• Өнөөдөр 2025-05-12

Түдгэлзсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, хууль бус сонгууль хийх гэж байна

2021-05-20,   574

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хуралдаанд 59 гишүүн оролцсоноос 51 нь буюу 86.4 хувь нь байнгын хорооны Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй байх саналыг дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өөрчлөлт оруулах хууль хүчин төгөлдөр хэрэгжихээр болсон. 
 
Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ.
 
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: Хоригийг зарчмын хувьд дэмжиж байна. 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан Ерөнхийлөгчийн тухай хуулийн үйлчлэл бүрэн хэрэгжиж байгаагаа эсэхийг Хууль зүйн байнгын хорооноос асуумаар байна. Хориг тавьсан юм чинь хууль хэрэгжиж эхлээгүй гэж ойлгож байгаа. Түдгэлзсэн хуулиар та нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, хууль бус сонгууль хийх гэж байна.
 
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хориг тавихаар хууль түдгэлзэх үү гэж асууж байна. Хуулийн үйлчлэх хугацаа эхлээгүй байх үед хориг тавьсан тохиолдолд түр түдгэлздэг дэгийн зохицуулалттай. Гэхдээ ашиглаж байгаагүй юм билээ. Хууль үйлчилж эхэлснээс хойш хориг тавьсан тохиолдол нэлээд олон бий. Тэр тохиолдолд хуулийн үйлчлэл зогсохгүй. УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль ийм зохицуулалттай. Энэ хүрээнд үзвэл дөрөвдүгээр сарын 29-ны өдөр УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс үйлчилж эхлэхээр баталсан. Ерөнхийлөгч тавдугаар сарын 6-ны өдөр хориг тавьсан. Тиймээс хуулийн үйлчлэл зогсохгүй. Дөрөвдүгээр сарын 30-ны өдөр баталсан хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу СЕХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бүртгэлийн ажлыг зохион байгуулж явуулсан.    
 
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгч аливаа хууль тогтоомж хүчин төгөлдөр болж хэрэгжихээс өмнө хориг тавьдаг. Учир нь тухайн хууль, тогтоомжид алдаа, дутагдал гаргасан бол УИХ-д эргэн харах боломжийг олгох, нөгөө талаас УИХ-ын шийдвэрийг хянаж байгаа үйл явдал. Түүнээс биш хуулийг хэрэгжсэнээс хойш Ерөнхийлөгч хориг тавьдаггүй. Энэ нь Үндсэн хуулийн дээр ч байгаа. УИХ-аар баталсан хуулийг ёсчилж ирүүлснээс хойш Ерөнхийлөгч тав хоногийн дотор хориг тавих хугацаатай. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан аваагүйг хэлэлцсэнээс хойш хууль хүчин төгөлдөр үйлчилдэг. Одоо болоод байгаа үйл явдлыг Ерөнхийлөгчийн сонгуультай холбон тайлбарлаж байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг түргэн шуурхай хэлэлцэхгүй, улстөржсөн. 

Түдгэлзсэн хуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, хууль бус сонгууль хийх гэж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188