• Өнөөдөр 2025-06-02

МИНИЙ МЭДЭРСЭН ХАЙР

2025-06-01,   394

      Зургийн цомог өнгийж, өөрийн багын зургийг харах болгонд намайг тэврээд зогсож байгаа залуухан, царайлаг ээжийн минь төрх илүү харц булаадгийг яалтай. Тэр л төрх нь хамгийн их хайрыг надад мэдрүүлнэ. Хориодхон настай залуу бүсгүйн надруу харах тэр харц өдгөө хорин жилийн хойно ч хэвээрээ. Харин би тэр харцыг өөр дөрвөн “этгээдтэй” хуваалцах болсондоо багахан харамладаг л юм. Өөр яг тийм харцыг намайг хайрладаг гэх бусдаас анзаарч харж байсангүй. Ээж маань эх нярайн сувилагч. Хүний нялх хүүхдүүдийг өөрийнхөөс өөрцгүй гэж тордоно. Шөнийн ээлжтэй үед нь дүүтэйгээ цуг ээжийнхээ гэрийн цамцыг дэрлээд л унтдаг юм. Нэг их сайхан амарна .
 
     Хожим миний хүүхдүүд сайн сайхан яваасай гээд өөрийн хийж байгаа бүхнийг чин сэтгэлээсээ үйлдэнэ. Дөнгөж 40 насны босгыг давж байгаа хэр нь нүгэл эсвэл буян гэж сүсэглэнэ. Натурын 147-р цэцэрлэгт би хоёр жил явсан. Цэцэрлэгт явах дургүй ч, явахаас өөр сонголтгүй. Цэцэрлэгийн урд байрлах жижигхэн мухлагт би их дуртай байсан юм. Оюутан ээж, охин хоёр хаа нэг орж тансагладаг байсан газар л даа. Үнэндээ
Бялуу, жигнэмэг нь ямар амттай байсан гэхээс илүү тэр мухлаг руу очно гэхэд л баяр төрдөг байлаа.

    Хүний анхны үр, айлын том хүүхэд эцэг, эхтэйгээ цуг ухаажиж, хүмүүждэг гэдэг дээ. Үүний л жишгээр би  эрт биеэ дааж, хурдан том хүн болж гэрээ орхихын хүслэн байлаа. Гэхдээ том хүний амьдралыг мэдрэх тусам л тэр их тэмүүлэл багассаар, ээжийнхээ дэргэд энэ насыг барахыг мөрөөддөг болсон. Ээж бид хоёрт маргах үе цөөнгүй. Маргаанд бууж өгдөггүй тэр хатуу зан аавтай адилхан ч, ээж шигээ амархан уйлчихна. Ээж минь намайг буулгах гэж зүтгэдэггүй. Учирлана, тайлбарлана, ойлголцохыг л хичээнэ.

Ухаан дутсан миний хатуу үгэнд гомдож нулимс унагахдаа хайрлаж байгааг нь харцнаас нь мэдэрдэг. Өглөө бүр үнсэж сэрээдэг ээжтэй байна гэдэг сайхан. Бүр үнсүүлж л сэрэх ёстой байдаг юм байх даа гэж багадаа боддог байлаа. Ээж байхад бүх юм байдаг гэдэг л үнэн. Ээж дэргэд байхад өлсдөггүй,даардаггүй, ядардаггүй. Ээжийн тухай бодоход зовдоггүй, шаналдаггүй, гунигладаггүй. Энэ бол миний мэдэрсэн ээжийн минь хайр.
Х.ТЭМҮҮЛЭН

МИНИЙ МЭДЭРСЭН ХАЙР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188