Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Токио-2020” зуны олимпын наадамд оролцох баг тамирчдын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Засгийн газрын өнөөдрийн хуралдааны шийдвэрийг танилцууллаа. “Токио-2020” зуны олимп, Паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-нээс 2021 оны есдүгээр сарын 30-ныг хүртэл сард 1.5 төгрөг, цаашид тамирчны цалинг сард 1.2 төгрөг, дасгалжуулагчийн цалинг 1.5 сая төгрөг хүртэл нэмжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ”Засгийн газар баг, тамирчдаа бүхий л талаар анхаарч дэмжинэ. Өнөөдрийн шийдвэр бол сэтгэлийн дэм юм. Та бүхэн минь авъяас чадвар, хурд хүчээ дайчлан өндөр амжилт үзүүлж монгол түмнээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Мөн алтан соёмбот төрийн далбаагаа өндөрт өргөж, олимпийн медальтан олноор төрүүлэхийн ерөөл дэвшүүлээд Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөдөлмөрийн баатар, ардын багш Ч.Насантогтоход төрийн далбаа гардууллаа.
Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох “Манай тамирчид Токиогийн олимпод амжилт гаргах бүрэн бололцоотой. 2008 оны олимпийн амжилтаа бататгах бүрэн итгэлтэй байгаа” гэж хэллээ.
Ерөнхий сайд Токиогийн олимпод оролцох баг тамирчдад амжилт хүсэж, төрийн далбаа гардуулав |
|