• Өнөөдөр 2025-05-15

ХАМГИЙН УДААН ЗАСАГЛАСАН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ТҮҮХЭНД ҮЛДЭХ ГАВЬЯА БИЙ ЮУ

2021-04-27,   628

          Ардчилалд шилжсэн цагаас хойш Монгол Улсыг 32 Ерөнхий сайд ээлж дараалан удирдаж байна. Эргээд харвал Монгол Улсын Засгийн газруудын дундаж наслалт 1,5 жил байсан бөгөөд богино боловч засагласан хугацаандаа шинэ тутам арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, дурсагдах гавьяа байгуулж, өвлүүлэх өв үлдээж байжээ. Тэгвэл хамгийн удаан засагласан У.Хүрэлсүхийн Засгийн газар юу хийв, ямар гавьяа байгуулав, монголчуудын ахуй амьдралыг дээшлүүлсэн ямар өв үлдээв гэдгийг эргэн санацгаая. 
        У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар хамгийн удаан засагласан буюу сүүлийн таван жил төрийн жолоог атгасан. Түүх сөхвөл, Д.Бямбасүрэнгийн Засгийн газар өмч хувьчлалыг эхлүүлсэн, П.Жасрайн Засгийн газар хоёрхон жилийн дотор эдийн засгаа гүн хямралаас гаргаж, картын барааг халсан, М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газар эдийн засгийн реформыг ажлыг эхлүүлсэн гээд түүхэн гавьяатай, ард иргэддээ өв үлдээж чадсан байна. Харин хамгийн удаан засагласан У.Хүрэлсүхийн Засгийн газрын байгуулсан гавьяа, үлдээсэн өвийг шүүж үзвэл “илэрц хоосон” байна. Уг нь түүний Засгийн газар “Газрын тос боловсруулах үйлдвэр барина”, “Хөшгийн хөндийд онгоцны буудал ашиглалтад оруулна”, “Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ” гэхчлэн томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг 2017 оноос хойш ярьсан. Гэтэл өнөөдөр эдгээр том бүтээн байгуулалтуудаас нь хугацаандаа ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхэлж, эдийн засгийн үр өгөөжээ өгч эхэлсэн нь алга байна. Хөшгийн хөндийн олон улсын онгоцны буудлыг л гэхэд 2018 онд ашиглалтад оруулна гэж хэдэнтэй  сүр дуулиантай тууз хайчилж байсан боловч нээлт нь жил жилээр хойшилсоор, өнөөдөр бодит ажил хэрэг болж чадаагүй л байна. Энэ мэтээр нүсэр бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байна, ажил хийж байна гэж ард түмний хайрыг татаж, итгэлийг нь өвөртөлсөн МАН-ын дарга, Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхэлсэн ажлаа дуусгалгүй зугтсан хүн болж таарч байна. 
 
          Түүнчлэн, бидний хамгийн сайн мэдэх, хамгийн ойрын нэг жишээ гэвэл Монгол Улсын сүүлийн нэг жил хагасын хугацаанд аюулт цар тахалтай нүүр тулж байна. Гэтэл энэ хүнд цаг үед вакцины захиалга ч бүрэн хийгээгүй, бэлтгэл ажлаа хангаагүй буруугаа нуухын тулд дөнгөж төрсөн эхийг углааш, халадтай нь эмнэлгээс гаргасан асуудалд хариуцлага хүлээж огцрох нэрээр зугтсан хүн нь мөн л МАН-ын дарга У.Хүрэлсүх гэдгийг УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Б.Пүрэвдорж нар чуулган бүр дээр шахуу л хэлж байгаа. 
 

Нөгөөтэйгүүр, хамгийн бодитоор үнэлгээ өгөх ард иргэд ч У.Хүрэлсүхийн засаглах хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээсэн гавьяа, үлдээсэн өвийг санахгүй байгаагаа хэлж буй. Харин олон нийтийн хамгийн тод санаж байгаа зүйл нь Монгол улсын 30, 31 дэх Ерөнхий сайд  У.Хүрэлсүх нь өнгөрсөн хугацаанд хүн загнаж, сүржин мэдэгдэл хийхдээ л гаргууд сайн байжээ. 

 
           Өөрөөр хэлбэл, гар нь биш ам нь хөдөлдөг, эхлүүлсэн ажлаа дуусгадаг биш явц дундаас нь хаядаг, ажил хийж биш, хэвлэлээр, даган баясагчдаараа өөрийгөө магтуулж, ардын хүү гэсэн имижийг бүрдүүлэхийн тулд л У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар ихэнх цагаа  зарцуулжээ. Таван жил гэдэг Монгол улсыг хөгжүүлж, хүнд цаг үеэс гаргаж, эдийн засгаа сэргээж болох хангалттай хугацаа байсан. Харамсалтай нь эргээд харахад түүний Засгийн газраас тэр гэж онцлох, энэ гэж барьж авах ажил үнэндээ хомс байна.  Алдаа оноотой ч гэсэн Д.Бямбасүрэнгийн Засгийн газар шиг өмч хувьчлал эхлүүлж, М.Энхсайханы Засгийн газар шиг эдийн засгийн реформ хийх зэргээр У.Хүрэлсүхийн Засгийн газар түүхэнд бичигдэх ямар гавьяа байгуулсан бэ гэдгийг бодоод нэг үзээрэй. 
 
 

ХАМГИЙН УДААН ЗАСАГЛАСАН У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗАРТ ТҮҮХЭНД ҮЛДЭХ ГАВЬЯА БИЙ ЮУ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-28 00:24:00
    ЗОЧИН: АМААРАА ЯРИХАА АЖИЛ ГЭЭД БОДЧИХСОН, ХУДЛАА СУРТАЛ УХУУЛГА Л ИХ ХИЙЖ ИХ НАЯДААР НЬ УЛСЫН МӨНГИЙГ ЦӨЛМӨСӨН ДӨӨ. ОДОО ЯГ ТЭР ГЭХ ЮМ ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ Ш ДЭЭ.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188