бол цайруулах аргагүй.

-Таны сул тал юу вэ?

   -Өөртөө үргэлж итгэлтэй явдаг.

-Таны гар таталгүй авдаг зүйл?

   -Ном. Бас пянз.

-10 жилийн дараах Г.Аюурзаныг та юу амжуулсан байгаасай гэж хүсэх вэ?

    -Ойрын 10 жилд миний бичих романууд өмнөх бүх номоос минь илүү сайн болох ёстой. Энэ л миний хүсэл юм даа.

 


ГУН-ААЖАВЫН АЮУРЗАНА: Бичихийг зорьж яваа жинхэнэ зохиол бичигдээгүй л байгаа гэсэн бодол дотор минь үргэлж явдаг
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 10
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2023-01-22 14:37:35
    Uranbileg: Minii hairtai zohiolch.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 21:42:32
    zochin: shal hudlaa gar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 12:20:20
    Зочин: Миний хүндэлдэг улс. Эхнэр нь ямар гоо гээч...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-31 12:20:19
    Зочин: Миний хүндэлдэг улс. Эхнэр нь ямар гоо гээч...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 21:38:47
    Эх оронч, үндэсний үзэлтэн: "Бөөгийн домог", "Шүгдэн", "Цагаан хар улаан" зэрэг романуудын энгийн үйл явдлуудын цаана Монгол угсаатнаа гэсэн маш том үндэсний үзэл давхар явж байдаг нь гайхалтай шүү!!! "Тэнгэрийн судар" гээд бас МНТ-г маш гоё тайлсан эх оронч ном бичсэнд нь талархдаг. Сүүлийн романуудад нь ч Монголын түүхийн сонин содон өнцгүүд харагдаж л байна лээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 19:58:16
    зочин: Шүгдэн, Бөөгийн домог, Судасны чимээ, Сахиуст хангай үнэхээр гайхалтай зохиолууд гайхалтай зохиолч л гэж хэлнээ . 2 биенээ олсон ч гэж жигтэйхан Амжилт аз жаргал хүснээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 12:57:00
    Alta: Энэ цаг үeийн шилдэг зохиолч, бас гайхамшигтай Cool эмэгтэй, миний хайртай зохиолчын нөхөр. Үнэхээр бахархаж байна танай гэр бүлээр!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 12:48:36
    Нутаг нэгт: Хайрлаж явдаг залуус шүү. Хонгор нутгийн хүмүүс нэг иймэрхүү; мөрөөдөлтэй, хийж бүтээсэн юмтай... Хань нь үнэхээр үзэсгэлэнт, хоёулаа нийлэхээрээ зүгээр л ТӨГС.. Нэг удаа охинтойгоо явж байгаад ном дээр нь гарын үсэг зуруулж авсан. Тэр үед дүү хүү ГАНЦ Ч ҮГ ГАН ХИЙГЭЭГҮЙ, ГАРЫН ҮСГЭЭ ҮЗЭГЛЭВЭЙ...ГАНЦ ҮГ ХЭЛСЭН БОЛ БИ БАС ХЭДЭН ХАЛУУН, ДУЛААН ҮГ, ШҮЛГЭЭС НЬ ХЭДЭН ШАД УНШСАН ЗОХИОЛУУДААС НЬ ТӨРСӨН СЭТГЭГДЭЛ ...ГЭЭД ЮМ ЮМ ХЭЛЭХ БАЙСАН БАЙХ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 12:35:08
    Жукеел: Хос дүүдээ: Сэтгэлдээ нартай, анхилууун гэгээтэй, урт, удаан амьдрал хүсеэ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-12-26 11:04:30
    Уншигч: "Бороонд норсон Чехов" гэдэг номын нэр шиг. Гоё зураг байна даа, бороонд норчихсон...
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188