Ардчилсан нам АНУ-ын “DCI group”-тэй Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтран ажиллах гэрээ байгуулсан асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Би Ардчилсан нам, АНУ-ын “DCI group” гэдэг лобби групптэй Ерөнхийлөгчийн сонгуулиар хамтран ажиллах хоёр сарын хугацаатай, 50.000 ам.долларын гэрээ байгуулсан мэдээллийг хараад хувь хүнийхээ хувьд их цочирдсон. Яагаад цочирдсон бэ гэхлээр, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдлаас хойш монголын улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд бичигдээгүй хууль мэт нэг аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь, “Сонгуулийн үеэр хэдүүлээ гадна дотнын туслалцаа, хөрөнгө мөнгө, зөвлөгөө авахаа больё оо. Сонгуулиа өөрсдөө хийж байя аа. Сонгуулийн бусад үед туслалцаа, зөвлөгөө авч болно оо. Сонгуулиа өөрсдөө хийгээд, монголынхоо хувь заяаг монголчуудаараа шийдүүлээд явъя аа” гэдэг тохиролцоо улс төрийн гол гол хүчнүүдийн хооронд байсан. Гэтэл энэ тохиролцоо Ардчилсан намын АНУ-ын компанитай байгуулсан Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 12-ноос зургаадугаар 15-ыг хүртэлх өдрүүдэд хамтран ажиллахаар гэрээгээр эвдэгдэж байна.
Бид аймшигтай бөгөөд аюултай XX зууны түүхийг даван туулсан ард түмэн шүү дээ. Монголчууд бид улс төрийн эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж, муудалцахаараа гаднынхны хүч, дэмжлэг, туслалцааг дулдуйддаг, татаж оролцуулдаг, тэрнээсээ болж улс эх орныхоо тусгаар тогтнолыг алддаг, ахан дүү монголчуудыгаа алж хяддаг XX зууныг туулсан учраас улс төрийн гол гол хүчнүүдийн дунд ийм аман тохиролцоо хийсэн юм. Гэтэл энэ тохиролцоо зөрчигдөж байх шиг байна. Энд их харамсаж байна.
Энэ гэрээ хаанаас, яагаад ил гараад ирэв гэхлээр, АНУ-ын ForeignLobby.com гэдэг веб сайт бий. АНУ-ын гадаадын лобби бүртгэлийн тухай хууль буюу 1938 оноос мөрдөгдөж ирсэн хуулиар АНУ-ын компани гадаадын аль нэг байгууллага, улс төрийн хүчний өмнөөс лобби хийхээр бол заавал бүртгүүлдэг. АНУ-ын Хууль зүйн яамны Үндэсний аюулгүй байдлын газрын сөрөх тагнуулын хэлтэс гадаадын ямар компани, улс төрийн хүчний өмнөөс, ямар лобби хийх гэж байгааг нь гэрээтэй хавсарган бүртгэж авдаг. Энэ хэлтсийн хөтөлдөг веб сайт дээр АН-ын энэ гэрээ гарч ирж байгаа юм.
Би өчигдөр Ц.Туваан гишүүнээс асуухад “Би ийм гэрээнд гарын үсэг зураагүй, манай нам ийм гэрээ байгуулаагүй” гэж байна лээ. Өөр тодорхой хариулт авч чадаагүй. Би Ц.Туваан гишүүнийг худлаа хэлээгүй байх гэж итгэж байна. Гэтэл Ц.Тувааны өмнөөс хэн гарын үсэг зурчхав аа. Америкчууд өөрсдөө АН-ын өмнөөс гарын үсэг зураад, өөрсөдтэйгөө 50.000 ам.долларын гэрээ байгуулчихаагүй байх, нэгдүгээрт.
Хоёрдугаарт, гэрээний зорилго нь ойлгомжгүй байгаа юм. Гэрээн дээрээ юу гэж байна гэхлээр, “Монголын Ардчилсан намын нэрийн өмнөөс монголын ардчилал, тусгаар тогтнолыг дэмжих” гэдэг зорилготой гэж байна. Яг юу хэлээд байгаа нь ойлгомжгүй гэрээ байгаад байгаа юм.
Сошиалаар “Ийм гэрээ байгуулагдсан, байгуулагдаагүй” гээд янз бүрийн мэдээлэл яваад байгаа учраас бид иргэдэд мэдээлэл өглөө. Мөн энэ гэрээний асуудлын учрыг олоход дэмжлэг үзүүлээрэй гэж та бүхнээс дэмжлэг хүсэж байна” гэлээ.
Ц.Мөнх-Оргил: Ардчилсан нам 2008 оны долдугаар сарын 1-нээс хойш мөрдсөн "Гадаадын лобби компаниудтай хамтрахгүй байх" аман тохиролцоог зөрччихлөө |
|