• Өнөөдөр 2025-08-13

Улсын дээд шүүх өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгджээ

2021-04-23,   626

         Өнөөдөр Улсын дээд шүүх Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээж авах боломжгүй байгаагаа мэдэгджээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр 11:00 цагт Улсын дээд шүүхэд биечлэн очиж, эрх баригч МАН-ыг тараах тухай үндэслэлээ танилцуулах товтой байсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн байранд коронавируст халдварын голомт гарч, шүүгч нар цахимаар ажиллаж байгаатай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээж авах боломжгүй буюу шүүгчид цуглах боломжгүй байгаагаа уламжилсан байна. 
 
Энэ тухай Улсын дээд шүүхийн албан мэдэгдлийг хүргэж байна. 
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны  өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд хүрэлцэн ирж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд нь танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгнө гэх асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын дээд шүүхэд хандсаны дагуу Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижиртэй ярилцлаа.
 
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн тул УОК-ын шуурхай штаб, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын заавар, зөвлөмжийн дагуу 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд тус  шүүхийн шүүн таслах болон бусад үйл ажиллагааг хязгаарласан, зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон хугацаанд нь “zoom” технологи ашиглан зайнаас явуулж байгаа хэдий ч Улсын дээд шүүхийн нийт шүүгчид дөрөвдүгээр сарын 23-ны өдөр цуглах боломжгүй талаар тус шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр  Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирт уламжиллаа.
 
Түүнчлэн, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед хяналтын шатны шүүхийн ажиллах түр журам”-д зааснаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Улсын дээд шүүх нь аливаа албан бичиг, гомдол, хүсэлтийг зөвхөн шуудангаар, эсхүл и-мэйл хаягаар хүлээн авахаар тусгайлан зохицуулсан, уг журам хэрэгжиж байгаа болохыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон олон нийтэд дахин мэдэгдэх нь зүйтэй гэж үзэв.
 
Эх сурвалж: Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар

Улсын дээд шүүх өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүлээж авах боломжгүй гэж мэдэгджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188