Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороо өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэлээ. Хоёр Дотоод сонгуулийн хороонд нийт найман хүн бүртгүүлсэн. Улсын дээд шүүхийн шийдвэрээр М.Тулгат, О.Цогтгэрэл нарын хэнийг ч намын даргаар албан ёсоор бүртгээгүй учир ийн хоёр хэсэг нэр дэвшигчээ бүртгэчихлээ. Харин хэний нам нь хүчтэй вэ гэдгийг гишүүд дэмжигчид нь шийдэхээр болов бололтой.
О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороонд дөрвөн хүн бүртгүүлээд байгаа. Тодруулбал, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд буй. Харин М.Тулгат даргатай тус намын Дотоод сонгуулийн хороонд УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай, Р.Амаржаргал нар хүсэлтэй өгсөн. Тэдний хүсэлтийг Дотоод сонгуулийн хороо хүлээн авч, нэр дэвших үнэмлэхийг нь гардуулаад байгаа юм.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат

Д.Ганбат нь УИХ-ын ээлжит сонгуулиар Баянхонгор аймагт олонхын санал авч ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Парламентад хоёр дахь удаагаа сонгогдсон туршлагатай гишүүн гэдгээрээ Бүлгийн дарга болсон гэгддэг. Анх түүнийг Бүлгийн даргаар сонгогдоход хэтэрхий сул дорой, Бүлгээ толгойлоод явах хэмжээний чансаа улстөрч биш хэмээн олон нийт шүүмжилж байв. Олны үг ортой гэгчээр Ардчилсан намын бүлэг парламентад хэтэрхий сул, сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадахгүй байгаа харагддаг. Хэрэвзээ сүйхээтэй, овсгоотой улстөрч байсан бол өдийн Бүлгийн гишүүдээ атгасан гар шиг зангидаад, хоёр талцсан намаа эв зүйг нь олж, Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах боломжтой байлаа. Харамсалтай нь, Бүлгийн дарга нь өөрөө тэлээ хурга шиг хоёр талд Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтэй хүргүүлж, олны доог дохуу болж явна. Түүнийг олон нийт “Бидон Ганбат” хэмээн хочлох нь бий. Учир нь тэрбээр 2014 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа тойргийнхоо сонгогчдод өөрийн зурагтай бидон тарааж, хэл амны бай болсон удаатай.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг
Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүний тухайд улс төрд рейтинг өндөртэй яваа улстөрч. Харин тэрбээр Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь, өнгөрсөн УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө намаасаа хөөгдөж, Орхон аймагт бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан. Түүнийг намын дарга С.Эрдэнэ намын дотоод дүрэм зөрчсөн хэмээн намаасаа хөөчихсөн. Ийн О.Цогтгэрэл даргатай АН-д нэр дэвших хүсэлтэй хүргүүлээд байгаа билээ. Өмнө нь түүнийг Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтээ хүргүүлэхэд намын гишүүнчлэлээс хассан учир хүлээж авах боломжгүй хэмээн хүсэлтийг нь буцаасан удаатай. Харин өчигдөр Ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ өгөх үеэрээ тэрбээр “Намайг таван жил намын даргаар ажиллахад манай нам сонгууль бүрд ялалт байгуулж байсан. Тиймээс энэ намаас намайг салгаж ойлгож болохгүй. Х.Баттулгыг Ардын намынхан замаасаа гаргасан учраас би тэдэнтэй үзэлцэнэ” хэмээн мэдэгдсэн билээ.
УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин
.jpg)
Х.Тэмүүжинг УИХ-ын гишүүнээр ажиллаж, Хууль зүй дотоод хэргийн сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч гэдэг ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай өрсөлдөхүйц хүчтэй байж чадах уу гэдэг эргэлзээ бий. Учир нь 2020 оны УИХ-ны ээлжит сонгуульд Төв аймгаас нэр дэвшсэн ч өвдөг шороодсон. Нэг тойргоос олонхын санал авч чадаагүй түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулах нь юу бол гэх эргэлзээ олны дунд үүсээд байгаа юм. Хэрэвзээ намаасаа олонхын санал авч, Ерөнхийлөгчид нэр дэвшихээр бол хамгийн залуу нэр дэвшигчээр тодрох нь. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлсэн намынхаа гишүү д дундаас хамгийн дуулиан багатай хүсэлтээ өгсөн нь Х.Тэмүүжин байв. Олны дунд Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэсэн таамаг өрнөж байсан нь ийн биеллээ олжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар

Олноо “Босоо” хэмээн алдаршсан С.Ганбаатар гуравхан хоногийн өмнө МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж, үүнээсээ цагийн орчмын дараа АН-д элссэн. Тэрбээр Орхон аймгаас “Та бидний эвсэл”-ийг төлөөлөн УИХ-д сонгогдсон юм. Харин МАН, МАХН-ын нэгдэх болсонтой холбоотой ийн намын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа мэдэгдээ байгаа билээ. Энэ талаараа тэрбээр “Би Эрдэнэтчүүдийн төлөөлөхөөр УИХ-д сонгогдсоноос биш МАН-ын 63 суудалтай болгохоор ирээгүй” хэмээн мэдэгдээд байв. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга, М.Энхболд нартай халз өрсөлдөж, чамгүй олон санал авсан түүний тухайд энэ удаагийн сонгуулиар АН-аас нэр дэвших хүсэлтэй хүргүүлээд байгаа юм. Харин түүний энэ үйлдэлд АН-ын хуучин гишүүд дургүй байгаагаа илэрхийлж АН-ын лидер Э.Бат-Үүл цахим орчинд хатуухан шүүмжилсэн удаатай.
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өөрт байсан тамга тэмдгээ М.Тулгатад хүлээлгэж өгчихөөд өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд горилохоор болжээ. Түүнийг АН-ыг хоёр талцуулахад гол нөлөө үзүүлсэн хэмээн намын гишүүд нь ихэд дурамжхан байгаа сурагтай. Учир нь, УИХ-ын ээлжит сонгуулийн дараа намын тамга тэмдгээ дэд дарга Ц.Туваан хүлээлгэж өгөөд дүрмийн дагуу даргын албан тушаалаасаа огцорсон Ингээд орон нутгийн сонгууль өнгөртөл усанд хаясан чулуу шиг байж байгаад нэг л өдөр гэнэт гарч ирээд Ц.Тувааны тамга тэмдгийг хүчингүй болгож, өөрөө тамга тэмдэг шинээр авч “бантанг” нь хутгасан удаатай. Түүний эл үйлдлийг намын гишүүд дэмжигчид нь МАН-тай тохиролцсон, хэрэг наймаалцсан хэмээн хардаж буй. Ямартай ч тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа ийн илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл
.jpg)
Монгол Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч болох том зорилго тээсэн Ц.Оюунгэрэл АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ аль эрт мэдэгдээд байв. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа хүний эрхийн талаар хүчтэй дуугарч, олон ажил хийсэн хэмээн үнэлэгддэг. Түүнчлэн “Жорлонгоо өөрчилье” төсөл нь үр дүнтэй хэрэгжиж олны таашаалд нийцсэн. Гэвч намын гишүүдээсээ олонхын дэмжлэг авч, Ерөнхийлөгчид нэр дэвшиж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Учир нь Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшсэн ч хангалттай олон хүний санал авч чадаагүй. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл залуу үеийн төлөөлөл нэлээд дэмжих хандлага сүүлийн үед ажиглагдаж буй. Гэвч түүнийг олон нийт гадаад нөхөртэй хэмээн шүүмжлэх нь бий.
УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай
.jpg)
УИХ-ын гишүүнээр чамгүй олон жил ажилласан түүнийг тухайд саяхан намын гишүүнчлэлээ сэргээгээд буй. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд “Ард түмнээ хайрлая” намаас нэр дэвшиж, гаднын улсаас сонгуулийн компанит ажлаа явуулсан. Хэдий өөрөө оролцож чадаагүй ч чамгүй олон сонгогчийн санал авч, цөөн хүний тоогоор ялагдал хүлээсэн билээ. Түүний тухайд сүүлийн үед цахим орчинд нэлээд идэвхтэй олны анхааралд байгаа нэгэн. Мөн л Ардчилсан намын даргын сунгаанд хүч үзсэн ч өвдөг шороодоод байгаа юм. Улс төрөөс нэлээд хэдэн жил хөндийрсөн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ илгээгээд байна.
УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал

Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргал Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ цахим орчинд илэрхийлсэн. Тэгвэл өчигдөр тэрбээр М.Тулгат даргатай АН-д нэр дэвших хүсэлтэй хүргүүллээ. Ардчилсан нам УИХ-д олонх болбол түүнийг Ерөнхий сайдаар томилно хэмээн намын дарга асан С.Эрдэнэ мэдэгдэж байв. Эдийн засагч мэргэжилтэй түүний хувь УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд, Ерөнхий сайдын алба хашиж байсан туршлагатай улстөрч юм. Мөн л АН-ын даргын сунгаанд нэр дэвшсэн ч ялагдал хүлээсэн.
АН-аас Ерөнхийлөгчид горилогчдын хэн нь хэн |
|