Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр улс төр, нийгэм, эдийн засаг, соёл урлаг, спортын салбарт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногт нийгэм, улс төрийн хүрээнд дуулиантай үйл явдлууд өрнөлөө. Тухайлбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан ч өмнөх жишгээр Ерөнхийлөгчийн хоригийг парламент хүлээж авсангүй. Түүнчлэн улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэх сонгуулийн кампанит ажлаа эхлүүлэв. Халдварын голомтод ажиллаж байсан сувилагч эмнэлгийн цонхоор унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Мөн Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал улам бүр хүндэрч, олон мянган иргэн цар тахлын улмаас нас барж байна. Эдгээр үйл явдлыг тойлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн хориг ба долоо минутад баталсан хуулийн төсөл
Удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэх маргаан хагас жилд орчим үргэлжиллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Монгол Улсын ерөнхийлөгч зургаан жилээр нэг удаа сонгогддог байх шинэ зохицуулалттай болсон. Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлийг даган гарах Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд энэ заалтыг тодорхой болгох талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй гишүүд гомдол гаргаж, дээрх гомдлыг Үндсэн хуулийн цэцийн бага болон дунд шатны хуралдаанаар хэлэлцсэн.

Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргаж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын олонхын бүлэг Цэцийн дүгнэлтийг хүлээж авснаар Одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч, дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй болсон. Иймд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн УИХ-ын тогтоолд хориг тавиад байсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын чуулганы пүрэв гарагийн хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй хэмээн үзсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоогийн болон өмнөх Ерөнхийлөгчийн дахин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх боломжгүй хэмээх шинэ заалт оруулсан УИХ дахь олонхын бүлэг энэ хуулийн заалтын ердөө долоохон минутын дотор хэлэлцсэн баталсан нь олны анхаарал татаад буй.
Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчид
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар улс төрийн намууд ирэх сарын 2 гэхэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, тавдугаар сарын 5-нд СЕХ-нд бүртгүүлэх юм. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд улс төрийн гурван хүчин өрсөлдөх боломжтой байна. Тодруулбал, “Та бидний эвсэл”-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-аас гарч, Ардчилсан намд элсэж буйгаа мэдэгдсэн. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, ХҮН-ын төлөөлөл өрсөлдөх боломжтой болоод буй.

Өчигдөр Ардчилсан намын дотоод сонгуулийн хороо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ бүртгэсэн. Хоёр намын даргатай тус намынхан өнөөдрийг хүртэл эв зүйгээ олж чадалгүй нэр дэвшигчдээ ч хоёр талд бүртгэлээ. Тус намаас нийт найман гишүүн нэр дэвшихээ албан ёсоор илэрхийлж, Дотоод сонгуулийн хороодод хүсэлтээ хүргүүлсэн юм. Тодруулбал, О.Цогтгэрэл даргатай АН-д УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нар хүсэлтэй өгсөн бол М.Тулгат даргатай Ардчилсан намд УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Ц.Оюунгэрэл, Л.Гүндалай нар хүргүүлсэн. Үүнээс гадна УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат хоёр сонгуулийн хороонд хоёуланд нь хүсэлтээ хүргүүлсэн. Ямартай ч энэ найман нэр дэвшигчийн хэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх вэ гэдгийг гишүүд дэмжигчид нь шийдэж, намын Их хуралд танилцуулах юм.
.jpeg)
Эрх баригч намын тухайд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийг өрсөлдөгчгүйгээр дэвшүүлнэ гэсэн яриатай байгаа. Иймдээ ч тус намынхан аймаг, дүүрэг, сум хорооны намын дарга нарт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн талаар чиглэл хүргүүлжээ. Тодруулбал, эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүнээр Ерөнхий сайд асан У. Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар УИх-ын гишүүн Д.Сарангэрэл, Сү.Батболд Ч.Хүрэлбаатар нарыг нэрлэсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой таван хүнээс хоёр хүний нэрийг албажуулан Удирдах зөвлөлд хүргүүлэх чиглэл өгчээ. Улмаар хамгийн олон санал авсан хоёр хүнийг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, нэр дэвшигчийг зарлахаар болсон байна.
“Зөв хүн электорат эвсэл” буюу ХҮН иргэдийн дунд санал асуулга явуулж, хамгийн олон санал авсан хүнийг нам харгалзахгүй нэр дэвшүүлэхээ мэдэгдээд буй. Тэгвэл санал асуулгаар эдийн засагч Д.Жаргалсайхан, Д.Энхбат, гавьяат эмч Б.Болдсайхан, нийтлэлч Баабар нар олохын санал авсан байна. Тэгвэл эдийн засагч Д.Жаргалсайхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй гэдгээ мэдэгдлээ.
МАН, МАХН нэгдэж, С.Ганбаатар АН-д нэгдэв
Одоогоос арваад жилийн өмнө МАН, МАХН хоёр өрх тусгаарлаж, МАХН-ыг Н.Энхбаяр толгойлох болсон. Үүнээс хойш хоёр намынхан тийм ч сайхан харилцаатай байхгүй юм. Харин 100 жилийнхээ тэмдэглэлт ойн дээр тэд Ерөнхийлөгчийн суудалтай болох санаа зорилгодоо нэгдэв.
“Эх орончдын баяр өдөр”-өөс хойш хоёр нам зөвшилцлийн ажлын хэсэг байгуулснаа намын ахмад гишүүдэд мэдэгдээд байсан ч үүнээс хойш сар гаруйн хугацаанд сураг тасраад байсан юм. Харин өнгөрсөн лхагва гарагт хоёр нам нэгдэж буйгаа албан ёсоор зарласан юм. Үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн С.Ганбаатар МАХН-ын гишүүнчлэлээсээ татгалзаж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр энэ талаараа "Сайнхүү овогтой Ганбаатар миний бие 2017 оны тавдугаар сарын 16-нд МАХН-д элссэн.
Ингээд Монгол Улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу МАХН-ын гишүүнчлэлээс татгалзаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна. Эрх баригчдтай хамтарч тэмцэж, ганцаардаж байхад хань болж байсан МАХН-ын журмын нөхөд удирдлага хамт олондоо сайн сайхныг хүсэж байна. Монголын баялгийг идэж байгаа эрх баригчдтай би нэгдэх боломжгүй учраас ийм шийдвэр гаргаж байна. УИХ дээр Эрдэнэтийн ард түмнийхээ дуу хоолойг хүргэнэ” хэмээсэн юм. Ингээд МАХН-ын гишүүнчлэлээс татгалзсан С.Ганбаатар гишүүн АН-д нэгдсэн юм.
Халдварын голомтод ажиллаж байсан сэтгүүлч амиа алдлаа

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхараас сувилагч эмэгтэй унаж, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ сарын 29-нд гарсан билээ. Хэргийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар "Талийгаач эмэгтэй юуны учир цонхоор унах болов, хэн нэгэн түүнийг цонхоор түлхэж унагасан уу, гаднын нөлөөтэйгөөр бусдын гарт амь насаа алдсан байж болзошгүй юу" хэмээн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ. Мөн цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан эмч, сувилагчдаас гэрчийн мэдүүлэг авсан байна. Талийгаач нь УНТЭ-т коронавирусийн халдвар авсан иргэдийг эмчлэх эмчилгээний багт ажиллаж байхдаа ийн амиа алдсан юм.
ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Ерөнхийлөгчийн хоригтой, МАН, МАХН нэгдэж, намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ сойсон долоо хоног |
|