• Өнөөдөр 2024-05-05

МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ Л.БОЛОРМАА: Зодог тайлахдаа дэвжээнээс буумааргүй, дахиад нэг барилдаан шүүчихмээр санагдаж байсан

2024-02-03,   1476

           Чөлөөт бөхийн дэвжээн дээр 27 жил ялалт, ялагдлыг дэнслэн зогсжээ, Л.Болормаа шүүгч. 19 настай залуухан охин ханийнхаа санал болгосноор чөлөөт бөх гэх айлын босгоор алхаж, 42 жил багш, дасгалжуулагч, хорь гаруй жил шүүгчээр ажиллажээ. Он жилийг тийн тамирчдыг бэлтгэх, тэдний амжилтыг дэвжээн дээрээс шүүн өнгөрүүлсэн тэр Чөлөөт бөхийн аварга шалгаруулах 2024 оны тэмцээн дээр отгон шүүлтээ хийгээд дэвжээнээсээ зодог тайлсан юм. Энэ хугацаанд дүүрэг, хот, нийслэл, улсын аваргын нас насны ангиллын тэмцээн, олон улс, тив, дэлхий гээд олон тэмцээнийг дэнсэлсэн гавьяатай юм.

  -Чөлөөт бөхийн 2024 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд та сүүлийн буюу отгон шүүлтээ хийгээд зодог тайллаа. Дэвжээгээ үнсээд, мөргөөд, үзэгч олон, тамирчдадаа мэхийн ёслоод буухдаа уйлж харагдсан. Тэр мөчид юу бодогдсон бол?

      -Дэвжээнээс буухдаа би дэвжээгээ үнсээд, мөргөсөн. Алтан шаргал дэвжээнийхээ хишиг буяныг их  хүртсэн. Тийм ч болохоор талархаж байгаагаа илэрхийлээд, баяртай гэж хэлсэн. Энэ удаагийн Чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр зодог тайлах ёслолоо хийх тухай Чөлөөт бөхийн холбоонд хэлээд, отгон тэмцээнээ шүүсэн ч хоёр бөхийн барилдааныг шүүж байхад зодог тайлахаа бүр мартсан байсан. Бөхчүүдээ дэвжээнээс буулгаад л гэнэт үйл ажиллагаагаа санаж хоёр ханцуйвчаа тайлаад, шүглээ мултлахад их хүнд байсан. Нэг мэдэхэд л огшоод, нүүрээ дарсан байсан.

Дахиж энэ дэвжээн дээрээ гарахгүй шүү дээ” гэж бодохоор гунигтай, дэвжээнээсээ буумааргүй, дахиад нэг тэмцээн шүүчихмээр санагдаж байсан.

-Отгон шүүлтээ хийгээд дэвжээнээсээ зодог тайлах шийдвэр гаргаснаас хойш таны хувьд магадгүй сэтгэлзүйн хувьд амаргүй байсан байх?

       -Сандрал их байсан. Анх улсын аварга шалгаруулах тэмцээнд зодгоо тайлах хүсэлтээ Монголын чөлөөт бөхийн холбоонд гаргасан. Тэгж хэлсэн цагаасаа эхлээд тун нойр муутай, сэтгэл хөдлөл ч ихтэй байсан. “Дэмий ч зодгоо тайлж байгаа юм уу” гэж бодож ч үзсэн. Урьд нь зүгээр л тэмцээнд барилдаан шүүгээд явдаг байсан. Гэтэл сүүлд болсон тэмцээний хувьд их сэтгэл өндөлзөөтэй, өөрийнхөө биеийг халааж, дахин дахин босож, өөрийнхөө шүүх барилдааныг тэсэж ядан хүлээж байлаа.

-Таныг дэвжээн дээр байхад жаахан охин цэцэг бариад ирж байсан нь их дотно харагдаж байсан?

         -Миний зээ охин байгаа юм. Өмнө нь эмээгээ тэмцээн шүүж байгааг  хараагүй байсан. Анх удаа тэмцээн шүүж байгааг үзсэн. “Эмээгийн ажил гоё юм байна” гэж хэлэх нь надад мөн бахдалтай сайхан санагдсан.

-Таны хань Монгол Улсын Гавьяат тамирчин, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт А.Энхээ. Бөх хүний гэргийн үүргээ та дасгалжуулагч, шүүгч эмэгтэйн хувиар бүр ч их давуулан биелүүлсэн байх аа гэж бодогдож байна?

         -Би ханиараа их бахархдаг. Ханьтайгаа хамт 42 жил Чөлөөт бөхийн спортын төлөө зүтгэсэн байна. Энэ хугацаанд нэг ч урваж, хувирахгүйгээр зүтгэж, энэ спортынхоо үр шимийг их хүртсэн. Хань нь барилддаг, байнгын тэмцээн үздэг, тамирчин хүний жин хасахад хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг хүн бол эхнэр. Тэгээд ханиа дагаж  анх бөхөд дурласан.

-Чөлөөт бөхийн шүүгчээр ажиллах болсон тань ханийнхаа ажлыг үргэлжлүүлэх санаанаас үүдсэн юм билээ?

     -Тийм ээ. Хань минь дөнгөж 28 насандаа ид сайхан барилдаж байх үедээ спортын хүнд гэмтэл авсан. Энэ хугацаанд дасгалжуулагчийн ажлыг сайн хийж, олон сайхан дэлхийн медальтан, шавь нарыг бэлтгэж гаргасан байдаг. Ханийгаа бэртсэн байхад хэрхэн туслах уу, яаж ажлыг нь үргэлжлүүлэх вэ гэдэг бодол надад төрсөн. Мэдээж би барилдаж үргэлжлүүлж чадахгүй шүү дээ. Гэтэл тухайн үед буюу 1998 оноос  дэлхийд эмэгтэй чөлөөт бөх гэж анх үүсэж, хөгжиж эхэлж байсан. Үүнээс үүдэн эмэгтэй бөхийг дагаад эмэгтэй шүүгч байж болохгүй юу гэсэн бодол ч төрсөн. Урьд нь 1986 онд Дэлхийн цомд Америкийн тэмцээнд ганц нэг эмэгтэй шүүгч дэвжээн дээр гарч байхыг харж байсан юм. Тэгээд л шүүгчээр ажиллавал ханийгаа бөх рүү ойртуулах юм шиг санагдаад шүүгч болохоор зорьж эхэлсэн дээ. Тийм шийдвэртэй намайг бөхийн мэргэжилтэн, тухайн үеийн шүүгч нар их дэмжсэн.

-Анхны тэмцээн хамгийн дурсамжтай, тод байдаг байх?

      -Анх Сонгинохайрхан дүүргийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээн дээр гарч, анхны эмэгтэйчүүдийн улсын аваргыг дэнсэлж байсан. Тэр тэмцээнээс өмнө ханьтайгаа хоёулаа бөхийн секц, дугуйлан ажиллуулж байхад бөхийн дугуйлан дээр очиж анх барилдаан шүүж үзэж байсан. Гэхдээ анхны том тэмцээн минь яах аргагүй анхны эмэгтэйчүүдийн улсын аварга. Миний нэг онцлог бол анх шүүсэн өдрөөсөө тэмдэглэл хөтөлсөн. Одоо ч миний 27 жил шүүсэн тэмцээний тэмдэглэл бий.

        -Чөлөөт бөхийн шүүгч хийж байхдаа таны баримталдаг гол зарчим юу вэ?

       -Анх намайг шүүгч болоход хань минь “Шүүгч гэдэг бол амаргүй ажил. Тамирчин хүний хөдөлмөрийг шүүгч хүн дэнслэхдээ маш шударгаар дэнслэх ёстой. Тэгэхдээ улаан булан, хөх булангийн бөх гэж хоёр булангаар л харж тэмцээнээ шүүгээрэй. Ингэвэл л чи алдаагүй сайн шүүнэ. Улаан булангийн бөхийн буланд чиний найз сууж байгаа, хөх буланд миний найз сууж байгаа. Тиймээс хэзээ ч буланд сууж байгаа дасгалжуулагчийг битгий харж шүүгээрэй” гэж хэлснийг би хорь гаруй жилийнхээ шүүгчийн ажилд баримталсаар ирсэн. Миний энэ олон жилийн хамгийн нэг номерийн зарчим энэ л байсан. Тиймдээ ч би энэ он жилүүдэд шүүлтдээ бага алдаа гаргасан гэж боддог. Одоо харин залуу үеийн шүүгч нартаа энэ зарчмаа хэлдэг. Зодог тайлах тэмцээн дээрээ  хүртэл би дэвжээнээс бууж ирээд хоёр, гурван шүүгчийнхээ хажууд суугаад энэ зүйлийг ярьж л байсан.

Хэдийгээр миний шүүгчийн ажил дуусаж байгаа ч цаашид бөхийнхөө амьдрал, дасгалжуулагчаараа ажилласаар байх болно. Энэ бол би шүүгчийнхээ зодгийг л тайлж байгаа хэрэг шүү дээ.

-Зодог тайлахдаа би дэвжээгээ үнсээд, “Буян хишгийг чинь их хүртлээ, баярлалаа, баяртай” гэж хэлээд буусан-

-Та ханьтайгаа анх хэрхэн танилцаж байсан бэ?

     -Миний хань Ховд аймгийн Зэрэг сумын хүн. Ховд аймгаас хотод манай хамар хашаанд ирж амардаг байсан. Хань минь хоёр ихэр бөх. Би тэгэхэд арван жилийн сурагч байсан. Тэгээд л анх танилцаж, үерхээд 19 настайдаа  айлд бэр болон орж байлаа. Аав, ээж минь бөх хүнтэй суухад нэг их дургүй байгаагүй. Ээж л харин арай эрт хүний эхнэр болж байна даа гэж хэлж байсан.

-“Ямар сайхан бөх вэ” гэдэг юм уу. Тухайн үед ханийгаа та бөхийнх нь хувьд ямархнаар хардаг байв?

    -Тэр үед хань минь дөнгөж залуучуудын шигшээ багт ирж байсан, залуухан, хорь гаруй настай тамирчин байлаа. Бөхийн хувьд их онцлогтой, дэлхийд гайхагдсан, их хөдөлмөрч, дайчин, шударга хүн. Дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальтай, дэлхийн цомын аварга, Монгол Улсын зургаан удаагийн аварга, олон улсын гранпри тэмцээний олон удаагийн аварга болж байсан. Их шигшээ багийн тамирчин байхдаа 1989 онд спортын гэмтэл авч бэртсэн. Ид иртэй барилдаж байгаа хүн бэртэл авч гэртээ сууна гэдэг сэтгэл зүйн хувьд  тун амаргүй зүйл.

-Дэвжээнээсээ буухад хань нь хамгийн чухал, нандин үгийг хэлсэн байх. Танд ямар сайхан үгийг хэлсэн бэ?

           -Хань минь "Ханиараа их бахархдаг, хязгааргүй их хайртай" гээд телевизэд ярилцлага өгч байсан. Тухайн үед бужигнаад би ч сайн сонсож амжаагүй. Гэртээ ирээд нөхөж үзээд их баярлаж омогшсон. Миний хань ч надаар бахархсан, би ч  ханиараа их бахархсан. Мөн хайртай, охин, хүү хоёртоо их баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна.

-Танд шавь, дасгалжуулагч, шүүгч гээд олон сайхан хамт олон нь талархал илэрхийлж харагдсан?

      -Тэгэлгүй яах вэ. Намайг ямар их хайр, хүндлэлтэй олон хүн тойрон хүрээлдэг юм бэ гэдгийг дэвжээнээс бууж ирээд мэдэрч зогслоо. Монголын Чөлөөт бөхийн холбоо, Монголын үндэсний олимпын холбоо, Азийн бөхийн холбоо, “Алтай констракшн”-ы хамт олондоо баярлалаа. Ханийн минь үед барилдаж байсан, нэг багт байсан бүх тамирчид бүгд ирсэн. Мөн одоо байгаа шигшээ багийн дасгалжуулагч, чөлөөт бөхийн төлөө хүчин зүтгэж байгаа энэ үеийн бүх дасгалжуулагч нар надад хүндэтгэл үзүүллээ. Мөн эмэгтэй бөхчүүд, хамтран зүтгэгч шүүгч нар минь хүндэтгэл үзүүллээ. Ахмад үеийнхэн минь мөн хүндэлж хайрлалаа. Хамгийн гол нь надад зодог тайлахад хамгийн чухал туслалцаа үзүүлсэн  “Prius center”  компанийн хамт олонд баярлалаа. Би болон манай гэр бүлийн хувьд чөлөөт бөхийн спортоос их буян хишгийг хүртсэн учир би ч мөн өөрийнхөө нэрэмжит шагналаар шавь нар болон залуу хойч үеэсээ урамшуулж, ахмад үедээ хүндэтгэл үзүүлсэн.

             Х.Баянмөнх аварга “Ээ дээ хүүхдүүд минь бөхийн олз омог, буян хишгийг ханцуйндаа залбирч хүрт” гэж дандаа хэлдэг байсан. Тэр  үг надад бодогдож байгаа юм.  Эрэгтэй 57 кг нь барилдаж байгаа МУГЖ, Дэлхийн аваргын хошой  хүрэл медальт, Азийн аварга, Дэлхийн залуучуудын аварга Э.Бэхбаяр гэж шавь минь босоо бөх болсон. Шавийнхаа жинг мөн онцолсон. Мөн ханийнхаа насаараа барилдаж байсан жингийнх нь түрүүлсэн бөхийг мөн шагнасан. Мөн эмэгтэй нэг олимпын жинд өөрийнхөө нэрэмжит шагналаа өгсөн. Анхны дэлхийн медальтан эмэгтэй, улсын шүүгч шавьдаа гээд хүндэтгэл үзүүлсэн. Тэгээд намайг хайрладаг бүх л хүн ирж хүндэтгэл үзүүлсэн сайхан мөчүүд байлаа. Түүнээс гадна  Улсын аварга шалгаруулах тэмцээний 92 кг жинд унаган шавь минь болох Б.Нямбаяр шавь минь хүрэл медаль хүртсэн давхар баяр тохиосон.

-Таны цаашдын зорилго, мөрөөдөл юу байна вэ?

          -Цаашид миний төдийгүй бүх спортынхны болон  Монголын зорилго удахгүй болох Парисын олимпоос тамирчид минь медаль хүртэж, аварга төрөх чин хүсэл мөрөөдөл. Монголоос бөх төрөн гарч ирнэ гэдэгт итгэлтэй байгаа.

-Чөлөөт бөхийн шүүгчээр ажилласан он жилээ та  юутай зүйрлэмээр санагдаж байна вэ?

          -Надад нэг тийм зүүд зэрэглээ шиг санагддаг. Би үнэхээр олимп, дэлхийн аваргын дэвжээн дээр гараад шүүж байна гэж үү гээд л хийж байгаа зүйлдээ итгэж ядсан, зүүд шиг цаг хугацаа өнгөрсөн. Дэвжээнээсээ зодог тайлаад буухдаа би “Би бас хөдөлмөр хийсэн хүн юм байна шүү” гэж бодсон. Хоёрдугаарт би анхны эмэгтэй олон улсын шүүгч гэдгээрээ чөлөөт бөхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн. Ингээд бодохоор сайхан. Нөгөө талаар надад бөхөөс өөр юм бодогддоггүй юм. Холоос харахаар зэрэглээн дунд хоёр бөх барилдаад, дунд нь шүүгч байж байгаа юм шиг санагддаг. Зэрэглээг хүртэл бөх гэж хардаг, тэнгэрт байгаа намрын үүл хүртэл хоёр бөх барилдаж байгаа юм шиг харагддаг. Гудамжинд барилдаад, ноцолдоод зогсож байгаа  хүүхэд чөлөөт бөх барилдаж байгаа юм шиг санагдаад, хажуугаар нь дуугүй өнгөрч чаддаггүй. Мөн нэг дуртай зүйл минь  тамирчин хүний хөлстэй хувцас. Хүмүүс хөлс гэхээр ямар муухай юм гэдэг. Би 19 настайгаасаа бөх хүний хөлстэй хувцсыг угаасан, гадаад, дотоодын тэмцээнд явж байхдаа шавь нарынхаа хувцсыг нь мөн угаах дуртай. Хөлстэй хувцас үнэрлээд, угаах надад хамгийн аз жаргалтай байдаг.

-Ярилцсанд баярлалаа.

    -Баярлалаа.


МОНГОЛЫН АНХНЫ ЭМЭГТЭЙ ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ Л.БОЛОРМАА: Зодог тайлахдаа дэвжээнээс буумааргүй, дахиад нэг барилдаан шүүчихмээр санагдаж байсан
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 2
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-18 00:28:23
    Э.Баттүшиг : Эрхэм хүндэт эгчдээ ахдаа урт нас удаан жаргалыг хүсэн ерөөе.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2024-01-17 23:33:44
    Батсүрэн: Мундаг эгчдээ баяр хүргэж,ажил амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө!
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188