• Өнөөдөр 2025-08-16

"Бичил, өрхийн бизнес эрхлэгчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой"

2021-03-09,   842

Засгийн газраас 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд бэлэн болсон талаар мэдээлэл хийсэн Энэ үеэр зээлийг ямар шалгуураар олгох талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
 
Монголбанкны захирал Б.Лхагвасүрэн "Зээлийн эрэлт өндөр байгаа нь харагдаж байна. Зээлийг шинээр гаргах, дахин санхүүжүүлэхэд тодорхой хязгаарлалтууд хийнэ. Репо санхүүжилтийн хувьд 70 хувьд нь бүтцийн өөрчлөлт хийж, дахин санхүүжилт ашиглаж болно. Харин 30-аас доош хувьд нь шинэ зээл болгон гаргах чиглэл өгсөн. Харин ажлын байрыг хадгалах бичил зээлийн хувьд 70 хувь нь шинэ  зээл, 30 хувь нь дахин санхүүжүүлж болно гэсэн чиглэлтэй байгаа. Өмнө нь аваад муудсан зээл дахин санхүүжүүлэхэд 30 хувийн эх үүсвэрийг ашиглаж болох шаардлага тавьж байгаа. Арилжааны банкууд өөрсдийнх нь харилцагч болсон зээлдэгч нарынхаа хүсэлтийг авч, дараагаар өмнө нь зээлийн түүхгүй байсан харилцагч нараа бүртгэж эхлэх болов уу. Зээлийг зориулалтын бусаар ашиглаж байгаа эсэхэд Төв банк давхар хяналт тавина" гэв. 
 
Мөн Хаан банкны гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа "Бичил, өрхийн бизнес эрхлэгчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломж бий боллоо. Бидний хувьд зээлээ хоёр чиглэлээр гаргахаар төлөвлөж байна. Нэгдүгээрт, өмнө нь зээл аваад цар тахлын нөлөөгөөр бизнес  нь зогссон, удааширсан зээлүүдээ дахин санхүүжүүлнэ. Үүнтэй холбоотой тавигдах шаардлагын талаар www.khanbank.com сайтын иргэдийн өрхийн зээл хэсгээс харж болно. Манай банкны хувьд 10-15 сар бүрэн зогссон харилцагч нартаа зээлийн хугацаа хэтрүүлээгүй, бүх зээлийг нь хоёр удаа гэрээнд нь бүтцийн өөрчлөлт хийж, өнөөдрийг хүртэл хэвийн зээлийн ангилалд явж байгаа. Эдгээр зээлдэгч боломжтой үедээ хүүгээ төлж байсан, боломжгүй нь үндсэн зээлээ, хүүгээ ч хойшлуулсан. Тиймээс зээлдэгчээ энэ хөтөлбөрт хамруулаад дахин зээлдэх хэсэгт оруулна гэж ойлгоорой. Хоёрдугаарт нь шинээр зээл олгоно. Өмнө нь манай банктай харилцаж байсан харилцагчдын хувьд гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 30 хүртэл бизнесийн зээлийн аян зарлаж, 12-18 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зээл олгож байгаа.
 
Эдгээр бүх зээлдэгчийн зээлийн түүх болон холбогдох санхүүгийн баримт, барьцаа хөрөнгийн мэдээлэл байгаа. Дээр нь банк сүүлийн хоёр жилийн турш тасралтгүй хамтарч ажилласан харилцагч нарынхаа хувьд зан байдал, хандлагад оноо тавьж, үнэлсэн байгаа. Барьцаа хөрөнгийн хувьд өрхийн зээл дээр 15 сая  хүртэлх төгрөгт үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүй, эргэлтийн хөрөнгө шаардана. Шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно. Ингэхдээ Улаанбаатар хотод 65 хувиар, орон нутагт 50 хувиар үнэлнэ. Жижиг дунд бизнес эрхлэгчид орон сууцны биш үл хөдлөх хөрөнгийг 40-70 хувиар үнэж авна. Үүнд, агуулахаас эхлээд үйлдвэрийн байр, оффисын барилга орж болно" гэлээ.

"Бичил, өрхийн бизнес эрхлэгчид 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188