• Өнөөдөр 2024-04-27

Б.ОНОН: Хорь гаруй жилийн дараа хаалгачийн хувцас өмсөж, дахин мөсөн дээр гарлаа

2024-03-07,   817

          Монголын Хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтууд гуравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд "AIC Steppa-arena"-д амжилттай болж өндөрлөсөн. Лигийн аварга багаар “Дархан” баг тодорсон. Тус багийн бүрэлдэхүүн эмэгтэй тоглогч, тэр тусмаа спортын сэтгүүлч Батхуягийн Онон байсан нь сонин, содон байлаа. Монгол Улсын хоккейн түүхэнд шинэ хуудас нээж, анхны эмэгтэй лигийн аварга тамирчин болсон Б.Ононтой ярилцлаа.

         -Монголын хоккейн холбооны 2023-2024 оны лигийн аварга болсонд баяр хүргэе.

          -Баярлалаа. Монголын хоккейн холбооны энэ улирлын лигийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн 10-р сард эхэлж, өнгөрөгч амралтын өдрүүдээр шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилээс Монголын хоккейн лиг дөрвөн тойргийн тоглолт хийдэг болсон. Бүтэн таван сарын турш үргэлжилсэн тэмцээнд Дархан багийн хоёр дахь хаалгачаар оролцож аварга болсондоо маш их баяртай байна.

-Спортын сэтгүүлч маань хэзээнээс хоккейн тамирчин болов оо?

          -Шайбтай хоккей бол миний хүүхэд байх даа хичээллэж байсан спортын нэг. Анх надад “Отгон-Од” клубийн үүсгэн байгуулагч Ч.Пүрэвдаваа ах хоккейн тоглогчийн хувцас өгснөөр энэ спортоор хичээллэж эхэлсэн.

-Яагаад хоккейн спортыг сонгох болов. Хоккейн спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

           -Би Улаанбаатар хотын 15-р хороололд төрж өссөн. Манай байр котокын яг хажууд л даа. Өвөл нь коток дээр, зундаа сагсны талбайд чөлөөт цагаа өнгөрүүлдэг байв. Манай тэр хавь хоккейчид ихтэй. Хоккейн уламжлалтай хороолол. Тиймээс энэ спортыг сонгож, дурласан шалтгаан гэвэл миний орчин л байсан байх.

-“Дархан” багаас өмнө өөр багт тоглож байсан уу?

         -Унаган баг гэвэл дээр дурдсанчлан Улаанбаатар хотын 15 -р хорооллын “Отгон-Од” клуб. Хүүхэд байх даа тоглож байгаад эмэгтэй баггүйгээс шалтгаалан энэ спортоо орхиж байсан. Харин 2019 оноос дахин тоглож эхэлсэн.

-Ер нь багадаа хоккейноос өөр ямар спортын төрлөөр хичээллэж байсан бэ?

            -Хоккей болон сагсан бөмбөг. Би 12 настайгаасаа сагсан бөмбөгийн спортоор хичээллэсэн. Спортын мастео С.Саранцэцэг багшийн удирдлага дор анхлан суралцаж, оюутан байх даа МУИС-ийн шигшээ багт Л.Эрдэнэпүрэв дасгалжуулагчийн удирдлага дор богино хугацаанд тоглоод ажлын талбар руу шилжсэн.

-Одоо спортын сэтгүүлчээрээ ажиллаж байгаа юу?

            -Би МУИС-ийг сэтгүүлч мэргэжлээр мастерын зэрэгтэй төгссөн. 2007 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байна. Сонирхлоо дагаад спорт талдаа мэргэжлээрээ арай түлхүү ажилладаг. Өнгөрсөн хугацаанд өвөл зуны олимп, Азийн наадам, тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүд болон Монголоос анх удаа Дакар раллийг газар дээрээс нь сурвалжилж байсан. Одоо ч мэргэжлээрээ ажиллаж байгаа.

 -Хоккейн Монгол Улсын УАШТ-д “Дархан” баг хамгийн олон удаа түрүүлж байсан. Энэ багийг сонгон болсон шалтгаан юу байв?

          -Монголын хоккейн түүхэнд Дархан хотын хоккейчдын оруулсан хувь нэмэр үлэмж их тухай ахмад хоккейчдоос сонсож байсан. 1980-аад оны үед Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 гаруй удаа түрүүлсэн түүхэн амжилт эзэмшдэг тухай дуулсан.

            Миний хувьд “Дархан” багийг сонгосон шалтгаан шинэ сорилт, шинэ туршлага хуримтлуулахыг хүссэн. Мэдээж хэрэг багийн гол амин сүнс бол багийн ахлагч байдаг. Олон улсын хэмжээний мастер, шигшээ багийн ахлагчаар 23 жил тоглож байгаа Н.Мишигсүрэн энэ багийг бүрдүүлсэн. Энэ дашрамд эмэгтэй гэж гололгүй багийнхаа эгнээнд нэгтгэж, хоёрдугаар хаалгачаар итгэл хүлээлгэсэн багийн ахлагч Н.Мишигсүрэн, менежер С.Батбаяр, багийн эзэн М.Жаргалсайхан нартаа талархал илэрхийлье. “Дархан” багийн гол онцлог бол сахилга бат юм. 

-Лигийн аваргын төлөө “Хангарьд” багийг 11:17-оор буулгаж авчээ. Их ширүүн өрсөлдөөн өрнөв үү?

             -Эрдэнэт хотын “Хангарьд” баг лигийн зургаан удаагийн аварга, Монголын бүх ард түмний их наадмын хошой аварга маш хүчирхэг баг. Залгамж халаагаа ч тасралтгүй системтэй бэлтгэдэг мэргэжлийн түвшний баг байгаа юм. Лигийн плей оффын өмнөхөн Монголыг хоккейн холбооны клубуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж, залгуулаад багууд тасралтгүй бэлтгэлтэйгээр лигийн тоглолтуудтайгаа залгасан учир аль ч баг нь бэлтгэл сайтай байсан. Хэн нь ч цом өргөх боломжтой байлаа. Ихэнх тоглолт энэ тэнцүүхэн өрсөлдөөнтэй явагдсан. Гагцхүү тэр өдрийн эрч хүч,  сэтгэл зүй, сахилга бат, тоглолтын тактик зэргээс багуудын хувь заяа шийдэгдсэн болов уу гэж бодож байна.

 -Эмэгтэй хоккейчид ер нь Монголд хэр олон байдаг вэ?

          -Шайбтай хоккейг анх хүүхэд байх даа тоглож байгаад эмэгтэй баг тамирчид байдаггүйгээс шалтгаалан орхиж байсан тухай би дээр дурдсан. Тэр цаг үетэй харьцуулахад хоккей тоглох хүсэл сонирхолтой охид уг нь байдаг ч хангалттай олон биш, баг бүрддэггүй тул тууштай хичээллэж чадахгүй байна. Миний хувьд ковидын хоёр жилийг эс тооцвол сүүлийн таван жил боломжит бүх тэмцээнүүдэд алгасалгүй оролцож байгаа.

           Энэ дашрамд надад эрэгтэйчүүдийн тэмцээнд оролцох боломжийг нээлттэй олгодог Монголын хоккейн холбоонд, үргэлж дэмждэг үе үеийн хоккейчдодоо, улсын чанартай  тэмцээнүүдэд хамтдаа ялж, ялагдаж явсан “Бугант”, “Жигүүрүүд” “Нормаунт” багийн ах нар, найзууддаа талархаж явдгаа илэрхийлье.

 -Цаашид олон улс, тивийн аварга шалгаруулах тэмцээнд тоглох бодол бий юу?

            -Одоогоос таван жилийн өмнө Монголын хоккейн холбоо эмэгтэйчүүдийн хоккейг хөгжүүлэх бодлогоор эмэгтэй шигшээ баг байгуулж, олон улсын тэмцээнд оролцуулахаар төлөвлөөд байсан.

           Тухайн үед өсвөр насны 10 гаруй охин цугларч нэг баг бүрдсэн ч хаалгачгүй байсан тул надад санал тавьсан юм билээ. Спорт бол залуу насных. Миний хувьд өөрийгөө  энэ спортод эргэн хөл тавихад хэтэрхий оройтсон гэж бодож байсан. Гэвч охидын хүсэл, урам зоригийг дэмжих, хүүхэд насны хүсэл мөрөөдлөө гүйцээхээр зориглож, хичээхээр шийдсэн. Ингээд 20 гаржй жилийн дараа дахин хаалгачийн хувцас өмсөж мөсөн дээр эргэн гарсан.

           Бүх зүйл тэгээс эхэлж байгаатай яг адил нөхцөл байдлаас дахин эхэлсэн. Тухайн жилээ шигшээ багийнхан хичээсэн, бэлдсэн боловч багийн гишүүдийн дийлэнх насанд хүрээгүй байсан тул дүрмийн дагуу олон улсын тэмцээнд оролцох боломжгүй болсон.

         Одоо дахин эмэгтэйчүүдийн баг бүрдэх боломжтой эсэхийг үнэхээр хэлж мэдэхгүй байна. Бүрдлээ гэхэд өөрийгөө тэр бүрэлдэхүүнд төсөөлөхгүй байна. Гэхдээ Монголын эмэгтэй хоккейчид олон улсад анхны тоглолтоо хэзээ нэг өдөр хийх нь гарцаагүй. Өнөөдрийн бяцхан хоккейчид тэр ирээдүй юм гэж боддог.

 

 

 

 


 

 


Б.ОНОН: Хорь гаруй жилийн дараа хаалгачийн хувцас өмсөж, дахин мөсөн дээр гарлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-03-09 08:15:29
    Зочин: Их спортод сэтгэл зүрхээ зориулж хөдөлмөрлөж яваа дайчин, сайхан бүсгүйдээ амжилт, аз жаргал хүсэн ерөөе!!!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188