УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан. Өлсгөлөн гурав дахь өдрөө үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбатыг эмнэлгийн байгууллагаас өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөсөн учраас тэрээр өлсгөлөнгөө зогсоож, суулт хэлбэрээр эсэргүүцлээ илэрхийлэхээр болжээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Туваан, А.Адъяасүрэн нарыг өлсгөлөнгөө зогсоохыг эмнэлгийн байгууллагаас зөвлөсөн ч тэд гарах хариуцлагыг өөрсдөө хүлээнэ гэж өлсгөлөнгөө үргэлжлүүлж байгаа аж. Мөн өлсгөлөн зарласан гишүүд СЕХ-нд хүсэлт хүргүүллээ.
Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Энэ зөвхөн сонгох, сонгогдох эрхийн төлөөх тэмцэл биш. Нэг намын нэр барьж хэсэг бүлэг хүмүүс хэт дарангуйлахын эсрэг тэмцэл. СЕХ-нд бид хүсэлт хүргүүлж, хуулийн дагуу ажиллаж байна уу гэдгийг шалгаж байгаа юм. Тавдугаар сарын 5-нд улс төрийн бүх нам Ерөнхийлөгчид нэр дэвшигчийнхээ материалыг хүргүүлсэн. Гэтэл манай намынхны материалыг нээж үзээгүй хэрнээ хүлээж авах боломжгүй гэсэн. Сая бидний материалыг хүлээж авч нягтална гэдгээ мэдэгдлээ. СЕХ-г хуулиа баримталж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангаарай гэдгийг ярилцлаа” гэлээ.
УИХ-ын гишүүн Ц.Туваан “СЕХ-нд хоёр баримт ирсэн. Тодруулбал, УДШ-ээс 2017 оны бүртгэлийг явуулсан. Үүнээс хойш миний бие ч АН-ын даргаар ажиллаж байсан. С.Эрдэнийг бүртгэхээс гурван удаа татгалзсан. Энэ шийдвэрүүдийг огт дурдаагүй байгаа. 2021 оны нэгдүгээр сарын 14-ны Дээд шүүхийн хуралдаанаар нэгдүгээрт, АН-ын Үндсэн дүрмийг бүртгэхээс татгалзсугай гэсэн. Тэгэхээр манай хуучин дүрэм хэвээр гэсэн үг. Мөн миний бие Ц.Тувааныг цахим бүртгэлээс хас сугай гэсэн. Тэгэхээр би даргаар ажиллаж байсан гэсэн.
Гуравдугаарт, С.Эрдэнийг бүртгэхээс татгалзсан. Ингээд Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар улс төрийн намын бүртгэлийг Дээд шүүхийн иргэний танхимын гурван бус, Дээд шүүхийн 25 шүүгчийн хурлаар шийдвэрлэдэг болсон. Ингээд нийт шүүгчийн хуралдаанаар О.Цогтгэрэл, М.Тулгат, С.Эрдэнэ нарыг бүртгэхээс татгалзсан. Гэтэл СЕХ дарга нь Дээд шүүхийн Тамгын газрын үүрэг гүйцэтгэгчийн лавлагаагаар С.Эрдэнийг бүртгээд байгаад тэмцэл эхлүүлсэн. Тамганы асуудал дээр ч тэр. Манай хүчин төгөлдөр тамгыг С.Эрдэнэ хүчингүй болгосон. Бид шүүхэд хандсан байгаа. С.Эрдэнийн тамгыг хоёрдугаар сард нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн захирамжаар тогтоол гаргаж, С.Эрдэнийн тамгын бүртгэлийн шийдвэрийг хүчингүй болгосон болсон. Мөн биднийг өлсгөлөн зарлах үеэрээ юм идсэн уусан гээд харлуулах зүйл байна. Гэхдээ бид 48 цагийн турш нэг бохь ч амандаа хийгээгүй. Бид нойтон өлсгөлөн зарласан учраас буцалсан бүлээн ус ууж байгаа” гэлээ.
Ц.ТУВААН: Бид 48 цагийн турш нэг бохь ч амандаа хийгээгүй |
|