• Өнөөдөр 2025-05-15

Д.ГАНХУЯГ: Монгол Улсад хүний эрх ноцтой зөрчигдөж, ардчиллыг үгүйсгэж, Үндсэн хуулийн хямрал нүүрлэх аюул ойртож байна

2021-04-22,   1721

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн холбогдох заалттай холбогдсон маргаан сүүлийн нэг бүтэн жил хагасын хугацаанд үргэлжилж байна.
 
Тэр нь Үндсэн хуулийн ”Үндсэн хууль гэх” "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэсэн заалт юм.
Хууль зүйн талаас нь авч үзвэл энэ заалтын үг бүр адилхан үйлчлэлтэйгээр хэрэгжих учиртай. Цаасан дээр бичсэн өгүүлбэрийн үг бүр адилхан үйлчилгээтэй байх зүй тогтолтой бөгөөд үүнийг иргэдээ намын гишүүн, гишүүн бусаар ангилдаг шигээ алагчлах боломжгүй юм.
 
Гэтэл Үндсэн хуулийн Цэц нь” ҮХЦ гэх” дээрх өгүүлбэрийн “... зөвхөн нэг удаа...” гэсэн нийлмэл өгүүлбэрийн нэг мөрийг тасдаж аваад, монгол хэлний дүрмээр бол “....зургаан жилээр....” гэсэн хавсралт нэр буюу тодотголыг нь ор тас хаяад ( өгүүлбэрийн тодотголыг хасна гэдэг нь цагаан өнгөтэй зүйлийг хар өнгөтэй байна гэж мэлзсэнтэй адилхан ) улс төрийн захиалгаар ард түмнээс шудрага сонгуулиар сонгогдож бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвших эрх, ард түмний сонгох сонгогдох эрх, түүнчлэн Монгол Улсын тусгаар тогтнол, ардчилал,аюулгүй байдал,ард түмний төрд сонгосон төлөөлөлөөрөө дамжуулан төрийн эрхийг барилцах баталгаа болсон Монгол улсын Үндсэн хуульд ноцтойгоор балмадаар халдаж Үндсэн хууль  зөрчлөө. Одоо улстөрийн захиалга өгсөн эрх баригч МАН-ын улстөрчид ҮХЦ-ийн Үүндсэн хуулийг балмадаар зөрчин байж гаргасан шийдвэрийг олонхиороо хүч түрэн баталгаажуулахаар УИХ-н бүтцээр хэлэлцэж эхэллээ.
 
ҮХЦ-н Үндсэн хуулийг балмадаар зөрчиж гаргасан энэ шийдвэр нь Улстөрийн захиалга байсныг олон түмэн бүгд ойлгосон байна.
Тодруулбал дээрх асуудлаар илт эрх баригч намын талыг баримтлагч улс төрийн намын нэг гишүүн ҮХЦ-эд хандаж уг асуудлыг ҮХЦ-н бага суудлын хуралдаанаар хянан үзээд маргаан үүсгэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан ч уг шийдвэрт эрх баригч МАН-аас УИХ-д хоёр ч удаа сонгогдож байсан ҮХЦ-ийн нэг гишүүн нь гарын үсэг зурахгүй зугтсан гэх.
Энэ хооронд УИХ-ын олонхи ҮХЦ-н бүрэн эрхийн хугацаа дууссан хоёр гишүүний нэгийг нь сугалан авч үлдээд, нөгөө дээрх шийдвэрийг гаргахад оролцсон гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгож, орных нь гишүүнийг эрх баригч намаас нэр дэвшүүлэн томилж,энэ шинэ гишүүн нь дээрх асуудлаар ҮХЦ-н дунд суудлын хуралдаанд оролцож ҮХ-г балмадаар зөрчсөн шийдвэрийг гаргалцав.
 
ҮХЦ яагаад доод суудлын хуралдаанаар маргаан үүсгэх шаардлагагүй гэж шийдвэрлэсэн шийдвэрийг хуульд заасан дэгийн журмаа зөрчиж дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэв. Дээрх тайлбараас ҮХЦ улс төрийн захиалгаар ажиллаж Үндсэн хуулийг балмадаар ноцтой зөрчсөн нь тодорхой байна.
 
ҮХЦ-н энэ шийдвэр нь ухамсар, ёс зүй, тэгш байдал, хуульт ёсыг тэр чигээр нь дэвсэлсэн урьд өмнө байгаагүй шийдвэр тул ҮХЦ-н дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдийг огцортол ҮХЦ-н аливаа үйл ажиллагаа явуулахыг зогсоох шаардлагатай болжээ.

ҮХЦ-ийн хууль зөрчсөн балмад шийдвэр нь Нэгдүгээрт, МАН-ын удирдлага тодруулбал дарга У.Хүрэлсүхийн сулхан өрсөлдөгчтэй, эсхүл өрсөлдөгчгүй, Ерөнхийлөгчөөр сонгогдох гэсэн бусармаг аймхай шийдвэртэй шууд холбоотой хэмээн хэвлэлээр бичсээр ярьсаар байна.Эсхүл одоо УИХ-с “Ардчилсан Монгол Улс буцаж нэг намын тогтолцоотой коммунист орон болсноо зарлаж, хуучин шигээ МАН-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар сонго" гэсэн "Хэвлэмэл маягт"-ыг айл бүрт тараах тул сонгуулийн өдөр бүх сум, дүүрэг баяр хийгээд тэр маягтыг бөглүүлж хайрцаганд хийлгэхийг даалгасугай” гээд мэдэгдсэн нь дээр ч юмуу....

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Х.Баттулга байгалийн баялагийн шудрага бус болон хууль бус хувиарлалттай тууштай тэмцэхээ зарласнаас хойш, энэхүү улс төрийн дэмжлэгийг ойлгосон хууль хяналтын байгууллага зоригтой ажиллаж тодорхой үр дүн гарч эхэлсэнд нийт иргэдийн дийлэнх олонхи нь талархан хүлээн авч,дэмжсээр байгаа билээ.
 
Гэвч социализмын үед улсын хөрөнгөөр хайгууль нөөц тогтоосон орд болон стратегийн ордын өрмийг нь хамсан, бүхлээр нь дээрэмдсэн, түүнчлэн төрийн өмчит стратегийн орд ( Эрдэнэт, Таван толгой “ТТ гэх”, Борооголд, Шивээ овоо, Оюутолгой” ОТгэх” гм 15 ордын орлого ашгаас төрийн өндөр албан тушаалаа урвуулан ашиглах замаар хулгайгаар зувчуулан, тэр хууль бус хөрөнгөө хил давуулан энд нуугчид, эсхүл бусдад ийм боломжийг олгогчид, тэдний хууль бус орлогоос хүртэгсэд зэрэг этгээдүүд, энэ этгээдүүдээс харамсалтай ч хуулийн хариуцлага хүлээсэн зарим хүн, тэдэнтэй хамаарал бүхий хүмүүс, өөр гэмт хэргээр холбогдсон нам дамжсан этгээдүүд, энэ этгээдүүдийг нэгтгэсэн нам дамжсан улс төр эдийн засгийн бүлэглэлүүд Ерөнхийлөгч Х.Баттулгыг байгалийн баялагийн хувиарлалтыг хуулийн дагуу шудрага явуулах санаачлага гаргаж идэвхтэй зүтгэснийх нь төлөө олон нийтийн цахим сүлжээгээр өсөрхөн доромжилж, Үндсэн хуульд балмадаар халдан, зөрчиж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй болгохыг улайраад зогсохгүй, нэр дэвших намыг нь хөндлөнгөөс оролцон хувааж түүгээр ч дуусахгүй өөрийг нь тасчин хаяхад бэлэн болсон гэдэг нь тодорхой болж бна гэж үзэж байна.
Баялагийн шудрага бус болон хууль бус хувиарлалтын талаар хоёрхон жишээ дурьдяа.
Улсын төсвийн хөрөнгөөр хайгууль хийж нөөц тогтоосон Тавантолгойн бүлэг ордыг хэрхэн тасдан хувааж үнэ төлбөргүйгээр хувьд шилжүүлснийг олон түмэн мэдэж байгаа. Ингэж хуваасныхаа дараа хоёр ч удаа бүлэглэлүүд Таван толгойн ордыг бүхлээр нь 60 жилээр эзэмшихээр довтолсон гэдэг. Таван толгойн ордыг зөвхөн коксжих нүүрснийх нь нөөцөөс тооцоход 330 тэрбум ам.долларын үнэ цэнэтэй гэдэг.

Оюутолгой төсөл хэрэгжиж эхлээд 11 жил нь болж байна. Энэ төслийн өнөөгийн үр дүнд Монгол Улсын Засгийн газрын авсан тооцогдох үндсэн зээл, зээлийн хүү нийлээд 2.5 тэрбум орчим ам.долларын өртэй болсон байна. Анхны ТЭЗҮ-д зааснаар 2021 оноос Монгол Улсын Засгийн газар  ногдол ашиг авч эхлэхээр байсан бол төслийн хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн, энэ зардлын хэтрэлтийг Монголын тал хоёр удаа ( Хамтарсан ЗГ-н үед 2015 оны Дубайн гэрээгээр 2039 он болж 18 жилээр хойшилсон байдаг) хүлээн зөвшөөрснөөр 2051 онд буюу одоогоос 30 жилийн дараа ногдол ашигаа авч эхлэхээр болсон гэж мэдээлсэн.

2051 онд Монгол Улсын Засгийн газрын зээлийн өр 22.4 тэрбум ам.доллар болох тооцоо гарсан гэх. Энэ үед Оюутолгойн ордын нөөц бараг дууссана гэсэн тооцоо байдаг. Ногдол ашиг авах хугацаа нэг жилээр хойшлоход Монгол Улсын Засгийн газрын зээлийн хүүгийн өр ойролцогоор 81.6 сая ам.доллар ( анхны хөрөнгө оруулалтын зардал дөрвөн тэрбум ам.доллар, үүний 60 хувийг буюу 2.4тэрбум ам.долларыг Оюутолгой компанийн дүрмийн санг бүрдүүлэхэд хоёр талын Хувь нийлүүлэгчид гаргах, тодруулбал 2.4 тэрбум ам долларын 1.584 тэрбум ам.долларыг Оюутолгой компанид 66 хувийг эзэмшигч ххөрөнгө оруулагч талууд гаргах, 816 сая ам.долларыг Оюутолгой компанид 34 хувь эзэмшигч Монгол Улсын Засгийн газар гаргах, энэ хөрөнгийг ойролцоогоор жилийн 10хувийн  хүүтэйгээр хөрөнгө оруулагч талаас зээлэх, харин баялагаа ашиглуулж, компанийн гүйцэтгэх удирдлагад оролцоогүй Монгол Улсын Засгийн газрар энэ төслийн нэмэлт санхүүжилт болон эрсдэлд ямар нэг хариуцлага хүлээж, эрсдэл үүрэхгүй байхаар тохирсон байдаг)-оор нэмэгддэг.
 
Энэ 11 жилийн хугацаанд хөрөнгө оруулагч тал нь менежментийн төлбөрөөс нэг тэрбум гаруй ам.долларын орлого, Монгол Улсын Засгийн газраас төлсөн зээлийн хүүгээс 2.5 тэрбум ам.доллар нийт 3.5 тэрбум орчим ам.долларын цэвэр орлого олжээ.
 
Түүнээс гадна ТЭЗҮ-д заасан өрөнгө оруулагчийн зардлыг долоон тэрбум ам.доллар ( ил уурхайн бүтээн байгуулалтын зардлыг гурван тэрбум ам.доллараар, далд уурхайн уг зардлыг хоёр тэрбум ам.доллараар)-оор хэтрүүлж, энэ зардлын хэтрэлтийг тухайн үеийн Монгол Улсын Засгийн газрын, Оюутолгой компанийн Монголын талын ТУЗГишүүд үг дуугүй хүлээн зөвшөөрч ирсэн гэхэд хилсдэхгүй.
 
Зардлыг өсгөх замаар ашиг хийх загварын ХОГэрээ 2009 онд С.Баярын Засгийн газрыг байгуулж, Хөрөнгө оруулалтын зардал хоёр удаа 75-48 хувиар хэтэрч, энэхүү зардлын хэтрэлтийг 2010-2012 оны Сү.Батболдын Засгийн газар (Сангийн сайд С.Баярцогт, ЗГХЭГазрын дарга Ч. Хүрэлбаатар), 2017-2020 оны У.Хүрэлсүхийн Засгийн газар ( Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, ЗГХЭГазрын дарга Л.Оюунэрдэнэ)-ууд хүлээн зөвшөөрч,тухайн үеийн Оюу толгой компанийн  Монголын талын ТУЗГишүүд ийнхүү зардал их хэмжээгээр хэтэрч байхад амаа үдүүлчихсэн юм шиг юу ч дуугардаггүй нь анхаарал татсан асуудал юм. Дашрамд хэлэхэд энэ төслийг зогсоох зорилготой иргэн Монггол Улсад бараг байхгүй гэж бодож байна.
 
Одоо Оюу толгойн төслийн талаар хэлэлцээр явагдаж байгаа энэ түүхэн хариуцлагатай үед ҮАБЗ хуралдаж чадахаа байсныг юу гэж ч ойлгох ёстой вэ?
 

Анхны хөрөнгө оруулалтын зардал гурван тэрбум орчим ам.доллараар хэтэрсэн 2012 онд Австрали улсын өдөр дутмын сонинд Оюутолгойн гэрээг байгуулахын тулд Монголын эрх баригчид нэг тэрбум ам.доллартай тэнцэх авилгал өгсөн гэсэн мэдээлэл гарсан, Айванхоу майнз ХК-н эзэн Фрийдланд Оюутолгойн гэрээг УИХ-р хэлэлцэхэд дэмжсэн 40 гаруй УИХ гишүүдэд уг гэрээг байгуулахад оролцсон Засгийн газрын гишүүдээр зуучлуулан 10 гаруй сая ам.доллароор 2012 оны УИХ-н сонгуульд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэх зэрэг үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ хэвлэлээр гарч байсан...Хэрэв энэ үнэн бол тэр үеийн УИХ-н гишүүд дотроос эх орон, өрөнд дарагдсан орны ядарсан ард түмэн,хойч үеэ бодсон зоригтой аавын хүү үүнийг илчилж болдоггүй юм байхдаа...

 
Монгол улсын 3.3 сая иргэнийн өмч болох Байгалийн баялагийн шудрага бус болон хууль бус хувиарлалтын эсрэг тэмцсэнийх нь төлөө одоогийн ерөнхийлөгчийг нэр дэвшүүлэхгүй...төрийн индэр дээрээс хирээ мэдээрэй гэж заналхийлэх,энэ сонгуульд нэр дэвших эрхгүй болгоно... зөвлөхөд нь танай Баттулга буруу хүнээр оролдсон тул нэр дэвших боломжгүй болсон гэж утсаар дарамталсан гэх зэрэг мэдээлэл хэвлэлээр гарах болсон нь дээр дурьдсан нам дамжсан улс төр эдийн засгийн гэмт бүлэглэлийн илт оролцоотойгоор ҮХ-ийг үл ойшоох замаар Х. Баттулгыг энэ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй болгох гэж байгаа нь нотлогдож байна.
Х.Баттулгыг нэг хэсэг нь үндэсний эв нэгдлийг хангаагүй, ард түмний талцуулан хувааж байна гэж шүүмжлэх, гүтгэх явдал гарсаар байна. Гэвч саруул ухаанаар бодоход хуульт ёс, шудрага ёс тогтоогүй аливаа байгууллага, эсхүл улс оронд жинхэнэ утгаараа эв нэгдэл оршино гэж байх уу.
Төр, засгаас явуулж ирсэн бодлого,арга хэмжээний үндсэн хэсэг нь байгаа онодоггүй, улмаар Байгалийн баялагийн болон баялагийн дахин хувиарлалт( улсын төсвийг бүрдүүлдэг татвар төлөгчдийн хөрөнгө) нь шудрага бус, оновчгүй, хүртээмжгүй, үр өгөөж муутай байгаагаас баян хоосны ялгаа эрс нэмэгдэж, төрөөс олигархиуд олноор төрж, улсын төсвийн үр өгөөжөөр олон улсын хэмжээнд сүүл мушгих болж, авилгалын үзүүлэлт муудаж, гурван иргэний нэгээс илүү нь ядуу амьдрах болсон нь худлаа гэжүү...

Эндээс Үндэсний эв нэгдэлийг бэхжүүлэх болон элдэв хагарал тэмцэлийг багасгахад шудрага ёсыг тогтоох,хуулийн засаглалыг хөгжүүлж сайжруулах,технологийн дэвшлийг ашиглаж данхар төрийг ухаалаг авсаархан болгох, баялагийн шудрага хувиарлалтыг явуулж дундаж орлоготой иргэд нь нийт иргэдийн дийлэнх олонх нь болсон чинээлэг иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх зэрэг зорилго нь төр, засаг, эрх баригчид, тангараг өргөсөн төрийн түшээдийн зүгээс нэн яаралтай хэрэгжүүлэх үндсэн ажил хэрэг баймаар бөгөөд, эдгээр ажлын шийдэл Та бүхнийг хүлээсээр байнаа...

 
Дээрх тайлбаруудаас дүгнэж намын харьяалал харгалзахгүйгээр  элэг нэгт нийт иргэд та бүхэнд ардчилсан Монгол Улсад хүний үндсэн эрх, эрх чөлөө( сонгох, сонгогдох, сонгосон төлөөлөлөөрөө дамжуулж төрөө барилцах, тэдэнд хяналт тавих, шаардлагатай бол эргүүлж татах зэрэг) хумигдаж, Ардчилал үгүйсгэгдэж Үндсэн хуулийн хямрал луу ойртож байгаа байж магадгүй тул өвөг дээдэс, аав ээжийнхээ халуун амь бүлээн цусаа хайрлалгүй тэмцэн, өдөр шөнөгүй зүтгэн байж өнөөгийн бидэнд бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн эх орныхоо тусгаар тогтнол аюулгүй байдал, Үндсэн Хуульт ёсыг эрхэмлэн дээдэлж, хойч үеийнхээ ирээдүйг бодон өнөөгийн үүсээд байгаа нөхцөл байдалд шударгаар,шинжлэх ухааны үндэслэлтэй тун нухацтай хандахыг хичээнгүйлэн захих байна.
 
ҮХЦ-ийн гишүүдэд ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчтэй холбогдсон Үүндсэн хуульд заасан шалгуур үзүүлэлт болох "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно" гэсэн ганц нийлмэл өгүүлбэрийн үг бүр нь хууль зүйн хувьд адилхан үйлчилгээтэй байх бөгөөд, хэлзүйн хувьд энэ өгүүлбэрийн “..зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”гэсэн мөрнөөс “...зөвхөн нэг удаа сонгоно.” гэснийг тасдан авч, “... зургаан жилээр...” гэсэн өгүүлбэрийн тодотгол гишүүнийг ор тас орхин шийдвэр гаргасан нь ҮХ-д бүдүүлгээр балмадаар халдаж зөрчсөн гэж үзэхээс өөрөөр хэлэх боломжгүй.ъ
 
Мөн нэмэлт өөрчлөлт орсон ҮХ-д өмнө нь дөрвөн жилээр сонгогдсон болон ард түмний олонхийн саналыг авч дөрвөн жилийн хугацааны бүрэн эрхээ одоо хэрэгжүүлж байгаа ерөнхийлөгч нартай холбоотой дараагийн сонгуульд дэвшүүлж болно,болохгүй гэсэн заалт, зүйл, үг өгүүлбэр хаа ч байхгүй гэдгийг анхаарч үзээрэй. ҮХНӨ оруулах үед ингэж ярилцсан, ингэж ойлгох ёстой гэсэн тайлбар хийх нь ямар ч утгагүй. Яагаад гэвэл энэ асуудалтай холбоотой ҮХ-ийн заалт цагаан дээр хараар бичсэн байдлаараа дурайж байна.
 
Харин нь та бүхний гаргасан хууль бус шийдвэр нь “тэмээг ямаа “байна гэж улаахан мэлзэж байгаатай ямарч чанарын ялгаагүй байна. Иймд энэ Үндсэн хуульд балмадаар халдаж ардчилсан Монгол Улсын иргэдийн сонгох, сонгогдох эрх, төрд сонгосон төлөөлөлөөрөө дамжуулж төрийн эрх барилцах зэрэг эрхийг ноцтой зөрчсөн ардчилалын 30 жилийн түүхэнд байгаагүй бусармаг шийдвэр гаргасан ҮХЦ-ийн гишүүд өөрсдийнхөө санаачлагаар яаралтай огцрох нь өлзийтэй гэж үзэж байна. Энэ асуудлыг тэдний саруул ухаанд нь даатгах нь зүйтэй байх.
 
Монгол Улсын хууль хяналтын байгуулагын зарим дарга нар улс төрийн захиалгаар ажиллахаа зогсоож эх орныхоо ирээдүйг бодон хуулийг сахиулан мөрдүүлэх, нийгэмд шудрага ёсыг тогтоох нэр төртэй үүргээ ягштал биелүүлэх ээдрээтэй цаг үе ирснийг мэдэрч ажиллах хэрэгтэй байна. Судалгаагаар илт авилгалын үзүүлэлт муудаж,эсрэгээр ядуурал нэмэгдэж байгааг хараад суумгүй байна.
 
Одоо энэ асуудал УИХ-н нэгдсэн чуулганаар удахгүй хэлэлцэгдэх байх,энэ үед эрхэм төрийн түшээд төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа эрхэмлэн дээдэлж, ҮХ зөрчсөн асуудлаар Намынхаа бүлгийн шийдвэрийг дагахгүй байх ҮХ-д заасан эрх үүргээ эдэлж улс төржсөн шийдвэр гаргахгүй байх гэж найдаж байна. Хэрэв ҮХЦ-ийн иргэдийн төрөө сонгох, сонгогдох эрх, төрөө барилцах эрхэд халдсан шийдвэрийг УИХ-н олонх дэмжин шийдвэрлэвээс төрөлхийн эрх чөлөөндөө дуртай зон олон хэрхэн уурсан босч тэмцэхийг таамаглах боломжгүй болсон нь мэдрэгдэж байна.Шалтгаан нь та бүхнийг сонгосон иргэдийнхээ итгэлийг нэн тэргүүнд тавих зүй тогтолтой.Овоо босгоогүй бол шувуу суухгүй гэсэн ардын онч үг байдаг.

Би энэ нийтлэл шүү юмыг бичих аядахдаа ерөнхийлөгч Х.Баттулгад ая тал засахыг зорилго болгоогүй, надад тийм шаардлага ч байхгүй гэдгээ өчих байна. Нөгөө талаас МАН-н дарга УИХ-н гишүүн У.Хүрэлсүхийг бага сага гадарлана. Түүнийг цэргийн мэрэгжилтэй, бидний үеийнхний хэлдгээр мужик байна даа л гэж бодож явдаг. Та хоёрыг Монгол төрийн сүлдэнд өргөсөн тангаргаа дээдэлж, хуульт ёсыг бэхжүүлж,шудрага ёсыг тогтоохын төлөө хамтарч тэмцэж эхлэхэд ард түмний нүдэнд оч гэрэлтэж байсныг тэмдэглэх байна. Энгийн хүнд ялангуяа Төрийн хүнд элдэв маргаанаас болж харилцан өс санах нь маш зохимжгүй бөгөөд, олон түмэн, нийгэмдээ үзүүлэх хортой үр дагавар нь их байдагийг санууштай. Ардчилсан нийгмийн хөгжлийн суурь нь хууль дээдэлсэн шудрага өрсөлдөөн гэдэг нь шинжлэх ухаанаар нотлогдсон учир эр хүмүүс шиг өнгөрсөнөө усанд урсгаад сонгуульдаа хар балгүй, үлгэр жишээчээр сайхан өрсөлдчихөөч гэж хүсэх байна.

Эцэст нь тролууд гэгчид би иргэнийхээ үүргийг хэрэгжүүлж, улс орноо хөгжөөсөй гэсэн чин хүслийн үүднээс энэ нийтлэлийг хирдээ цаг заваа зарцуулан бичсэн тул ил далдаар элдэвээр доромжлохгүй байхыг хүсье! Муу үйл тун тааруу үр дүн дагуулдаг нягууртайг болж өгвөл бодолцон Бид цөөхүүлээ Монгол гэсэн нэг л эх оронтой гэдгээ хүний ёсоор ухамсарлахыг хүсье!
 
Сайн үйлс бүхэн дэлгэрч Монгол эх орон маань хөгжин дэлгэрэх болтугай!
 

Д.ГАНХУЯГ: Монгол Улсад хүний эрх ноцтой зөрчигдөж, ардчиллыг үгүйсгэж, Үндсэн хуулийн хямрал нүүрлэх аюул ойртож байна
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188