• Өнөөдөр 2025-05-15

Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авлаа

2021-04-22,   580

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хэлэлцэж буй. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:  Үндсэн хууль тэнгэрийн цааз гэдгийг бидэнд сануулж байна. Үндсэн хуулийн цэг, таслал бүр хууль, бид дагаж мөрдөх үүрэгтэй. Гэтэл өнөөдөр бүхэл бүтэн сонгуультай холбоотой заалтыг тойрч гарах гэж оролдоод бүтэлгүйтлээ. Үндсэн хууль өөрийнхөө хүчийг бидэнд харуулж байгаа учраас Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв. Сонгуулийг хуулийг сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө өөрчилж болохгүй гэдэг нь зөв. УИХ-аар Үндсэн хуульд сонгуультай холботой тусгасан заалтыг Сонгуулийн хуулиараа өөрчлөх гэж оролдоод бүтэлгүйтлээ. Тухайн үед гаргах байсан шийдвэрийг одоо гаргахаас өөр гарцгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид өөрчлөх гэж бүтэлгүйтээд өмнө нөхцөл байдал сэргэлээ. Хүний эрхийн асуудал яригдаж байгаа. Төрийн өндөр албан тушаалтанд шалгуурууд заавал тавигдах ёстой.Хувь, төр гэлтгүй бүх албан тушаалд шаардлага, шалгуур тавигдаж, түүнийг хангасан хүн тухайн албан тушаалд очно.Энэ нь хүний эрхийг зөрчихгүй, харин ч нийцнэ.
 
УИХ-ын гишүүн Т.Доржханд: ХҮН намын залуучуудыг МАН-ын өмнөөс ажиллаад байна гэсэн шүүмжлэл гарах боллоо.Тийм зүйл байхгүй. Бид та нар шиг наймаалцаж үнэт зүйлээ худалдахгүй. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр хайр сэтгэлтэй байсан тэр үед бид энэ асуудлыг бид хөндөж байсан шүү. Оны өмнө Ерөнхиийлөгчийн сонгуулийн хуулийг батлахдаа зориуд орхигдуулсан нь парламентын алдаа, МАН-ын алдаа.  Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж хуульчилсан атал сүүлийн өгүүлбэрийг нь орхигдуулчихсан. Яагаад та нар өмнө нь Ерөнхийлөгч байсан таван хүний асуудлыг урдаа тавиад байгаа юм бэ. Энэ асуудлыг чинь ХҮН гаргаж ирсэн шүү. Өнөөдөр улсын эрх ашгаас намын эрх ашиг чухал юм уу. Улсын эрх ашиг чухал үед АН, МАН, чөтгөр байсан ч бид нэгдэнэ. АН-ынхан та нарт Х.Баттулгаас өөр зоригтой чадалтай хүн алга уу, байхгүй бол манай намын нэр дэвшигчийг дэмж.
 
Ийн гишүүд асуулт асууж үг хэлж дууссны дараа Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авах эсэхээр санал хураалт явуулахаар болов. Харин АН-ын бүлгийн дарга Д.Ганбат тав хоногийн завсарлага авах санал гаргасан ч УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн 16:00 цаг хүртэл завсарлага өглөө. 

 


Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх үеэр АН-ын бүлэг 16:00 цаг хүртэл завсарлага авлаа
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188