Монгол Улс 1961 онд бөхийн холбоог үүсгэн байгуулж, 1966 онд Монголын чөлөөт бөхийн холбоо биеэ даасан спортын холбоо болон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. МЧБХ-ны анхны ерөнхийлөгчөөр генерал Б.Жамьян ажиллаж байсан юм. Түүнчлэн Даваасамбуу, Бямбажав, Гүррагчаа, С.Батболд, Т.Бадамжунай, Ч.Ганзориг нарын хүмүүс 2009 он хүртэл удирдан үйл ажиллагааг явуулж ирсэн. Харин 2009 оны гуравдугаар сарын 13-наас эхлэн “Гацуурт” ХХК-ны захирал, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Чинбат тус холбооны ерөнхийлөгчөөр ажилласан. Үүний дараа Д.Дагвадорж ерөнхийлөгчөөр нь ажилласан. Харин тус холбооны одоогийн ерөнхийлөгчөөр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн сонгогдоод буй. Монгол чөлөөт бөхийн холбоо энэ мэтчилэн үеэс үед эрх, мэдэл албан тушаалтай, мөнгөтэй хүмүүсээр удирдуулж ирсэн. Ганц чөлөөт бөх гэлтгүй спортынхон бизнесмен, улс төрчдөөр удирдуулах дуртай байдаг нь ердөө ганцхан учир бий. Дотоодын болон гадаадын тэмцээн уралдаанд ороход зардал мөнгөнөөс эхлээд бодит дэмжлэг хэрэгтэй тул тэд горойхгүй мөнгөтэй, хотойхгүй чинээтэй хүнээр удирдуулах туйлын хүсэлтэй байдаг нь нууц биш. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн улстөрч удирдаагүй л бол хөсөр хаягдах нь тэр. Үндэсний олимпын хороо болон бусад спортын холбоо улстөрчдийн нэрд гарах “гишгүүр” болоод багагүй хугацаа өнгөрч байна. Харин хэдий нь нэрд гарсан улстөрчдийн хувьд аль нэг спортын холбоо нь түүний байр сууриа хадгалах, олон нийтийн анхаарлын төвд байх зэрэг олон хүслийг биелүүлэгч “бэрд” болоод буй. Хүний нүдэнд үзүүлж, гарт бариулах товойж тодрох нэг ч ажилгүй хэр нь амжилтаа өсгөх гол хүч болгон ашигладаг буруу жишгээс болж хэдэн холбоод “дампуурч” дууслаа. Үнэхээр үндэсний бахархал болсон шилдэг тамирчид, шигшээ багийг бэлтгэдэг томоохон байгууллагууд улстөрчдийн халаасанд “уйлж”, тэд ч санаа зовсон зүйлгүй “самарч” дууслаа.
Угтаа бол улстөрчид хэрэгцээ гарах үед нь ашиглахаар халаасандаа хийгээд мартчихдаг холбооны тамга, тэмдгээ тухайн салбарынх нь, залж залруулж, цэцэглэн хөгжүүлж, хүн шиг удирдаад явчих хэн нэгэнд нь өгчихсөн нь зөв юм. Зүв зүгээр байсан спортын холбоо руу улстөрчид, бизнес эрхлэгчид гээд мөнгө, эрх мэдэлтэй хүмүүс шургаад ирэхээр тэнд хэрүүл тэмцэл, бузар булай үйлдэл гарч эхэлдгийг сүүлийн хэдэн жил монголчууд нүдээрээ харлаа. Өөрөөр хэлбэл спортын холбоод тэр чигтээ бусармаг үйлдэл гаргадаг, танхай балмад нөхдүүдийн цугладаг газар болоод байна.
Монголын чөлөөт бөхийн холбоо дүрэм журамтай, өмнө нь дөрвөн жил тутамд хуралдаж, дарга цэргээ сонгодог байсан. Гэвч тус холбоо гэнэт чи, би дээ хүрч эрүүл тэмцэл салахаа болиод байсан цаг саяхан. Жишээлбэл, Монголын чөлөөт бөхийн холбоо 2016 оны арваннэгдүгээр сарын 19-ны өдөр хуралдахаар цугларсан болов ч ерөнхийлөгч нь ирээгүй билээ. Тиймээс хурал нь хурал болж чадаагүй юм. Харин А.Сүхбат аварга Г.Мандахнарангаас бэлгэнд өгсөн азарга адуугаа нэхсэн л гэдэг шуугиан олны дунд тархсан билээ. Энэ талаар ч тухайн үеийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр чөлөөт бөхөд хайртай хүний сэтгэл зовмоор бичлэг, мэдээллүүд ээлж дараалан хөвөрч байсан. Энэ спорт мянга мянган дэмжигчтэй, түүхтэй, түүний төлөө нэг насны амьдралаа зориулсан тамирчидтай, их спортын төрлүүдээс монголчуудын хамгийн их үзэж, дэмжиж ирсэн спорт нэгт зүй ёсоор багтах билээ. Одоо ч тус холбоон доторх зөрчил, талцлаас болж хамгийн муу гэсэн нэр, хоч чөлөөтийнхний энгэрийн тэмдэг болж байгаад Монголын бөх сонирхогчид харамсаж байна. Чөлөөт бөхийн холбоо 2009 оноос хойш дүрэм ёсоор Их хурлаа хуралдуулаагүй, албан ёсоор удирдлагуудаа тодруулаагүй, энэ хугацаанд зөвхөн Их хурлаар хэлэлцэж өөрчлөх ёстой холбооны дүрмэнд өөрчлөлт оруулж, үүсгэн байгуулагчдыг өөрчилдөг болсон юм.
Төрийн ноён нуруу болсон давхар дээлтэй эрхмүүд улстөржиж явахынхаа оронд олимпод явах багийнхандаа ганц удаа аятай, урам зоригийг нь сэргээсэн үг хэлж урам зоригийг нь сэргээх байсан болов уу. Тэгж чадаагүйгээс дасгалжуулагч, тамирчид нь ч бие биеэ ойлгохгүй байсан жишээ олимпын явцад харагдсан. Үүнийг нэг жишээ бол 2016 он Риогийн олимпд Г.Мандахнарангийн барилдааныг буруу шүүсэн гэж заргалдаад байгаа гэх ч дасгалжуулагчид нь өөрсдөө буруутай үйлдлийнхээ төлөө эрхээ хасуулж хариуцлага хүлээсэн тохиолдол гарч байсан. Уг нь бол Монголын чөлөөт бөхийн тамирчид олимпын наадмаас медаль авч эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх цагийг ард түмэн хүлээж байгаа нь үнэн.
Монголын чөлөөт бөхийн холбооны хэрүүл маргаан тамирчдын амжилтаас хойш татаж, чөлөөт бөхийн түүхийг үгүйсгэснээс ялгаагүй болж байна. 2016 оны Рио-гийн олимпоос ганзага хоосон ирсэн чөлөөтийнхөн Токио-2020 наадмаас бас л хоосон ирэх дөхөв. Угтаа бол сүүлийн хэдэн жил холбооны удирдлагыг гартаа авах гэсэн ашиг хонжоо хайгчид тамирчдыг нэг нэгээр нь өмчилж, талцуулж, хагаралдуулж, бэлтгэл сургуулилтыг нь тасалдуулсаар амжилтын буухиаг нь хойш татаад байгаа нь тив дэлхийн томоохон тэмцээн уралдаанаас тодорхой харагдаж байна.
Хэдий сайн тамирчин байлаа ч, бэлтгэл сургуулилалт дулимаг, сэтгэл санаа нь тогтворгүй бол яаж амжилт үзүүлэх нь юу бол. Яг л ийм алдаа чөлөөтийн тамирчдад анзаарагдсаныг спорт сонирхогчид тэр дундаа чөлөөт бөхийн хорхойтнууд нүдээрээ үзэж, халаглаж суусан.
Чөлөөт бөхийн холбооны эрх мэдлийг их аварга Д.Дагвадоржоос л авчихвал болно гээд хэрэлдэж явсан нь саяхан. Хэдий Д.Дагвадорж өнөөдөр тус холбоонд байхгүй ч холбооны хэрүүл маргаан дуусаж, сайжирсан зүйл огт алга. Хүч хөлсөө ургасан олон ч тамирчин медалийн захаас атгаад алдлаа. Чөлөөт бөхийн холбооныхон эрүүл маргаанаа эцэслэж, тамирчдын бэлтгэл, сургуулилтдаа анхаарахгүй бол олон ч тамирчин нулимстай нүдтэй дэлхийн дэвжээнээс буух болоод буй нууц биш. Монголын чөлөөт бөхийн холбоог 2009-оноос “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат удирдаж араас Д.Дагвадорж залгуулсан удирдсан билээ. Энэ хугацаанд эрүүл маргаан үргэлж үүсэж олны хэл амны бай болоод байсан. Л.Чинбат Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүний суудлыг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй булаацалдаж бөхийн өргөөний үүд хаалгыг хүртэл цоожилж байсан удаатай. Үндэсний бөхийн холбоог авах гэж тэмцэлдсэнийхээ дүнд Үндэсний бөхийн нэр хүндийг шороотой хутгаж орхиод аль аль нь сураг тасарсан билээ. Харин хэрүүлийн буухиаг үргэлжлүүлж, цэцэглүүлж буй дараагийн эзнээр нь "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн сонгогдоод байна. Олон жил хэл амны бай болсон МЧБХ-ны хэрүүл маргааныг эцэслэн шийдэж 2024 оны олимпд тамирчид энгэртээ медаль зүүж, эх орныхоо туг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж чадах болов уу. Х.Бадамсүрэн тамирчдынхаа бэлтгэл сургуулилт дээр хэрхэн анхаарч ямар бодлого шийдвэр гаргахыг чөлөөт бөх сонирхогчид хүлээж сууна. Харин тэр чимээгүйхэн зөөлөн сэнтийдээ заларсаар л байна. Ер нь Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчид бодлого шийдвэрээр манлайлахаас илүү хэл ам, хэрүүл тэмцлийг бадраагаад суудлаасаа буудаг. Тиймээс одоо нэгэнт чөлөөтийн тамирчид эрх мэдэл, албан тушаалтай бизнес хөөсөн эрхмүүдээс салах цаг болжээ. Нэг үгээр бол чөдрөөсөө салж байж л чөлөөтийн тамирчид амжилт гаргах болов уу.
ЧӨЛӨӨТ БӨХ ЧӨДРӨӨСӨӨ САЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ |
|
2025-03-09 10:10:40
2025-03-09 09:50:53
2025-03-09 09:33:43
2025-03-09 09:24:57
2025-03-09 08:57:40
2025-03-08 15:12:56
2025-03-08 15:02:02
2025-03-08 14:46:06
2025-03-08 14:29:57
2025-03-08 14:00:00
2025-03-08 13:45:54
2025-03-08 12:47:57
2025-03-08 12:16:27
2025-03-08 10:00:00
2025-03-08 09:51:11
2025-03-08 09:05:56
2025-03-08 07:00:00
2025-03-08 07:00:00
2025-03-08 07:00:00
2025-03-08 07:00:00
2025-03-08 07:00:00
2025-03-08 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |