Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид сурталчилгаагаа албан ёсоор эхэллээ. Хэдхэн хоногийн дараа бид зургаа дахь Ерөнхийлөгчөө зургаан жилийн хугацаатайгаар сонгох нь.
Нэр дэвшигчид тус бүрдээ хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол “хэн” байх, юу хийх тухайгаа мөрийн хөтөлбөр, уриагаараа дамжуулан илэрхийлж байна. Тэгвэл нэр дэвшигчдийн уриаг задалж үзье.
2017 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд М.Энхболд “ЭВТЭЙ МОНГОЛ ЭЭЛТЭЙ ТӨР”, Х.Баттулга “МОНГОЛ ЯЛНА”, С.Ганбаатар “Өөр гарц байна, бидэнд итгэ” уриатай нэр дэвшиж байлаа. Х.Баттулгын “МОНГОЛ ЯЛНА” уриа бусад нэр дэвшигчдийнхээсээ илүү хүчтэй, өргөн утга агуулгатай, бадрангуй байсан учраас олон нийтэд таалагдаж, олонхийн санал авч, ялалт байгуулахад нь чухал нөлөө үзүүлсэн гэж улс төр судлаачид хэлдэг. Тухайн үедээ бараг л “брэнд” хэллэг болж байв.
Тэгвэл энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид цөм уриандаа “МОНГОЛ” гэх үгийг оролцуулжээ.
Тухайлбал, Монгол ардын намаас нэр дэвшигч У.Хүрэлсүх “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ”, Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ “ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ-АРДЧИЛСАН МОНГОЛ”, Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “МОНГОЛ ЧАДНА-Намын төлөө бус нийт олныхоо төлөө” уриа дэвшүүлсэн байна.
Эндээс цаг үеэ мэдэрсэн, ончтой, агуулга, илэрхийлэмж сайтай нь нэр дэвшигч У.Хүрэлсүхийн “БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” уриа гэж харагдаж, ойлгогдож байна. Тухайлбал, У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаднынханд болон эрх мэдэлтнүүдэд хууль бусаар очсон орд газруудыг төрийн мэдэлд авах ажлыг эхлүүлсэн. Үр дүнд нь “Эрдэнэт” үйлдвэр цар тахлын хүнд үед айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлж байна, “Салхитын мөнгөний орд”-ын үр өгөөжөөр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэсэн. Энэ мэт сайн жишээ хэд хэдийг дурдаж болно. Тэгвэл У.Хүрэлсүх хэрвээ Ерөнхийлөгч болвол “булаагдсан” байгалийн баялагуудыг буцааж төрд авах, үр өгөөжийг нь ард түмэнд ижил тэгш хүртээх ажлаа үргэлжлүүлэх нь ээ гэж түүний урианаас ойлгогдож байна.

Нэр дэвшигч Д.Энхбатын “МОНГОЛ ЧАДНА” урианы хувьд харагдаж, уншигдах байдал нь Х.Баттулгын “МОНГОЛ ЯЛНА” уриаг шууд хуулсан маягтай. Нэр дэвшигч Д.Энхбат уриандаа төдийлөн ач холбогдол өгч, уриагаараа ямар утга санаа илэрхийлэх вэ гэдгээ төдийлөн бодоогүй бололтой юм. Уг нь түүнээс сонгогчид илүү мэдрэмжтэй, “час хийсэн” уриа хүлээж байсан биз.

Харин хамгийн муу буюу цаг үеэ олоогүй, хуучинсаг, хэт улстөржсөн агуулгатай, ард түмэнд төдийлөн хамааралгүй нь нэр дэвшигч С.Эрдэнийн “ДАРАНГУЙЛАЛГҮЙ МОНГОЛ-АРДЧИЛСАН МОНГОЛ” уриа гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл, эв эеийг эрхэмлэх ёстой Ерөнхийлөгчид горилж байгаа хүн “дарангуйлал” гэдэг үг сонгож хэрэглэх нь төдийлөн зохиомжтой биш юм. Ард түмэн дарангуйлалд байгаад байна уу, эсвэл улс төрчид намаасаа болж дарангуйлагдаад байна уу. Ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байгаа эрх чөлөөт улсын иргэд бидэнд одоогоор дарангуйлагдаад байгаа мэдрэмж хараахан алга л байна. Энэ утгаараа “дарангуйллын эсрэг” гэх агуулгатай уриа бодит байдлаас хол, ойлгомжгүй уриа юм л даа. Харин хэрвээ С.Эрдэнэ Ерөнхийлөгч болвол өнөө л АН, МАН гэсэн хэрүүл, талцал хуваагдлаа үргэлжлүүлж, “нэг намын дарангуйлал ноёрхож байна” гэдэг лоозогнолоо ярьсаар байх нь ээ гэж урианаас нь ойлгогдож байна.
НЭР ДЭВШИГЧДИЙН УРИА ЮУ ИЛЭРХИЙЛЭВ |
|