УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар хүний эрхийн асуудлаар Нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барих талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
энэ талаар УИХ-ын гишшү Ц.Мөнхцэцэг "Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Т.Чимгээг шүүхээр шалгагдаж байх процессийн шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна.
УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.
Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө. Ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад зарим баримтууд ил болсон мөн Засгийн газрын тогтоолоор эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна. Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч дахин олны анхааралд орууллаа. Тийм учраас УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах болно" гэлээ.
Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа |
|