Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёр дугаар сарын 02-ны “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хянан хэлэлцсэн юм. Шүүх хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар хоёр талын өмгөөлөгчөөс тодруулаа.
Өмгөөлөгч Д.Буянжаргал: С.Эрдэнийн тамгыг хүчинтэй гэдэг эцсийн шийдвэр гаргаагүй
-Өнөөдөр Ардчилсан намын бүртгэлтэй холбоотой Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал боллоо. Шүүх хурлын талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?
Захиргааны хэрэг үүсээд эхлээд урьдчилсан хэлэлцүүлгийн хурал болдог. Энэ хурлаар талуудын хүсэлтүүдийг хэлэлцдэг. Энэ удаад талууд хоёрдугаар сарын 2-ны хурлын хүсэлт нь Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөөч, нөгөө нь хууль бусаар гаргасан С.Эрдэнийн тамгыг түдгэлзүүлж өгөөч гэсэн байв. Энэ хүсэлтийн аль аль тал нь хангагдсан шийдвэр гарсан. Тодруулбал, 2021 оны хоёрдугаар сарын 2-ны 0955 дугаар анхан шатны шүүхийн захирамж гарсан гэсэн үг.
Ингээд хоёрдугаар сарын 2 хүртэл өнөөдрийг хүртэл С.Эрдэнийн тамга хүчингүй байсан. Энэ хугацаанд С.Эрдэнийн явуулж байсан үйл ажиллагаа хүчингүй байсан гэсэн үг. Тэгэхээр СЕХ-той холбоотой, тэнд бүртгүүлсэн асуудал нь хүчингүй болно.
-Харин өнөөдрийн хуралдаанаар ямар шийдвэр гаргав?
-Өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэнтэй холбоотой, Захиргааны актын биелэлт түдгэлзүүлсэнтэй холбоотой асуудын гомдлыг шийдвэрлэсэн. Ингээд актын биелэлтийн түдгэлзүүлсэнтэй холбоотой асуудал нь өнөөдрийн хурлаар хүчингүй болж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүчингүй болсон.
-Яагаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хүчингүй болов?
-Ц.Туваан даргыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг үндэслэлээр түдгэлзүүлсэн байсан. Тодруулбал, Ц.Туваан даргыг хуурамч тамга хийсэн гэж үзээд байсан юм. Гэхдээ өнөөдөр Ц.Туваан нь хуурамч тамга үйлдсэн гэдэг нь тогтоогдоогүй. Гэмт хэрэг үйлдээгүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй байна гэж үзсэн.
-Гэтэл сая М.Тулгатад байгаа С.Эрдэнийн хуучин тамгыг хүчинтэй гэж тооцсон гээд тайлбар хийж байна. Энэ ямар учиртай вэ?
-Уг нь хуульч, өмгөөлөгч хүн хуулийнхаа хүрээнд тайлбар өгөх ёстой. Өнөөдрийн хурлаар Ардчилсан намын тамга тэмдгийн асуудлыг эцэслэн шийдвэрлэж байгаа хэрэг биш. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа, тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлсэн байсан. Харин өнөөдрийн шийдвэр гарснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэсэн үг.
-Тэгэхээр аль тамга нь хүчинтэй юм бэ?
-С.Эрдэнийн тамга хоёрдугаар сараас хойш хүчингүй байсан. Харин өнөөдрөөс аль тамга нь хүчинтэй вэ гэдгийг дахин шалгана гэсэн үг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа учраас алийг нь хүчинтэй вэ гэдгийг тодорхойлох боломжгүй.
Өмгөөлөгч О.Баасанхүү: С.Эрдэнийн тамга хүчинтэй хэвээр байгаа
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс гаргасан шийдвэрийг талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Ардчилсан намын хууль ёсны төлөөлөгч нь С.Эрдэнэ гэдэг хүн. Төлөөлж байгаа энэ хүн нь намынхаа тамгыг хүчингүй болгох өөрчлөх хууль зүйн эрх нь өөрт нь хадгалагдаж байгаа гэсэн үг. Тиймээс Ц.Туваан тамгыг нь өгөхгүй байгаа учраа үүнийг үргэдүүлсэн гэж тооцоод тамганы дардас олгох хүсэлт өгсөн байдаг. Энэ хүсэлтийн дагуу тамганы дардас аваад хэвийн үргэлжилж байхад нөгөө талынхан анхан шатны шүүхэд гомдол гаргаад УБЕГ-ын бүртгэлийг хүчингүйд тооцож өгөөч гэдэг хүсэлт гаргасан.
Харамсалтайн нь, анхан шатны шүүх Ц.Туваанд Эрүүгийн хэрэг үүсгэж байгаа учраас хэрэг үүсгэх шаардлагагүй, харин УБЕГ-ын бичгийг түдгэлзүүлэх буюу хүчингүйд тооцох шийдвэр гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүхээр хэлэлцсэн юм. Тэгэхээр УБЕГ нь актыг хүчингүй болгох үндэслэлээ шүүх хурлын нотлох баримтад тулгуурлалгүй шийдвэр гаргасан байна. УБЕГ-ын бичгийг хүчинтэйд тооцсугай гэсэн байгаа юм.
-Тэгэхээр С.Эрдэнэ талд байгаа тамга, тэмдэг хүчинтэй юм уу?
-Тийм. УБЕГ чинь төрийн байгууллага. Хараат бус шийдвэрээр тамга гаруулж, ашиглаж байсан гэсэн үг. Нөгөө тал давуу байдал үүссэн юм шиг шийдвэр гаргаж, намын дарга сонгож, сонгуульд нэр дэвшүүлээд байгаа юм. Намын Их хурлаар М.Тулгатыг сонгож, Улсын дээд шүүхэд өгсөн ч зэрэгцээд О.Цогтгэрэлийн нэрийг өргөн барьсан. Тиймээс дээд шүүх маргаантай байна гэж үзээд түр хойшлуулсан байгаа.
ЭСРЭГ, ТЭСРЭГ БАЙР СУУРЬ: С.Эрдэнийн тамга ХҮЧИНТЭЙ, ХҮЧИНГҮЙ |
|