• Өнөөдөр 2024-05-18

Хэн нь ч нэгнээ “Хужаа” гэсэнгүй, хэнийх нь ч “нууц бичлэг” задарсангүй буюу вакцин, шагнал хоёрт "дарагдсан" СОНГУУЛЬ

           Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хонолоо. Гэтэл нэг ч “но”-той, ноцтой нууц бичлэг, зураг “задарсангүй”. Ядаж нэг нэгнийгээ “Хятад” ч гэсэнгүй. Сонгууль бүрийн өмнө нэр дэвшигчдийн элдэв нууц бичлэгүүдийг нийтээрээ үзэж, эвлүүлэг мөн, биш гэж талцаж, хуваагдаж суудаг байсан болоод ч тэр үү, нэг л юм үгүйлэгдээд, хоосон оргиод байх шиг. Бас хар “ПР” үзэж, үзэн ядаж, эгдүүцэн зэвүүцэж, цагаан “ПР” үзэж хүндлэн биширч, хөөргөн дэвэргэсээр нэг л мэдэхэд сурталчилгааны хугацааг дуусгадаг байснаа бодвол энэ удаагийн сонгууль уншиж, үзчихээр, бичлэг, бичвэргүй их л уйтгартай, түүхэндээ байгаагүй тайван, ажин түжин сонгууль болж байх шиг. 
 
Тэгвэл хамгийн олон “бичлэг”, “ПР”-тай байснаар нь, бас одоо ч сайн санаж байж болох учраас 2017 өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар юу болж, ямар дуулиан, шуугианууд дэгдэж, ямар бичлэгүүд задарч эргэн саная. 
 

        2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд нэр дэвшигчид нэгнийхээ удам судрыг ухаж, төнхөөд эрлийз, хурлийзаараа ид дуудалцаж  байлаа. Бас хэрхэн баяжсан, хэдэн хэрэг төвөгт нэр холбогдсон, хаана хэчнээн компани, хэдэн данс эзэмшдэг, хэнтэй юу ярьсан, хэний талын, ямар ашиг сонирхолтой хүн бэ гэх зэргийн хар, цагаан “PR”-ууд эцэс төгсгөлгүй мэт л цацагдаж байв. Энэ сонгуультай харьцуулахад бохир ч гэлээ “гал гарсан” өрсөлдөөн өрнөж байсан гэх юм уу. 

 
Тухайлбал, эхлээд М.Энхболдтой холбоотой дуулиануудыг эргэн нь санавал, 
 
      Сурталчилгааны хугацаанд Х.Баттулга, С.Ганбаатар, М.Энхболд нар хамт МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт орох үед нэр дэвшигч М.Энхболдоос “Таныг аядуу тайван хүн гэдэг. Энэ зан тань улс төрд зөөлддөггүй юу” гэж асуусан нь шилдэг “долигонуур” асуултаар тодорч, сонгууль дуустал яригдаж байлаа. МҮОНРТ-ийнхэн эрх баригч МАН-ын талд үйлчилж, Х.Баттулга, С.Ганбаатар хоёроос дайрсан, хурц асуулт асууж, М.Энхболдоос зөөлөн гэхэд хэтэрхий зөөлөн асуулт асуусан гэж АН, МАХН-аас хүчтэй эсэргүүцэж байсан. Тэр үеэс нийтийн дунд “Аядуу зөөлөн зан” гэдэг үг “брэнд” болсон доо. 
 
Удалгүй М.Энхболдын мэтгэлцээнд бэлдэж байх үеийн нууц бичлэг задарсан. Уг бичлэгт түүний штабын нэгэн эмэгтэй М.Энхболдод “Сарандаваад итгэдэг ард түмэнд юу ч гэж хэлсэн яадаг юм бэ, даргаа. Ард түмэн чинь цагаан цаас шүү дээ” гэж хэлж буй нь бичигдсэн байсан нь олон нийтийн зэвүүцэл дургүйцлийг хүргэсэн. Магадгүй, “Ард түмнийг цагаан цаас гэж боддог тойрон хүрээлэгчидтэй хүн Ерөнхийлөгч болоод тусгүй” гэж бодсоных уу, ямартай ч ард түмэнд түүнд итгэл хүлээлгээгүй. Харин “Ард түмэн бол цагаан цаас” гэж хэлсэн эмэгтэй хэн байсан нь одоо ч таамаг хэвээр байдаг. 
 
Түүнчлэн М.Энхболд сонгуулийн туршид “хужаа” нэртэй явсан. “Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөл”-ийн гүйцэтгэх захирал гэх Ш.Түвдэнбалжир нь “М.Энхболдын эмээ Шувуун хөлт нэртэй хятад хүн, ээж нь Це дун гэх хятад эмэгтэй байсан” гэх яриа гаргаж, мөн М.Энхболдын хятад иргэдийг дагуулан сар шинийн баяраар малчин айлд зочилж буй бичлэг ч нэмэр хачир болж цацагдсан. Ингээд түүнийг Монгол хүн мөн, биш гэж сонгууль дуустал талцсан. 
 
Үргэлжлүүлбэл, М.Энхболдын “60 тэрбумын схем”-ийн бичлэг, “Г.Доржзодовын шууд дамжуулалт”-ын бичлэг, Замын цагдаагийн газрын дарга, ЦЕГ-ын дарга асан, Хотын дарга асан, СЕХ-ны удирдлагууд тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг гэртээ урьж, дайлж цайлж буй “Аархал” нэртэй цуврал бичлэг зэргийг дурдаж болох юм. 
 
Харин Х.Баттулгын хувьд “Боловсролгүй”, “Орос эхнэртэй”, “Төмөр замын мөнгө идсэн”, “1,1 тэрбум ам.долларын оффшор хөрөнгөтэй” гэх “ПР”-т даруулсан. Гэхдээ тэр сурталчилгааныхаа бүх агуулга, хэлбэрийг “Монгол ялна” гэх уриа руугаа чиглүүлсний хүчинд ялалт байгуулсан. Бас “Монгол ялна” уриа нь М.Энхболдын эсрэг хамгийн хүчтэй “ПР” болсон гэдэг. 
 
Түүнчлэн С.Ганбаатарын “С.Ганбаатар “МҮҮН”-ний эзэн, БНСУ-ын иргэн Юү Ван Су гэгчээс 50 сая вон авч байгаа нууц бичлэг” гэх бичлэг задарч шуугиан тарьж байв. Буддын болон бөө мөргөл хосолсон шахуу шашинтай ард түмний Төрийн тэргүүн нь харь орны, буруу үзэл сурталтай гэх “МҮҮН”-тэй холбоотой байж хэрхэвч болохгүй гээд л шуурсан. Хэдий түүний эсрэг ийм “ПР” хүчтэй явсан ч тэр төсөөлөмгүй амжилт үзүүлсэн байдаг. 
 
           2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль ингэж дуулиан шуугиантай, өрнөлтэй, өрсөлдөөнтэй, бохир боловч мартагдахааргүй явагдаж байжээ. Харин энэ удаагийн ээлжит сонгуулийн сурталчилгаа цар тахлын эсрэг вакцин, хийсэн бүтээснээ төрд үнэлүүлж буй хүмүүсийн шагналын баяр хоёрыг давах сенсацигүй, хачин ажин түжин өрнөж байна. Нэг ч “бичлэггүй”, нэг ч хар “ПР”-гүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид нэгнээ харлуулъя гэсэн ч чадахааргүй нэр, мөр цэвэр, “ПР”-чид нь асар өндөр ёс суртахуунтай юу гэвэл түүн шиг худал зүйл үгүй байх. Харин үнэхээр эцсийн үр дүн тодорхой, үхэн хатан өрсөлдөөд байх шаардлагагүй сонгууль учраас ийм тайван, алгуур болж байна гэвэл онож магад...  
 

Хэн нь ч нэгнээ “Хужаа” гэсэнгүй, хэнийх нь ч “нууц бичлэг” задарсангүй буюу вакцин, шагнал хоёрт "дарагдсан" СОНГУУЛЬ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-06-01 10:43:22
    Догсом.Буяннэмэх: Урьдчилан тохирцон юм чинь юу гэж бие биенлүүгээ дайрхавдээ . Бүгдл Хүкийн замзасагч болохоос өрсөлдөгчид биш шүү .Хаванцар Доржханд . Өгзөг Одбачр гээдл бүгдийг гүйцэлдүүлсэн сонгуулийн дараа ямар албанд очихийнл харах үлдлээдээ монголчуудаа
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188