• Өнөөдөр 2024-09-16

Н.БАЯРСАЙХАН: НӨГӨӨ ӨНДӨР БОКСЧИН ЧИНЬ НАВСАЙГААД НУРААД Л УНАСАН. БҮР БОСОЖ ЧАДАХГҮЙ УХААН АЛДСАН

2024-08-09,   1848

“Барселона-1992” олимпын наадмын хүрэл медальт, 1987, 1989 оны Ази тивийн аварга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Монголын олимпын медальтнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Намжилын Баярсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголын боксчдоос олимпын медаль хүртсэн хоёр дахь тамирчин бөгөөд Монголын олимпын медальтнуудын 13 дахь нь билээ. Н.Баярсайхан 1989, 1991, 1992 онд дэлхийн шилдэг боксчдын жагсаалтад гурван удаа бичигдсэн монгол боксчин юм. Тэр 1987 онд Кувейт, 1989 онд БНХАУ-д болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж Ази тивийн хошой аварга болсон амжилтаараа анхны тивийн хошой аварга Ардын багш Х.Алтанхуягийн амжилтыг давтсан юм.

-Олимпын медальтнуудын холбоо хэзээ байгуулагдсан юм бэ?

          -Манай холбоо 2008 оны тавдугаар сард байгуулагдсан. Холбооны маань гол зорилго Монгол Улсад спортын төрлүүдийг хөгжүүлэх, ахмад тамирчид, олимпын медальтнуудын дадлага туршлага, арга барилыг залуу хойч үедээ өвлүүлэх зорилготой. Мөн шинэ залуу тамирчдын алдаа оноог засаж чиглүүлэхэд оршино. Үүнээс гадна олимпын үзэл санааг олон нийтэд таниулж мэдүүлэх зорилготой. Олимпын их наадмаас медаль хүртэнэ гэдэг тийм амар хялбар зүйл биш шүү дээ. Ямар их хөлс хүч, хөдөлмөр, хичээл зүтгэл гаргадаг вэ гэдгийг олон нийтэд ойлгуулан таниулах нь бидний ажлын үндсэн чиглэл. Олимпын медальтнуудыг алдаршуулан сурталчлах  нь манай холбооны үндсэн үүрэг юм.

-Танай холбоо цаашид ямар ажил хийж амжуулахаар төлөвлөж байгаа вэ?

         -Ер нь бол хийх ажил их бий. Бодож төлөвлөсөн ажлууд нэлээд байгаа. Мэдээж үүнд хөрөнгө, мөнгөнөөс авахуулаад бэрхшээлтэй зүйлүүд тулгарч байна. Манай байгууллага ашгийн бус, олон нийтийн байгууллага болохоор санхүүгийн хувьд гацах зүйл гарах юм. Гэхдээ бид үүгээр шалтгаалан зүгээр суухгүй. Ажлаа амжуулаад л хийх болно.

-Германы Мюнхен хотод 1972 онд болсон олимпын наадмын жүдо бөхийн 60 кг-ын жинд  Б.Буядаа гуай мөнгөн медаль хүртсэн. Гэтэл одоо хүртэл Б.Буядаа гуайг олимпын медальтан гэж тооцохгүй явсаар байгаагийн учир юунд байна вэ?

           -Энэ асуудлыг бид Олон улсын олимпын хорооноос асууж, лавлан тодруулсан.  Б.Буядаа гуай Мюнхений олимпын наадмын тэнгэрт төрийнхөө тугаа мандуулж, төрийн дуулалаа эгшиглүүлэн, олимпын медалиа зүүгээд эх орондоо ирсэн юм билээ.  Олимпын барилдааны дараа Б.Буядаа гуайн  шинжилгээний дүн өөрчлөлттэй гарлаа гэдгийг мэдэгдсэн гэсэн. Тэгээд тэр уусан эмийг авч шинжилж үзээд сэргээшийн төрлийн эм биш байна гэж мэдэгдсэн гэнэ лээ. Гэтэл түүнийг нь манай дарга нар  хүч тамир оруулагч сэргээш допинг хэрэглэсэн байна. Эх орныхоо нэр хүндийг гутаалаа гээд Намын төв хороо, Сайд нарын зөвлөлөөс хүн явуулаад медалийг нь дур мэдэн хурааж авсан байдаг. Олон улсын олимпын хорооноос хураасан зүйл бол байхгүй юм билээ.  1972 оны тэр үед Монголд ямар юмны сэргээш байх вэ дээ. Социализмын хаалттай нийгмийн цагт монголчууд сэргээш допинг гэж юу болохыг нь мэдэхгүй шахам байсан үе шүү дээ. Тэр үед Буядаа гуай 10 гаруй кг жин  хассан юм билээ.

-Б.Буядаа гуайн олимпын наадамд гаргасан амжилтыг төр засаг үнэлэсэн. Хэдэн жилийн өмнө бүрэн цагаатгаж, МУГТ цолыг нь эргүүлэн өгсөн. Гэтэл МҮОХ-ынхон энэ бүхнийг үгүйсгэсэн байр суурьтай хэвээр байгаа юм биш үү?

           -Буядаа гуайн нэр төрийг бүрэн сэргээх талаар бодож байгаа. Энэ бүхнийг бид ул суурьтай хөөцөлдөн тодруулж зарим нэг зүйлийг хийхээр төлөвлөсөн.

-1992 оны Барселоны олимпын наадмын боксын медалийн тулаанд таны  хөмсөг задарсан. Хэрэв таны хөмсөг задраагүй  байсан бол, олимпын аварга биш юм гэхэд мөнгөн медаль хүртэх боломжтой байсан гэж ярих нь бий. Тэр үед таны бэлтгэл хэр хангагдсан байв?

           -Баярлалаа. Тамирчдаа чин сэтгэлээсээ ойлгож, дэмждэг хүмүүс тэгэж ярьдаг юм.  Тэр үед бэлтгэл сайн хангагдсан байсан.  Одоо болоод өнгөрсөн олимпын алт, мөнгөн медалийн талаар яриад яах вэ. Нэгэнт л болоод өнгөрсөн зүйлийг ярих хэрэггүй биз ээ.

-Германы боксчинтой олимпоос өмнө тулалдаж байсан уу?

         -Германы боксчин Рудольф муу тамирчин биш л дээ. Дэлхийн аварга тамирчин байгаа юм. Олимпоом өмнө нь түүнтэй хоёр удаа тулалдаж хожиж байсан л даа.

-Тэр үед манай боксчид бэлтгэлийг хэр өндөр ачаалалтай хийдэг байв?

          -Маш өндөр ачаалалтай сунаж унатал бэлтгэл хийлгэдэг байсан. Өдөрт 14 км кроссод гүйхийг жирийн бэлтгэл гэж үзнэ.  Өндөр ачаалалтай бэлтгэлд 63 кг-тай орлоо гэхэд хөлс гарган жин хасан 61 кг-тай гарч ирэх ёстой гэж дасгалжуулагчид шахаж шаарддаг байсан. Уул хадаар өгсөж, уруудан их гүйнэ. Гар дээрээ хэдэн зуун удаа суниана. Штанганд орно. Бид хүнд бэлтгэл хийдэг байсан шүү.

-Таны бэлтгэл хангагч хэн байсан бэ?

           -Миний бэлтгэл хангагч олон тамирчин байсан. Бэлтгэл хангагч  ирээгүй үед би жин өгсөөд Н.Энхбаттай тулаан хийнэ . Арга ядлаа гэхэд 51 кг-ын Б.Нарантуяатай  ч тулааны бэлтгэл хийдэг байсан. Сүүлдээ С.Ганбаатар гэдэг хүчтэй өрсөлдөгчтэй болсон. Намайг бэртэл, гэмтэл авсан үед Ганбаа тэмцээнд явдаг байлаа. Тэр ямар ч тэмцээнд очсон миний дайны заримдаа надаас ч илүү тулаан хийдэг байсан.

-Та хүнд цохилтоор өрсөлдөгчөө хэр олон удаа буулган авч байв ?

          -Бидний үед манай улсыг бага буурай орон гээд шүүгчид хүртэл доош нь хийдэг байсан. Оноогоор ялна гэдэг хэцүү. Тийм болохоор бид өрсөлдөгчөөсөө илүү давамгай тулаан гаргаж, хүнд цохилтоор буулган авахыг хичээдэг байлаа.  Би 1987 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн төлөө дэвжээний эзэн орны боксчинтой тулалдсан. Тэр Араб, Африкийн эрлийз өндөр нөхөр байлаа. Эхний үед би бага зэрэг илүүрхэж тулалдсан юм. Гэтэл шүүгчид надад биш, эсрэгээр нөгөөх боксчинд илүү оноо өгөөд болдоггүй. Тэгэхээр нь хоёрдугаар үеийн тулаан эхлэнгүүт л түүний эрүүн дундуур нь ганц хүчтэй цохисон. Нөгөө өндөр боксчин чинь навсайгаад нураад л унасан. Бүр босож чадахгүй ухаан алдсан. Дамнуурга дээр хэвтүүлээд рингэнээс буулган авч явсан. Хэрэв би тэр жил түүнийг нам цохиж чадахгүй, тэнцүүхэн тулаан хийсэн бол Азийн аварга болж чадахгүй байх байсан. Азийн аваргын хэсгийн гурван  тулааныг хүнд цохилтоор буулган авсан. Тэгээгүй тэнцүүхэн тулаан хийсэн бол шүүгчдэд нам даруулаад аль хэдийнэ ялагдал хүлээлгэх байсан.

 


 

 


Н.БАЯРСАЙХАН: НӨГӨӨ ӨНДӨР БОКСЧИН ЧИНЬ НАВСАЙГААД НУРААД Л УНАСАН. БҮР БОСОЖ ЧАДАХГҮЙ УХААН АЛДСАН
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-08-10 06:31:44
    Зочин: Үхсан баас Буядаа гуайн асуудлыг шийдчихэж чадахгүй бгаа хорооны дарганцарууд монгол тамирчдыг олимпоос медаль аваасай гэж хүсэх нь юу л бол
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188