• Өнөөдөр 2024-04-27

НУУВЧИНДАА НУУГДСАН ХУРАНДАА ХЭЗЭЭ ГАРЧ ИРЭХ ВЭ

-Эрээн хувцас өмсөж гангарахаас, буу агсаж чамирхахаас өөрөөр зэвсэгт хүчинд төдийлөн элэггүй, дайчин нөхөддөө хайргүй бололтой юм, манай хурандаа. Харин үүнээс хойш “Би цэргийн хүн” гэж “шоудах” эрхгүй болж байгаагаа ухаараасай билээ-
 
         Сул гишүүн болсон У.Хүрэлсүх сураг алдраад даруй хоёр сарын хугацаа өнгөрлөө. Эсвэл эрхэм хурандаа нуувчиндаа нуугдаад гарч ирэхгүй байна гэх нь зөв юм уу. 
 
Түүнийг ядаж өчигдөр гараад ирэх болов уу гэж хүлээлээ. “Эр хүн болгоод эргүүлж явуулна” гээд ээж аавынх нь “өвөр”-өөс аваад явсан хүүгээ эх орон нь, эр цэргийн алба нь “хөнөөчихсөнд” гашуудаж, цэргийн албанд бугшсан буруу тогтолцоог шүүмжилж, хүүгээ алдсан эцэг эхийг өрөвдөж өнжив, бид өчигдөр. Гэхдээ улс төрчдөөс бусад нь. Буу агсаж, бай буудаж, байлдааны танк хөлөглөж, сав л хийвэл баруун гарын ёсолгоо хийх дуртай хурандаа У.Хүрэлсүхийг “Эвий минь, халаг минь” гэдэггүй юм аа гэхэд, ядаж л “Зэвсэгт хүчинд харамсалтай хэрэг гарлаа. Тэр жинхэнэ эр хүн болох гэж, эх орон, ээж, аав, элгэн саднаа хамгаалах гэж цэрэгт мордсон юм. Эрх баригч намын даргын хувьд, хурандаа цолтой цэрэг хүний хувьд харамсаж байна. Монгол цэргийн яруу алдрыг гутаасан ийм хэрэг дахин бүү гараасай. Эх орны тэнгэр цэлмэг, эр цэргүүд эрүүл энх байх болтугай” гээд хэлчих болов уу гэж хүлээж суулаа. Үгүй ядаж, ингэж хэлдэггүй юм гэхэд хүүгээ алдаад хаана, хэнд гомдхоо мэдэхгүй суугаа ээж, аавтай нь уулзаад эмгэнэл илэрхийлсэн бол..,гэж. 
 
Даанч тэгсэнгүй. Эрээн хувцас өмсөж гангарахаас, буу агсаж чамирхахаас өөрөөр зэвсэгт хүчинд төдийлөн элэггүй, дайчин нөхөддөө хайргүй бололтой юм, манай хурандаа. Уг нь Ерөнхий сайдаас огцрохдоо хүртэл “Би цэргийн офицер хүн. Дайны гал дунд багтайгаа хамт тулалдаанд орж, ялбал хамт ялж, ялагдвал бас хамтдаа ялагдана. Энэ бол цэрэг хүний хувь заяа” хэмээн мэдэгдээд явсан.
 

Гэвч дайн болвол түүнтэй хамт тулаанд орох байсан нэг цэрэг амиа алдчихаад байхад өнөө хурандаа маань гарч ирсэнгүй. Хөөрхий цэргийн амиа алдсан хэрэг маргааш, магадгүй нөгөөдөр яригдаад мартагдана. Хатуу боловч энэ үнэн. За яах вэ, У.Хүрэлсүхийг эр цэрэг гэж эрхэмлэсэн, хурандаа гэж хүндэлсэн нь бидний л хохь болог. Харин үүнээс хойш “Би цэргийн хүн” гэж “шоудах” эрхгүй болж байгаагаа ухаараасай билээ. 

 
“Би цэргийн хүн” гэж өөрийгөө тодорхойлж, цэрэг гэдэг үгийг нэрийн хуудсаа болгосон У.Хүрэлсүх согтуу салаан даргадаа зодуулж амиа алдсан цэргийн асуудал дээр гарч ирээгүй юм чинь одоо ямар асуудал дээр гарч ирэх бол доо. Намынхаа 100 жилийн ой дээр Ерөнхийлөгч болох агуу амбиц тээж яваа У.Хүрэлсүх олны өмнө гарч ирэх цаг нь болсон л баймаар.
 
Эсвэл Ерөнхий сайдаар ажилласан 1205 хоногтоо “цуглуулсан” нэр хүнддээ найдаад, “угаасаа ялна” гээд алгуурлаж суугаа юм болов уу. Үгүй бол нуувчнаасаа сүртэй, баатарлаг дүртэй гарч ирэх гээд “том сэдэв” хүлээж суугаа юм болов уу. Жишээ нь, ҮХЦ дээр өрнөж байгаа асуудал яаж дуусхаас хамаарч, дараа нь итгэлтэй гарч ирэхээр зэхэж байгаа ч юм бил үү.
 
Яах вэ, Л.Оюун-Эрдэнийн ард, бүхэл МАН-ын ард У.Хүрэлсүхийн бодлого зангидаастай, ил биш ч далд ажлаа хийсээр байгаа нь тодорхой зүйл. Тэр “Ерөнхий сайдаас бууж сул гишүүн боллоо, одоо Ерөнхийлөгчтэй үзэж тарж, үсэрч наалдана. Шударга ёс, шударга шүүхийн төлөө тэмцэнэ” гээд явсан. Удалгүй цахим орчинд Б.Баасанцогт ба шүүгч нарын адал явдалт сериалууд цацагдаж эхэлсэн. Магадгүй, Х.Баттулгатай тэмцэж буй У.Хүрэлсүхийн далд тэмцэл ч байж болох. Гэхдээ тэр өөрөө гарч ирж байж л тэмцэл нь илүү сонирхолтой болно. Бас Ерөнхийлөгч болох амбицтай хүнд цар тахлын энэ хүнд цаг үе бол гарч ирэх тохиромжтой цаг нь мөн.
 
У.Хүрэлсүхийн хэлэх дуртайгаар бол бид яг одоо дайны гал дунд байна. Галын фронтынхон цуцаж эхэлсэн. “Шархдагсад” эмнэлэгтээ багтахгүй шахам болж байна.
 
Ийм үед У.Хүрэлсүх гарч ирэхгүй удах тусмаа л өөрийнхөө хэлсний эсрэг буюу “Галын шугаман дунд нөхдөө орхисон” нэр зүүх болно. Тэгээд ч Ерөнхий сайдаас огцормогц нь “У.Хүрэлсүхгүй улс төр уйтгартай байна” гэх маягийн хандлага нийтийн дунд ажиглагдаж байсан бол одоо угаасаа улс төрд У.Хүрэлсүх байгаагүй юм шиг л ажин түжин болоод байна. Тиймээс хурандаа хурдхан шиг нуувчнаасаа гарахгүй бол алтан цагийг алдаж мэдэх нь байна шүү.
 

НУУВЧИНДАА НУУГДСАН ХУРАНДАА ХЭЗЭЭ ГАРЧ ИРЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-01 15:26:13
    ахмад иргэн.: хууран даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-01 13:42:22
    энэ: Ангийн анд нь батлан хамгаалахын сайд гэжугай одоо огцрох байлгүйдээ хурандаа Хүшк яаж огцордгоо үлгэр ьууриал харуулсан
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-04-01 09:43:52
    Иргэн: БАТТУЛГА ЁРӨНХИЙЛӨГЧИЙГ МУУ ХЭЛСЭНДЭЭ БАНТААД ГЭРЭЭСЭЭ ГАРЧ ХҮНИЙ НҮҮР ХАРЖ ЧАДАХГҮЙ ЗОВЖ БАЙГАА.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188