УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах тухай юм.
Засгийн газрын 2020 оны 241 дүгээр тогтоолоор ”Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ шаардлага байна. Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө санг байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.
Ерөнхий сайдаас автотээврийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаарыг захиалах эрхийг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл, ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар өгсөн чиглэлийн дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар баталсан Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журамд сонирхол татсан улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулан худалдан борлуулахаар зохицуулан хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн 396, орон нутгийн 18 дугаарыг захиалах эрхийг дуудлага худалдаанд үнэ хаялцуулан борлуулсан орлого дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс зургаан тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо судалгаа гарчээ.
Хүүхдийн төлөө сан байгуулах хуулийн төслийг дэмжлээ |
|