• Өнөөдөр 2024-04-20

Өвөө, Цээнээ, нутаг бид дөрөв

2020-12-26,   1505

       Одоогоос 20 гаруй жилийн өмнөх энэ өдөр би хөлөглөсөн нисдэг цагааныхаа “амыг” дийлэлгүй, сундалж явсан дүүтэйгээ цуг цасанд нүүрээрээ харуулдаж, ойччихоод уйлж зогссон байж магадгүй. Тэгээд дүүгээ аргадахын оронд цасаа гөвж, нүүрээ арччихаад хүн ирэхийг хүлээж байсан ч байж мэднэ. Хэсэг зогссоноо уралдсаар ирээд урдхан талд зогссон найзуудаа дагаад унаж, өвдсөнөө мартан тоодойсон дээлтэй түнтгэр дүүгээ хөтлөөд, нисдэг цагаанаа чирсээр уул өөдөө мацсан байх.

      Орос плитканы таг (нисдэг цагаан), гялгар уут, модон чаргаар гулгагчдын сүүлч үеийнхний төлөөлөл нь Цээнээ бид хоёр. Манайх ам бүл зургуулаа ч Цээнээ бид хоёр Баруунхараагийнх. Аав, ээж хоёрыг Баруунхараад нүүдэллэн ирж амьдарсан он жилүүдэд бид хоёр энэ нутагт төрж, хөл, хэлд орсон гэсэн үг. Ухаан суусан үеийн минь хөгтэй хөөртэй, жаргалтай өдөр хоногууд энэ л нутгийн газар шороотой салшгүй холбоотой болохоор дүү бид хоёр дур мэдэн “Баруунхараагийнхаа” гэж өөрсдөдөө нутаг заадаг юм. Уг гарал бол Баянхонгор.

 

          Хүүхэд байхад минь ордог шиг их, зөөлөн, дулаахан цас миний нутагт ороогүй ч байж мэднэ. Гэхдээ миний сэтгэлд яг өдийд өдөр бүр Хараад минь, бүр Будааны энгэрийн зургадугаар гудамжны 21 тоот хашаанд цасан ширхэг будран будран байгаагаар төсөөлдөг билээ. Түлээ зөөж өгөх гэж гарч ирсэн дүү бид хоёр цасаар тоглоод ээжид тус болох манатай. Эсгий гутлынхаа улыг норгочихоод улаа бутарсан амьтад инээлдэж зогсдогсон. Инээлдэж зогсох охидоо хараад ээжийн ч уур хүрэхгүй. “Түлээгээ хурдлаарай” гэж аядуухан хэлчихээд гэр рүүгээ яваад орчихно. Ингэж байтал хажуу айлын Заяа хашаан завсраар уруулаа цорвойлгоод “Манайд тоглох уу, гурвуулаа” гэнэ. Моодгор дээлтэй дүүгээ хөтлөөд, модоо мартаад айл руу гүйчихнэ. Тэдний хашаанаас сумын төв бүхлээрээ харагдана. Тээр цаадах Хараа гол ч ойрхон санагдана. Зуу зуун айлын яндангаас зураас зураас утаа тэнгэрт үүл зурна. Сумын төвийн сургууль, цэцэрлэгээс хэсэг хэсгээрээ хүүхдүүд наашилна, бас цаашилна. Алхан хээгээр ижилсүүлж будсан Хойд энгэрийн айлууд хөтөл даваад үргэлжлээд л байна уу гэлтэй дэндүү олон. Урдхан нь байх сургуулийн хашаа, сургуулийн арын цэцэрлэгийн барилга, ойролцоо харагдах захиргаа, эмнэлэг, тэднийг дулаанаар хангадаг уурын зуух. Өндөр өндөр барилга шиг санагдана. Өвөөтэйгээ явсан ч төөрчихвий гэж эмээнэ. Усан сангийн өндөр байгууламжаас доош дуссан ус хүрхрээ мэт хөлдчихнө. Хичээлээ тарсан хүүхдүүд тэнд харанхуй болтол тоглоно. Олонх нь цүнхэн дээрээ сууж гулгаад, дэвтэр номоо авах юмгүй черниль болгоно. Ах, эгч, аав, ээж нь ирж байж явцгаана. Зарим нь тэрэгтэй ус түрээд гэрээдээ алхана. Сургууль бараадуулж ургуулсан сум шиг тэгшхэн модод цасан дээлээ өмсөөд, сүр бараатай гэж жигтэйхэн. Тэрүүхэндээ төвхнөсөн сумын төвийг тойроод зам дурайна. Сургуулиас Будааны энгэр зүгт зурайх замаар аавын трактор наашлах нь юу юунаас содон. Түлээгээ мартсан моодгор хоёр аав ирж яваа бараанаар гэртээ орно. Өмнөөс минь түлээ  оруулсан өвөө охиноо угтаж, хошуугаа цорвойлгоод “Миний бондгор гараа ийшээ хий” гээд цамцаа сөхдөг сөн. Цалин цасаар өвгөн хийж тоглосон цэв хүйтэн гараа гэдсэнд нь нааж дулаацуулчихаад “Сахал чинь хатгаад байна” гээд үнсүүлэлгүй гүйчихнэ. Төд удалгүй сахлаа чимхүүрдсэн өвөө “Хошуу дууслаа шүү, үнсүүлээрэй” гэж цорвойно. Өвөөдөө үнсүүлээд өвлийн дулаахан шөнө нам унтана.

Түлээ зөөж өгөх гэж гарч ирсэн дүү бид хоёр цасаар тоглоод ээжид тус болох манатай. Эсгий гутлынхаа улыг норгочихоод улаа бутарсан амьтад инээлдэж зогсдогсон. Инээлдэж зогсох охидоо хараад ээжийн ч уур хүрэхгүй

          Саваагүй эрх насныхаа гэгээн өдрүүдийг дурсаж, саяхны өдөр өвөөдөө үнсүүлэлгүй гүйж асан бууцан дээрээ очлоо. Үлгэрийн мэт орон, үргэлж харагддаг дүр зураг сэтгэлд минь л үлджээ. Гэрийн минь буйр эзэнгүй, гэдсэндээ гарыг минь дулаацуулдаг өвөө минь эзгүй, моодгор дээлтэй тоодгор Цээнээ маань ч алга. Хөтлөлцөн гүйж, хамт унаж, цуг цурхирсан дүү минь айлын эзэгтэй болоод алс хол амьдарч байгаа.  Аль эрт нутгаасаа гарсан бидэн хоёр нутгаа санаж байгаа шигээ биенээ үгүйлнэ. Нутгаа биесээ үгүйлж байгаа шигээ санана. Хаа нэгтэй өвөө минь ч бас нутгаа, зээ охидоо санаж байгаа биз ээ.

 

       Заавал найзынхаа хашаанаас олж хардаг асан сумын төв минь буйд гэж жигтэйхэн, жижигхээн суурин харагдана. Зуу зуун айлын тал нь үлджээ. Зөөлөн зөөлөн лавсах цасны ихэнх нь “ирээгүй” байна. Тоодгор дүү, томоогүй  найзтайгаа тоглож байхдаа харсан дүр зураг хумигджээ. Сургууль, цэцэрэг, эмнэлэг гээд сум байгуулагдахад л баригдсан барилгууд гунигтайхан дүнсийх шиг. Манайхыг хот руу шилжсэнээс хойш Засаг даргын Тамгын газрын барилгаас гадна хоёр гурван дэлгүүр  нэмэгдсэн үү, үгүй юү. Бужигнаж асан хүн зон ч эл хуль болжээ. Багынх шиг минь уул уулны өндрөөс чаргаар гулгаж тоглодог хүүхэд, багачууд ч алга. Хүмүүс тэргээр биш машинаар усаа зөөж байна. Тэнд нэг ч хүүхэд тоглож эс харагдана. Сэтгэлд дүүрэн дүүрэн дурсамж л гэрэл зургийн цомог мэт үлджээ. Өвөртөлж өсгөсөн өвөөгөө, өөд уруугүй дагуулсан дүүгээ санагалзах гэж очсон надад төрж, өссөн нутгийн минь хөгжил чамлагдсан нь гунигтай. Зарим сууринг бодвол хөгжлөөс бүр хаягдаж гээгдчихээгүй ч засаж, шинэчилмээр, барьж байгуулмаар зүйл хотын шахуу болсон хүнд бодогдох нь энүүхэнд биз ээ. Хүүхэд насны минь ой тойнд Баруунхараа улс мэтээр зурагдан үлдсэн нутгаа аймгийн дайтай биш ч сумын дайтай хөгжүүлэхсэн гэж бодогдов. Зэргэлдээ орших Зүүнхараа шиг, эсвэл тэртээ холын аль нэг сум шиг. Аймаг бүрт монгол хүн бүхний дурсамж, дурдатгалын эх ундарга болсон дундуурхан хөгжилтэй сумд эздээ хүлээж байгааг мэдрэх шиг болов.

 Бужигнаж асан хүн зон ч эл хуль болжээ. Багынх шиг минь уул уулны өндрөөс чаргаар гулгаж тоглодог хүүхэд, багачууд ч алга

          Тоглохоос бусдад тачигнаж өгдөг жавар гэнэтхэн энгэр заамаар сэрхийхэд тэрүүхэнд өвөөгийнхөө хажууд болжмор аятай суудаг байсан сандалтай толгой харагдав. Тэрүүхэн зуур Цээнээ бид хоёр толгойн орой дээрх сандалд тухлан гаансаа сорох өвөөгөө тойроод гүйж  харагдав. Нэг удаа бид хоёр яг түрүүчийнх шиг гүйлдэж байтал өвөө “Миний Бондгоор зөөлөн гүй, зөөлөн гүй. Удахгүй сургуульд орж, том аниа болох гэж байгаа хүн ингэдэггүй юм” гэснээр би сурагч болох ажилд шамдаж эхэлсэн юм. Тэр үед айлууд гар хөрөөгөөр мод хөрөөддөг байв. Мод сайн хөрөөдөж сурвал онц сурдаг гэсэн өвөөгийн үгэнд итгэсэн би өдөр бүр хоёр гэрийнхээ түлшийг бэлдэлцдэг сэн. Эзэд нь хаашаа ч юм нүүхдээ хашаа, хороогоо байшинтайгаа аваад одсон гудамжнаас мод хөрөөдөж асан өвөл л илүүтэй гардаг танил чимээ сонстох шиг болов. Тэндээсээ би таван настай дүүдээ сургууль үзүүлэхээр хөтлөөд алхаж явсан цастай өдрийг дурсаад их хотын зүг хөдлөв. 

       Өвөр дээр нь өссөн буурал өвөө, өнжин өнжин тоглосон найзууд, өр зүрхийг минь нялхруулж, догдлуулсан дурсамжуудаасаа би өвлийн өдөр хоногуудаа санагалзах илүү дуртай. Миний нутагт л жинхэнэ өвөл болдог доо гэх хүүхдийн гэмээр төсөөлөл минь одоо ч хэвээрээ. Яг өдийд хөвөлзсөн зөөлөн цасан ширхэгүүд сүлдэт Баяны минь отгыг чимж, өндөр Гонирын минь хормойд нэвсийж, хүүхдүүд чаргаа чирээд, дүүгээ хөтлөөд гулгаж тоглохоор гэрээсээ гарч байгаа даа. Өвөө, дүү, нутгаа ив ижилхэн санадаг аа, би.

Өмнөөс минь түлээ  оруулсан өвөө охиноо угтаж, хошуугаа цорвойлгоод “Миний бондгор гараа ийшээ хий” гээд цамцаа сөхдөг сөн. 


Өвөө, Цээнээ, нутаг бид дөрөв
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2020-12-26 06:38:40
    Норовпэрэнлэйн Энхтайванодмаа Монголын Хүүхдийн Зохиолчдын Холбооны тэргүүн, хүүхдийн зохиолч.: Сэтгүүл зүйн салбарт өөрийн мөрөө тод үлдээж яваа нагацийнхаа зээ дүүд баярлалаа. Нагац ах Ёндонгийн Дармаа ах , Бэргэн Цэндсүрэн эгч минь сэтгэл зүрхэнд тодоос тод харагдаж 4-р ангийн сурагч байх үеэсээ сургуулийнхаа амралтаар жил бүр Нагац Дармаа ахындаа очиж хурга, тугалтай хөөцөлдөн гүйж оройн саалийн дараа уншсан номоо сонин болгож ярьдаг байсан балчир жаахан үе минь гэнэт санагдлаа. Нутаг амьтай, өвөө, эмээгийн ачлалтай дүүдээ баярлалаа. Төрсөн нутгаа зураг шиг л дүрсэлж, хайртай нагац ах, бэргэн эгчийг минь санагдуулсанд сэтгэл огшиж уншлаа.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188