Олон улсын жүдо бөхийн холбоо “IJF”-ийн цуврал “Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Гранд слам” тэмцээн долдугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “AIC Steppe Arena”-д явагдаж өндөрлөв. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээн жүдо бөхийн 2025 оны ДАШТ-ий дараа болж байгаа нь онцлогтой юм. Мөн “Лос-Анжелес-2028” олимпын чансааны оноо олгох эхний тэмцээн, 2028 оны олимпын шинэ цикл эхэлж байгаа гэдэг утгаар шинэ, залуу тамирчдын дунд гол өрсөлдөөн өрнөв. Тус “Их дуулга” тэмцээнд 28 орны эрэгтэй 142, эмэгтэй 94 тамирчин, нийт 236 тамирчин өрсөлдлөө. Монгол Улсын тамирчид гурван алт, нэг мөнгө, долоон хүрэл, нийт 11 медаль хүртэж, багийн дүнгээр хоёрдугаар байрт орлоо. Харин Япон Улсын баг зургаан алт, гурван мөнгө, гурван хүрэл, нийт 12 медальтайгаар багийн дүнгээр тэргүүн байрт шалгарсан. Харин “IJF”-ийн нэр дээр орж буй ОХУ баг нэг алт, хоёр мөнгө, долоон хүрэл медаль, нийт арван медальтайгаар багийн дүнгээр гуравдугаар байрт орлоо.
Б.ГАНХАЙЧ МОНГОЛЫН БАГИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛИЙГ АВЧИРСАН
Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга, ОУХМ Болдын Ганхайч гар нь бэртсэн хэдий ч тэсвэр, тэвчээр гарган барилдаж, “Их дуулга” тэмцээний алтан медалийг хүртлээ. Тэрбээр финалд Ази тивийн аварга, Загребийн “Гран при”, Ташкентийн “Гран слам”-ын аварга Японы Кирари Ямагүчигийн эсрэг арван минут үргэлжилсэн хүнд барилдаан хийж, нэмэлт цагт даралтаар цэвэр яллаа. Тус жинд 16 настай “Гүрү Дожо” клубийн өсвөрийн тамирчин Х.Маралмаа VII байрт шалгарав.
О.УРАНБАЯР МОНГОЛЫН БАГИЙН ХОЁР ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ ХҮРТЭВ
“Их дуулга” тэмцээнээс Монголын багийн хоёр дахь алтан медалийг эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд ОБЕГ-ын "Аврагч" спорт хороо, "Бор Өндөр Мандал" компанийн тамирчин, ОУХМ Одгэрэлийн Уранбаяр хүртэв. Тэрбээр финалд Тажикистаны Масуди Ахмадзодыг сууж үүрэх мэхээр юүко үнэлгээ авч ялсан юм. О.Уранбаяр өмнөх даваануудад Хятадын Ли Жин Ханыг цэвэр, нутаг нэгт Л.Анхзаяаг цаг дуусахтай зэрэгцэн юүкогоор, хагас шигшээд Японы Юүдай Танакаг дархан хөл тавих мэхээрээ цэвэр ялж, финалд шалгарсан. Энэ жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Лавжаргалын Анхзаяа хүрэл медаль хүртлээ. “Женко” клубийн тамирчин Л.Анхзаяа АНЭУ-ын нэр дээр барилдаж буй Оросын бөх Казбек Нагучевийг нэмэлт цагт буулган авч, “Гран слам”-ын хүрэл медалийн эзэн болсон юм.
Б.ГОНЧИГСҮРЭН МОНГОЛЫН БАГИЙН ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИЙГ ХҮРТЭВ
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн, ОХУ-ын Буриадын бөх Артём Золтухиныг юко үнэлгээгээр ялж, Монголын багийн гурав дахь алтан медалийг хүртэв. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд ОУХМ О.Цэцэнцэнгэлийг буулган авсан юм. Хагас шигшээ барилдаанд Бүх Японы аварга, Дайго Кагаваг цэвэр ялсан. Алтан медалийн төлөө Буриад залуу Артём Золтухиныг юко үнэлгээгээр ялж, “Их дуулга”-ын аварга болсон юм. Ийнхүү ОУХМ Б.Гончигсүрэн “Улаанбаатар Гранд слам” тэмцээнд 2023, 2025 онд -100, +100 кг-ын хоёр өөр жинд түрүүллээ. Харин +100 кг-ын жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл дагах тойргийн барилдаанд ОХУ-ын Денис Бачаевт хожигдож, долдугаар байрт орсон.
М.НАНДИН-ЭРДЭНЭ 52 КГ-ЫН ЖИНД МӨНГӨН МЕДАЛЬ АВЛАА
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, 19 настай залуу тамирчин Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ, Японы Кокоро Фүжиширотой барилдаж мөнгөн медаль хүртэв. Харин тус жинд залуу тамирчин Б.Уранзаяа хүрэл медалийн төлөөх барилдаанд хожигдож, шагналт тавдугаар байрт шалгарлаа.
Б.СҮХБАТ “ИХ ДУУЛГА”-ААС АНХНЫ ХҮРЭЛ МЕДАЛИА ХҮРТЭВ
Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч сорьсон “Женко” клубийн тамирчин, улсын дөрвөн удаагийн аварга, Бямбасүрэнгийн Сүхбат медалийн төлөөх барилдаанд Тажикистаны Мерзод Суфиевийг хоёр юүко үнэлгээгээр ялж хүрэл медаль хүртэв. Ингэснээр Б.Сүхбат “IJF”-ийн цуврал тэмцээнээс анхны медалиа авч байна. Тэрбээр Өмнөд Солонгос, Казахстан, Франц, Тажикстаны бөхчүүдийг ялж “Их дуулга” тэмцээнээс анхны медалиа хүртлээ.
Б.ЭРХЭМБАЯР ӨРСӨЛДӨГЧӨӨ ЦЭВЭР ЯЛЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд зодоглосон Ази тивийн аварга, ОУХМ Баттогтохын Эрхэмбаяр хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Казахстаны бөх, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Бауярзан Нарбаевийг богино хугацаанд үүрэх мэхээр цэвэр ялж, уран сайхан барилдаан үзүүлж, медалийн эзэн болсон. Тус жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ Ё.Басхүү дагах тойргийн барилдаанд Б.Эрхэмбаярт хожигдож VII байрт орсон юм.
15 НАСТАЙ А.МИШЭЭЛ “ИХ ДУУЛГА”-ААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Эмэгтэйчүүдийн 48 кг-д зодоглосон 15 настай, өсвөрийн тамирчин Алтаншагайн Мишээл нутгийн дэвжээн дээрээ хүрэл медалиар энгэрээ мялаав. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд Германы бөх, Европын нээлттэй тэмцээний хошой аварга Сара Иштийг торгуулиар ялсан. Барилдааны явцад Германы бөх өрсөлдөгчийнхөө нугасыг гэмтээж болох хориотой үйлдэл хийсэн тул шүүгч дүрмийн дагуу түүнд “Хансүкэ-макэ” торгууль оноосон юм. Тус жинд ОУХМ Г.Наранцэцэг V байр, өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт, “Душанбэ-2025” их дуулгын аварга, 19 настай Ж.Анударь VII байрт шалгарлаа.
Л.СОСОРБАРАМ ЖИН ӨГСӨН БАРИЛДАЖ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-д ОУХМ Л.Сосорбарам 52 кг-аас жин өгсөн барилдаж хүрэл медалийн эзэн боллоо. Тэрбээр медалийн төлөөх барилдаанд нутаг нэгт Э.Номинтуяатай хүч үзэж, юүко үнэлгээгээр хожигдож яваад цаг дуусахаас дөрвөн секундын өмнө өчих мэхээр цэвэр ялсан юм. Харин самбо бөхийн ДАШТ-ий хошой мөнгөн медальт Э.Номинтуяа шагналт V байрт орсон.
Д.ЕСҮЙ “ИХ ДУУЛГА”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын хоёр бөх хүрэл медалийн төлөө барилдлаа. Энэ өрсөлдөөнд 19 настай Д.Есүй улсын аварга Б.Ням-Эрдэнийг илүүрхэж, медалийн тавцанд гарлаа. Түүний хувьд 2022 онд өсвөрийн Азийн аваргаас мөнгөн медаль авч байсан. Улмаар 2023 оноос хойш насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж эхэлсэн ч, олон улсын тэмцээнээс хараахан медаль авч амжаагүй байсан юм. 2025 оны Азийн аваргын хүрэл медалийн төлөөх барилдаанд Б.Ням-Эрдэнэд хожигдож, шагнал тавдугаар байрт орж байсан билээ. Харин энэ удаа нутгийн дэвжээн дээрээ урамтай сайхан барилдаж, “Их дуулга”-ын медальтан болж байна. Энэ жинд ОУХМ Б.Ням-Эрдэнэ V байрт, С.Лхагвадулам VII байрт орлоо.
Д.НОМИНЗУЛ ҮЛЭМЖ БИЕТ ӨРСӨЛДӨГЧӨӨ ЯЛЖ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
“Улаанбаатар-2025” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнээс Монголын баг 11 дэх медалиа хүртлээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин +78 кг-ын жинд зодоглосон ОУХМ Д.Номинзул, Хятадын “Үлэмж биет” бөх, Азийн аваргын хүрэл, Душанбегийн “Гранд слам”-ын мөнгөн медальт Юе Лианыг хүнд барилдааны эцэст даралтаар ялж, хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр өмнө нь дотоодын гол өрсөлдөгч А.Адъяасүрэнг ялсан билээ. А.Адъяасүрэнгийн хувьд өвдөгний бэртэлтэй байгаа, хүрэл медалийн төлөөх барилдаанд Хорватын Хелена Вуковичид харамсалтай дийлдсэнээр шагналт V байр эзэлсэн юм.
МАНАЙ ЖҮДОЧИД “ГРАНД СЛАМ”-ААС 3 АЛТ, 1 МӨНГӨ, 7 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ |
|
2025-07-28 11:09:46
2025-07-28 11:02:55
2025-07-28 11:00:19
2025-07-28 10:47:12
2025-07-28 10:43:19
2025-07-28 10:32:05
2025-07-28 10:20:50
2025-07-28 10:11:45
2025-07-28 10:04:51
2025-07-28 10:03:02
2025-07-28 09:25:45
2025-07-28 09:00:50
2025-07-28 08:18:33
2025-07-28 08:04:01
2025-07-28 07:20:03
2025-07-28 07:19:34
2025-07-28 07:09:56
2025-07-28 07:00:00
2025-07-28 07:00:00
2025-07-28 07:00:00
2025-07-28 07:00:00
2025-07-28 07:00:00
2025-07-28 06:00:00
2025-07-28 06:00:00
2025-07-27 19:41:50
2025-07-27 19:16:14
2025-07-27 16:42:34
2025-07-27 16:35:25
2025-07-27 16:20:59
2025-07-27 12:45:43
2025-07-27 12:23:33
2025-07-27 12:16:59
2025-07-27 12:15:22
2025-07-27 12:08:53
2025-07-27 11:56:56
2025-07-27 11:39:17
2025-07-27 11:09:02
2025-07-27 10:15:03
2025-07-27 09:48:08
2025-07-27 09:18:24
2025-07-27 08:55:02
2025-07-27 08:00:58
2025-07-27 07:52:44
2025-07-27 07:46:56
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |