• Өнөөдөр 2024-03-29

МОНГОЛ КИНОНООС ОНЦЛОХ ЭСРЭГ ДҮР АМИЛУУЛАГЧИД

2023-05-13,   1350

         Ларьдмагийн нөхөр, Канжо, босс, хойд ээж, Лут...гэхээр уншигч танд ямар уран бүтээлчид бууж байна. Тиймээ, нүд, үг яриа, үйл хөдлөлөөрөө жинхэнэ хувиралт болоод дотоод тоглолтыг үзүүлж, харгис хатуу, зэвүүн жихүүцэм, хүйт даам эсрэг дүрийг үзэгчдэд маргаангүй хүргэж чадсан жүжигчдийг онцлохыг зорилоо. Тэд бол эсрэг дүр амилуулагчид.

-ЛАРЬДМАГИЙН НӨХӨР-

            Ж.Сэнгэдорж найруулагчийн бүтээл “Ларьдма” киноны Ларьдмагийн нөхөр Батсуурийн дүрд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Гэрэлсүх ёстой зүрхэнд ортол тоглосныг үзэгчид мэднэ дээ. Хар гэдэг нэгэн төрлийн хортой өвчин болохыг, хартай хүн ямар байдгийг харуулж чадсан. Бидний дунд ч өнөөдөр ийм  болтлоо биенээ тарчилгаж, шаналгаж, зовоодог хүн бий гэдгийг эл дүрээрээ дамжуулан илрүүлсэн. О.Гэрэлсүх гэхээр хамгийн түрүүнд тэр л дүр санаанд бууж, шууд л гал зуухныхаа өрөөнд  эхнэрийнхээ толгойг хүнсний скочоор ороон ухаан алдуулж, ариун цэврийн өрөө болон машины зогсоолын хананд шахаж байгаа харц, биеийн хэлэмж, уруулын хөдөлгөөн, тэвэрч байгаад л үснээс нь татан элэгдэн унагаадаг харгис хэрцгий дүр тодорно. Дүрээрээ тэгж бидний тархи, зүрхэнд үлдсэн байгаа юм. “Ларьдма” кино гарснаас хойш хүмүүс түүнийг үзэн ядаж, гудамжинд явахад нь чулуу хүртэл нүүлгэсэн гэдэг. Тэрбээр “Энд тэнд явж байхад намайг Ларьдмаагийн дүрээр харах нь их. Харангуутаа зугатах, ичих, айх, тааламжгүй харилцах зүйл бий. Ерөөс үзэгчид тухайн жүжигчнийг бүтээсэн дүрээр нь хардаг юм билээ” гэсэн. Үнэхээр мартагдашгүй дүр гэж байдаг. Ийм л мартагдашгүй, ой тооноос арилашгүй дүрүүдийг О.Гэрэлсүх жүжигчин бидэнд үзүүлдэг. “Тютю” киноны Чүлтэм, “Nо Rules” киноных ч мөн ялгаагүй зальхай, муухай, хууран мэхлэгч, зэвүүнээрээ агаар нэг байлаа. Ерөөс аль ч дүрд нь хачин этгээд харц бүлтэгнэж байдаг. Түүний нүд ерөөс юу ч тарьж мэдэх сэжигтэй. О.Гэрэлсүх жүжигчний тоглосон кинонд өнөө айхтар нүд нь учиргүй гүйгээд л эхэлбэл хэрэг бишдэж байгаа нь тэр.

Тэгэхээр харцны тоглолтоороо хэнийг ч дагуулах онцлогтой уран бүтээлч. Тэр харц хайрлаж ч мэднэ, харааж ч магадгүй, үгүй бол устгаж ч мэдэх.

-ӨӨДГҮЙ ӨНӨБОЛД, ЗЭВҮҮН КАНЖО-

            “Ларьдма” киноны Өнөболдын дүр ч тун өөдгүй дээ. Залхуу зальхайн дээр эхнэрээ хууран мэхэлдэг. Тийм яадгаа алдсан дүрийг ир нь ханаж, элдүүрэн зөөлөрсөн их авьяастай С.Ариунбямба л гаргаж чадна. Тэр дүрээрээ зарчимтай, зангарагтай нэгэн байж ч чадна, эсвэл яаж ч мэдэх шийдсэн “гар”, яадгаа алдсан арчаагүй нэгэн ч болж чадна. Ер юунд ч ер бусын хувирах чадвартай, дотортой, бяртай уран бүтээлч. Нэг ёсондоо ямар ч дүрийг гаргах бяр тэнхээ суусан нэгэн. Өнөболдоос гадна түүний бүтээсэн нэгэн зэвүүн дүр бол “Ар хударга” киноны Канжо. Харгис хэрцгий, хүчирхийлэгч Канжог санаж байгаа биз дээ. Бүхнийг хүчээр шийддэг хүн нэг тийм л байдаг гэлтэй. Тэрбээр “Миний хувьд тухайн дүрд ажиллахдаа эхлээд гадна талаас нь их боддог. Дараа нь дүрийнхээ мөн чанарыг дотоод руу гаа оруулж, сэтгэлгээг нь гаргана. Зохиол дээр тухайн дүрийн бусад дүр нь юу гэж ойлгож байна вэ гэдэг их чухал асуудал. Дүрийн эцсийн зорилго юу байна гэж их бодно. Эхлэл, төгсгөлийн цэг хаана байгааг их бодно. Би дүрээ аваад л эскиз зураг гаргадаг. Тэрэндээ дөхүүлж хувирдаг” гэж ярьсан байдаг. Тэгэхээр тэр найруулагчаас эсрэг дүр авсан л бол түүнийгээ тултал, бүр давуулан биелүүлэх авьяас чадвар, нөөцтэй.

Тийм багтаамжтай, дотортой, аниртай, мэдрэмжтэй, цөмтэй нэгэн. Одоо харин бүр нэг хамаг бие арзайлгасан эсрэг дүрийг тэр гаргаасай. Юу ч гарч мэдэх нөөц түүнд л бий.

-“ОРХИДОС” КИНОНЫ ХОЙД ЭЭЖ-

              Түүнтэй зэрэгцэх харгис хэрцгий, хүн чанар, хүнлэг сэтгэлгүй хойд ээжийн дүр одоогоор дэлгэцэд төрөөгүй л байна. Магад тэр хэмжээнд гаргачих нэгэн хараахан гараагүй байх. Ердөө харцаараа л хэдэн хэсэг хэрчих мэт эсгэж, чанга дуугаараа огли харайн бостол нь “ороолгоно”. Энэ дүрийг  Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Г.Отгонцэцэг ёстой тулгасан. Мэдээж хахир хатуу хойд ээж болохоороо нүд үзүүрлэх л байх, гэрийн ажил хийлгэж, гар, хөлийн үзүүрт зарах л байх. Гэхдээ өвлийн тэсгим хүйтэнд гадаа хонуулж, хайруулын төмрөөр нурууг нь хайрна гэж байх уу. Ингэж бичихэд ч , киноны тэр хэсгийг санахад ч айдас төрөм. Ийм л зэвүүн, харгис, ширүүн дориун хойд ээжийн дүрийг монголчуудын зүрхэнд ортол, бүр үзэн ядтал бүтээж чадсан. Үнэхээр дахин давтагдашгүйгээр дүрээ бүтээж “тамгалж” чадна гэдэг л энэ байх. Түүнд одоо ч нэг тийм догшин харц байдаг. Дараа нь “Аюултай харилцаа” кинонд ч харагдаж л байна лээ. Гэр бүлтэй хүнд сэтгэл алдарч, түүнийгээ өөрийн болгохын тулд юу ч хийхэд бэлэн, шийдсэн эмэгтэйн дүр. Эхнэр, хүү хоёрыг нь хөнөөсөн байхад ч яах ч үгүй гэмгүй царай, зориг. Найруулагч Ц. Хүсэлбаатар “Аюултай харилцаа” киноны дүрийг түүнд өгөхдөө “Чи л энэ дүрд тоглоно” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр ч тэр л тоглох дүрүүдэд тэр тоглосон. Мэдээж хойд ээж, нууц амрагийн дүр олон бий. Уран бүтээлч бүр өөр өөрийнхөөрөө л гаргаж байгаа. Харин түүнийх бол ганцхан. Өөртэй нь дүйх дүрийг хэн ч гаргахгүйгээр гүйцээж, эцсийн цэгт нь хатгаж тоглоно гэдэг л түүнийг онцгойруулж, содон байлгаж чадаж байгаа юм.

Монголын урлагт хойд ээжийн дүрийг арилашгүйгээр тамгалж чадсан шүү, Г.Отгонцэцэг ээ. Тэр бол чиний  л гаргах дүр.

-АЛУУРЧИН, ИЖИЛ ХҮЙСТЭН, БОСС, МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ-

             Тиймээ, тэр бол тайз, дэлгэцэд алуурчин, ижил хүйстэн, босс, мафийн толгойлогч, эхнэрээ араар тавигч гээд хамаг л болж бүтэхгүй бүхнийг оройлон тоглодог. Нэг ёсондоо эсрэг дүрийн ёстой төрөл, төрлөөр нь амилуулдаг жүжигчин бол Г.Эрхэмбаяр. Юу ч болоогүй мэт байж байгаад л яаж ч мэдэх “нөхөр”. Гаднаас нь харахад амар тайван, зөөлөн дөлгөөн мөртлөө дотроо юу ч боловсруулж, төлөвлөж мэдэх дүр түүнийх байдаг. “Орхидос-2” киноны хүчирхийлэгч даргын дүрээс түүний эсрэг дүрүүд яригдаж эхэлнэ. Дарамталж, дапаалж, бүлэглэн дээрэмдсэн бүхний толгойлогч, удирдагч нь тэр л байдаг. Дуу аялаж явж байгаад хэн нэгнийг алах тушаал өгөх нь энгийн л зүйл мэт дүрийг тэр үзүүлдэг. Хамгийн сүүлд л гэхэд найруулагч Р.Эрхэмбүрэнгийн “No Rules” киноны мафийн толгойлогч, босс Нарангийн дүрийг гаргасан. Хэт их бардаж, шунаснаасаа болоод гараа тасдуулдаг ч дахиад  томроод гараад ирнэ лээ. Тийм л аюултай дүртэй нэгэн дээ. За тэгээд “Бүтэн амьдрал” киноны Зоригоо байна. Эхнэрээ араар нь тавьж зовоогоод хорт хавдар тустал нь хүнд нөхцөлд хүргэдэг тэр дүрд үзэгчид дургүй. Эсрэг дүр гэхээр зөвхөн алдаг, зодолддог, эсвэл хүчирхийлдэг биш юм. Эхнэрээ араар нь тавьж, хэн нэгнийг хуурч, тухайн дүрээрээ зовоож байгаа нь ч эсрэг дүр. Г.Эрхэмбаярын дүрүүд үүнийг баталж чаддаг.  Түүний гол зарчим нь өөрөөсөө өөр дүрд хувирч, өөрийгөө ямагт сорих гэсэн.

Учир нь өөрөө өрөвч сэтгэлтэй, зөөлөн нэгэн болохоор өөрийгөө л үзүүлээд байвал ур чадварын хувьд ахихгүй учир өөрөөсөө огт өөр нэгнийг үзүүлж, жүжигчнийхээ хувьд өөрийгөө шахаж, дайчлах дуртай байна. Тиймээс ч эсрэг дүрд хүч сорьдог байна.

   -ЗЭВҮҮН ЛУТ-

          Тэр жүжигчин мэргэжлээрээ оройхон гараад ширүүхэн дайрч байгаа уран бүтээлч. Учир нь 2007 онд Кино урлагийн дээд сургуулийг жүжигчин мэргэжлээр төгссөн ч голчлон гэрэлтүүлэгч, гэрлийн найруулагчаар ажиллаж арын албанд байж. Туслах найруулагч, орлон тоглогч гээд арын албанд хийгээгүй зүйл ч байхгүй юм билээ. Харин О.Бат-Өлзий найруулагчийн “Маш нууц-1” киноноос эхлээд л эсрэг дүрийн рингин дээр гараад зогсчихсон. Гарах гарахдаа “Тэнгэрээс буусан од” киноны зэвүүн муухай Лутын дүрээр гарч ирсэн. Энэ дүр ч өрсөлдөгчдөө бут цохисон доо. Хаана байсан эрдэнэ вэ гэдэг шиг л арын албанд даруухан ажлаа хийж явсан залууг Монгол Улсын Гавьяат жүжигчин У.Уранчимэг олж харж, зэвүүн эсрэг дүр оноосон нь ёстой нүд бүлтийлгэж, чих дэлдийлгэсэн зүйл болсон. Түүнээс хойш тэр “Байтаг богд”, “37-р Точка”, “95%”, “Монгол” зэрэг кинонд эсрэг дүр гаргаж, ер нь л нэг болдоггүй “этгээд” гэдгээ харуулаад байгаа. Хүн хайрлагдахгүй болохоор, эргэн тойрны хүмүүс нь хууран мэхлээд байхаар ямар болдгийг түүний дүрүүд хэлж өгдөг, харуулдаг. Цаашид ч олон эсрэг дүрээр тэр гарч ирэх байх. Гэхдээ Лутын дүрээс давах нь хэд бол. Тийм муухай хачиг шиг салдаггүй, хаана ч отож байдаг харц, хүн байна гэхээр одоо ч айдас төрөм.


МОНГОЛ КИНОНООС ОНЦЛОХ ЭСРЭГ ДҮР АМИЛУУЛАГЧИД
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188