• Өнөөдөр 2025-06-17

Ц.НЯМДОРЖ: Би орос вакцин хийлгэсэн, яах ч үгүй байна

2021-04-09,   899

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг танилцуулж байна.  Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм. 
 
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Засгийн газар вакцины асуудал дээр маш буруу бодлого явуулсан. Иргэдийнхээ эрүүл мэндийн байдлыг нэгдүгээрт тавих байсан. Өнөө маргаашийн вакцинжуулалт гэхээсээ илүү монгол хүн вакцин хийлгэснээр цаашид 20-30 жил тухайн хүний биед ямар нөлөө үзүүлэх талаар маш сайн судалгаатай ажиллах байсан. 10 их наяд төгрөгөөс 40-50 сая ам.долларыг зарцуулаад эрт захиалга өгөөд  хамгийн сайн вакциныг иргэддээ тарьж яагаад болоогүй юм бэ. Халдварыг дотооддоо алдалгүй 11 сар тэсэхдээ залгуулаад вакцинаа захиалаад иргэдийг вакцинжуулсан бол өнөөдөр эдийн засаг алдагдалд орохгүй байсан. 10 их наяд төгрөгийг зарцуулах шаардлаггүй гарах ч үгүй байсан. Үүнээс харахад та нар нэг гараараа эдийн засгийг боомилж унагасан шүү. Ипотекийн зээлд гурван их наяд төгрөгийг зарцуулна гэж байна. Энэ нь Монголбанкны хуультай зөрчилдөхгүй юу. Төсвийн алдагдалд шинэ сайд ямар дүн шинжилгээ хийж байна вэ. Өмнөх Засгийн газар бүх нөөцөө шавхсан шүү дээ.
 
Сангийн сайд Б.Жавхлан: Хамгийн сайн вакцины талаар хүмүүс их асуудаг. Одоогийн нөхцөлд олдож байгаа вакцин нь хамгийн сайн нь болчхоод байна.  Дэлхий нийтээрээ вакцины уралдаанд оролцож байна.С.Одонтуяа гишүүн вакцинжуулалтаас хоцорсон гэж хэллээ. Би үүнтэй санал нийлэхгүй байна. Хүн ам цөөн байгаа нь вакцины уралдаанд боломж олгож байгаа ч бид сайн ажиллахгүй бол энэ том уралдаанд хоцрох эрсдэлтэй. Монгол Улс Азидаа вакцинжуулалтаар тэргүүлж байгаа эхний таван улсын нэг. Том гүрнүүдтэй харьцуулахад харин ч дээгүүр явж байна. Энэ нь хоцорсон үзүүлэлт бол огт биш. Вакцинд зориулж хөрөнгө мөнгийг бэлдсэн. ДЭМБ-аар баталгаажсан ямар ч төрлийн вакциныг авахад бэлэн байна. Ипотекийн зээлд гурван их наяд төгрөгийг зарцуулна. 2006 оноос хойш үе, үеийн Засгийн газар, Төв банктай хамтарч хэрэгжүүлж ирсэн. Энэ нь эдийн засгийн гэхээсээ илүүтэй нийгмийн маш өндөр ач холбогдолтой хөшүүрэг. Гурван их наяд төгрөгөөс хоёр их наяд төгрөг нь цэвэр ипотекийн зээлээр явна. Төсвийн алдагдал өөрөө хуультай. Жил бүр төсвийн алдагдлыг шат дараатай бууруулах үүрэг  хуульд бий. Энэ үүргийнхээ хүрээнд  л ажиллана. Энэ жил 5.5 хувийн алдагдалтай гарсан. Дараа жил гурван хувиас доош оруулна. Тиймээс нарийн төлөвлөгөөтэй ажиллана. Хуулиас гадуур ажиллах орон зай байхгүй. Бид төсвийн шинэчлэл хийнэ. 2022 оны төсвийг удахгүй УИХ-д танилцуулна.
 
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж: 2020 оны дөрөвдүгээр сард батлагдсан "Ковид-19" халдварын  үеийн хуульд Засгийн газар орлогыг хамгаалах арга хэмжээ авах эрхтэй, жилийн төсвийн зарлагыг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн зохицуулалт хийх эрхтэй, цалин орлого нь тасарсан иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх эрхтэй гэж заасан. Иргэдэд 300 мянган төгрөг олгож байгаа нь хуулийн дээрх заалтын хүрээнд гаргасан шийдвэр."Эрдэнэт” үйлдвэр цар тахлын эхний үеийн хүндрэлийг авч гарсан. 650 тэрбум төгрөгийг гэрэл, дулааны зардалд зарцуулсан. Нийт дүнгээрээ 760 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн жилийн орлогоос цар тахлыг давж гарах арга хэмжээнд зарцуулсан. Оюутолгойн хувьд зогсооно, зогсоохгүй гэж өнгөрсөн жилээс яригдаж  эхэлсэн. Зогсоогоогүй учраас энэ удаад  нэг их наяд гаруй төгрөгөөр иргэдэд дэмжлэг олгож байна. Вакцины тухайд сайн, муу гэх  яриа огт байж болохгүй. Гурван янзын вакциныг аль алийг нь хэрэглэж байна. Гадна талд тэр нь муу, энэ нь сайн гэсэн захиалгат явуулга явж байгаа. Үүнд автаж сайн, муу гэж ярих нь зохисгүй. Би гэхэд оросын вакцин хийлгэсэн. Өчигдөр хоёр дахь тунг нь хийлгэлээ. Яах ч үгүй байна.

Ц.НЯМДОРЖ: Би орос вакцин хийлгэсэн, яах ч үгүй байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188