• Өнөөдөр 2025-06-30

ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ, МОНГОЛЫН ОХИД

2025-06-30,   139

     Монголын эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг 2025 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн түүхэн амжилтыг өчигдөр бүтээлээ. 

     Түүний өмнөх өдөр тэд Олимпын аварга АНУ-ын хүчтэй тамирчдыг илт давуу оноогоор адтайхан хожиж, ямар сайхан илүүрхэн шидэж, ирмэгхэн тоглолоо. Тэр тоглолт, тэр харц, тэр эмоцийг эргэн бодоход одоо ч хэн бүхний "шар үс" босож, бахархлын гал цээжинд нь дүрэлзэж байгаа. Сагсан бөмбөгийн ДАШТ-ний сүүлийн өдрийн тоглолтууд ч өндөлзүүллээ. Үнэхээр сайн байлаа, охид оо.
 
      Алдахдаа шархиран өвдөж, онохдоо баярлан огшиж, өнөөдрийн төлөө, энэ л хүрэх гэж зуун зуун удаа бэлтгэл хийж, сагсан бөмбөгийн спортын төлөө сэтгэл зүрхээ зориулан амьдардгийг нь эдгээр өдрүүдэд монгол даяараа илүү тод харлаа. Бүр уйлж, дуулж, омогшин цэнгэж, зүрхээ дарж, хөлөө дэвсэлж, гартаа залбиран харсан. Олон ч хүн шидэлт бүрд чинь уухайлан босож, өндийн гүйж, үсрэн цовхчсон. Хэчнээн чадварлаг, чансаатай тоглолт вэ, ямар агуу гал цог, яасан их тэсвэр тэвчээр вэ. Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол юуг гайхамшиг гэх вэ.
     Үүнийг л түүхэн амжилт гэхгүй бол юуг бас түүхэн амжилт гэх вэ. Тэр дундаа охид. Монгол эмэгтэй хүний мөн чанар, мөрөөдөл хүсэл, авьяас билиг, ааг омгийг дэлхий бахадлаа. Дахиад хэлье, та нар чадсан шүү охид оо. Түрүүлэх байсан юм гэж тэвдэж битгий сандраарай. Тэнхээ дүүрэн тоглолтуудыг чинь, Монгол охид дэлхийг өндөлзүүлсэн энэ л өдрийг мартахгүй. Төрүүлж, өсгөсөн аав, ээждээ талархаж, бэлтгэл туршид нь итгэн өргөгч дасгалжуулагчдаа мэхийчихээд, "Бид үнэхээр чадлаа гэж үү" гэж итгэж ядан байх нь хүртэл гайхамшигтай байлаа. Цээж тэнийлгэлээ. Олон өдрийн итгэл дүүрэн бэлтгэл, нэг л өдөр ялалт байгуулна гэсэн хөдлөшгүй тэмүүлэл охидыг ДАШТ-ний талбайд цойлуулж чадлаа. Зорьж, хүсэж буй бүхэндээ тууштай байвал нэг л өдөр бахдал дүүрэн амжилт ирдгийг тэд харууллаа. Баг гэж юу болохыг багийн ажиллагаа, үүрэг, роль гэж ямар байдгийг ч үлгэрлэлээ. Ямар уран, ямар ирмэг, басхүү хурц, зоримог, хийморь дүүрэн, асалт өндөр байв аа. Бодох бүрд халгиж байна. Бахархаад ханашгүй байна, охид оо.
      Багийн гишүүн М.Цэрэнлхам "Хамгийн түрүүнд аав, ээждээ очиж үнсүүлмээр байна" гэсэн байна лээ. Тийм шүү дээ, эд чинь аав, ээжийн алдрайхан охид шүү дээ. Сагсан бөмбөгт дурлан анх сонирхож байсан тэртээх хүүхэд насаа санаж байгаа байх. Тэгэхэд нь дэмжиж, өнөөдөрт хүргэсэн хүн бүхэнд монголчууд өнөөдөр талархаж байна. Энэ өглөө хүн бүр сэтгэл дүүрэн, бахархлаар халгин цалгиж сэрлээ. Үнэхээр их баярлалаа. Тэд залуу байна, чадалтай байна. Дахиад ч амжилт бий. Та нарыг дэлхий харлаа. Сагсан бөмбөгийн гайхамшигт спорт мандтугай. Монгол залуусын чадвар, ир улам ч өндөрт мандаж, үеийн үед бадран гийг. 

ТҮҮХ БҮТЭЭЛЭЭ, МОНГОЛЫН ОХИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 10:13:05
    Гайхалтай: Монгол эмэгтэйчүүд ийм л Гайхалтай.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-06-30 08:04:53
    Dold: Garchig zuv bich?!?
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188