• Өнөөдөр 2024-05-06

Зургаан гишүүний долоон дарга "ХҮҮХЭД"

               УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “жаахан” хүү  ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга болж мандсан дуулиан цахим орчинд ид өрнөж байна. Арга буюу албан тушаалаас нь чөлөөлж байх шиг. Ардын хүү аз од нь гийгээгүй л бол насаараа зүтгээд хүрдэггүй албан тушаалд эрхэм гишүүний 20 гаруйхан настай “хүүхэд” заларчихсанд нь заримынх нь “шар гозолзож”, заримынх нь уур хүрсэн нь мэдээж. Гишүүн, сайд, дарга нарын хүүхдүүд “ногоон гэрлээр” өндөр албан тушаалд залардаг ийм тохиолдлууд өмнө нь нэг биш удаа гарч, тэндээс “Төрийн алба ба төрлийн алба”, “Улс төр дахь ураг төрлийн хэлхээ”, “Улс төрийн ургийн мод”, “Удам дамжсан улстөрчид” гэх егөөдсөн атлаа гоё ганган хэллэгүүд бий болжээ. Хэдий “том хүний” хүүхэд ч гэлээ өөрийн хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээр өндөр албан тушаалд очсон нэгэн байхад төрсөн өдрийн бэлгэндээ даргын суудал авдаг нэгэн ч бас бий л гэлцдэг.
Уяачын хүүхэд уяач, бөхийн хүүхэд бөх болохыг хориглож болдоггүй шиг улстөрч аавтай хүүхдийг битгий улс төрд ор гэж цагдах боломж байхгүй. Тиймдээ ч манайд гишүүний гишүүн хүү, сайдын сайд хүү, даргын дарга охин бишгүй л олон болж байна. Улс төрд эцэг, эхийн нөлөөтэй бол амжилтанд хүрэх зам нь дөт, илүү дардан байдаг ч биз. Харин ард түмэн тэд өөрийн толгойгоор тэр албан тушаалд хүрсэн үү, улстөрч аав, ээжийнх нь нөлөө байсан уу гэдгийг хянаж, хариуцлага нэхэж, хянуур байх хэрэгтэй цаг үе ирж. Өөрөөр бол аав нь дарга, сайд байлаа гээд ямар ч боловсролгүй “хүүхэд” даргын суудалд заларчихаад төр самарч, төсвөөс хулгай хийгээд байж болохгүй юм л даа.
 
Эргэлт.мн мэдээллийн сайт уншигч таны мэдлэгт зориулан улстөрчдийн улс төрд орсон хүүхдүүдээс энэ удаад зургаан гишүүний долоон "дарга" хүүхдийг танилцуулж байна. 
 

“Аавдаа мэдэгдэлгүй сайд болсон” Ө.Энхтүвшингийн хүү, дэд сайд Э.Золбоо

     Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хүү Э.Золбоо өнгөрсөн оны долдугаар сард Барилга, хот байгуулалтын дэд сайдаар томилогдсон. Шадар сайд асан Ө.Энхтүвшин хүүгээ дэд сайд болмогц “Би хүүгээ дэд сайд болохыг мэдээгүй” хэмээн “мэлзэж”, эл үйлдлээрээ нилээдгүй шүүмжлүүлж байсан. Э.Золбоо нь 2006 онд АНУ-ын Индианагийн их сургуульд улс төр судлаач мэргэжлээр суралцаж төгссөн.
 
Тус сургуульд Төрийн сангийн зээлээр суралцсан бөгөөд 16 мянган ам.долларын өрөө төлөөгүй гэх “хар түүхтэй”.
 
Тэрбээр 2007-2008 онд МХЕГ-т мэргэжилтэн, 2008-2012 онд ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2017 оноос НАМЗХ-ны Нарийн бичгийн дарга, 2018 оноос Ерөнхий сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. 
 
Дэд сайд Э.Золбоо өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор монголд ирэхдээ хүлээлгийн оочер дайрсан шүүмжлэлд өртөж байсан. 
 

М.Оюунчимэгийн “жаахан” хүү, газрын дарга Б.Энхмөрөн 

       УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөн ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргаар өнгөрсөн нэгдүгээр сард томилогдсон байсан нь ил болж, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Б.Энхмөрөн нь Төрийн албаны шалгалтанд тэнцээгүй, Төрийн албаны тухай хуулиар газрын даргын албан тушаалд суухын тулд найман жил ажилласан туршлагатай байх ёстой гэсэн шаардлагуудыг хангаагүй атлаа ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын дарга болсон нь шүүмжлүүлэх шалтгаан болсон. Тайлбар авахаар очсон хэвлэлийнхэний өөдөөс “хэдэрлэж”, өөрөө хууль зөрчиж томилогдсон атлаа “хуулиа унш” хэмээн “пээдэлзсэн”.  “Улмаар олон нийт “Ардын хүү 10 жил зүтгэж байж томилогддог албан тушаалд гишүүний хүүхэд ганцхан сарын дотор томилогддог байж болохгүй” хэмээн цахим орчинд давалгаа үүсгэсэн. Энэ дагуу ЭМДЕГ-аас Б.Энхмөрөнг албан тушаалаас нь өчигдөр чөлөөлсөн.
 
Түүнчлэн Б.Энхмөрөн 2010 онд БНХАУ-ын Газрын тосны их сургуульд Төрийн сангийн зээлээр суралцсан гэх бөгөөд 22 мянган ам.долларын өрөө одоо хүртэл төлөөгүй яваа гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нь тухайн үед Засгийн газрын хэвлэлийн албанд ажилладаг байсан гэх бөгөөд албан тушаалын байдлаа ашиглан хүүгээ Төрийн сангийн зээлээр сургасан гэх баримтууд ч сөхөгдөж байна. 

 

Сайд Ц.Нямдоржийн “Дипломат” хүү Н.Анхбаяр

            ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр удам дамжсан улстөрчдийн тод жишээ. Улстөрчдийн хүүхдүүд яригдах бүрт Н.Анхбаярын нэр эхэнд нь бичигдэж ирсэн. Тэрбээр өнгөрсөн оны долдугаар сард Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон. Өмнө нь тус яамныхаа Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 2019 дундуур Австрали Улсад суух Элчид сайдаар томилохоор яригдаж эхэлсэн. Гэвч томилгоо нь Ерөнхийлөгч дээр очоод гацсан байдаг. Ц.Нямдорж нэгэнтээ “Х.Баттулга бид хоёр зөвхөн жудо дээр л санал нэгддэг” гэсэн удаатай. Өөрөөр бол тэд таатай харилцаатай биш учраас хүү Н.Анхбаярт нь Элчингийн суудал өгөөгүй гэдэг. 
 
Н.Анхбаяр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, аавынхаа мэргэжлийн өвлөсөн. Дараа нь 2004 онд Шинэ Зеландын Веллингтоны Виктория их сургуульд суралцсан. Энэ үедээ боловсролын зээлийн сангаас 34 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 96 сая төгрөг гаргуулсан ч одоог хүртэл төлөөгүй гэх “хар түүхтэй”. Гэхдээ Н.Анхбаярын хувьд үүнээс байтугай буюу аавтайгаа нийлж “шахаа” хийсэн дуулиант үе үе холбогддог. 
 

Н.Энхболдын “нөлөөлүүлдэггүй” хүү Э.Одмөнх 

         УИХ-ын гишүүн, Батлан хамгаалын сайд асан Н.Энхболдын хүү Э.Одмөнх Төрийн ёслолын газрын даргаар өнгөрсөн оны долдугаар сараас томилогдон ажиллаж буй. Тэрбээр Гадаад хэргийн яамны Дипломат ёслолын газрын дэд захирлаар ажиллаж байгаад 2019 онд Бээжин дахь Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн даргаар томилогдсон. Гэвч жил орчмын дараа буцаж ирээд Төрийн ёслолын газрын дарга болсон. Э.Одмөнхийг Бээжинд дахь Элчин сайдын яаманд томилогдож байхад Н.Энхболдоос та хүүгийнхээ томилгоонд нөлөөлсөн үү гэж сэтгүүлч асуухад “Намайг нөлөөлсөн гэж байгаа хүмүүс очиж асуу. Надад нөлөөлсөн зүйл байхгүй. Явдаг журмаараа явсан” хэмээн нилээд уурлангуй хариулсан байдаг. 
 

Д.Сарангэрэлийн “тансаг хэрэглээгүй” хүү Х.Улам-Өрнөх 

         Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэлийн хүү Х.Улам-Өрнөх түүнийг Эрүүл мэндийн сайд байх үед Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Худалдан авах ажиллагааны газрын даргаар томилогдсон. Газрын дарга болсон цагаасаа олны хэл аманд өртөж, тендертэй холбоотой дуулиан шуугианд нэг биш холбогдсон.
 
Тэгээд ч болоогүй Х.Улам-Өрнөх нь өөрийн найз, жолооч Д.Өнөболдыгоо ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар томилуулсан нь асуудал үүсгэсэн. Тухайн үедээ тэд сайдын багцаас 33 тэрбум төгрөгийн эрх шилжүүлсэн дуулианы “эзэд” болж, өнгөрсөн оны есдүгээр сард АТГ-т шалгагдаж эхэлсэн байдаг. 
 
Түүнчлэн өнгөрсөн оны есөн сард “Д.Сарангэрэл сайдын төрсөн хүү У Сингапурт тансаг усан онгоц өндөр үнээр авч, найз нөхдөө Сингапурт аваачиж, хоёр сая ам.долларын уралдааны машинаа үзүүлж, тансаг хүлээн авалт зохион байгуулсан” гэх мэдээлэл цацагдсан. Үүнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Хүү минь гадаад ч явдаггүй. Миний хүүхдүүд хүн сайтай, тансаг хэрэглээгүй” гэх тайлбар өгч байв. 
 

Ц.Цогзолмаагийн газрын дарга охин, захиргааны дарга хүү 

       УИХ-ын гишүүн асан, БСШУ-ны сайд асан Ц.Цогзолмаагийн охин С.Баясгалан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, хүү С.Түвшинтөр нь Зам тээврийн хөгжлийн яамны Далайн захиргааны газрын дарга албан тушаалд хүрцгээсэн. Хүү С.Түвшинтөр нь ОХУ-ын Адмирал Г.И.Невельскойн нэрэмжит Тэнгисийн их сургуулийг хөлөг онгоцны удирдлага, техникийн ухааны магистр зэрэгтэй төгссөн. “Ложистик лайн”ХХК-ийн гүйцэтгэх захирал, Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн хийж байгаад Далайн захиргааны дарга болсон байдаг. 
 
 

Зургаан гишүүний долоон дарга "ХҮҮХЭД"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-03-25 09:45:22
    иргэн: эд одоо болимоор юмаа,
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188