• Өнөөдөр 2025-03-14

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Чуулгантай, гэмт хэрэгт холбогдсон гишүүн тангараг өргөсөн, хүний амь эрсдсэн хөл хориотой долоо хоног

 
Эргэлт.мн мэдээллийн сайт долоо хоног бүр нийгэм, эдийн засаг, соёл урлаг, улс төрд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэдэг билээ. Өнгөрч буй долоо хоног нийгэм, улс төрийн хүрээнд дуулиантай өдрүүд байлаа. Тодруулбал, шинээр бүрдсэн парламент хаврын анхны чуулганаа нээж, сонгуулийн сурталчилгааны үеэр хоригдоод байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөв.
 
Мөн коронавирусийн халдварын тархалт буурахгүй байгаатай холбоотой УОК-оос шар түвшинээс улбар шар түвшин рүү шилжүүлж, шөнийн цагаар хатуу хөл хорио тогтоосон. Улмаар Баянзүрх дүүргийн 26 хороонд хэсэгчлэн буюу хатуу хөл хорио тогтоож, өчигдөр буюу гуравдугаар сарын 19-нд нэг иргэн 15 давхраас унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Эдгээр үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Хаврын чуулган нээлтээ хийлээ

УИХ хаврын чуулганы нээлт гуравдугаар сарын 15-нд буюу өнгөрсөн даваа гарагт болсон. Учир нь, 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын ээлжит чуулган 75-аас доошгүй ажлын өдөр чуулж байхаар болсон тул ийн хуулийн хугацаанд чуулганы нээлтээ хийсэн юм. Чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр энэ удаагийн хаврын чуулганаар олон чухал хуулийн төслийг хэлэлцэн батлах бөгөөд нийгэмд шудрага ёс тогтоох нь энэ хаврын чуулганы онцлог хэмээсэн юм. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Энэ хаврын чуулган Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг амилуулах онцгой чухал ач холбогдолтой байх болно. Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан тогтолцоотой орон. Хаврын чуулганы ардчилал хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна. Хаврын чуулганыг хүний эрхийг хамгаалагч Эрх зүйн байдлын тухай хуулиар эхлэх гэж байна. Хүний эрхийг хамгаалах, үндсэн хуулийн үндсэн үүргээ баталж байгаа хуулиар тогтоож өгөх ёстой. Ямагт төрийн байгууллагын эрх ашигт нийцүүлж хууль баталдаг тогтолцоог халах ёстой. УИХ-аас 2020 оны намрын чуулганаар баталсан шинэтгэлийн баримт бичиг нь шударга ёсны цангааг тайлахад чиглэсэн шүүхийн багц хууль юм.
 
Хууль гуравдугаар сарын 1-нд хэрэгжиж эхэлсэн ч шүүхийн байгууллагын зарим ажилтнууд олон нийтийн дургүйцлийг хүргэж байна. Энэ нь нэг талаасаа шүүн таслах ажиллагааны хараат бус байдал алдагдсаны илрэл. Шүүх өөрөө цэвэрших үйл явц эхэлж байгаагийн шинж гэж үзэж байна. Нөгөө талаас шүүхийн хараат бус байдалд хөндлөнгөөс нөлөөлдөг юм байна гэсэн дүгнэлтэд олон нийтийн санал бодол бүрэлдсэн байна. Шүүхийн нэр хүндийг шавартай хутгаж байгаа үйлдэлтэй хэрхэвч эвлэрч таарахгүй. Шинэ хуулийн агуулга, үзэл санааг ягштал мөрдөж, хатуу хариуцлага тооцох ёстой. Эдгээр шүүгчид Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариуцлага тооцож ажиллахгүй, хуулийг уландаа гишгэж байгаа нь нотлогдож байна. Хуулийн байгууллагынхны гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэгүүд ч ил болж байна. Цаашид хувь хүн биш хууль засагладаг тогтолцоог бий болгох нь чухал юм” хэмээсэн юм.

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөв

УИХ-ын хаврын чуулганаар Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гишүүний тангаргаа өргөсөн нь энэ долоо хоногийн онцлох үйл явдал байлаа. Тэрбээр авилга албан тушаалын хэрэгт холбогдож, УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр баривчлагдан хоригдсон билээ. Улмаар анхан болон дунд шатны шүүх хуралдаанаар түүнийг гэм буруутайд тооцож, зургаан жилийн хорих ялаар шийтгээд байсан юм. Харин Дээд шатны шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан тул батлан даалтад гарч, хорихоос суллагдаад байна. Иймд УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломжтой хэмээн үзэж өнгөрсөн пүрэв гарагт гишүүний тангаргаа өргөсөн юм. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга “Ж.Эрдэнэбат үүсээд буй нөхцөл байдлыг өөрөө тайлбарлах байх. Ж.Эрдэнэбат багаасаа улс төрд орж, аймгийн Засаг дарга, Сангийн сайд, Ерөнхий сайдын албыг хашиж байсан туршлагатай. Хариуцлагаа ухамсарлах албан тушаалд байсан хүн. Одоогийн нөхцөл байдал нь шүүхээр шийдэгдээгүй учир яаран сандран тангараг өргөх хэрэг байна уу.
 
Энэ Их хуралд тал хагасаас илүү нь гэмт хэрэгтэн байгаа. Тэд парламентад орж ирж хамгаалуулдаг. Энэ нөхцөл байдалтай холбоотой Ж.Эрдэнэбат өөрөө тангараг өргөх асуудлаа түр хойшлуулж болохгүй юү. Мэдээллээс харахад Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байхдаа авлига албан тушаалын хэрэгт холбогдсон байгаа юм. Одоо хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа юм билээ. Сая УИХ-ын дарга чуулганыг нээж үг хэлэхдээ шудрага ёсны талаар баахан үг хэлсэн. Энэ тангараг өргөх ёс чинь хэлсэн үгтэй чинь уялдаж байгаа юм уу. Сөрөг хүчин ямар бодолтой байгаа юм бэ. УИХ бага ард түмний төлөөл гэдэг ч Өнөөдөр ийм байхаа больсон. Сүүлийн жилүүдэд сонгууль мөнгөнийх болж, ард түмнийг төлөөлж чадахгүй байгаа шүү" гэсэн юм.

Хатуу хөл хорио тогтоож,  нэг өргөн өндрөөс унаж амиа алдав

УОК-ын ээлжит бус хуралдаанаар халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбоотой нийслэлд шар түвшнээс улбар шар түвшин рүү шилжүүлж, хэсэгчлэн хөл хорио тогтоосон. Тодруулбал, энэ сарын 15-наас 14 байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаж, шөнийн цагаа буюу 23:00-06:00 цагийн хооронд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан юм. Мөн нийслэлээс орох гарах хөдөлгөөнийг хязгаарлаад буй.
 
Түүнчлэн энэ сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ний 23:00 цаг хүртэл Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хатуу хөл хорио тогтоохоор болсон. Тэгвэл гэнэт тогтоосон энэ хөл хориог тус хорооны иргэд эсэргүүцэн, цаанаа улс төрийн зорилго агуулж байна хэмээн эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгууллаа. Энэ үеэр тус хороонд байрлах Элизабет хотхоны 220 байрны оршин суугч 15 давхраас унаж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийн хүүхэд “Ээжээ” хэмээн цонхоор хашхирсан гэнэ Цагдаагийн байгууллагад 12:00 цагийн орчимд "15 давхрын цонхоор хүн үсрэх гэж байна" гэх дуудлага иржээ.
Харин гурван минутын дараа "Хүн үсэрчихлээ" гэх дуудлага ирсэн хэмээн албаныхан мэдээлсэн.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны "Элезабет" хотхоны 215 дугаар байранд өндрөөс хүн унаж нас барлаа гэх мэдээлэл 12:30 цагийн үед ЦЕГ-т ирсэн.  Амь хохирогч тус байранд оршин суудаг 39 настай С гэж эмэгтэй байсан. Тэрбээр гэр бүлийн хүнтэйгээ гэр бүлийн маргаантай байсан гэх мэдээлэлтэй холбогдуулан түүний нөхөр 39 настай Б-г хэрэгт холбон саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэх тайлбарыг өгөөд буй.
 
 
 
 
 

ЭРГЭЛТИЙН ТОЙМ: Чуулгантай, гэмт хэрэгт холбогдсон гишүүн тангараг өргөсөн, хүний амь эрсдсэн хөл хориотой долоо хоног
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188