• Өнөөдөр 2025-03-07

ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ, БЯРТАЙ БАЙНА

2022-07-10,   973

          Төв аймгаас Улаанбаатар хотыг чиглэн давхиж явтал замын хойд талд хэсэг залуус уулнаас бууж байлаа. Тэд хуурай модыг хугартал, нойтон модыг нумартал тэшүүлсээр хангай шиг цээжиндээ нар өвөртөлсөөр ирж байна уу гэлтэй харагдана. Тиймээс тэднийг хүлээж хэсэг зогслоо. Тэд “Халуун элгэн нутаг” дууг цангинатал дуулсаар ирэх нь тэр. Учир байдлыг тодруулбал Төв аймгийн “Дүнжингарав” дэвжээний бөхчүүд Цэцээ Гүн уулын оройд гараад буцаж буй нь энэ аж. Тус дэвжээг Монголын Улсын начин Б.Бадам-Очир ахлах бөгөөд Баруун дэлгэрийн аманд бэлтгэлээ хангаж буй юм. Түүнчлэн Монгол Улсын арслан Л.Сосорбарам бөхчүүдэд барилдааны арга техникээс зааж, сургаж буй гэнэ. Энэ жилийн хувьд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадам зохион байгуулагдах бөгөөд 1024 бөх зодоглох юм.

-ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ БАЙНА ДАА-

Өглөөний нар мандахтай зэрэгцээд бөхчүүд бэлтгэлдээ орлоо. Өглөөний гүйлт хийж, дэвжээнийхээ тугийг сэвэлзэх салхинд дэрвүүлэн тэнгэрт мандааж, төрийн дууллаа зэрэгцэн зогсоод дуулахад уул хад цуурайтан, өвс ногоо сэрчигнэж байв. Энэхүү дэвжээнээс улсын болон аймгийн цолтой олон хүчтэн төрөн гарсан бөгөөд энэ л бөхчүүдийн адил бэлтгэлээ хангаж байсан биз ээ. Бөхчүүдийг барилдааны зүлэг дээр очиход азарга адуу гол уруудаж, өгсөж давхисаар байхдаа зэрэгцэн нар тэнгэрт хөөрлөө. Ахмад бөхчүүд залуу хойч, үе залгамжлах бөхчүүддээ зааж сургах бөгөөд залуус тун шиг өнгөтэй байв. Ахмад бөхчүүд ч залуусыгаа энэ жилийн төрийн наадам сайн барилдана хэмээн горьдлого тээж буй гэнэ. Энэ талаар Дүнжингарав дэвжээг ахалж буй улсын начин Б.Бадам-Очироос тодрууллаа. Тэрбээр “Энэ жилийн хувьд Дүнжингарав дэвжээний бөхчүүд зургадугаар сарын 18-ны өдрөөс эхлээд бэлтгэлдээ гарсан. Наадам дөхөж байгаа болохоор ачаалалтай бэлтгэл багсаад өглөөний дасгал, өдрийн бэлтгэлээ хийж байна. Цар тахлаас болоод өнгөрсөн жил наадам болоогүй. Манай галын бөхчүүд өглөө 06:00 цагт босож нэг цаг орчмын дасгал хийдэг. Үүнээс гадна манай гал дээр хувь хүний сахилга бат хамгийн чухал. Бэлтгэл хийж буй хугацаандаа ар, гэрээ асуудлыг зохицуулж, ямар нэг зүйлд сатаарахгүй бэлтгэлээ хийхэд чиглэдэг. Мөн эрүүл мэнд, ёс зүйтэй харилцааг эрхэмлэдэг” гэлээ.

Манай гал дээр хувь хүний сахилга бат хамгийн чухал

Эр бие, ид хав тэгширсэн залуус ахмад буурлын сургаал, зааврын дор бэлтгэлээ базаана. Чухам хүү Дархан аварга Жигжидийн Мөнхбат, Дархан аварга Агваансамдангийн Сүхбат, Монгол Улсын аварга Дагвацэрэнгийн Хадбаатар тэргүүтэй Улсын арслан Пэлжидийн Бат-Очир, Лувсанмөрөнгийн Чимэд, Самдангын Оргодол, Лувсанчимэдийн Сосорбарам, Пүрэвийн Дагвасүрэн, Өлзийсайханы Эрдэнэ-Очир нарын бөхчүүд залуу хойч үеэ бэлдсээр иржээ. Түмний цэнгэл баяр наадмын торгон дэвжээнээс ус нутгийнхаа алдрыг дуурсгах хүчтэнүүдийг төрүүлэх өрнүүн үйлсэд олон жил зүтгэж буй Монгол Улсын арслан Лувсанчимэдийн Сосорбарамтай өглөөний бэлтгэлийн үеэр цөөн хэдэн хором ярилцсан юм.

Л.СОСОРБАРАМ: Жудаг гэдэг хүн шиг хүн байхыг хэлээд байгаа юм

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Удахгүй болох улсын баяр наадамд барилдах хүчит бөхчүүдийнхээ бэлтгэлийг хангаж буйг тань хараад өөрийн эрхгүй бахархаж сууна. Жил жилийн наадмыг ийнхүү угтдаг уу?

-Бүх монголчуудаа удахгүй болох үндэсний баяр наадмын мэндийг хүргэж байна. Нас сүүдэр хийдгээр ная гарсан ч жил бүр л Төв аймгийн Дүнжингарав галынхантайгаа Богд уулынхаа Баруун дэлгэрийн аманд ирдэг. Өмнө нь Улсын арслан Ө.Эрдэнэ-Очиртой агсантай хамт галд гардаг байлаа.

Хүмүүжил муутай бөх “Үүдэн шүдээ алдсан чөтгөртэй адил” гэдэг үг бий

-Ахмад хүний хувьд залуу бөхчүүддээ ямар мэх зааж, зөвлөж сургаж байгаа вэ?

         -Мэх зааж сургахаасаа илүүтэй хүмүүжил, ёс жудагтай байхыг зааж байна даа. Ер нь хүмүүжилтэй байвал бөхийн эрдэмд илүү сайн суралцдаг. Хүмүүжилтэй бөх бол аливаа зүйлийг танин мэдэж, тогтоож, сурч, бодож чаддаг. Харин хүмүүжил муутай бөх “үүдэн шүдээ алдсан чөтгөртэй адил” гэдэг үг бий. Би аав, ээжийн сайхан хүүхдүүдийг хүмүүжүүлэх гээд үглэж дуулаад байдаггүй. Ерөнхийдөө ардын уламжлалт ёс заншил, малчин ардынхаа хэв маяг, ёс суртахууны хүмүүжлийг голлон барьдаг. Багш хүний хувьд энэ талаар оюутнуудад олон жил хичээл орсон доо.

Үглэж хэлэхээс илүү үлгэрлэж сургах зүйтэй

-Залуу хойч үеийн бөхчүүддээ мэдсэн сурснаа зааж, сургах сайхан үйл хэрэг. Гэхдээ залуучуудаа хараад өөрийн эд сайхан барилдаж явсан үеэ хэр дурсдаг вэ?

           -Дурсгалгүй яах вэ. Ер нь дурсах юм аа. Барилдааны үед алдаж, онож байснаа, баярлаж, гуниглаж байсан үе өөрийн эрхгүй л дурсагдах юм. Энэ бүгдийгээ залуучууддаа нууж, хаалгүй хэлдэг. Залуучууд маань бидний үеийн бөхчүүд ямар байсныг мэдэж аваг гэж боддог доо. Ер сайн бүгд сургаал, муу бүхэн сургамж шүү дээ.

-Сүүлийн үед бөхийн жудаг алдагдсан гэх мэт яригдах юм аа. Энд бэлтгэлээ хийж буй бөхчүүд жудагтай багш, ах, дүүгээ хүндэтгэж харилцаж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр бөхийн жудаг, ёс суртахууны талаар та яриа дэлгэж болох уу?

           -Миний байнга ярьдаг зүйлийн нэг бол бөхийн жудаг. Монгол хүн, тэр дундаа монгол эр хүн, эр хүн дотроо бөх хүн жудагтай байх ёстой гэж боддог. Энэ талаар сонин хэвлэлээр их ярьсан даа. Жудаг гэдэг хүн шиг хүн байхыг хэлээд байгаа юм. Үүнийг үглэж хэлэхээс илүү үлгэрлэж сургах зүйтэй.

Манай галд жилд 60 гаруй бөх ирж бэлтгэлээ хийдэг. Энэ жилийн хувьд арай цөөхөн бөх ирсэн. Дүнжингарав галаас маань жилд нэгээс хоёр улсын цолтон төрдөг. Энэ жил ч улсын цолтон шинээр төрнө гэж бодож байгаа минь нууц биш. Бөхийн цол тэр дундаа улсын цол авна гэдэг хүн бүхний хийж чадах ажил биш шүү дээ. Тиймээс хувь хүн өөрөө мэрийлттэй, зөв боловсон, ёс жудагтай байх ёстой. Тэгж хэмээнэ амжилт гаргана даа.

Монгол хүн, тэр дундаа монгол эр хүн, эр хүн дотроо бөх хүн жудагтай байх ёстой 

             “Гарьд магнай” киноны Самдан аварга Далайцэрэнд хандан “Нутгийн чинь уулс хамт ирдэг юм даа. Энэ хурсан олныг хараач. Энэ хүмүүс чинь бөх л үзэх гэж ирсэн шүү дээ” хэмээдэг билээ. Үүнтэй агаар нэг зүйл бөхчүүдийн захыг мушгин суудаг гэр бүл, нутаг усны ах дүүс, нутгийн зөвлөл зэрэг бөхийн төлөө чин зүрх сэтгэлээ зориулсан олны дэм туслалцаа амжилтад хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг талаар тус галынхан ярьж байлаа. Тухайлбал бөхчүүдийн өдрийн амралтын үеэр Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгийн зөвлөл, сумын засаг дарга болон иргэдийн хурлын дарга, малчдын төлөөлөл хүрэлцэн ирлээ. Хүрэлцэн ирсэн нутгийн зөвлөлийн хүмүүстэй хамт Дархан аварга Ж.Мөнхбат агсаны төрөл садны хүн ирсэн юм. Үндэсний бөхийн хүчтэнгүүдээ эрхэмлэн, дээдэлсэн нутгийн малчид нэг шар, хоёр хонины мах дайж явуулсныг авч ирсэн байлаа. Мөн бөхчүүдийнхээ бяр тэнхээ, хүч чадал, бэлтгэлийг ажин “Улсын баяр наадамд шинэхэн цолтон төрнө дөө” хэмээн сэтгэл хангалуун ярилцаж байв.

Улсын баяр наадамд шинэхэн цолтон төрнө дөө

 

Тэдний ханагар цээж, уужуу ухаанд эх орны минь бахархал оршиж буй билээ

Уулсын нуга уруудан салхи сэвэлзэж, бөхчүүд уул өөдөө алхаж, зарим нь зодог шудгаа, монгол гудал, малгай гэх мэт хэрэглэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана. Мөн зарим өөр, хоорондоо барилдаж биеэ халааж байлаа. Энэ үеэр улсын заан Б.Батмөнхөөс энэ жилийн бэлтгэлийнх нь талаар тодрууллаа. Тэрбээр “Монголын ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй болох улсын баяр наадам маань өргөн дэлгэр сайхан болж наадамчин олон сэтгэл тэнэгэр байх буй за. Миний бэлтгэл сайн байгаа. Манай галын үндсэн бэлтгэл зургадугаар сарын 18-ны өдрөөс эхэлсэн. Харин миний хувьд зургадугаар сарын 12-оос бэлтгэлдээ орсон. Энэ жилийн хувьд ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам давхар зохион байгуулагдах болсон. Түүнд манай галын бөхчүүд сайн барилдахаар бэлтгэлээ хангаад байна. Би жилийн барилдаанд харамсахааргүй сайхан барилдана гэж бодож байна” гэлээ.

 

Би жилийн барилдаанд харамсахааргүй сайхан барилдана гэж бодож байна

         Халхын зүлэг ногоон дэвжээнээ халтирч гишгэж, халгаж буцаж үзээгүй босоо аваргуудынхаа залгамж халааг авч, Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэн мөргөх Дүнжингарав дэвжээний хүчит бөхчүүдийн асгарсан их бяр тэнхээ нь зодог, шуудгандаа багтамгүй бялхаж, ур ухаан, уран мэх нь ард олныгоо үеийн үед цэнгүүлэн байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

         Бид Дүнжингарав дэвжээний бөхчүүд байрлаж буй Баруун дэлгэрийн амнаас наран жаргах үесэд буцсан бөгөөд хүчит бөхчүүд маань “Халуун элгэн нутаг” дууг дуулсаар үдсэн юм. Тэдний ханагар цээж, уужуу ухаанд эх орны минь бахархал оршиж буй билээ.


ДҮНЖИНГАРАВ ДЭВЖЭЭНИЙ БӨХЧҮҮД ӨНГӨТЭЙ, БЯРТАЙ БАЙНА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188