Чөлөөт бөхийн 2025 оны улсын аварга шалгаруулах тэмцээний гурав дахь өдрийн барилдаан өчигдөр өндөрлөв. Энэ өдөр эмэгтэйчүүдийн 59, 65, 72 кг-ын жингийн барилдаан, эрэгтэйчүүдийн 92, 97, 125 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаан явагдсан.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 59 КГ-Д ШИНЭ АВАРГА МЭНДЭЛЛЭЭ
Эмэгтэйчүүдийн 59 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин Т.Алтжин түрүүлэв. Түүний хувьд өмнө нь 2023 оны УАШТ-ээс хүрэл медаль авсан бөгөөд өнөө жил анх удаа аваргалсан юм. Т.Алтжин финалд ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Гантуяаг 4:1-ээр хожсон. Ийнхүү ОУХМ Э.Гантуяа УАШТ-ээс ээлжит нэгэн мөнгөн медалиа хүртэв.
Хүрэл медалийг “Хилчин” спорт хорооны М.Номин-Эрдэнэ авсан. Өсвөрийн УАШТ-ий хоёр алт, залуучуудын УАШТ-ий гурван алтан медальт тэрбээр сүүлийн гурван жил дараалан насанд хүрэгчдийн улсын аваргаас хүрэл медаль хүртэж байна. Энэ жингийн нөгөө хүрэл медалийг “Дархан Хасу Fohow” клубийн Б.Хоролгарав авлаа. Залуучуудын УАШТ-ий алт, мөнгө, хүрэл, U-23 насны улсын аваргын алтан медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа хүртсэн юм.
Эмэгтэй 59 кг-ын дүн
1.Т.Алтжин (Хилчин)
2.Э.Гантуяа (Хилчин)
3.М.Номин-Эрдэнэ (Хилчин)
3.Б.Хоролгарав (Дархан Хасу Fohow)
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 65 КГ-Д Т.ЭНХЖИН УЛСЫН ХОШОЙ АВАРГА БОЛЛОО
“Алдар” спорт хорооны бөх, Азийн аваргын мөнгөн медальт Түвшинжаргалын Энхжин 65 кг-ын жинд хоёр жил дараалан түрүүллээ. Энэ жинд “Төв Арж” клубийн тамирчин, “U23” насны Азийн аваргын хүрэл медальт Э.Одгэрэл үзүүрлэж, мөнгөн медаль авлаа. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа гардаж байгаа нь энэ. Хүрэл медалийг БГД “Аваргууд академи”-ийн бөх Б.Майцэцэг хүртлээ. Энэ нь түүний хувьд УАШТ-ээс авч буй дөрөв дэх медаль бөгөөд нэг мөнгө, гурван хүрэл медальтай боллоо.
65 кг-ын дүн:
1. Т.Энхжин (Алдар)
2. Э.Одгэрэл (Төв Арж)
3. Б.Майцэцэг (БГД Аваргууд академи)
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 72 КГ-Д З.БОЛОРТУНГАЛАГ ГУРАВ ДАХЬ ТҮРҮҮГЭЭ АВАВ
Эмэгтэйчүүдийн 72 кг-д “Хилчин” спорт хорооны тамирчин, Ази тивийн аварга З.Болортунгалаг түрүүллээ. Энэ нь түүний УАШТ-ий гурав дахь түрүү юм.
Мөнгөн медаль хүртсэн Д.Цогзолмаагийн хувьд улсын аваргын гурван мөнгө, нэг хүрэл медальтай боллоо. Хүрэл медалийн эзэн П.Номин-Эрдэнэ улсын аваргаас 7 дахь медалиа авсан байна. Түүний медалийн цуглуулгад нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль бий.
Эмэгтэй 72 кг-ын дүн:
1.З.Болортунгалаг (Хилчин)
2.Д.Цогзолмаа (Алдар)
3.П.Номин-Эрдэнэ (Алдар)
Б. БАТ-ЭРДЭНЭ НАСАНД ХҮРЭГЧДИЙН УАШТ-Д ТАВ ДАХИА ТҮРҮҮЛЛЭЭ
Эрэгтэчүүдийн 92 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, Яшар Догу, Вехби Эмре, Хамит Бар нарын нэрэмжит ОУТ-ий мөнгөн медальт, ДАШТ-ий VII байрын шагналт ОУХМ Бямбасүрэнгийн .Бат-Эрдэнэ түрүүллээ. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс тав дахь алтан медалиа авч байна. Энэ жинд “Алдар” спорт хорооны бөх, “U23” насны Азийн аваргын мөнгөн медальт Т.Дэмчигдорж үзүүрлэв. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа зүүж байна. Хүрэл медалийг “New Gen Team” Спортын төв сургуулийн тамирчин Д.Дэлгэрдалай, М.Баяржавхлан нар гардлаа. Тэд насанд хүрэгчдийн УАШТ-ээс анхны медалиа хүртсэн юм.
92 кг-ын дүн:
1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)
2. Т.Дэмчигдорж (Алдар)
3. Д.Дэлгэрдалай (New Gen Team Спортын Төв сургууль)
3. М.Баяржавхлан (New Gen Team Спортын Төв сургууль)
Г.ГАНХУЯГ УЛСЫН АВАРГА ЦОЛЫГ ТАВ ДАХЬ УДААГАА ХҮРТЛЭЭ
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг итгэл төгс түрүүллээ. Тэрбээр хоёрын даваанд Н.Шинэтөртэй хүндхэн барилдаан хийж, 5:4-өөр ялсан. Харин бусад бүх барилдаандаа оноо алдалгүй цэвэр ялалт байгуулсан юм. Түүний хувьд насанд хүрэгчдийн улсын аваргын тав дахь алтан медалиа өөрийн болгож байна. Мөнгөн медалийг “Алдар” спорт хороо, зэвсэгт хүчний 342-р ангийн тамирчин Ө.Шийрэв гардлаа. Залуучуудын УАШТ-ий нэг алт, хоёр хүрэл медальт тэрбээр насанд хүрэгчдээс анхны медалиа авлаа. Зэвсэгт хүчний 341-р ангийн тамирчин Н.Шинэтөр улсын аваргын гурав дахь хүрэл медалиа өөрийн болгосон. Тэрбээр үүнээс гадна хоёр мөнгөн медаль хүртэж байв. Нөгөө хүрэл медалийг “Аврагч” спорт хорооны тамирчин Д.Оргилох хүртэж, улсын аваргын дөрөв дэх хүрэл медалиа авлаа. Тэрбээр үүнээс гадна нэг мөнгөн медалийг улсын аваргын дэвжээнээс авч байсан билээ.
Эрэгтэй 97 кг-ын дүн:
1.Г.Ганхуяг (Алдар)
2.Ө.Шийрэв (Алдар)
3.Н.Шинэтөр (МЧБХ)
3.Д.Оргилох (Аврагч)
ГАВЬЯАТ ТАМИРЧИН М. ЛХАГВАГЭРЭЛ УАШТ-Д ЗУРГААН ЖИЛ ДАРААЛАН ТҮРҮҮЛЛЭЭ
Хамгийн олон буюу 37 бөх зодоглосон эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга МУГТ Мөнхтөрийн Лхагвагэрэл түрүүллээ. Тэрбээр насанд хүрэгчдийн УАШТ-д сүүлийн зургаан жил дараалан түрүүлж байна. УАШТ-ий 97 кг-ын жинд 22 настайдаа түрүүлсэн, “Хилчин” спорт хорооны бөх, Азийн аваргын хоёр удаагийн V байрын шагналт, Роман Дмитриевийн ОУТ-ий хүрэл медальт, өсвөр үе болон залуучуудын, оюутны, насанд хүрэгчдийн ангиллын улсын аварга Ч.Алтангэрэл өнөө жил хүнд жинд орж үзүүрлэлээ. “Хүч” спорт хорооны тамирчин, Азийн аваргын мөнгө, дөрвөн хүрэл медальт, ДАШТ-ий V байрын шагналт ОУХМ Н.Золбоо насанд хүрэгчдийн УАШТ-ээс 11 дэх медалиа авсан юм. Тэрбээр улсын гурван удаагийн аварга төдийгүй уг тэмцээний дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медальтай боллоо. Харин “Алдар” спорт хорооны бөх, Азийн аваргын хүрэл медальт Э.Батмагнай насанд хүрэгчдийн УАШТ-ээс дөрөв дэх медалиа гардав. Түүний хувьд насанд хүрэгчдийн УАШТ-ээс нэг түрүүтэй бөх юм.
125 кг-ын дүн:
1. М.Лхагвагэрэл (Хилчин)
2. Ч.Алтангэрэл (Хилчин)
3. Н.Золбоо (Хүч)
3. Э.Батмагнай (Алдар)
Чөлөөтийн улсын аваргын гурав дахь өдрийн аваргууд тодров |
|
2025-04-21 14:14:49
2025-04-21 13:10:44
2025-04-21 10:31:59
2025-04-21 10:07:57
2025-04-21 09:23:55
2025-04-21 09:01:47
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 07:00:00
2025-04-21 06:00:00
2025-04-21 06:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |